Др. Михаэл Вальтер: Эх байгалиа хамгаалах нь иргэн бүрийн үүрэг, хариуцлага


Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлээс)

Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

2. ... байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлээс)

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Бид Үндсэн хуульдаа иргэдийн орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, мөн байгаль орчноо хамгаалах үүргийг тунхагласан байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтлын асуудал дэлхий нийтийн өмнө улам хурцаар тавигдаж буй үед энэ сэдвээр хийсэн товч ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


Товч танилцуулга:

1984 онд “Куиллин толгод дахь мөстлөгийн сүүл ба голоцений эхэн үеийн ландшафтын хөгжил (Скай арал, Шотланд)“ сэдвээр PhD (Dr. rer. nat.) хамгаалсан

1989 онд Берлиний Чөлөөт их сургуульд Физик газар зүй, байгаль орчин судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан

1994 онд Судалгааны экспедицэд хамрагдан Монголд анх ирсэн (Увс аймаг)

1995 -2000 онд  Увс нуурын сав газрын байгаль орчны нөхцлийг судлах багийн гишүүнээр ажилласан

2001 оноос МУИС-ийн дэргэдэх Уур амьсгал, ландшафтын салбар дундын судалгааны төвийг үүсгэн байгуулж, ахлах профессороор ажилласан

2001-2008 онд Германы эрдмийн солилцооны албаны Монгол дахь багш, МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн Физик, газар зүй, байгалийн шинжлэх ухааны профессор, “Байгалийн ухааны” чиглэлээр олон улсын магист­рийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн

2007 онд МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Хүндэт доктороор өргөмжлөгдсөн

2008-2010 онд БОАЖЯ-нд Экологийн боловсрол, гадаад харилцааны зөвлөх

2009 оноос ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнд ахлах зөвлөх; Төслийн зохицуулагч, сангийн менежер; Олон улсын донор байгууллагын санхүүжилттэй хэд хэдэн судалгааны ажлыг удирдаж хэрэгжүүлсэн

2010 – 2013  Integrated Water Resources Management – Model Region Mongolia (MoMo-2 Project)  төслийн удирдагч, МУИС-ийн Экологийн боловсролын хүрээ­­лэнгийн Экологийн боловсрол, тогт­вор­той хөгжлийн асуудал хариуцсан ажилтан

2012 онд БСШУЯ-ны “Оны шилдэг судлаач” шагнал хүртсэн

2014–2016 Дэлхийн байгаль хамгаа­лах сангийн (WWF) Төрийн байгууллагын түншлэл хариуцсан зохицуулагч, хандив­лагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагаа хариуцсан ажилтан

2013 оноос Алма-Ата дахь Герман-Казахстаны их сургуулийн Явуулын факультетийн Байгалийн нөөцийн менеж­ментийн багш (усны нөөц)

2020 оны зургадугаар сараас ШУА-ийн дэргэдэх ЮНЕСКО-ийн Дорнод төв азийн Байгаль орчны судалгааны төвийн дарга

-Сайн байна уу Вальтер гуай. Монгол Улс хүрээлэн буй орч­ныг хамгаалах үүргийг Үндсэн хууль­даа тунхагласан. Гэтэл Германы Үндсэн хуульд ийм заалт байдаггүй. Хэдий тийм ч хуулийн заалт хэрэгжих нь бодит байдалд учир дутагдалтай байна. Үүний шалтгааныг Та юу гэж харж байна вэ?

-Монголчууд, тэр дундаа хөдөө орон нутагт мал маллан амьдарч буй иргэд нь байгаль, эх дэлхийгээ хайрлах талаар гүн гүнзгий ойлголттой хүмүүс. Гэвч байгалийг хайрлах энэ уламжлалт ойлголт үеэс үед дамжиж үлддэггүй. Ялангуяа хот суурин газрын хүүхэд залуусыг цэцэрлэгийн наснаас нь эхлэн их, дээд сургууль хүртэлх бүхий л түвшинд хүний оршин тогтнолын үндэс болсон байгаль дэлхийг хайрлах, хүндлэх хүмүүжил боловсрол олгох зайлшгүй шаард­лагатай юм. Хууль, журам зөрчих нь эцсийн эцэст түүнийг үйлдэж буй хүнээс л эхтэй байдаг.

Байгалийг бохирдуулж, гэм­тээж, устгах нь нийгэм өөрөө өөрийнхөө хөгжилд нөхөж баршгүй хор хохирол учруулж буй үйлдэл гэдгийг дутуу ухамсарласнаас өнөөгийн асуудлууд үүссэн болов уу. Үүнээс зайлсхийх хамгийн эхний алхам бол өөрсдийн соёл, уламжлалаа илүү таньж мэдэх юм. Тэр хэрээр байгальтайгаа зохистой харьцах дадалд суралцана. Харам­салтай нь хот, хөдөөгийн зарим иргэнд ийм ухамсар төдийлөн хангалттай биш байна.Монгол шиг ардчилсан оронд байгалийн эсрэг үйлдлийг маш тодорхой нэрлэж, мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэдэг байх нь чухал. Гэвч хуулийг үл тоомсорлох явдал Монголд их байна. Үүнийг замын хөдөлгөөний дүрэм, байгаль орчны хуулийн хэрэгжилтээс харж болно. Хүмүүс хуулийг эрхээ хам­гаалуулахад ашигладаг хэр нь бусдын болон нийтийн эрх ашгийг төдийлөн анхаарахгүй, хамгаалахгүй байна.

-Та байгаль орчны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан судлаач хүн. Улс орнуудын байгаль орчны бодлогыг ерөнхийд нь гадарлах байх. Монголд аль улсын загвар илүүтэй тохирно гэж үзэж байна вэ, нэн тэргүүнд бид юуг анхаарах ёстой юм бол?

-Танай улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах журмууд  хангалттай сайн эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Эрүүгийн хуульд байгаль орчны эсрэг гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг зааж өгсөн. Онолын хувьд сайн болсон хууль тогтоомж болон тэдгээрийг амьдралд хэрэг­жүүлж буй бодит байдал хоёр ихээ­хэн зөрүүтэй байна. Иймд хууль хяналтын байгууллагууд (Эколо­гийн цагдаагийн алба байгуулаг­даад хоёрхон жилийн нүүр үзэж байна) үйл ажиллагаагаа хоёр чиглэлд хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Гэмт хэрэг, зөрчлийг мөрдөж, илрүүлэхийн хажуугаар хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд, өөрөөр хэлбэл олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааны ажил маш чухал. Гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагууд байгаль орчны эсрэг гэмт хэргийн хяналт, нотлох баримт бэхжүүлэх, шүүгчдийн хууль хэрэглэх чадварыг дээшлүүлэх чиглэлд мөн анхаарвал зохино. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан Монголын эрх зүйн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Энэ чиглэлд илүү хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та Монголд 20 гаруй жил ажиллаж амьдарсан, таныг “монгол­жсон герман хүн” гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хотын агаарын бохирдлын шийд­лийг Та юу гэж харж байна вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдол байгаль орчны маш хурцадмал асуудлын нэг яах аргагүй мөн. Үр дагаврыг нь хотын нийт оршин суугчид амсаж байна. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл хотуудын эхэнд жагсдаг байв. Энэ байдал сүүлийн хэдэн жилд эерэгээр өөрчлөгдсөн. Би нэлээд хэдэн жилийн өмнөөс агаарын бохирдолд ажиглалт хийж байна. 

Нийслэлийн захиргаанаас авч хэрэгжүүлсэн түүхий нүүрсийг хориглох, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр тодорхой үр дүнд хүрсэн. Харамсалтай нь сүүлийн хэмжилтүүдээр агаарын чанар эргээд маш ихээр дордож эхэлж байна гэсэн.Хэдийгээр 2021 онд 2009 оноос хойших хамгийн дулаан өвөл тохиож байгаа ч өнгөрсөн сарын агаарын чанарын үзүүлэлт их таагүй гарсан. Миний таамаглаж байгаагаар энэ нь нүүрсний чанар муудсан, иргэд сайн чанарын боловсруулсан түлшний оронд хямд төсөр чанар муутай түлш хэрэглэж байгаатай холбоотой болов уу. Иймд түлшний чанарт хатуу хяналт тавьж, боловсруулсан шахмал нүүрсийг бусад түлштэй өрсөлдөхүйц  хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэх нь ойрын шийдэл юм.

-Германд хүний амьдрах эрүүл орчныг хангахад хэрхэн анхаардаг вэ? Бүх нийтээрээ байгаль орчны асуудалд санаа тавьж, ээлтэй орчин бүрдүүлэхээр хичээдгийн цаад шалтгаан нь боловсролын системдээ байдаг уу?

-Германд ч гэсэн байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахын ач холбогдлыг хүмүүс аажим аажмаар ойлгож эхэлсэн. Намайг хүүхэд байх үед хүмүүсийн хэрэглээ одоогийнх шиг ийм өндөр, тансаг байсангүй. Тиймдээ ч тухайн үед байгалийн нөөц баялгийн хэрэглээ одоогийнх шиг замбараагүй байгаагүй гэж хэлж болно. Германд ч, Монголд ч хүмүүсийн хэрэглээ эрс  нэмэгдэж,  байгалийн нөөц баялагт үзүүлэх дарамт тэр хэрээр  ихэссэн. Энэ нөөц баялаг хязгаартай учир зохистой түвшинд хэрэглэх нь зүйтэй. 

Жишээ нь, ойн нөөцийг аваад үзье. Ойн нөөцийн тогтвортой ашиглалт гэх ойлголт Германд 200-аад жилийн өмнө бий болсон. Товчхондоо, нэг ширхэг мод унагавал оронд нь арвыг тарих ёстой гэж үздэг. Монголд мод бэлтгэх үйл ажиллагаа хууль бус,  хяналтгүй явагдаж байгаа нь маш олон асуудлын зөвхөн нэг хэсэг нь юм. Хууль бус ан агнуур, хог хаягдал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас устаж буй байгалийн унаган төрх зэрэг асуудал ар араасаа цуварна. Төр эдгээр бүхий л үйл ажиллагааг хяналтдаа авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож, зохих шийтгэлийг оногдуулахгүй бол бидний ирээ­дүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Шийтгэлээр хүмүүжүүлэх нь хамгийн муу, эцсийн арга хэрэгсэл. Иймд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс нь өмнө хүмүүсийг соён гэгээрүүлж, байгалийн нөөц баялагтай өөрийн дотоод итгэл үнэмшлээр ариг гамтай харьцдаг болох нь хамгийн чухал байна.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан Танд баярлалаа!


4
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна