Д.Буянаа: Хүүхдэдээ тавьдаг шаардлагадаа томчууд өөрсдөө эхлээд тэнцэх хэрэгтэй


А.МӨНХЖИН

 Нийслэлийн ерөнхий боловс­ро­­лын 97 дугаар дунд сургуулийн сэтгэл­зүйч Д.Буянаатай өнгөрсөн онд БШУ-ны сайдын тушаалаар сургуулийн сэтгэлзүйчийн орон тоог шинээр  бий болгон ажиллуу­лах болсонтой холбогдуулан уулзаж ярилцлаа.

-Сэтгэлзүйчийн ажлаа аваад ямар ажил амжуулав?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчийг мэргэшүүлэх богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуу­­лах тухай тушаал гарсан. Энэ дагуу 2021-2022 оны хичээлийн жилд урьдчилсан судалгаагаар ерөнхий боловсролын сургуульд 124 сэтгэл­зүйч ажиллаж байснаас 62 нь боловсролын сэтгэлзүйчийн мэргэ­шүүлэх сургалтад хамрагдаж сертификатаа авсан. Миний бие мөн энэ дагуу бэлтгэгдэж нийслэ­лийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш буюу хичээлийн таван долоо хоно­гийн турш хүүхдүүдтэйгээ тулж ажиллалаа. 

Ерөнхий боловсролын дунд сургуулиудад сэтгэлзүйчийн орон тоог албан ёсоор ийнхүү бий болгон ажиллаж байгаа нь одоо цаг үед зөв зүйтэй шийдвэр болсон гэж миний хувьд дуртайяа хүлээн авсан. Манай 97-р сургуульд 4000 орчим хүүхдүүд суралцдаг, 180 гаруй багш ажилчидтай. Сурагчдын амралт эхлэхээс өмнө нийт таван долоо хоногийн хугацаанд 400 орчим хүүхдээс сэтгэлзүйн бэрхшээл болон зан үйлийг нь тодорхойлох, үе тэнгийнхний харилцаанд тулгамдаж байгаа асуудал зэргийг  илрүүлэх зорилгоор судалгаа авлаа. Мөн сургуулийнхаа 100 орчим багшийг сургуулийн орчны сэтгэлзүйн байдал, сэтгэл ханамжийг тодорхойлох судалгаанд хамруулсан. Бас 80 гаруй эцэг эхээс сэтгэл ханамжийн судалгааг авсан. Ингээд эхний ээлжийн үнэлгээ, дүгнэлтээ нэгтгэж удирдлагын багийн гишүүдэдээ танилцууллаа. 

Сурагчдын амралт эхэлснээс хойш эцэг эхтэй нүүр тулсан ярилцлагыг сургуулийн захиргааны зүгээс зохион байгуулж байна. Нэг долоо хоногийн хугацаанд ангиудын эцэг эхийн хурлыг хийж 20-30 минутыг нь зөвлөгөө, ярилцлага маягаар зохион байгуулж байна. Хүүхдүүдтэй нүүр тулсан уулзалтыг 14 хоногийн хугацаанд хийлээ. Энэ хугацаанд ажиллахдаа ЕБС-д сэтгэлзүйч гэдэг мэргэжилтэн маш чухал шаардлагатай, хэрэгцээ нь үүсчихсэн байгааг хүүхдийн хандлага болоод эцэг эхчүүдийн асуулт, зөвлөгөө тусламж хүсэж буй зэргээс харж ажиглалаа. Эцэг, эх, хүүхэд гэлтгүй сэтгэлзүйчтэй уулзах тусламж, зөвлөгөө авах хүсэлтэй байна.-Дунд сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгон ажиллуулж байгаа нь сайн эхлэл. Жишээ нь танай сургууль 4000 хүүхэдтэй гэж байна. Мөн дээрээс нь эцэг эх, багш нартай ч ажиллах шаардлага үүсэж, ажиллаж ч байгаа юм байна. Ажлын ачаалал, тулгарах бэрхшээл талаасаа ямар байна?

-Боловсролын сэтгэлзүйчийн хийх ёстой ажил урьдчилан сэргийлэхэд оршдог. Мөн багш,  эцэг эх, сурагчдад сургалт орох, оношилгоо хийх, уулзалт ярилцлага зохион байгуулах, зөвлөгөө өгөх гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр ажил явагдаж байна. Тухайлбал, хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт гэхэд хамгийн багадаа 40 минутын хугацаа зарцуулах ёстой. Насанд хүрэгчидтэй 60 минутаас доошгүй хугацааг нэг удаадаа зарцуулдаг. Ийм шаардлага гардаг учраас зөвхөн ганцаарчилсан уулзалтуудад цаг гаргахад бусад ажлууд нь орхигдох гэх мэт цаг хугацаа хүрэлцэхгүй байх нь бий. Гэтэл ганцаарчилсан байдлаар уулзах хүсэлт ч,  хэрэгцээ шаардлага ч их байна. Ер нь сэтгэлзүйн хувьд бэрхшээл учирсан хүнд сэтгэлзүйн үйлчилгээг ганцаарчлан өгөхөөс аргагүй байдаг. 

Зөвхөн манай сургуулийн хувьд 4000 хүүхэд түүний цаана байгаа найман мянган эцэг эх, сургуулийн багш нар мөн анги удирдсан багштай ганц сэтгэлзүйч тулж ажиллах нь бэрхшээлтэй харагдаж байна. Улсын сургуулиудын хувьд сурагчдын тоо олон шүү дээ. Гэтэл сэтгэлзүйн үйлчилгээ гэдэг нийтээр нь хамруулдаг сургалтын үйл ажиллагаанаас өөр.Хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлог, сэтгэлзүйн асуудалд нь тохируулан ажиллахад нэг сургуульд, нэг сэтгэлзүйч хангалтгүй. Боловсролын сэтгэлзүйч гэдэг орон тоог бий болгоод сургуульд томилон ажиллуулж байгаа нь сайшаалтай ч цаашдаа үр дүн гаргая гэвэл багаар ажиллах нь зүйтэй байх. Хүүхдийн сэтгэлзүйтэй ажиллахын тулд заавал гэр бүлийнх нь нөхцөл байдлыг авч үзэх болдог.

-Сургуулийн сэтгэлзүйч зөвхөн хүүхдүүдтэй биш ар гэрийнхэнтэй нь ч ажиллах болдог юм байна. Эцэг эхчүүд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?

-Бага ангийнхны хувьд багш юм уу эцэг эх нь хүүхдээ дагуулж орж ирдэг. Яагаад гэвэл хүүхэд өөрөө хандахаа мэдэхгүй. Харин зургаагаас дээш ангийнхны хувьд өөрсдөө ороод ирдэг мэдээлэлтэй бас нээлттэй болсон байна. Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхэд маань уур уцаартай болоод байна, цахим донтолтоос хэрхэн сэргийлэх вэ, хичээлдээ дургүй байдлыг нь хэрхэн засах гэдэг асуудлаар ханддаг.

-Нийгэм даяараа өсвөр насныхны хувьд ялгаварлан гадуурхалт их байдаг юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлэхээр хэд хэдэн  үйл явдал болсон. Сэтгэлзүйчийн зүгээс харахад тэдэнд нийтлэг тулгардаг сэтгэлзүйн асуудал нь юу байдаг бол?

-Хүүхдийн 10-12 нас бол өсвөр насны эхний шат, 16-18 насыг өсвөр насны хожуу үе гэж үздэг. Хүүхдийн онцлогоосоо шалтгаалаад 13-15 нас бол дунд үе гэгддэг. Ер нь хүний өсвөр насны  сэтгэлзүйн шилжилт 10-24 нас хүртэл үргэлжлэх боломжтой байдаг. Сургуулийн сэтгэлзүйчид ихэвчлэн зургаа, долдугаар ангийн хүүхдүүд хандаж байна. Энэ үеэс эхлээд хүүхдэд гэр бүлээс илүү найз нөхдийн харилцаа маш чухал болж ирдэг.

 Найз нөхдийн хүрээлэл дотроо өөрийгөө “Хэн бэ?” гэдгээ мэдэх ер нь би цаашдаа х аана, хэн болж явах вэ гэдгээ таньж мэдэх бие болоод сэтгэлзүйн том шилжилтийн үе учраас маш их өөрчлөлтүүд явагддаг. Үе тэнгийн гадуурхалт, найз нөхдийн харилцааны зөрчил, үл ойлголцлоос хүүхэд өөртөө итгэлгүй болох, гадуурхагдаж ганцаардах тохиолдол гарч байна. Томчууд бид хүүхдийг зүгээр л нэг групп чаатаас хасагдсан эсвэл фэйсбүүк дээр бичигдсэн эсвэл найзтайгаа муудалцсан гээд нэг их тоодоггүй орхидог. Гэтэл насанд хүрэгчид өөрсөд дээрээ  гэнэт ажлаа эсвэл дотны хэн нэгнээ алдахтай адилтгаж бодож үзэхүйц тийм сэтгэлзүйн хямрал хүүхдэд үүсгэдэг. Хүүхэд нийгмийн харилцаанд хүүхэд эхлээд найзаараа дамжиж алхан ордог гэдгийг томчууд ойлгох ёстой. Нийгмийн харилцааны энэ эхэнд үедээ найзууддаа гологдох, гадуурхагдах, үл тоогдох, хууртах гэх мэт тохиолдолтой учрахад хүүхэд “Яагаад?” гэдэг асуултад хариулж, хямралаа давахад хүнд тусдаг.

Хоёрдугаарт хүүхдэд гэр бүлийн харилцааны асуудал сэтгэлзүйн бэрхшээл учруулдаг. Аав ээж нь хайр халамж дутуу өгдөг, үл хайхардаг, хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүйгээс болоод маш их стрессийг өгдөг. Гуравдугаарт нь багш сурган хүмүжүүлэгчдийн асуудал. Багш сурагчийнхаа үзэл бодлыг ойлгохгүй, хүндлэхгүй байх, ар гэрийнх нь нөхцөл байдлыг тооцож үзэхгүйгээр буруутгах зэргээр стрессийг учруулах нь бий.

-Нийтээрээ хүүхдийг хүмүүжүүлье л гээд байдаг. Эцэг эхчүүд ч мөн хүүхэд рүү л хараагаа чиглүүлдэг. Харин эсрэгээрээ эцэг эхчүүд эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх, үлгэр дуурайлал үзүүлэх хүүхдийнхээ сэтгэлзүйг гэмтээхгүй байх түвшний сэтгэлзүйн боловсролыг орхигдуулаад байна гэж таны хувьд үздэг үү?

-Хүүхэд бол таны дүр зураг, танай гэр бүлийн толь. Хүүхдээ хэн болгомоор байгаа юм, өөрсдөө тийм л байхаас өөр аргагүй. Шулуухан хэлэхэд  хүүхдэдээ тавьдаг шаардлагадаа томчууд эхлээд өөрсдөө тэнцэх хэрэгтэй. Эцэг эхчүүд юуны түрүүнд өөрсдөө эрүүл сэтгэлзүйтэй байх ёстой. Мэдээж хүн эрүүл эсэхээ мэдэхгүй байх нь олон. Тиймээс эрүүл эсэхээ өөрсдөө эхлээд шинжилж, өөрсөдтэйгөө ажиллах хэрэгтэй. Өөрсдөө тогтворгүй сэтгэлзүйгээрээ хүүхэдтэйгээ харилцахад харилцааны доголдол үүснэ. Эцэг эхчүүд ядаж хүүхдэд үүсдэг сэтгэлзүйн хэрэгцээг нь мэддэг байх нь чухал. Тухайлбал, хүүхдэд хайрлах, хайрлуулах хэрэгцээ байдаг. Олонх эцэг эх өмсөж зүүх хувцас, идэх хоолыг нь авч өгснөө хайрлаж байна гэж ойлгоод байдаг. Харин энэ бол таны эцэг эх болсны үүрэг, хариуцлага. Хүүхдээ тэврэх, үгээр хэлэх, урамшуулж магтах гэх мэтээр эд материаллаг бишээр хүүхдээ хайрлахад суралцах ёстой. Бусдын хүүхэдтэй бүхий л талыг нь харьцуулж, буруушааж, магтаж бас болохгүй. Хүүхэдтэй зөвхөн өөрийнх нь талаар л ярилцаж сурах хэрэгтэй мэт.

Хоёр дахь хэрэгцээ бол ойлгох, ойлгогдох хэрэгцээ. Хүүхэд хүн бүрийг намайг ойлгоосой гэж хүсдэг. Ярилцахыг, мэдэрч байгаа мэдрэмжээ хуваалцахыг хүсэх үед нь хүүхдээ сонсох ёстой. Энэ үед нь цаггүй, завгүй гэх мэтээр үл ойшоовол дахиж хандахгүй. Энэ үед хүүхэд гологдсон мэдрэмжийг авдаг.Дараагийн дугаарт нь аюулгүй байдлын хэрэгцээ гэж бий. Тухайн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас аюулгүй байдлын хэрэгцээ хангагдана. Хэрүүл маргаантай, загнаж зандарсан, хүйтэн хөндий гэр бүлийн харилцаан дунд байгаа хүүхдийн аюулгүй байдлын хэрэгцээ хангагдахгүй, алдагдаж байдаг.  Гэр бүл нь ойр дотно, бие биеэ дэмждэг гэр бүлд өссөн хүүхэд  өөртөө итгэлтэй болж, аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлзүй нь тогтдог.

-Сүүлийн хоёр жилд хүүхдүүд цахимаар хичээллээ. Тиймээс сошиалын нөлөө хүүхдийн бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг доройтуулж байна гэж үзэж байна. Гэтэл хорих арга зам бас байхгүй. Энэ тохиолдолд яавал дээр вэ?

-Одоо үед нэгдүгээр ангиасаа эхлээд бүгд ухаалаг технологи ашиглан хичээл номоо хийхээс аргагүй болоод байна. Ийм үед эцэг эх анхаарал халамжаа нэмэгдүүлэхээс өөр гарцгүй. Таны хүүхэд хэдэн цагт хичээлээ эхлээд хэдэн цагт дуусгаж байна. Даалгавраа хэзээ нь хийж байна гээд бусад үед нь эцэг эхийн зүгээс цагийн зохицуулалтыг хийхэд нь хүүхдэдээ туслах хэрэгтэй. Өөрсдөө утаснаасаа салахгүй суусан хэрнээ хүүхдээ боль гэж хэлэх нь буруу. Харин гэр бүлээрээ дүрэмтэй, цагийн менежмэнттэй болох хэрэгтэй. Дахиад л бас хүүхдээ ойлгох хэрэг гарна. Орчин үеийн хүүхэд онлайнаар хобби сонирхлоо хөгжүүлдэг, дуу хөгжим сонсдог гэх мэт хэрэглээтэй болсон. Тиймээс хүүхдээ дэлгэцнээс гадуур бусад байдлаар хэрэгцээ сонирхлыг нь хөгжүүлэх гэх мэтээр эцэг эх ажиллах хэрэгтэй. Шөнө дэлгэцийн гэрэл хүний нүд рүү тусахад тархи өдөр гэсэн дохиог хүлээж авснаас нойр нь хүрэхгүй байх гэх мэт сөрөг нөлөөлөл үүснэ. 

Жишээ нь нэг хүүхдийг эцэг эх нь цахим хэрэглээ ихтэй байна гээд компютер хэрэгслийг нь хурааж авсан байсан. Гэтэл тэр хүүхэд цахимаар багаараа тоглодог олон улсын тэмцээнд оролцохоор бэлдэж байсан жишээний. Бүр шагнал авч байсан хүүхэд байсан.  Тиймээс хүүхдийн хэрэглээ, хэрэгцээг тас хорих биш ойлгох, хүүхэдтэйгээ ярилцах хамтран ажиллах цаг үе гэдгийг эцэг эхчүүд анхаараасай.-Боловсролын сэтгэлзүйч манайд өмнө нь цөөн байсан болов уу. Одооноос л олноор нь бэлтгэх хэрэгцээ шаардлага үүсэж байна гэж харж байна.  Та бүхэнд энэ чиглэлээр мэргэшихэд сургалт, чиглүүлэг судалгааны материал, гарын авлага, үйлчлүүлэгчдийн сэтгэлзүйн оношилгооны тест гэх мэт хэр олдоцтой байна вэ?

-Энэ мэргэжил маань хүнээс маш их мэдлэг, чадвар, дадлага шаардсан ажил. Бидэнд энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг сайн явуулж байгаа. Саяхан дүүрэг бүрд болон хөдөө орон нутагт  боловсролын дөрөв, дөрвөн сэтгэлзүйчийг мэргэшүүлж бэлдлээ. Дүүрэг болгон дотроо энэ мэргэжилтнийг чиглүүлэх, удирдлага аргазүйгээр хангах ажлыг хийж байна. Мөн сэтгэлзүйч гэдэг өөрөө бие хүн учраас энэ чиглэлдээ өөрөө ч хүчин чармайлт гаргах учиртай гэж үзсэний улмаас би Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуульд давхар суралцаж байгаа. Мэдээж боловсролын салбарт шинээр бий болж буй ажил учраас  бид тулгарч буй бэрхшээлээ хамтран шийдэх, бусад сэтгэл судлалын болон боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, нийгмийн ажилтнууд, сэтгэл­зүйчидтэйгээ багаар ажиллахад гол анхаарлаа хандуулж  байна.

-Эцэг эхчүүд сургуультай эцэг эхийн хуралд суух гэдэг нэгхэн л харилцаа холбоотой ажилладаг гэхэд хилсдүүлсэн болохгүй.  Одоо ангийн багшаас гадна сургуулийн сэтгэлзүйч гэдэг хүн нэмэгдчихлээ. Хүүхэдтэй нь ажиллахад эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч, хамтарч байна?

-Сургуулийн сэтгэлзүйч гэдэг хүн юу хийдэг, ямар хэрэгтэй хүн юм бэ гэдгийг эхний ээлжид таниулах нь их чухал байна. Сэтгэлзүйчийг одоохондоо эцэг эхчүүд өөрсдийнх нь амьдралд оролцох гээд байгаа юм шиг эсвэл хүүхдийнх нь санаа бодлыг өөрчлөөд гэр бүлд нь болдог таагүй зүйлсийг нь мэдэж илчлэх гээд байгаа юм шиг эргэлзэх ойлголтууд их байна. Энэ таниулах ажлыг сэтгэлзүйч бас өөрөө хийх ёстой гэж харж байгаа. Манай сургуулийн хувьд эцэг эхийн хурал хийгээд нүүр тулж уулзаад бүх зүйлийг хэлээд тайлбарлаад өгөхөд эцэг эхчүүд маш таатайгаар хүлээн авч, ойлгож сэтгэлзүйчид хандах нь нэмэгдэж байна. Түүнээс өмнө нь утсаар ярихад зарим эцэг эх хүүхдээ буруутгах яагаад хүүхэд нь сэтгэлзүйчид хандах болсон бэ гэдгээ ойлгохгүй тохиолдол байсан.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна