Б.Одгэрэл: Ганцхан үзэгчтэй байсан ч чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй


Б.ЛХАГВА 

Монголын уран зохиолын томоохон төлөөлөгч, “Гүн ертөнц” номын зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” зохиол драмын жүжиг болон “Bee theatre” театрын тайзнаа дахин амилж буй. Тус бага театрын онцлог нь үзэгчдэд тайзыг илүү ойртуулж өгдөг буюу тэдний хоорондын заагийг үгүйсгэж, жүжгийг илүү дотор нь орж мэдрэх боломжийг бий болгодог байна. Өөрөөр бол үзэгч жүжгийн орон зайд нь нэвтэрдэг. Өөр нэгэн онцлог нь найруулагч шинэлэг санааг турших, шинэ шийдлийг хийх боломж тун их юм. Ингээд “Bee theatre”-ын анхны уран бүтээл болох “Хүн гөрөөс” жүжгийн гол дүр СТА Б.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2011 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөнөөс хойш 2013-2020 онд УДЭТ- т ,2020- 2022 онд“ B l a c k box”, “Alpha”, “Orfey”, “Bee theatre”-уудад жүжигчнээр ажиллаж байна. Мөн “Эгч дүүс”, “Уучлаарай та дугаар андуурч”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Кихот ноён”, “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Фауст”, “Гэм зэм” зэрэг 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрд “Хунгийн дуу”, “Бэрүүд” зэрэг уран сайхны болон телевизийн олон ангит кинонуудад оролцон тогложээ.

-Байгуулагдаад удаагүй “Bee” театрын хөшгийг “Хүн гөрөөс” жүжгээр нээх болжээ. Тус бага театрын онцлог нь энэ жүжигт хэрхэн гарах вэ?

-Юуны өмнө эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтэд бага театр маш их хөгжсөн. Тэнд хүмүүс жүжигчнийг ойроос харж, эрчим хүч, энерги, тоглолтыг нь мэдэрч, тухайн уур амьсгалд орох боломжтой болдог. Манай Монголд иймэрхүү жижиг театр ховор. Тус театраар дамжуулж уран бүтээлч болон нийт үзэгчдийн дунд урлагийг хөгжүүлэх, үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж үзэж болно. Урлаг заавал том цар хүрээ хамарсан байх ёсгүй. Бид ганцхан үзэгчид хүртэл зориулж, чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Үзэгчид маань тайзны уран бүтээл, жүжгийг ямар агуу болохыг илүү ойроос харж, энергитэй нь холилдож, жүжигчдийн хамт тоглоно гэсэн үг. Энэ бол ховор боломж. Дээрээс нь тус бага театрыг хөгжүүлж, олон нийтэд түгээх хүсэлтэй учир тасалбарын үнэ харьцангуй бага. Тиймээс жүжигчин хүний хувьд Монголд маань “Bee” театр хэмээх бага театр байгуулагдсанд маш их баяртай байна. Юмс тэр тусмаа тайз жижиг болох тусам жүжигчдийн ур чадвар хүндэрдэг. Үүнийг зарим нь анзаараагүй байж магад. Энд бид худлаа ч амьсгалах эрхгүй болдог. Хүмүүсийн уур амьсгал, харц нь дэндүү ойр байдаг учир жүжигчид “контрол”- оо алдах эрхгүй. “Хүн гөрөөс” жүжиг нь жүжигчид болон үзэгчдэд аль алинд нь шинэлэг, сонирхолтой тоглолт болох болов уу гэж бодож байна.

 - Т а өөрийн бүтээж буй Оюумаагийн дүрийг дүгнэж хэлбэл? -Надад дүрийн санал жилийн өмнө ирсэн. Тус хугацаанд дүрээ судалж, бэлтгэлээ сар гаруй хугацааны өмнө эхлүүлсэн. Оюумаа нь Монгол гэлтгүй дэлхий дахинд байх нийтлэг эмэгтэйн дүр. Ер нь ямар ч эмэгтэй сэтгэл дотроо маш хүчирхэг байдаг шүү дээ. Тэдний дотор мянган араншин бүрэлдэнэ. Тэсвэр тэвчээр, хатуужил, сэтгэлийн хат гэх мэт. Сэтгэлийн хаттай эмэгтэй заримдаа маш ухаалаг хэрнээ заримдаа ямар аймшигтай хатуу болдог гээч. Гэвч тэд үнэхээр өрөвдмөөр болох тохиолдол байна. Энэ л эмэгтэйчүүдийн төлөөлөл болох дүрийг би бүтээж байгаа учраас маш хариуцлагатай ажиллалаа.

-Энэ дүр өмнө нь бүтээсэн таны тайзны дүрүүдээс хэр ялгаатай вэ?

 -Миний өмнө нь бүтээсэн дүрүүдээс өөр байсан. Гэхдээ ойр ч юм шиг. Яагаад гэвэл зохиолч маань өөрөө мундаг хүн. Эмэгтэй хүний оюун бодол, дотоод сэтгэл зүйг маш нарийн жижиг мэдрэмжээр урлаж бичсэн. Тиймээс надад ойлгож, уншихад амар байлаа. Өнгөрсөн хугацаанд “Хүн гөрөөс” жүжиг 2-3 удаа тавигдсан. Энэ удаагийн тавилт аливааг сөрж тоглох буюу зовлонг зовлонгоор нь хариулах биш илүү ухаалаг тоглолтыг биднээс шаардлаа. Уйлдаг хэсэгт нь уйлдаг байсан бол сэтгэлийн хаттай хүн яаж илэрхийлэх юм гэдэгт төвлөрч, өөрйигөө дайчилж дүр дээрээ ажиллах боломж гарсан. Хэрвээ би өөрийгөө уран чадвартай, сайн жүжигчин гэж батлахыг хүсвэл энэ жүжигт түүнийгээ батлах боломжийг зохиолч маань биччихсэн. Мөн Б.Мөнхдорж найруулагчийн тавилтаар ч жүжигчин өөрийгөө гаргаж, харуулах боломжтой. Би залуу уран бүтээлчийн хувьд суралцаж яваа. Оюумаагийн дүрийг гаргахын тулд маш их хичээж, хөлсөө дуслуулсан.

-Өмнө нь хамт ажиллаж байсан найруулагч нараас Б.Мөнхдорж найруулагчийн ялгарах онцлог нь юу вэ?

-УГЗ, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийг эртнээс мэднэ. Бидний хувьд домог болсон агуу хүн. Урьд нь УДЭТ-т байхдаа олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл ингэж ойроос тулж ажиллаж байсангүй. Миний хувьд энэ мундаг уран бүтээлчийн үгийг сонсож, заавраар нь ажилласнаар үнэхээр гайхалтай мэдрэмжийг авлаа. Найруулагч маань өөрөө олон уран бүтээлийн ард гарсан маш туршлагатай хүн. Дээрээс нь уран бүтээлчээ хайрлаж, энергиэ түгээж, залуу жүжигчдэд урам өгдөг. Ингэснээр бид илүү хичээх ёстой юм байна гэдгийг хэлүүлэхгүй ч ойлгож, хүндэлдэг. Өмнө нь олон сайхан найруулагч нартай ажиллаж байсан. Б.Мөнхдорж багш туршлагын хувьд үнэхээр ялгарна. Бидэнд зөвлөхдөө ямар ч сул үг ашиглахгүй, хэлж байгаа үг бүр нь яаж сэтгэв гэмээр онч мэргэн. Үүнээс гадна зохиолч маань хүртэл суут хүн юм. Бид нар дэлхийн сонгодгийг эхэлж уншихаас өмнө Монголын сонгодог бүтээлчдээ илүүтэй уншмаар юм байна. Дэлхийн шилмэл бүтээлүүд дээр ажиллахаас илүү үр өгөөжийг “Хүн гөрөөс” жүжиг өгсөн гэж хэлж болно. Зохиолыг нь уншихад зүгээр гүйлгээд өнгөрөх биш ард нь буй чухал санаа, далд мэдрэмжүүдийг мэдрээд ирэхээр амьтай зохиол гэдгийг шууд олж харна.

-“Хүн гөрөөс” жүжгийн зохиолыг уншсан хүмүүс хэний ч үл мэдэх оршин буй “нууц” зүйлийг дэлгэн харуулсан гэж хэлэх нь бий. Харин та үүний талаар ямар бодолтой байна вэ?

 -Хүний амьдралд онц ноцтой ямар нэг зүйл тохиолдож байж яг хэн бэ гэдэг нь харагддаг юм шиг. Бид маш олон “арьсаар” өөрийгөө булчихсан байдаг. Жишээ нь, гэртээ очихоор нэг өөр, ажил дээрээ бас л өөр гэх зэрэг олон араншин, уур амьсгалтай. Тэр дунд нэг сэдвийг хөндөхөд дээрх олон нүүр тухайн асуудалд хэрхэн хандаж байна гэдэг сонин. Эдгээр хандлагууд бүх хүнд бий. Хэн нь юуг нуугаад байгаа юм гэдэг бүгдэд сонирхолтой. Хүний арьсыг “хуулахад” жинхэнэ хүн хэн юм, хүн хаана оршоод байгаа юм гэх асуултууд урган гарна. Өнөөдөр бид жинхэнэ хүнийг олж чадахгүй болсон. Харахад нэг л сайхан дүрстэй ч нөгөө гөрөөснөөс юугаараа ялгарах юм? Гөрөөс нь хүн юм уу, хүн нь гөрөөс юм уу? ийм агуулга хэлбэрийн зөрчлийн талаар жүжигт илүүтэй хөндсөн болов уу. Дээрээс нь Монгол хүний байгаль дэлхий, ан амьтан зэрэг шүтэлцээтэйгээ холбоотой байдаг ёс заншлын асуудлыг хөндсөн. Амьд амьтан устах, цус бараан зүйлсийн ард байгаль, эх орон, амьд бүхэн, гэр бүл, хайр дурлал, нууц амраг зэрэг хүний ёс, бүх зүйл нэг зохиолд оршин байна. Үүгээрээ жинхэнэ хүнийг илчилсэн онцлогтой зохиол. Дээрх асуудалд хүн хэрхэн хандсанаараа амьтнаас ялгарч, жинхэнэ хүн гэдгээ батлах юм.

-Та чухам юуны улмаас уг жүжигт тоглох болов?

-Би хамгийн түрүүнд зохиолдоо татагдаж орсон. Хоёрдугаарт найруулагч. Мөн баг бүрэлдэхүүн. Уран бүтээлчид маань энэ жүжгийг ингээд хийчихье гэсэн сэтгэлээр биш ухаалгаар бодож, чин сэтгэлээсээ ханддаг. Дээрээс нь миний дүр маш их чадвар шаардсан дүр учраас түүндээ дурлаж, саналаа зөвшөөрсөн.


1
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна