Өрхийн орлогыг инфляц “идэж” байна


-  Дундаж давхаргын тод төлөөлөл хэмээн итгэх өрхүүд ядуу ангилал руу “гулсаж”, амьдралын “чанар” муудсаар -

 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 Монгол Улсын эдийн засаг ихээхэн эрсдэлтэй золголоо. Өөдрөг төсөөлөл, нааштай хүлээлт алсарч, нөхцөл байдал орвонгоороо эргэж байна. Өрхийн амьжиргаа улам доройтож, өр, зээлийн дарамт нэмэгдсээр. Дундаж давхарга хумигдаж, аж ахуйн нэгжүүд ар араасаа хямралд гүн шигдэж байна. Эдийн засгийн “уур амьсгал” дээрдэнэ гэсэн горьдлого тасарч, сайжрах төлөв саарлаа. 2022 он тааруухан эхэллээ.

Бүрхэг, бүүдгэр орчин эдийн засагт бүрджээ. Экспорт, импорт аль аль нь саатаж, орох гарах урсгал удааширлаа. Хил гаалийн тодорхой бус байдал даамжирч, ачаа барааны эргэлт ахиад л асуудал дагуулж байна. Хэвийн байдалд шилжих хүртэл хэд хэдэн сарын нүүр үзэж магадгүй нь. Төсвийн орлого тасрах, дотоодод бараа, бүтээгдэхүүн хомстох, үнэ өсөх, ядуурал газар авах хүсээгүй эрсдэл хяслаа. Болж, бүтэж байгаа юм ер нь алга аа, энэ улсад. Инфляц гаарч, нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын байдлаар 14.8 хувьд хүрэв. Жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Үнийн өсөлт эдийн засгийг, өрхийн орлогыг ниргэж байна. Үүнийг илтгэх инфляц 15 хувь руу “тэмүүлж”, сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр хурдан өслөө. Үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс огцом өндөлзөж, шинэ “рекорд” тогтоох шинжтэй.

Бараа, бүтээгдэхүүний үнэ сараар бус өдрөөр өөрчлөгдөж байна. Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн 2007 оны түвшинд инфляцын өсөлт тулж ирлээ. Тухайн үед манай улсад инфляц жилийн дүнгээр 2007 оны эцэст 22.1 хувьд хүрч, өрхийн амьжиргааг сүйрүүлж байсан. Тэгвэл өнөөдөр энэ байдал дахин бий болж, эдийн засгийг түйвээж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц нэмэгдэх эрчээ авсан нь мөнгөний бодлогыг ажилгүй болгов.Инфляц жолоодлогогүй болжээ. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийг төв банк “удирдах” боломжгүй гэж мэдэгдсэн. Товчхондоо, Засгийн газрын шийдэх ёстой асуудал гээд зөнд нь орхилоо. Монгол банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй оршдог. Гэтэл үнийн өсөлт буюу инфляц төгрөгийн худалдан авах чадварыг “идсээр”, улсын хэмжээнд 13.4, хотод 14.8 хувьд тус тус хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.

Эндээс харахад, инфляц “эзэнгүйджээ”. Үүнийг хариуцах эзэн олдсонгүй. Угтаа төв банк, Засгийн газар төгрөгийн ханш, өрхийн амьжиргааг унагахгүйн тулд инфляцыг тогтворжуулах үүрэгтэй. Гэтэл тэд ажлаа хийхээс зайлсхийж, өрхийн орлогыг золиос болгохоор шийджээ. Төв банк төгрөгийн ханшийг, Засгийн газар өрхийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж чадсангүй. Импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх гол үүд хаалга болсон Замын-Үүд боомтоо хөгжүүлж чадаагүй үе үеийн Засгийн газар үүнд буруутай юм. Өнөөдрийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын шинэчлэлийг эхлүүлж, хүчин чадлыг нь гурав дахин нэмэгдүүлнэ гэж  зарласан. Гэвч ийм хэмжээнд авчрах мөнгө нь, хэрхэн хэрэгжүүлэх замын зураг нь алга байна.

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал, газрын тосны үнийн өөрчлөлт, хүнсний бүтээгдэхүү­ний 40 хувийн өсөлт, хил дам­насан тээвэр­лэлт, логистик, хил дээрх саатал, төрийн шийдвэртэй холбоотой хүнд суртал, дотоодын зах зээлд махны үнэ нэмэгдсэн зэрэг нь инфляц өсөх суурь шалтгаан болсон. Инфляцын эрсдэлийг бууруулахын тулд тээвэр, логистик, агуулах, нөөц бүрдүүлэлт, хил нэвтрэлтийг сайжруулах талаар Засгийн газар дорвитой ажил хийгээгүй. Хийж бас чадахгүй байна. Хийсэн нь гэвэл захиргааны шинжтэй халаа, сэлгээ байлаа.

Үнийн өсөлт буюу инфляцыг “цурамлах” боломж, хугацаа байсан ч үүнийг төр хийж дийлсэнгүй бололтой. Эцсийн үр дүн нь иргэдийн нуруун дээр буулаа. Нийлүүлэлтийн гацаанаас үүдэлтэй үнийн өсөлт эрэлтийг хязгаарлаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байна. Өсөж өндийгөөгүй зүйл гэвэл цалин л үлджээ. Их инфляц их уналтыг дагуулахаар байна. Өөрсдийгөө дундаж давхаргын тод төлөөлөл хэмээн итгэх өрхүүд ядуу ангилал руу “гулсаж”, амьдралын “чанар” муудсаар. Хилийн гацааг шийдэхгүй бол инфляц эдийн засгийн орчны бүхэлд нь доргиож, 20,30 хувь руу огцом цойлоход ойрхон байна.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна