Дани улс Украинд 22 сая евро хуваарилна


Данийн Засгийн газар Украиныг дэмжих шинэ цогц хөтөлбөрт зориулж 22 сая евро хуваарилахаар болжээ. Энэхүү хөтөлбөр нь Украиныг бэхжүүлэх, тус улсын зүүн хэсэгт үргэлжилж буй мөргөлдөөний үр дагаврыг даван туулах чадварт туслах зорилготой гэж Данийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Үүнээс гадна уг хөрөнгийг Украин дахь цэргийн шинэчлэлийг дэмжих, тус улсын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд зарцуулах ёстой. “Өнөөдөр Ураины хилийн ойролцоо ОХУ-ын их хэмжээний цэрэг төвлөрч, аюул заналхийлж байна. Би дөнгөж сая холбоо барих шугам дээр очиж, мөргөлдөөн Украины ард түмэнд хэр ноцтой нөлөөлөхийг нүдээрээ харлаа. Данийн Засгийн газар зүгээр хараад суухгүй. Манай тусламжийн шинэ багц нэлээд өргөн хүрээтэй, зайлшгүй шаардлагатай. Энэ дэмжлэгийг үзүүлснээр бид Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Украины ард түмэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлдээ ганцаараа биш гэдгээ мэдэх ёстой” гэж Данийн Гадаад хэргийн яамны тэргүүн Еппе Куфуд мэдэгджээ.

Украины зүүн хэсэгт эвлэрлийг дэмжих нь гол зорилго

Данийн Гадаад хэргийн сайд Еппе Куфуд Донбасс дахь байлдааны шугам дээр очсон өдөр Украинд үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг танилцуулав. Түүний нэг зорилго нь бүс нутагт мөргөлдөөнийг шийдвэрлэх, эвлэрүүлэхийг дэмжихийн тулд холбоо барих шугамын хоёр талын хүмүүсийн хоорондын яриа хэлэлцээг сайжруулах юм. Данийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлснээр, одоо хэрэгжүүлж эхлээд байгаа тусламжийн багц нь 2022-2025 онд Украинд энх тайван байдал тогтоож, тус улсыг тогтворжуулах хөтөлбөрийн шинэ үе шат юм. Данийн Вант улсаас хуваарилж байгаа 22 сая еврогийн 10.75 саяыг Гадаад хэргийн яам, 11.3 саяыг Батлан хамгаалах яамнаас гаргахаар болжээ. Украинд үзүүлэх тусламжийн хуваарилалтын талаар Данийн Батлан хамгаалахын сайд Трин Брамсен өөрийн зүгээс дараах зүйлийг мэдэгдэв. “Украины хил дээр цэргийн хүч, түрэмгийлэл нэмэгдэж байгааг бид харж байна. Энэ нь миний саяхан тус улсад хийсэн айлчлалын үеэр батлагдсан. Бид Украиныг дэмжинэ. Тус улс ардчилсан орон байх эрхийг нь дэмжих ёстой. Тийм учраас бид өнөөдөр Украины аюулгүй байдлын хүчний шинэчлэлд Дани улсын оруулах хувь нэмрийг өргөжүүлж байна” гэж Брамсен өгүүлэв. Түүний хэлснээр, Дани улс Украины зэвсэгт хүчнийг НАТО-гийн стандартад нийцүүлэхэд Киевт туслах бололтой.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна