Эрчим хүчний эх үүсвэрээ ирэх 10 жилд 2.5 дахин нэмж чадах уу


Н.БАТ

 Монгол Улсын Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогоо танилцуулж, ирэх 10 жилд хийх ажлаа хэрхэн тодорхойлсноо олон нийтэд мэдээлсэн. Ерөнхий сайдын танилцуулснаар Монгол Улсын эрчим хүчний салбар эрчээ алдсан нь хөгжлийн сааруулагч томоохон хүчин зүйл болоод буй. Тиймээс Засгийн газрын зарласан Шинэ Сэргэлтийн бодлогод “Зүүн хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах” зорилтыг дэвшүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, усан цахилгаан станцыг энэ тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голынхыг эхлүүлнэ гэж буй. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийг 2.5 дахин нэмэгдүүлнэ. Мөн Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн. Харин цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлно гэж буй.

 Эрчим хүчний салбарт өөр нэг эргэлт авчирч чадах төсөл бол ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалт юм. Хэдийгээр ийн өөдрөгөөр төсөөлж байгаа ч саяхан гарсан аудитын дүгнэлтээр  эрчим хүчний салбарт урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй гэж тодорхойлсон байна.Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд хийсэн аудитаар “хууль дээдлэх” зарчим алдагдсанаас эрчим хүчний салбарын урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй байна гэжээ.Өөрөөр хэлбэл зайлшгүй хэрэг­жүүлэх мега төслүүдийн оруулах хөрөнгө, санхүүжилтийн эх үүс­вэр тодорхойгүй, олон талт хамтын ажиллагааг хангаагүй гэх дүгнэлт өнөөдөр гарч байна гэдэг дээрх өөдрөг төсөөлөлд хүрэхэд хэтэрхий хол байна уу гэх эргэлзээг өөрийн эрхгүй дагуулж байгаа юм. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын хүрэх үр дүнгийн есөн үзүүлэлтээс нэг үзүүлэлт суурь түвшнээс буурсан, долоон үзүүлэлт хангалтгүй, нэг үзүүлэлт хүрэх үр дүн дөхсөн гэдэг энэ салбарын 10-аад жилийн ажлын үр дүн гэхэд үнэхээр эмзэглэмээр дүр зураг.

Ийн додлогоор тодорхойлсон үр дүн­дээ хүрч чадаагүйгээс жилд импортоор авсан эрчим хүчинд 49.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж чадаагүйгээс 349 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжийг алдсан гэж үзжээ.Анхаарал татаж байгаа нэг өгүүлбэр бол цөмийн эрчим хүч ашиглах бэлтгэл ажлыг хангах зорилт огт биелээгүй гэх. Шинэ сэргэлтийн бодлогод ч цөмийн эрчим гэх өгүүлбэр орж ирсэн бөгөөд энэ бодлогыг боловс­руулсан багийнхны тайлбарласнаар ирэх 10 жилд цөмийн эх үүсвэрийг ашиглах талаар мөн л бэлтгэл ажлыг хангахаар тодорхойлсон байгаа юм. Мэдээж энэ бол маш эмзэг асуудал гэдгийг хүн бүр мэдэж буй. Гэхдээ дэлхий нийтээр нүүрснээс эрчим хүч гаргаж авах технологиос татгалзаж байгаа энэ үед цөмийн эрчим хүч ашиглах технологи бол хамгийн өртөг багатай бас байгальд ээлтэй нь гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Хамгийн гол нь зөв технологи, аюулгүй байдал, олборлолт гэх мэт олон эмзэг асуудлууд ар араасаа дагуулсаар байдаг. Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй, шилдэг технологитой улс орнууд ч барьц алдсан гашуун сургамж бий. Манай улсын хувьд энэ асуудал сүүлийн 30 жилийн турш яригдсаар байгаа ч тогтсон бодлого, технологи өнөө хэр нь алга. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх хамгийн хурдан шийдэл бол нүүрсний станцуудынхаа тогтвортой үйл ажил­лагааг хангах. Мөн дотоодын эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах.  2016-2020 онд бид эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 хувийг дотоодоосоо хангасан бөгөөд үүнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 17.8 байгаа юм байна.

Өөр нэг асуудал бол Эгийн голын усан цахилгаан станц. Эгийн голын усан цахилгаан станц барих ТЭЗҮ бэлэн болж, Хятадын Экзим банкнаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн хэлэлцээр хийсэн зэргээр урагшилж байсан тус төсөл зогсоод таван жил өнгөрөв.

Шинэ сэргэлтийн бодлогод энэ төслийг эхлүүлнэ хэмээн зарласан ч ердөө өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ирсэн ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгч Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барих төсөлд сөрөг байр суурьтайгаа илэрхийлж, эрчим хүчний алдагдлаа Гусиноозерскийн ДЦС-аас хүчин чадлаар нөхөхийн санал болгосон. Тэгэхээр энэ төслийн хувьд эргэлзээтэй хэвээр байгааг сануулах юун.Чухалчлан анхаарах нэг зүйл бол Монгол Улсын хамгийн их алдагдалтай салбар гэж онцлохоор болсныг 2020 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажил­­лаж буй төрийн өмчит компа­ниудын өр 62.4 тэрбум төгрөгт хүрсэн гэх тооноос харж болно.

Аудитын зөвлөмжид урт болон дунд хугацаанд баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаад юун түрүүнд дүгнэлт хийж, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг биелэх боломжтой хугацаагаар, санхүүжилтийн эх үүсвэрийг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрэмбийн дагуу тодорхойлж, олон талын оролцоог хангасан цогц байдлаар боловсруулах шаард­лагатайг онцолжээ. Үнэхээр эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийдэг асуудал биш. Гэтэл Монгол Улс өнгөрсөн хугацаанд төлөвлөлт тооцоо, хөгжлийн бодлогын бодит үр дүнг тооцоогүйгээс Эгийн голын төслийн нэгж, Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгж, Мон-Атом төрийн өмчит байгууллага гэх мэтээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрсэн байгууллагууд байгуулж бас татан буулгасаар өнөөдөртэй золголоо.

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод онцолсон Эрчим хүчний сэргэлтийг бодитойгоор тооцоолж, боломжтойгоор төсөөлж, хүрэх үр дүнг, цаг хугацаагаа чанд баримтлан хэрэгжүүлээсэй.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна