Л.Оюун-Эрдэнийн “Эрдэнэтийн 49 хувь”-ийнхантай эхлүүлсэн тэмцэл үр дүнгээ өгч эхэллээ

Admin
18 цаг 52 минутын өмнө

-Улсын Дээд шүүхийн шийдвэрээр “Кью Эс Си” компани Хөгжлийн банкинд 192 тэрбум 572 сая төгрөг төлөхөөр боллоо-

Л.ТУЛГА

 Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, өөрийн мэт аашилж гараа угаадаг байдал газар авсны олон арван жишээний нэг нь “Кью Эс Си” компани болж байна. Учир юу гэвэл, Хөгжлийн банкнаас бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж өч төчнөөн тэрбум төгрөг зээлчихээд өнөөг хүртэл төлөөгүй, хүрз шороо ч хөдөлгөөгүй долоо, найман жил өнгөрөөсөн байх юм. Төр татвар төлөгчдийнхөө мөнгийг хамгаалах ёстой. Энэ утгаараа зээлсэн мөнгөө авахаар шүүхэд маргаан өрнүүлсний эцэст сая нэг юм яллаа. Одоо тайлбарлая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийн байдлыг шалгах ажлын хэсгийг ахалж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нийтэд мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсан билээ. Тухайлбал, Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж үзсэн есөн зээлдэгчийн зээлийн мэдээлэл, арилжааны банкуудтай өрсөлдөж жижиг төслүүд санхүүжүүлсэн, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр зээлдэгчид давуу эрх олгож, тухайлан нэг зээлдэгчид найман удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн, мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах зэрэг томоохон зөрчлүүдийг илрүүлснээ олон нийтэд мэдээлж байв. Эндээс үүдээд шүүхэд төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан байдаг.

Тэгвэл ноцтой зөрчилтэй гэж үзсэн дээрх байгууллагуудын нэг болох “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар байсан юм. Тодруулбал, тус компани 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй авч, гэрээгээр хүлээсэн үүргээр 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгахаар байсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд прокурорын байгууллага тус компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан байдаг.

Удтал дуншсаны эцэст шүүхийн шийдвэр өнгөрсөн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 14-нд гарчээ. Ингэхдээ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” компанид холбогдох иргэний хэргийг зохиогчийн гаргасан гомдлоор Улсын Дээд шүүх хуралдаж, тус компаниас зээл, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж, Хөгжлийн банкинд олгуулах шийдвэр гаргалаа.

Энэ бол Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга байхдаа эхлүүлсэн ажил, олигархиудтай хийх тэмцэл нь нэг шатаар урагшилсан гэсэн үг. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талыг эзэмшиж буй хэмээн өөрсдийгөө зарлаж байсан бүлэглэлтэй тэрбээр ийн тэмцэж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн төр, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж буй эрх мэдэлтнүүдтэй нам хамаарахгүй хариуцлага тооцож, ажиллахаа мэдэгдсэн билээ.Төр түшилцэх эрхийг бизнес хийх, хөрөнгөө өсгөх боломж гэж хардаг улстөрчдөд Дээд шүүхийн энэ шийдвэр цочроо болох биз ээ. Өнөөдөр таны төрөөс хумсалсан хөрөнгийг маргааш, түүний цаад өдөр ч байсан хууль бус л бол эргүүлж төлүүлэх нь дамжиггүй болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэхгүйн тулд, төрийн эзэмшлийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлагаас зугтах аргагүйг Ерөнхий сайд хэлж буй. Төрөөс зээлсэн мөнгөө өгөлгүй том толгойж, долоо, найман жил явсан “Кью Эс Си” компани л гэхэд Концессын гэрээгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүх эрхийг эдэлж, төмрийн хүдрийн борлуулалтыг хийж байжээ. Нэг ёсондоо тус компани 2014 оны дөрөвдүгээр сараас хойш дээрх ТӨХК-ийн бүх эрхийг эдэлж, харьяа уурхайнууд болох Төмөр толгой, Төмөртэйн уурхайгаас олборлосон болон цаашид олборлох төмрийн хүдрийг захиран зарцуулах, үр шимийг хүртэх бүрэн эрхийг эдэлж байна.

Цаашлаад, 2014 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кью Эс Си” компанитай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх 30 жилийн Концессын гэрээ байгуулж, үүгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, үр шимийг нь хүртэх зэрэг давуу эрхийг олгож байжээ. Ийм их эрх ямба, давуу байдал төрөөр гаргуулчихаад Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, том толгойж, төрийн мөнгийг шамшигдуулсан баримт байна.

Жишээ нь, Концессын гэрээнд Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ гурван саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах), Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал барих гэх зэрэг үүрэг хүлээжээ. Концессын хүрээнд жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлийг хангах амлалттай ч одоог хүртэл байгуулаагүйгээс гадна төрийн өмчит хувьцаат компанийн харьяа уурхайнууд болох Төмөр толгой, Төмөртэйн уурхайгаас төмрийн хүдрийг олборлон экспортлож ашиг хүртсээр сууна.

Хувийн нэг компани ийм их давуу эрхтэй Монголын баялгийг зөөж байхад нүдэн балай, чихэн дүлий суусан гэхээр улс төрд их нөлөөтэй хүмүүс ард нь байгаа гэж харагдах. “Кью Эс Си” компанийн хамаарлаас харахад АН олонх байхдаа татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, бие биедээ найр тавин давуу байдал олгож, хэдхэн хүн хувааж авч байсан нь харагдана. Нэг компанид өгсөн энэ их эрх мэдэл, төмрийн хүдэр төрд байсан бол төсөвт өч төчнөөн тэрбум төгрөг төвлөрөх байжээ. Бидний төрөө хэмээн хүндэтгэн төлөөлөл болгон төрд илгээсэн улстөрчид нэг гараараа хууль баталж, нөгөө гараараар хулгай хийж буйн бодит жишээ энэ байна.

 


1
0
0
0
1
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна