Ц.Наранзул: NGS-ийн шинжилгээг хүн болгонд зориулж хийх боломжгүй


Б.ЛХАГВА

 Иргэдийн дунд коронавирусийн омикрон хувилбарыг илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая төгрөг гэх яриа тархаад буй. Уг асуудал гарах болсон шалтгаан нь нэгдүгээр сарын 10-ны өдөр хуралдсан Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотой. Цаг үеийн шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Манай улсад тархаад байгаа коронавирусийн хувилбаруудыг бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр аль хувилбар болохыг тогтоодог. Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээгээр коронавирусийн омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан бол нэгдүгээр сарын 9-нд дотоодод таван тохиолдол бүртгэгдсэн. Шинэ хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг болж байна” гэсэн юм. Үүний улмаас иргэдийн дунд үүсээд буй маргаантай асуудалд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч анагаах ухааны доктор Ц.Наранзул тайлбар өглөө.

Тэрбээр “ХӨСҮТ нь 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн NGS технологийг нэвтрүүлэх зорилт тавьсан. Зорилтыг Австралын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард био организмд удмын мэдээллийн дүн шинжилгээ хийх төхөөрөмж, мөн түүнтэй холбоотой урвалж, оношлуур, аргачлалуудыг нэвтрүүлсэн. 

Манай улсаас гурван вирус судлаач 2021 оны гуравдугаар сард Японы Халдварт өвчний үндэсний төвийн хүрээлэнд NGS төхөөрөмжийн зарчим, хэрэглээ, технологийн үр дүнд гарч ирсэн дата анализыг боловсруулах сургалтад суусан. Ингээд тэд сүүлийн үед тулгамдаад буй SARS-CoV-2 вирусийн бүрэн геномын зураглалыг сурч, мэргэшээд ирсэн. NGS төхөөрөмж нь ямар нэг биологийн биетэд агуулагдаж буй удмын мэдээллийн бүрэн геномын зураглалын кодыг тайлах онцлогтой. Энэ нь маш олон үе шатаас бүрдсэн нарийн чимхлүүр ажил. Тухайлбал, коронавирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлоход 30 мянган нуклеотид урттай, нүсэр том удмын мэдээллийн бүрэн дарааллыг лабораторид тайлна. Дараа нь шинжилгээнээс гарсан хариунд био импроматикийн боловсруулалт хийдэг. Лабораторийн хэсэг үндсэндээ PCR-ын урвалд суурилсан олон шат дамжлагыг ашигладаг. Нийтдээ PCR-ын зургаа, бүтээгдэхүүнийг цэвэршүүлэхэд чиглэсэн 3-4 үе болон бусад дамжлагаас бүрдсэн 13 шатыг дамждаг урвал. Үүнд зарцуулагдах төлбөр нь мэдээж өндөр. Яагаад гэвэл PCR-ын олон үе шатыг дамжихын тулд үнэтэй, урвалж, оношлууруудыг хэрэглэдэг. Нийгэм NGS-ын шинжилгээг PCR-ын үр дүнтэй андуурсан. PCR шинжилгээний үнийг сая төгрөг хэмээх ташаа ойлгосон. Ард иргэддээ хандаж хэлэхэд дээрх хоёр нь ялгаатай. NGS буюу бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хүн болгонд зориулж хийх боломжгүй. Жишээлбэл, шинжилгээг маш ач холбогдолтой халдварын тохиолдол, цаг хугацааны явц дахь вирусийн хувьсал ямар байсныг тандаж түүнийгээ нийгмийн болон олон улсын эрүүл мэндийн бодит талбарт ашиглах зорилгоор цөөхөн тооны түүвэр сорьцод хийдэг онцлогтой” гэлээ.

NGS-ын төхөөрөмжид хийх нэг удаагийн шинжилгээг 40-50 ширхэг сорьцын хооронд тогтоож байж эдийн засагт хэмнэлттэй гэж үздэг аж. Сорьц шалгах үйл явц нь хэдий хэмжээний дээж шинжлэхээс хамаарч, лабораторийн өмнөх үе шат болон мэдээлэл боловсруулалтын үеэс хамаарч түүнд зарцуулагдах хугацаа нь урт гэх. Тухайлбал, хамгийн цөөн буюу 16 сорьцод шинжилгээ хийхэд долоо хоног орчмын хугацаанд тэндээс дөрвөн гигабайт орчим мэдээлэл гарах гэнэ. Үүнд, боловсруулалт хийх хугацаа нь 5-7 хоног, нийтдээ 10-14 хоногийн хугацаанд бүрэн геномын дарааллыг тогтоодог байна. Мөн тэрээр “Сорьцыг шинжлэх шат дамжлагаас гадна ашиглах хэрэглэгдэхүүнд орох зардал нь нэг сая орчим болно. Энд эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг оруулаагүй.

Дотоодод зөөвөрлөгдөж ирсэн халдвараас авахуулаад өдий хүртэл тодорхой хэмжээний сорьцыг Японы халдварт өвчний үндэсний төвд илгээж байсан. Ийн илгээснээр манай оронд өвчлөл үүсгээд буй вирус ямар хувилбартай байна гэдгийг зайлшгүй мэдэх юм. Үүний үндсэн дээр бид нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ач холбогдолтой. Хоёрдугаарт өвчлөл үүсгээд буй SARS болон CoV-2 вирусийн хувьсал тасралтгүй явагдаж байна. Түүнийг мэдэх шаардлагатай. PCR-ын шинжилгээний үйл явц нь онолын хувьд биологийн тодорхой хугацаа шаарддаг. Үүнийг түргэсгэх аргагүй. NGS мөн адил биологийн олон урвалж ашиглаж байгаа учраас зарцуулагдах цаг их. Мөн тухайн лабораторийн ажиллах цар хүрээнээс хамаарч болох юм. Урвалж, оношлуурын хувьд нөөц бололцоотой” хэмээн  асуултад хариуллаа.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна