Oxfam: Дэлхийн хамгийн баян хүмүүс цар тахлын үеэр хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлсэн


-Цар тахал дэлхий дахинд нийгмийн тэгш бус байдлын асуудлыг улам хурцатгаж байна-

Дэлхийн хамгийн баян арван хүн 2020 оны гуравдугаар сараас 2021 оны арваннэгдүгээр сарын хооронд буюу цар тахлын үеэр хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тэдний баялаг, хур хөрөнгө 1.3 их наяд еврод хүрчээ. Берлинд төвтэй “Oxfam” буяны байгууллагуудын холбооны өчигдөр нийтэлсэн тайлангаас энэ тухай харж болно. Дээрх хугацаанд тэрбумтнууд өөрсдийн хөрөнгөө цар тахлын өмнөх жилийнхтэй харьцуулахад улам нэмэгдүүлсэн тухай баримт бичигт онцолжээ. “Oxfam”-ын мэдээлснээр, манай гарагийн 55 мянган баян иргэн 2019-2021 онд баялгаа 14 хувиар нэмэгдүүлсэн аж. Харьцуулахад энэ хугацаанд дэлхийн нийт баялаг ердөө нэг хувиар нэмэгджээ. “Ийнхүү хүн төрөлхтөний хамгийн баян болон бусад хүмүүсийн хоорондох ангал эрс өргөслөө” гэж тайлангийн зохиогчид мэдэгдэв. Ковид-19 цар тахлын өмнө манай гарагийн нийт хүн амын тал хувь буюу 3.2 тэрбум хүн ядуу амьдарч байв. Тэгвэл өнөөдөр дээрх тоо 160 саяар нэмэгдсэн гэж “Oxfam” мэдээллээ. Ядуу буурай орнуудын эдийн засаг цар тахлын нөлөөнөөс сэргэж амжаагүй байгаа бөгөөд ядуу хүмүүсийн 20 хувь нь орлогоо хамгийн ихээр алдсан аж. “Тэрбумтнуудын хувьд цар тахал нь “алтан үе” байсан. Засгийн газрууд эдийн засагт олон тэрбумыг оруулж байсан ч, уг мөнгөний ихэнх хэсэг хувьцааны ханшаас онцгой ашиг хүртдэг хүмүүст үлдсэн” гэж “Oxfam”-ын шинжээч Мануэль Шмитт онцолж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙР СУУРЬ ДОРДСОН БАЙНА

Мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал муудаж байгаа явдал юм. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр манай гараг дээр ажил хийж мөнгө олдог эмэгтэйчүүдийн тоо 13 саяаар буурчээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн гишүүдээ асрах гэх мэт цалингүй ажил хийдэг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн байна. “Oxfam”-ын судалгаагаар Германд ч цар тахлын үеэр хүн амын багахан хэсгийг эзэлдэг хүмүүст “баялгийн маш хүчтэй төвлөрөл” бий болсон хандлага эрчимжсэн гэнэ. Цар тахлын өмнө тус улсын хамгийн баян арван хүний баялаг 125 тэрбум еврогоор үнэлэгдэж байсан бол, өнөөдөр 223 тэрбум еврод хүрсэн байна гэж “Oxfam” тооцоолов. Тус байгууллагын мэдээлснээр Германы нийт хүн амын 16 хувийг ядуус эзэлж байна. “Энэ бол 13 сая хүн бөгөөд бүс нутагт хамгийн өндөр үзүүлэлт” гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. “Oxfam” дэлхийн бүх улсын Засгийн газруудад хандаж корпорациуд болон хэт баян хүмүүст өндөр татвар ногдуулж, үүнээс олсон орлогыг нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулахыг уриаллаа. Үүнээс гадна ковид-19-ийн эсрэг вакцины патентаас татгалзаж, дэлхий даяар шударга хуваарилалтыг хангах шаардлагатай гэж тус холбоо үзэж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна