А.Цэрэнпунцаг: Уран бүтээлчид NFT-ийг нэмэлт орлого гээд ойлгочихвол зүгээр


2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээлд цахимаар худалдаалж эхэлсэн билээ. Өнгөрсөн 2021 онд 41 орчим тэрбум ам.долларын NFT-ийг криптовалютын зах зээлд арилжаалсан нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт байв. Тус салбарт ихэвчлэн уран бүтээлч бүтээлээ NFT болгож, блокчейн технологиор дамжуулан олон нийтэд борлуулах боломжтой юм. Энэхүү орчин цагийн маш өвөрмөц шийдлийн талаар “Mongol NFT” компанийн Бизнес хөгжүүлэлт хариуцсан ахлах А.Цэрэнпунцагтай ярилцлаа

-Юуны өмнө NFT гэдэг юуг илэрхийлдэг, аль салбарт түлхүү ашигладаг талаар яриагаа эхэлье?

-NFT гэдэг нь англиар Non-Fungible-Token гэсэн дахин давтагдашгүй, цор ганц зүйлийг илэрхийлсэн утгатай. Анх артистуудын зургийг блокчэйнд шивж, өөр хүнд криптовалютоор зарснаар уг ойлголт эхэлсэн. Одоо бол олон төрлөөр ашиглаж болохоор байна. Блокчэйн системийн онцлог нь уран бүтээлчийн зургийг хэзээ, хэдэн доллароор, хэнээс авсан гэх бүх мэдээллийг интернeт ашигладаг хүн бүрд нээлттэй харагдахаар үүрд хадгалдаг. Гэхдээ NFT зөвхөн зураг, уран бүтээл арилжих газар биш. Хамтын нэгдэл. Жишээ нь, та бид хоёр Арт Заяа зураачийн хоёр ширхэг NFT-ийг нэг нэгээр нь эзэмшдэг. Тэгвэл хоёулаа “community”. Олон улсад “Bored Apes Yacht Club” хэмээх “collectibles” маш хүчтэй идэвхжиж байна. Уг клубын гол санаа нь баячуудын аварга усан онгоцон дээрх үдэшлэгээс үүсэлтэй бөгөөд 10,000 давтагдашгүй токен юм. Нэг токены үнэ нь 300,000$ болоод байна. Эцсийн зорилго нь Миамид өөрсдийн шөнийн цэнгээний газрыг үүсгэх юм. Харин “Mongol nft”-ын гаргасан “Чоно сүрэг” “collectibles”-ийг гаргасан ба хүн болгоны авах чоно өөр өөр. Түүгээр нэгдсэн хүмүүс мэргэжил, байр суурь зэрэг зүйлсээрээ ялгаатай ч чоно гэдэг бүлгэмийг үүсэж байгаа юм. Одоогоор NFT-ийг хамгийн өргөнөөр зураг, дуу, бичлэгийн эх хувийг дижитал хэлбэрээр худалдан авч өмчлөх байдлаар ашиглаж байна. Ингээд харвал NFT орж болохгүй салбар гэж үгүй. NFT-ийн мөн “Metaverse” буюу дижитал ертөнцийн салшгүй хэсэг бөгөөд “Metaverse” дээрх хувцас, дүр, машин бүгд NFT байх юм.

-Та ямар мэргэжилтэй вэ? Яагаад энэ салбарыг сонирхох болов?

-Би МУИС-ийг эдийн засгийн математик загварчлалаар төгссөн. Дараа нь маркетингийн чиглэлээр сурч, ажиллаж байхдаа энтертаймент салбарын хүмүүстэй хамтрах болсон. Ингээд “Mongol chat” компанид ажиллаж, дараагаар NFT-ийг сонирхож, орсон. Би аль хэдийн цуглуулагч нарын эгнээд нэгдсэн. Дижитал зураг авахыг хүсвэл эхлээд түүхийг нь сонирхоно, дараа нь боломж гарвал авна. Би NFT-ийг гаргах үйл явцад оролцдог ч гэсэн нөгөө талдаа хүмүүстэй зэрэгцэж авдаг. Өөрөө хийсэн гээд түрүүлж, худалдан авах боломжгүй. Миний цуглуулга дотор EegiiBoogii гэх дижитал зураачийн “Тал нутгийн халим” гэх бүтээл бий. Тэрээр “Оннц дүмд” киноны дүрүүд дээр ажилласан. Крипто ертөнцөд ханшид нөлөөлж чадах хүмүүсийг халим гэдэг. Тиймээс тус бүтээл нь ихээхэн утга учиртай. Үүнээс шалтгаалж цуглуулагчид чи “whale”-тэй юм уу гэх мэтээр бие биетэйгээ нэгдэж, сонирхлоороо холбогддог. Анх гарахдаа 500,000₮-өөр гарсан бол өнөөдөр зах зээлийн үнэлгээ нь 12,000,000₮ болоод байна. Энэ нь зөв NFT-дээ хөрөнгө оруулалт хийвэл хэрхэн өгөөж хүртэж болох нэгээхэн жишээ юм.

-Хүмүүс ингэж сонирхлоороо нэгдэхээс гадна өөрөөр NFT-ийг яагаад авах ёстой, сонгосон хойно хэрхэн ашиглах юм?

-Энд нэгдэж байгаа хүмүүс эхлээд “цуглуулагч” байж болно. Уран бүтээлчийн нэр хүнд түгэхийн хэрээр урлагийн бүтээлийн үнэ цэнэ өсдөг шиг NFT-гийн үнэ нэмэгддэг. Хоёрдугаарт түүнийг зарах сонирхолтой, ашиг авахыг хүсэж орсон хүмүүс байдаг. Харин гуравдах нь дээр хэлсэнчлэн бүлэгт нэгдэхийн тулд орсон хүмүүс. Жишээ нь, тодорхой түвшинд гарч, амжилтад хүрсэн хүмүүс ойр тойрныхоо таньдаг, мэддэг нэгнээс илүү өөр тохиолдлоор хүмүүстэй танилцмаар байж болно. Тэгэхийн тулд гудманд яваа энгийн хүнтэй шууд танилцахаас илүүтэй ямар нэг зүйлээр холбогдвол сонирхолтой юм. Энэ мэт үндсэн гурван зарчмаар хүмүүс дээрх салбарт орж ирдэг. Дөрөвдүгээрт NFT авсан хүнд өгөх амлалт, ашгаас үүдэн нэгдэх тохиолдол бий. Ямар нэг NFT-г авсан бол бүтээлийг нь эзэмшихээс гадна нэмэлтээр түүнд дагалдах аливаа үйл ажиллагаанд оролцох зэргээр бодит харилцаанд орж ирэх боломжтой. Өөрөөр бол NFT-ийг ашиглан тухайн бүтээлийн "Exclusive" буюу онцгой эрхтэй хэсгүүдэд нэвтрэх боломж олгож, уран бүтээлчтэй тодорхой төвшинд харилцах нөхцлийг бүрдүүлдэг. Хандив хүртэл түүгээр явна. Жишээ нь, миний цуглуулгыг хүссэн хүн болгон харж болно. Хүн амьдралын цаг хугацаа, олсон мөнгөө юунд зарцуулав гэдэг нь чухал шиг зөвхөн хандивын NFT цуглуулах нь тухайн хүнийг өөр талаас нь илэрхийлж буй хэрэг. Бид яагаад адилхан хувцас, цүнх, нарны шил байхад нэр хүндтэй брендүүдийг ихэвчлэн сонгодог юм. Тэдний нэг нэгнээсээ ялгарах, бусдаар содон харагдах гэсэн онцлогтой холбоотой. Энэ нь NFT дээр илүүтэй ажиглагдаж, хүний ялгарах хэрэгцээг хангахаас гадна уран бүтээлчидтэй танилцах нөхцөлийг бүрдүүлдэг.

-Бүлэгт нэгдэж, ямар нэг бүтээл авлаа гэж бодъё. Түүнийгээ зарж, борлуулах үед зохиолчийн эрх хэрхэн хөндөгдөх вэ?

-Зохиогчийн эрхийн асуудал олон улсад хоёр чиглэлээр явдаг. Зохиогчийн эрхийг хамт өгөх үү эсвэл зарим нэг эрхийг нь дагалдуулах уу гэх. Үүнийг нь худалдан авахдаа анхаарч үзэх хэрэгтэй. Эсвэл зураач зохиогчийн эрхтэй нь хамт өгвөл би түүнийг цаашид юунд ч ашиглаж болно гэсэн үг. Ингэж эрх олгоогүй бол тэр хүн зөвхөн дижитал хувилбарын л эзэмшигч байна. Дижитал хувилбарыг эзэмшигчээс нь авсан гуравдагч хүн зохиогчийн эрхийг нь авч чадахгүй. 

-Тэгвэл зураачид NFT гаргахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Артистууд NFT гаргахын тулд эхлээд өөрийгөө уран бүтээлч гэдгийг батлах ёстой. Хоёрдугаарт содон байх. Олон зураач, уран бүтээлч бий. Тэр бүгдийн NFT-ийг гаргаад байвал ялгарах юмгүй болно. Бид содон, шинэ, залуу уран бүтээлчдийг илүүтэй элсүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэдний бүтээл нь хэтэрхий өндөр үнэтэй байж болохгүй. Зураач бодит зургаа зарж байгаа мэт 20-30 саяын NFT гаргаад ирвэл энэ маань хүн болгонд хүртээмжтэй байхаа болино. Харин олон улсын зах зээлд гарчихвал үнэ нь өөрөөр яригдана. Улс дотроо аль болох ханшийг нь бага байлгах тал дээр ажилладаг. Тиймээс уран бүтээлчид үүнийг нэмэлт орлого гээд ойлгочихвол зүгээр. Өмнө нь биет бус, дижитал бүтээл урлаад түүнийгээ зарж, борлуулах арга зам нь хомс, хүндрэлтэй байсан бол NFT гарч ирснээр энэ бүх бэрхшээл алга болж байна гэж харж болно. Зураг нь бодит болон дижитал хувилбараар гарлаа. Энэ нь зураачийг дэмждэг олон хүнд бүтээлээ хүргэхэд тусална. Артист Арт Заяа “Би аль болох бага үнээр бүтээлээ тавимаар байна. Миний зургуудыг авахыг хүсдэг ч авч чадахгүй тэр хүмүүст NFT-ээр дамжин хүрч байгаа нь сонирхолтой байна” хэмээн хэлсэн. Үүн шиг сэтгэлгээгээр зураачид хандвал хүмүүс урлагийг илүүтэй хүртэл болгох болов уу.

-NFT авахыг хүссэн хүн юуг нь анхаарч, худалдаж авах ёстой вэ?

-Хэрвээ тухайн хүн наймаачин сэтгэхүйтэй орж ирвэл хоёрдогч зах зээл буюу өөрийн авсан зүйлээ бусдад зарна гэсэн үг. Ингэж ашгийн төлөө орвол бүлгийнхээ утгыг алдагдуулна. Тиймээс энэ бүлэгт орохыг хүсвэл цуглуулагч сэтгэхүйтэй байвал сайн. Энэ зураг чинь ийм учиртай юм байна, зураачдаа хэр үнэ цэнэтэй, ямар түүх өгүүлэв гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим цуглуулагч хэний бүтээлийг авах ёстой вэ гэдгээ мэддэг. Мөн өөр нөхцөл, амлалтаас шалтгаалж сонгоно. Яагаад авах ёстой, үнэхээр дуртай зүйлдээ хөрөнгө оруулж чадсан уу гэдгээ анхаарах нь чухал. Гэхдээ артист нь асуудалд орох эсвэл компани нь байхгүй болбол энэ нь алга болж, үнэ нь унаж, өсөж болдог. Хөрөнгийн баталгааг блокчэйн систем дээр шийднэ. Энд бид уран бүтээлчидтэй гэрээ хийж, холбоосыг гаргадаг. Тухайн бүтээл нэг хүнээс нөгөө рүү шилжсэн гэх үүсвэрийг батална. Ингэснээр зураачийн амлалтад бид дундын баталгааг хийдэг. Үүнийг ашигласнаар ямар ч бүтээлийг дижитал хэлбэрт оруулан блокчейн дээрх бүртгэлийг үүсгэж, өмчлөл болон шилжилтийн мэдээллийг бүртгэн авах боломжтой болдог. Уран зураг, дижитал зураг, бичлэг, дуу бичлэг болон зургийн хослол, анимейшн, бүтээлч сэтгэлгээгээр хийгдсэн давтагдашгүй агуулгатай юу ч байх боломжтой. Тус бүтээлийг өнөөдөр авч маргааш борлуулахад орлогын 10 хувь нь уран бүтээлч рүү шилждэг. NFT бол шинэ цагийн “Socialmedia”. Өмнө нь бид хүмүүсийг дагагчдын тоогоор нь хэмждэг байсан бол одоо NFT-гийн үнэ, цуглуулгаар нь хэмжиж болно. Жишээ нь, NFT-ийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бүтээл нь Бийпл (Beeple) хэмээх эрхэмийн "Everydays: the first 5000 days". Тэрээр 2007 оноос хойш өдөр бүр нэг зураг бүтээж, тус 5000 ширхэг зургийг нэг дор хадгалах байдлаар гаргасан. Уг зураг 69.3 сая доллароор зарагдсан бөгөөд Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Вигнеш Сундаресан буюу "Metakovan" гэх хочтой хүн худалдаж авсан. 

-“Mongol NFT” компаниас гаргасан чоно нь юуг илэрхийлж байна вэ?

-Манай байгууллага 200-аад дахин давтагдашгүй буюу нийт 10,000 гаруй NFT гаргаж, 2 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгээд байна. Харин чононуудын хувьд үндэсний хувцастай, хип хоп, рок гэх мэт загвартай. Бид олон улс руу NFT гаргахын тулд хамтын нэгдэлтэй, койнтой байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ хоёрыг нийлүүлэн бүлэг (community) үүсгэж, нэг үзэл санаа, бэлэг тэмдэгтэй чонон сүргийг бүтээсэн. Монголчуудын хувьд тус амьтан нь Бөртэ чоно, Гуа марлаас эхлэлтэй домог зүйн дүр. Үүнээс санаа авч дэлхийд чонон сүргийг гаргаж, Bored Ape гэх сармагчингуудтай энэ зэрэгцэхийг хүссэн. “Bored Ape Yacht Club” бол одоогоор дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй бөгөөд алдартай NFT цуглуулга. Бид Монгол компани. Койноо өсгөж, нэр хүндээ нэмэгдүүлж, үр ашгаа олон хүнд өгөхийн тулд өргөн цар хүрээтэй, хүчтэй байх хэрэгтэй. Тухайн сүргийн нэг болсноор өөртэйгээ төстэй нэг зорилгын төлөө хамт олонтой болж байгаа юм. Сүрэг нь өнөө маргаашийн койн унаж, өсөхөд анхаардаггүй олон улсад гарч, долларыг эх орондоо татах хүчтэй нэгдэл юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна