Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол нарын эрх ашиг Монголынхоос дээгүүр байх уу


А.ГЭРЭЛ

 Ерөнхий сайд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай өнгөрсөн зун танилцаж явахдаа Хөшигийн хөндийд эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийн ажлыг эцэслэхийг холбогдох сайд нарт даалгаж байв. Энэ хүрээндээ Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуу­­дал эрхэл­сэн захиргааг яаравчлан байгуулж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөг­чөөр Д.Оюунхоролыг томилсон. Чухам яагаад Д.Оюунхоролыг сонгов хэмээх асуулт Ерөнхий сайдад нэг биш хэдэн зуугаар ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. АТГ-т шалгагдаж, Тост, тосон бумбын нуруу, Дархан цаазат Богдхан уулын ам бүрт газрын зөвшөөрөл олгосон гээд түүнийг тойрсон түмэн асуудлууд өнөөдөр ч намжаагүй байгаа билээ.

10 гаруй жилийн турш дуншин байж, сая нэг ашиглалтад орсон Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгох их бүтээн байгуулалтын ажлыг тэтгэврийн эмэгтэйгээс өөр хариуцах хүн алга уу гэх шүүмжлэл ч дагуулсан. Бүтээн байгуулалтын энэ том ажлыг суудал горьдсон улстөрчид биш жинхэнэ олон улсын түвшинд бэлтгэгдсэн менежерт өгөх ёстойг Ерөнхий сайд уг нь, хамгийн сайн мэднэ дээ хэмээн халаглах нь ч бий. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд яг л үүнийг батлах мэт Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүст УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүтэй найз нөхдийнхөө эрх ашигт нийцүүлэн, улсын эрх ашгийг хөсөрт орхин газар олгохоор зэхэж байгаа тухай мэдээ ирэв. Мэдээж ард түмний нүд, АТГ-ын хяналт шалгалтаас бултахын тулд дуудлага худалдаа гэгчээр халхавчлахаар зэхэж байгаа аж. 

Д.Оюунхоролын хувьд бултах гэдэг гэм биш зан болсон зүйл. Тэрээр Богдхан уулын газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах нэрийдлээр 2014-2017 оны хугацаанд хамгийн олон зөвшөөрөл олгосон байдаг. 2017 онд Д.Оюунхорол БОАЖ-ийн сайдаар ажиллах явцдаа Богдхан ууланд 254 газрын зөвшөөрөл олгосон аж. Харамсалтай нь, зориулалтаар нь газраа ашигласан иргэн байгууллага өдрийн од шиг байдгийг бид бүгд мэднэ.

Уг нь, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар аялал жуулчлал, бооцоот тоглоом, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий бизнес эдийн засгийн бүстэй болох мөрөөдөл Засгийн газарт бий. Бас Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зэрэг олон боломж бүрдэнэ гэдгийг богино, дунд хугацааны бодлогодоо ч тусгасан.

 Харамсалтай нь, Д.Оюунхорол мэтийн Бүрэн эрхт төлөөлөгчтэй, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хийнэ гэж зүтгэвэл ёстой мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдэг нь тодорхой.Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нарын парламентад суусан цаг хугацаагаар бол Монгол Улс нэг байтугай нэжгээд чөлөөт бүстэй болчих л байлаа. Б.Чойжилсүрэн барилгын компанийн захирлаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Боомтын зөвлөлийн дарга, Төсвийн байнгын хороон дарга, Д.Оюунхорол дээд сургуулийн захирлаас УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд гээд төрд тэдний хувьд хашиж болох бүхий л албан тушаалыг хашиж үзсэн. Шийдвэр гаргах эрх, төрийн алтан соёмботой тамга тэдний гарт байсан уу гэвэл байсан. Бүтээх ёстой, хийх ёстой, шийдвэрлэх ёстой олон асуудалтай салбарыг тэд толгойлж л байлаа. Харин бидэнд юу үлдсэн, тэд юутай болсон бэ...

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна