Г.Ганболд: Чанаргүй улаан буудай тариалсан ч урамшуулал олгодог байж болохгүй


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалт, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Зуунмод, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Сүмбэр сумын тариаланчид, ногоочидтой, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Майнд Тэч” ХХК, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өег” гурилын үйлдвэр, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэр, “Түмэн шувуут” ХХК, “Агро фийд” тэжээлийн үйлдвэр, Хөдөө аж ахуйн сангийн үйл ажиллагаатай танилцсан гэж байлаа.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаад дараах дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Стратегийн бүтээгдэхүүн улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих, тогтворжуулах, эрсдэлээс хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах, 2021 оны намрын ургацаас борлуулагдаагүй байгаа стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тоо хэмжээг аж ахуйн нэгж, иргэний нэрээр шинэчлэн гаргах, улмаар улаан буудайн гурил экспортлох боломжийг  судалж, гурилын үйлдвэрүүдтэй хамтран борлуулалтыг идэвхжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Аубакир нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  УИХ-ын гишүүн Г.Ганболд “Ажлын хэсэг удаан хугацаанд ажилласныг би мэдэж байгаа. Ажлын хэсгийн гол зорилго нь стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, үрийн шинэчлэл болон төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн байдалд хяналт тавих байсан. Харамсалтай нь гарч байгаа тогтоолын төсөл хэтэрхий олон заалттай, олон өөр зүйл рүү үсчиж орсон байна. Энэ жилийн хувьд улаан буудай хангалттай тариалсан ч өдөр шөнийн температураас болоод цавуулаг нь муудсан гээд сууж байна.

Ажлын хэсгийн гол зорилго нь гаднаас оруулж ирж буй үр чанартай байсан уу, үгүй юу гэдэгт хяналт тавих. Энэ жил их хэмжээний чанаргүй улаан буудай илүү гараад, арга буюу шахмал түлшний барьцалдуулагчаар ашиглаж, шатааж байна. Тахиа шувууны тэжээлийн зориулалтаар буудай нийлүүлсэн бол урамшуулал олгох тухай тогтоолын төсөлд тусгасан байна. Муу буудай тариалсан ч урамшуулал олгож дэмжих юм уу. Ингэж тариаланчдаа дэмжих үндсэн зорилгоосоо хазайвал утгагүй тогтоол болж хувирч байна. Тэгэхээр тогтоолын төсөл дээр байгаа олон заалтыг цөөлөх хэрэгтэй.Хоёрдугаарт, шинээр байгуулагдсан Хөдөө аж ахуйн корпорац аж ахуйн тооцоот байгууллагад шилжвэл төрөөс ямар нэгэн дэмжлэг, хөнгөлөлт үгүй болж, зах зээлийн зарчмаараа ажиллах шаардлагатай болно гэдгийг сайтар тооцоолж шийдвэр гаргах шаардлагатай” гэв. Ажлын хэсэс гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хорооны тогтоолын төсөлд нэмж тусган, редакцын засвар  хийж, тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна