Ч.Нилбаатар: Эр малын махны чанарыг сайжруулах ганцхан арга бол зөв үед нь хөнгөлөх

Admin
18 цаг 45 минутын өмнө

Б.БОЛОР

 Монгол малын чанарыг сайжруулж, дэлхийн зах зээлд гаргахад амьдралынхаа 50 жилийг зориулж, үр дүнг нь одоо л үзэж буйгаа илэрхийлсэн ХААИС-ийн доктор, малын эмч, эрдэмтэн Ч.Нилбаатар  гуайтай ярилцлаа.

-Сүүлийн үед хийж буй эрдмийн ажлынхаа талаар бидэнтэй хуваалцана уу? 

-Цар тахлаас үүдэлтэйгээр энэ өвөл гэртээ ажиллаж байна. Саяхан Увс аймгийн тухай нэг ном бичиж дуусгалаа. Миний ажил урин дулаан цагт л ид өрнөдөг юм.

-Таныг мал хөнгөлөх арга хийгээд малын үүлдэр угсаа, уламжлалт мал маллагааны аргыг өөрчлөхөөр судалгааны ажлууд хийж байгааг мэдэх юм...?

-Би малын эмчээр 50 гаруй жил ажилласан. Одоо ч мал эмнэлгийн нэг компанид зөвлөх хийж байна. Монгол малын ашиг шимийг сайж­руу­лахад, малын арчилгаа мал­лагааны уламжлалт арга, малын үүлд­рийг эрлийзжүүлэх гэсэн судалгааны хоёр сэдэв дээрээ л ажилласаар байна. Шинжлэх ухааны аргаар “Хангай”,  “Орхон” үүлдрийн хонийг өсгөж үржүүлэх ажилд оролцож байсан хүний хувьд энэ ажлын зовлон, жаргалыг сайн мэднэ. Өндөр ашиг шимтэй, гайхалтай үр дүнтэй ажил боловч цаг их ордог. 30 гаруй жилийг зарцуулж, их ч хөрөнгө орсон. Тухайн үед улсаас  дэмждэг байлаа. Одоо бол зах зээлийн нийгэмд шилжиж, эрдэмтэн өөрөө бие даагаад энэ ажлыг хийнэ гэдэг бүтэшгүй болж. Ерөөсөө мал сүргийг бид хүнсэнд, үржилд гэсэн  төрлөөр л  үржүүлдэг. Үржлийнхийг охин, хүнснийхийг буюу махны хэрэгцээг эр мал хангана. Эм малыг үржилд тэнцэхгүй болсон үед нь махны хэрэгцээнд хэрэглэдэг. Гэхдээ эм малыг шаардлага хангахгүй махтай учраас махны чиглэлээр үржүүлдэггүй гэдэг өрөөсгөл ойлголт бий. Уг нь ингэж ойлгомооргүй байгаа юм. Үр төлдөө асар их энерги зарцуулдаг, гурван наснаас дээш гарч байж үржилд ордог учраас мах нь хөгширчихдөг.

-Уламжлалт мал маллагааны аргыг өөрчлөхөд хүндрэл их үү?

-Хэдэн мянган жилийн түүхтэй монгол малыг эрлийзжүүлж, махны чанарыг сайжруулах гэж зүтгэх үнэхээр хэцүү. Учир нь монгол мал бэлчээрийн хатуу маллагаандаа зохицож амьдардаг болохоор тэжээлээр бордоод ч бордоо авдаггүй юм байна. Эр малын махыг сайжруулах ганцхан арга бол зөв үед нь хөнгөлж, үржлийг нь зогсоож чадвал сайн чанарын махтай байж болох юм байна. 

Малыг эрт хөнгөлвөл эцдэг, оройтвол мах нь хөгширдөг. Нөгөө талаар эрт хөнгөлөхөөр удаан хугацааны стресст орж сайн чанарын мах болдоггүй. Үүнийг бид шинжлэх ухааны үүднээс сая л оношилж мэдэж байна. Дээр үед мал давжаарах гэж ярьдаг байлаа. Хөгжлийнх нь ид үед малыг хөнгөлчихөөр өвдөлт, гэмтлээсээ болоод өсөлт нь саардаг. Бид эр малын сайн мах иднэ гэж ярьдаг. Үнэхээр сайн чанарын эр малын мах идэж байна уу гэвэл эргэлзээтэй. Эр мал гэдгийг батлах үржлийн эрхтнийг нь хар нялхаар нь авчихаар даавар нь ялгарахаа байж өөхтэй болохоос бус махны тарга авдаггүй. Энэ нь малын жин, махны гарцад нөлөөлж байна. Нэг хязаалан хонины гулууз мах 23 орчим, төлөг 18 орчим кг татдаг. Гэтэл 2 настай буюу 24 сар бэлчээр ус ашиглаж өссөн төлөг 18-хан кг татна гэдэг үнэхээр чамлалттай. Дэлхийн зах зээл дээр 7, 8 сартай хурганы мах, 12, 13-н сартай тугалны махыг өндөр чанартай мах гэж хүнсэндээ хэрэглэж байна. Уургийн агууламж багассан, махны ширхэг нь өөрчлөгдсөн гээд олон зүйл бий.

-Манай улсын хувьд экспортын махны чанар, стандартын асуудал байнга хөндөгддөг. Боломж байна гэдэг ч стандартад хүрдэггүй...?

-Манай улс малын махаа экспортлоно гээд яриад байдаг түүнийг нь авах улс бараг алга. Яагаад гэхээр хөнгөлөөд бүтэц найрлага, агууламж нь өөрчлөгдсөн байдаг. Нарийн яривал маллагаа нь таараагүй, гарал үүсэл нь тодорхойгүй гээд худалдан авагчийн сонирхлыг татаж чадахгүй байна. Агуулгын хувьд бэлчээрийн мал хэчнээн төрлийн ургамал идэж ямар болж байгааг шинжлэх ухааны түвшинд эрдэмтэд мэдэхээс хэрэглээний түвшинд мэдэхгүй шүү дээ. Эцэг мал тавьж сайжруулах бус маллагаа арчилгааны технологио зөв барих хэрэгтэй. Хэдэн зуун жил үе уламжлан ирсэн бэлчээрийн мал маллагааны аргаа ашиглахгүй сүүлийн үед мотоцикль, машин унаж малаа туудаг, тоог нь арвижуулж банкнаас зээл авч түүгээрээ амьдрахаас бус чанарт огт анхаарахгүй байна. Ийм махаа дэлхийд экспортлоно гэж ярьдаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр авах газар олдохгүй зөвхөн хятадууд л авч байна. 

Хятад муудаа манай махыг аваад байгаа юм биш. Хүн олон, хил ойр, хямд учраас авч байна. Миний дээр хэлсэн шаардлагыг хангаж чадвал манай улсын мал дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ  хүрэх боломж бололцоо байна. Амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан энэ судалгааны ажлынхаа үр дүнг олонд таниулах гэж Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ суманд аж ахуй байгуулсан. Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан аймагт ажиллалаа. Судалгааны ажлаараа Монголынхоо бүх аймаг сумаар явж үзэхэд мал махаа сайжруулах боломж байна. Энэ нь эр малаа хөнгөлөхгүй байх. Ингэхийн тулд эр малын үр дамжуулах суваг, мэдрэлтэй нь хамт хөндөж төөнөж таслаад үр гадагшлуулахгүй болгосон. Нэг үгээр хэлбэл эр мал эрээрээ үлдэхээс гадна олон сая эр уураг малынхаа биед шингэж биеийн бойжилт сайжирч ясаа дагаад мах, махаа дагаж булчин гарна. Туршилт хийхэд 7 сартай хурга амьдын жин нь 22-23 кг хүрч байна. Ам бардам хэлэхэд миний энэ аргыг хэрэглэж өсгөсөн хурга дундаж нь 18 кг-аас буухгүй байна. Махны чанарын хувьд уургын агууламж л гэхэд 24-26 хүрч байна. Уураг гэдэг маань энерги, энерги гэдэг маань амьдрал шүү дээ.  Энэ аргаа амьдрал дээр нэвтрүүлэх гээд зүтгэж байна. БНХАУ-ын Шилийн гол аймаг, Япон зэрэг оронд очиж туршиж үзүүлсэн. Хамтарч ажиллах нэлээд хэдэн санал хүлээж аваад цар тахлаас болоод ажил хойшлоод л байна. Ираны хэсэг залуус өнгөрсөн жил энэ аргаар янзалж бэлдсэн 120 хурганы мах авч явсан. Энэ жил 52 мянган хурганы мах авахаар захиалга авахаар ирүүлсэн. Бас л хорио цээрээс болоод хойшлоод байна. Малчны хотоос мах экспортонд гарахаар болж байна гэсэн үг шүү дээ. Үнэ бол асар өндөрт хүрнэ.

Үнэхээр чанартай мах бэлдэж чадвал дэлхийн зах зээл дээр манай малын маханд хангалттай үнэ өгч чадна. Энэ бол зах зээлийн зарчим.

-Хурганы мах иднэ гэдэг ойлголт монгол хүний ой ухаанд багтахад хэ­цүү л санагддаг. Тэгэхээр энэ уламж­­­лалт ойлголтыг яаж өөрчлөх вэ?

-Энэ уламжлалт ойлголтыг би байтугай нэлээд хэсэг хүн ч өөрчилж чадахгүй. 40, 50 жилийн хугацаанд ном сурах бичиг, өгүүлэл, нийтлэл олныг бичлээ. Эндээс юуг хамгийн сайн ойлгосон бэ гэхээр уламжлалыг эвддэггүй юм байна. Харин уламжлалд өөрчлөлт оруулж болдог юм байна гэдгийг мэдэж авсан. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг өөрчлөхийн тулд нүдэнд нь харуулж, гарт нь бариулж байж өөрчлөхөөс бус хүссэнээрээ шийдэж болдоггүй. Тийм учраас би Төв аймгийн Баяндэлгэр суманд “Ногоолин тэвш”-ийн сургалтын төв байгуулсан. Тав дахь жилдээ ажиллаж байна. 300 гаруй хүн хамрагдсан. Ойлголоо, мэдлээ гээд явдаг ч эргэж холбогдсон нь цөөхөн. Яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байх шиг. Би өөрөө мал хөнгөлөх багажаа хийдэг. Малчид надаас багаж авъя гэж гуйдаг ч өгдөггүй юм. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдгээр буруу хазгай зүйл хийгээд мөнгө хөөгөөд явчих вий гэсэн болгоомжлол ч байна. Үүнийг бизнес болгож хөгжүүлэхийн тулд төр засаг, малчид хамтарч үндэс сууриа бүрдүүлэх учиртай. Ганц би мөнгө олох биш олуулаа хамтарч олмоор байна. Энэ талаар гаргасан эрдэм шинжилгээний бүтээл таныхаас өөр алга гэж намайг хөөргөх хүн олон ч амьдралд хэрэгжүүлэхэд суурь нь алга. Төөнөх аргаар хөнгөлсөн эр мал жинхэнэ эр шинж нь сууж, махны гарц, уураг нэмэгддэг.

 Сонирхуулж хэлэхэд, 12, 13 насандаа эрэгтэй хүүхэд гэнэт өсдөг. Үүнийг анагаах ухаанд суга өсөлт гэж нэрлэдэг юм. Үүнтэй адил 4,5 сартай хурга, бярууны өсөлтийг хүн шиг суга өсөлт гэж нэрлэхгүйгээр эрчимтэй өсөлт гэдэг. Энэ үед нь ганц саад болж байгаа зүйл бол хөнгөлөх арга. Эрчимтэй өсөлтийг энэ үед хамгийн чухал эрхтнийг нь аваад хаячихаар монгол мал давжаарч жижгэрээд, жин дардаггүй. Өвлийг даваж чадсан хурга нь төлөг, бяруу нь шүдлэн болж сая борлуулах хэмжээнд хүрч байх жишээтэй. Энэ бол эр мал бүрт адилхан шүү дээ.-Ингэхэд төр засгаас хэр дэмжиж анхаарал хандуулж байна. Хамтын ажиллагаа их чухал шүү дээ?

-Бид өөрсдөө оролцсон “Скэм-2”, “Ногоон алт” гэсэн хоёр төслөөс дэмжээд хамтарч ажиллаж байна. “Маш мах” компани хамгийн их дэмжиж ажилладаг. Эдний дэмжлэгтэйгээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс гээд 10 аймагт нэвтрүүлэх гэж оролдож байна. Хөвсгөл аймаг гэхэд л энэ жил аймаг даяараа энэ ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Түгжээнээс мултрах дөхөж л байна. Төр засгийнхан миний энэ ажлыг сонсчихоод инээлдээд л өнгөрдөг, зарим эрдэмтэн ч дэмждэггүй байсан.  Олон төрлийн хоч ч авсан. Одоо л харин мэдэж эхэлж байна даа.

-Өнгөрсөн зун  та хаагуур ажиллав. Хэр үр дүн гарав?

-Увс аймгийн Тариалан, Малчин, Өмнөговь, Тэс, Сагил, Өлгий гээд зургаан суманд малчид, сум багийн Засаг дарга нар, мал эмнэлгийн эмч ажилтнуудад танхимын болон талбайн сургалтыг явууллаа. Наймдугаар сард хургаа ялгаж сонгоод хөнгөлсөн. Дээрх сумдаасаа сонгосон болохоор нийлүүлээд гурван суурь болгоод 11 дүгээр сард нядалгаанд оруулж бэлдсэн.

-Нэг хурганы амьдын жин хэд татав?

-Ховдынх нь гулуузаараа нь жинлэхэд 16.2 кг татаж байсан. Увсынх нь харин 17.5 кг татсан. Бид бэлтгэсэн махаа Иран руу гаргах гэсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж, хөлдүүгээр нь бэлтгэж гаргахаар болтол шүлхий өвчин гараад бизнес талынх нь үйл ажиллагаа бүрэн зогссон. Өнөөдрийн байдлаар манай орны 333 сумын 228-д нь шүлхий өвчин гарчихаад байна. Одоо бараг бүх сум нь өвчлөлтэй болж. Энэ бол маш том аюул шүү. Хурдан арга хэмжээ авахгүй бол дэлхий зах зээлд бид махаа нийлүүлж чадахгүй. Миний тооцоолсноор бараг таван жил энэ байдал үргэлжлэх болов уу гэж бодож байна. Тийм болохоор яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна