Үйлдвэржилтийн хулгайгаас үерхлийн хулгай руу


- Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол нарын эрх ашиг Хөшигийн хөндий рүү чиглэжээ-

А.ГЭРЭЛ

 “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Хөшигийн хөндийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтүүд яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар удахгүй бүтээн байгуулалтын ажлууд эхлэх нь тодорхой болов. Үүнтэй зэрэгцээд эрх ашгаар нэгдсэн улстөрчдийн нүд ч улайж эхлэв. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа гэх нэгж байгуулан УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг тус ажлыг хариуцах бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Харин Д.Оюунхоролын хувьд энэ ажилд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн үүднээс бус хувийн компанийн “бүрэн эрхт төлөөлөгч” аятай хандах болсныг эх сурвалжууд хэлж байна. Тэрээр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийн “бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах” болсон гэнэ.

Учир нь, тэд бол УИХ-д тохой нийлүүлэн сууж байхдаа л бие биенийхээ “бүрэн эрхт төлөөлөгч” гэдгээ илэрхийлэн харилцан кноп дарах эрх эдэлдэг, үерхлийн бат гагнаатай “андууд”. Бас хаа ч явсан биесээ өмөөрдөг. МАН-ын Бага хурлын үеэр Д.Чойжилсүрэн гишүүн намайг “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” гэж заналхийлсэн хэмээн хэлсэн УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг Д.Оюунхорол “Эр юм байж юун шалчигнуур юм. Эр хүмүүсийн дунд байдаг л асуудал” хэмээн буруутгаж, найзыгаа өмөөрч суусныг хэвлэлийн хуудаснаас өнөөдөр ч харж болно.

 

Тост, Тосон бумбад санаархагсдын эрх ашиг нэгт үү, улс орны эрх ашиг энэ тэргүүнд үү

 Тэднийг нэг эрх ашигтайг хам­гийн тод баталдаг жишээ бол Говийн үзэсгэлэнт Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг уул уурхайн олборлолтын чиглэлээр ашиглах гэсэн санаархал нь. 2016 онд УИХ Тост тосон бумбын нурууг байгалийн нөөц газарт бүртгэн, тусгай хамгаалалтад авсан атал Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензтэй талбайг үлдээгээд шугам татсаныг нутгийн иргэд тухайн үед толгой сэгсрэн ярьж байв. Мөн багийн иргэдийн хурлын тогтоолыг хуурамч гэдгийг шүүхээс тодорхойлсон атал БОАЖЯ үнэлгээ баталсан зэрэг зөрчлүүд илэрч байв. Тэр үед БОАЖ-ын сайд Д.Оюунхорол байв. Үүгээр зогсохгүй Тост, Тосон бумбын нуруунаас ундаалдаг энэ хэсэгт 13 булаг, заган шугуй, дэлхийн улаан номонд орсон Тооройн төгөл байдаг. Хөхөлцөгийн говийн усны судал “нүд аниж”, нутгийн иргэд харангадах нь гэдгийг анхааруулсаар байтал аанай л Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол таг дуугай суусаар байсан билээ. Ердөө л найзынх нь компанийн эрх ашиг хөндөгдөх гээд байсан учраас ард нь үлдэх ард түмний амьдрал түүнд огт падгүй байлаа. Тэд бол эрх ашгийн үерхлээр ингэж бат гагнагдсан хүмүүс.

Тэгвэл УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог “Үймүү­лэлт”-ийн байнгын хороо бол­гож байгаа УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгийн хувьд УИХ-д ард түмнийг гэхээсээ илүүтэйгээр хувийн компаниудаа төлөөлөн суугаа гэвэл маргах хүн цөөн. Тэрээр Засгийн газарт өөрийнх нь “бүрэн эрхт  төлөөлөгч” болсон “үерхлийн” бат гагнааст найзынхаа  хүчийг үзэх гээд Хөшигийн хөндий тийш харангаа “алгаа үрж” байгаа бололтой.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хэмээх Засгийн газрын нэгжийг МАН-ын хоёр найз хэрхэн “хуйвалдаан, хулгайн” захиргаа болгохоор зэхэж буй нь удахгүй баримтаар олон нийтэд ил болох биз. Магадгүй шийдвэр гаргагчдаас Тост тосон бумбад санаархагсдын эрх ашиг нэгт үү, улс орны эрх ашиг эн тэргүүнд үү гэх асуултын хариулт нэхэх шаардлага ч гарах нь.

 Үйлдвэржилтийнх биш “Үймүүлэлт”-ийн байнгын хороо болов уу

УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн­гийн даргалдаг байнгын хороо байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч хийсэн ажилгүй, харин ч хууль зөрчиж, бусдын чиг үүргийг булааж, өөрийн эрх ашигт нийцүүлэн хулгайн шийдвэр гаргаж байгааг гишүүд хэлж байна.

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо хууль зөрчсөн гэдгийг энэ сарын 4-ний өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр батлав. Тэрээр “Шинэ жилийн үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэж, тогтоол гаргасан байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны 06 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бие даах болон бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг энэ тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай нөхцөлөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай гэсэн байна.

Үндсэн хууль, Төсвийн хууль ёсоор төрийн өмчийн эзэн, өмчлөгч нь УИХ. Төсвийг УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаг­лалын асуудал Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуу­далд багтдаг. Үндсэн хууль зөрчиж, Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж байна. Энэ тогтоолын төсөл УИХ-д өргөн баригдаагүй, гишүүдэд тараагдаагүй. Албан ёсоор өргөн барьж, гишүүдэд хоёр хоногийн өмнө тараах ёстой. Хэлэлцүүлгийн үе шатгүй, Үйлдвэржилтийн бодло­гын байнгын хороон дээр шууд тараагдаад, анхны хэлэлцүүлгээр баталж байна. Ингэж болдог юм уу.Үндсэн хууль, УИХ-ын тогтоол­той зөрчилдсөн тогтоол Үйлдвэр­жилтийн бодлогын байнгын хороо гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ярьж байж шийдэх саналтай байна” гэсэн.  Түүнийг шинэ жил далимдуулж “хулгай” хийлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон Ж.Ганбаатар нар ихэд бухимдаж байв.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 6 дугаар тогтоол Үндсэн хууль болоод УИХ-ын тогтоолтой зөрчилдсөн байтал гарын үсэг зурж, баталгаажуулсан дарга Б.Чойжилсүрэн ямар хариуцлага хүлээх вэ. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно” гэж заасныг тэрээр сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хууль зөрчдөг, халаас нэгтэй найзуудын “гаршсан хулгай”  Монго­лын нүүр царай болох томоохон төслийг чиглэснийг Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч анзаарч байгаа нь лавтай.

 

 


3
0
0
1
0
6

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна