Ш.Цэрэндулам: Ломбард Хуулиа мөрдөхгүй бол эрхийг нь цуцлуулахаас өөр аргагүй


Б.БОЛОР

 Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19-өөс үүдээд иргэдийн амьдрал улам л хүндэрч байна. Иргэд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардыг сонгож үйлчлүүлэх нь ихэссэнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирсэн гомдлоос харж болох нь. Өдөр тутмын хэрэгцээт зүйлээ худалдан авдаг найман нэрийн хүнсний дэлгүүр шиг иргэд санхүүгийн ойрын хэрэгцээгээ барьцаалдан зээлдүүлэх газраас хангадаг болжээ. Мэдээж хүн бүрд банк болон банк бус санхүүгийн байгууллагын босгыг давж, арай бага хүүтэй, ахиухан зээл авах боломж алга. Шинэ он гараад 20 хүрэхгүй хоногийн хугацаанд ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын багагүй хувийг эзэлсэн барьцаалан зээлдүүлэх газруудад тус газраас шалгалт хийжээ. Шалгалтаар 13 газрыг цар тахлын үеийн хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдгийг баримтжуулж, эрхийг нь цуцлах арга хэмжээ авахаар болсон байна.


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зар сур­тал­­чил­гааны албаны дарга Ш.Цэрэндулам­аас энэ талаар тодруул­лаа.

-Саяхан барьцаалан зээл­дүү­лэх газруудад хийсэн шалгал­тынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлд барьцаалан зээлдүүлэх газрын сарын хүүг гурван хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

 Үүнд хяналт тавьж ажиллах үүргийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өгсөн. Он гарснаас хойш иргэдээс ирсэн гомдлын дагуу манайхаас хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт хяналт шалгалтыг ерөнхийдөө зогсоосон. Ингээд иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хэд хэдэн удаагийн хяналт шалгалт хийлээ. Өнөөдрийн байдлаар 13 барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг явуулах эрх буюу Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх эрхийг хасуулахаар холбогдох байгууллагад нь хандаад байна. Хуульдаа үйл ажиллагааг нь хаахаас өөрөөр хариуцлагын тогтолцоог тусгаж өгөөгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагууд нь хуулиа мэдэхгүй, мөрдөхгүй байна. 

Өнгөрсөн 2020, 2021 онд гурван удаагийн шалгалтаар 256 барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг хаасан. Энэ он гараад 13 газрын үйл ажиллагааг хаах санал хүргүүллээ. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид иргэдийн барьцаалсан хөрөнгөн дээр байгуулсан гэрээгээ мөрдөхгүй байгаа тухай асуудал  байнга хөндөгддөг. Тухайлбал, тухайн иргэний гар утсыг барьцаанд авчихаад кодыг тайлуулж авна гэж хувь хүний нууцад нэвтрэнэ. Хугацаанаас нь өмнө барьцаанд авсан өмч хөрөнгийг худалдаална. Мөн тухайн иргэнтэй тохиролцож өмч хөрөнгийг барьцаанд авч байгаа боловч хэт доогуур үнэлж авсан гэх зэрэг зөрчил гомдол манайд ихэвчлэн ирдэг.

-Иргэдийн хувьд барьцааны гэрээний талаарх мэдээлэл тааруухан. Гэхдээ эдийн засгийн хүнд хэцүү энэ үед нэг ч гэсэн аж ахуйн нэгж үүд хаалгаа хаахгүй ажиллавал уг нь зүгээрсэн?

-Иргэд барьцааны хүү  гурван хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан гэдгийг хэлдэг ч тухайн барьцаалан зээлдүүлэх газар өөрсдийн мөрдөж байгаа хувь хэмжээгээрээ хүүгээ тооцно гэсэн зөрчил багагүй байна. Бидний хувьд хуулийнхаа дагуу л ажиллахаас өөр аргагүй. Манайхаас шалгаад үйл ажиллагааг нь шууд хаадаггүй, эхлээд санал хүргүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед торгохоос аль болох зайлсхийж, тухайн байгууллагад хүндрэл бэрхшээл учруулахгүй гэсэн байр сууринаас ажиллаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд хэдэн барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Хамгийн сүүлд 2021 онд хийсэн шалгалтаар 1500 гаруй барьцаалан зээлдүүлэх газрын асуудлыг ярьж байсан. Ирэх хаврын чуулганаар барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой асуудал хуульчлагдана. 

Цаашид энэ асуудал Санхүүгийн зохицуулах хороонд харьяалагдах юм.  Хамгийн гол нь барьцаалан зээлдүүлэх газрууд хэрэглэгчийнхээ эрхийг нэгд тавих хэрэгтэй байна. Хоёрт, цар тахалтай энэ үед хууль эрх зүйн мэдээлэлтэй байж, хуулиа мөрдөж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.-Барьцаалан зээлдүүлэх газрууд 3 хувийн хүүтэй болгох битгий хэл, алданги тооцоод байна гэх гомдол ч байсан?

-Цар тахлын үед мөрдөгдөж байгаа хуулиараа алданги тооцох ёсгүй. Хэрвээ тооцсон бол дээр хэлсэнчлэн хариуцлагын арга хэмжээ авах санал хүргүүлнэ. 

Санхүүгийн зохицуулах хорооноос барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд мөрдөх журмыг боловсруулдаг эсэх талаар тодруулахад “Одоогоор барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцаж ажиллана. Ирэх долоодугаар сараас хууль батлагдаад мөрдөөд эхлэхээр манай байгууллага хариуцаад явна. Өмнө нь харьяалагдах дүүргүүд нь хариуцдаг байсан” гэсэн хариулт өгсөн юм.

Харин бидний нэрлээд байгаа ковидын хуулийг хэрэгжүүлэх ёстой барьцаалан зээлдүүлэх газрууд ямар журам, дүрэм мөрдөн ажиллаж байгаа талаар салбарын гол төлөөлөл болох “Сайн ломбард”, “Начин заан”, “Нандин” зэрэг  газруудаар ороход “Цар тахлын тухай хуулийн 14.1 дээр заасны дагуу бид үйл ажиллагаагаа явуулж байна. Хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй” хэмээн хэлж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна