Пак Гын Хе: “Найдвар намайг урагшлуулж, цөхрөл намайг хатуужуулдаг”


Шоронд ял эдэлж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр өршөөл үзүүлж, сулласан билээ. Суллагдахаас нь хэдхэн цагийн өмнө түүний “Хүн бүр хүсэл тэмүүлэлтэй байдаггүй” (Not everybody feels a longing) ном худалдаанд гарсан аж. Пак Гын Хе шоронд хоригдож байсан дөрвөн жил есөн сарын хугацаанд дэмжигчдээсээ ирсэн захидал, өгсөн хариултаараа энэхүү номыг эмхэтгэжээ. “Миний баттай хэлж чадах зүйл бол бусдад тусалж байснаас, би хувийн сэдлээр тийм муухай зүйл хэзээ ч хийж байгаагүй” хэмээн өдгөө 70 настай БНСУ-ын экс төрийн тэргүүн бичсэн байна. Өмнөд Солонгосын онлайн болон номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ болох “Naver bookstore”-ийн хамгийн эрэлт ихтэй, өндөр борлуулалттай шилдэг номын жагсаалтыг Пак Гын Хэгийн захидлуудын эмхэтгэл бүхий ном тэргүүлсэн. Пак Гын Хэ өнгөрсөн үйл явдлуудын талаар дурсаж бичихдээ өөрийгөө үргэлж хамгаалж, ямар ч гэм буруутай зүйл хийгээгүйгээ нотолж байсныг уг номноос уншиж болох нь. “Найдвар намайг урагшлуулж, цөхрөл намайг хатуужуулдаг” хэмээн өгүүлсэн номонд түүнийг Ерөнхийлөгчийн суудлаас буулгах үеэс эхлэн олон удаагийн шүүх хурал, хорих ял авсан гээд сүүлийн 5-6 жилийн үйл явдлын талаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн аж.

Пак Гын Хе болон түүний аав Пак Чон Хи нарын тухай “Дэлхийн хүн” буландаа онцолж байна. 

Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийн эхлэлийг тавьсан Пак Чон Хи

1940-өөд оны эцэс гэхэд Солонгос тун ядуу, ихэнх солонгосчууд өлсч үхэхгүйн тулд модны навчаар хооллодог, нийслэл Сөүл хот балгас болсон улс байлаа. 1961 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 93 ам.доллар байж, цагаан будааг иргэддээ кг-аар биш, ширхгээр тоолон хуваарилж байсан юм. Харин 1980 он гэхэд БНСУ автомашин, ган, телевизор, дүрс бичлэгийн камер, компьютер, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр АНУ, Японтой өрсөлдөгч гол орны нэг болсон байв. Эдийн засгийн энэ үсрэлтийн эхлэл нь 1961 оны тавдугаар сарын 16-ны төрийн эргэлт байсан юм. Төрийн эргэлтээр хүчтэй улстөрч, “сонгодог дарангуйлагч” Пак Чон Хи засгийн эрхэнд гарч ирлээ. Тэр бол дэлхийн хоёрдугаар дайнд Японы талд байлдаж, дайны дараа коммунист намд элсч, үүнийхээ төлөө цаазаар авах ялаар шийтгүүлсэн ч, намын нөхдөө барьж өгснөөр өршөөгдөж, хожим нь коммунистуудыг устгах ажилд оролцож байсан хүн. Улмаар 1963 онд Пак Чон Хи Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж хууль ёсны төрийн тэргүүн болсон аж.Пакийн засаглал шууд л хэлмэгдүүлэлтээр эхэлсэн. Тагнуулын төв газар байгуулан өөрийнх нь дэглэмийг эсэргүүцэгчдийг баривчлах, залхаах ажлуудыг хариуцуулав. Дараагийн нэг том ажил нь авлигатай тэмцсэн. Батлан хамгаалах үйлдвэрлэл, армийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэв. Бас нэг зүйл бол Пак тосгоны ядуучуудыг хот руу хөөж, экспортод гаргадаг хямд бөс даавуу, тоглоом, хиймэл үс үйлдвэрлэдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд ажиллуулсан байна. Америкийн нэг сэтгүүлч түүний тухайд “Пак улсынхаа нэлээд гайгүй тэргүүлэх бизнесмэнүүдийг цуглуулаад даалгавар өгсөн. Чухам энэ л эдийн засгийн үсрэнгүй хөгжил, эдийн засгийн гайхамшгийн эхлэл байлаа. “Цой чи ямар бизнес хийдэг вэ” гэж асуугаад “тоглоом, цагаан будаа” гэхэд нь “Одоо чи хөлөг онгоц угсар. Британи, норвегичуудаас юугаар дутах юм”. “Би чамд тусална, төр тусална. Эхлээд хэцүү байх болно, гэхдээ бид ялна. Хамгийн гол нь Солонгос хүчирхэг гүрэн болох ёстой. Ойлгов уу”, “харин Ким чи телевизор, магнитофон үйлдвэрлэ, Чо машин хийх болно” гэдэг байсан” хэмээн бичжээ.Үнэхээр тэр хүмүүсийг ажиллуулж чадсан. Зарим хүн бүр ажлын байрандаа амь алдаж байлаа. Энэ бүхний үр дүнд түүний засаглалын төгсгөл 1970 оны эцэс гэхэд Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6000 ам.доллар болсон. Пак Чон Хи ажил олгогчдын орлого, ажиллагсдын амьжиргааг дээшлүүлэх гол үндэс нь харилцан итгэлцэл, найдвартай түнш байх явдал гэж үзэж байжээ. “Ажиллагсдадаа гэр бүлийнхээ хүн шиг харьцах юм бол тэр өөрийнхөө байгууллагад чин үнэнч, сэтгэлээсээ ажиллах болно” гэж бичиж байж. Хүн-капиталыг үр ашигтай ашиглах ёстой хэмээн “Солонгос байгалийн баялгаар хомс байж болно, харин өндөр боловсролтой, сайн бэлтгэгдсэн хүмүүсээр баян улс” гэсэн байна.Гэхдээ Пакийн дэглэм тахин шүтүүлэх, дарангуйллын шинжтэй байсан юм. Тэр улс төрийн өрсөлдөгчдөөсөө ямагт айж, зүүний хүчний идэвхтнүүдийг хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг хатуу хориглож байлаа.Тагнуулын сүлжээ ажиллуулж, бүхнийг хянаж, богино долгионы радио ашиглахыг хүртэл хорьж байв. Дарангуйллын энэ дэглэм олны дургүйцлийг хүргэж, 1970-аад оны сүүлчээс түүний дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөх болжээ. 1979 оны аравдугаар сард 50 мянган хүн жагссаны 400 гаруйг баривчилж, Пусанд онц байдал зарлаж байв. Пак Чон Хигийн амь насанд халдах оролдлого хэд хэдэн удаа гарсан. 1968, 1974 онд түүний амь насанд халдахаар оролдож байсан бол 1979 оны аравдугаар сарын 26-нд Тагнуулын төв газрын дарга Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөсөн юм. Баривчлагдсаныхаа дараа Ким Жэ Гю “Пак Чон Хи ардчилалд саад болж байсан болохоор түүнийг хөнөөх нь эх оронч хэрэг” гэж мэдүүлж байсан гэдэг.2021 оны байдлаар Өмнөд Солонгосын ДНБ-ий хэмжээ нэг их наяд 631 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь тус улсын нэг хүнд 33 орчим мянган ам.доллар ногдож байгаа гэсэн үг. Мөн хөдөлмөрийн хөлснийхөө хэмжээгээр бол дэлхийд бараг эхний аравт жагсдаг болсон. БНСУ ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хүчирхэг гүрэн болсны эхлэлийг “дарангуйлагч” Ерөнхийлөгч, генерал Пак Чон Хи тавьж байсан гэж үздэг аж. Пак Чон Хи хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр  Ким Хо Нам 1950 онд салсан бөгөөд түүнээс нэг охинтой. Хоёр дахь эхнэр Юк Ён Сугээс гурван хүүхэдтэй болсон. Пак Кын Хе, Пак Гын Рён гэсэн хоёр охин, Пак Жи Ман нэртэй нэг хүүтэй аж. Пак Гын Хэ нөхөрт гараагүй, хүүхэдгүй. 

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч

2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Сэнури намаас нэр дэвшсэн Пак Гын Хе 51.55 хувийн саналаар ялж Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа эмэгтэй төрийн тэргүүн болсон. Ерөнхийлөгчөөр 60 настайдаа сонгогдсон тэрбээр 1961-1979 онд Солонгосыг удирдаж байсан Пак Чон Хигийн төрсөн охин аж. 1952 оны хоёрдугаар сарын 2-нд БНСУ-ын Тэгү хотод мэндэлсэн. Пак Гын Хе 1970 онд Сөүлийн ахлах сургуулийг дүүргэсэн. 1974 онд Сөүлийн Соганы их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр баклаврын зэрэг авсан. Мөн 1987 онд Тайваны Хятад соёлын их сургууль, 2008 онд Солонгосын Шинжлэх ухаан, техникийн дээд сургууль KAIST, 2010 онд Соганы их сургуульд боловсролоо дээшлүүлсэн байна.1998 онд анх парламентын гишүүн болж түүнээс хойш таван удаа дараалан сонгогдож байжээ. 2011 онд Пак Гын Хе Ханнара намын дарга болж, улмаар нам нь 2012 оны парламентын сонгуульд хууль тогтоох байгууллагын 300 суудлаас 152-ыг авч ялснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон юм.Ерөнхийлөгч Пак Гын Хе засаглалынхаа үед удаан хугацааны турш дотно нөхдийнхөө нөлөөнд байж, улс төрийн олон чухал шийдвэрийг, тэр бүү хэл улсын нууц чухал баримт, шийдвэрийг тэдэнтэй зөвлөн гаргадаг байсан нь 2016 оны аравдугаар сард ил болж дуулиан тарилаа. Тэдний нэг нь 1970-аад оноос түүнтэй үерхэж байгаа Чой Сун Шиль гэгч нь шашны бизнес эрхэлдэг, христ болон Солонгосын бөөгийн ёслол хийдэг “Ёнсегё” гэдэг сүмтэй эмэгтэй байв. Пак Гын Хе залуудаа Чой Сун Шилийн шашны байгууллагатай холбоотой байснаараа найзынхаа үгийг дагадаг байж. Чой Сун Шилийн хоёр сан том компаниудаас биеийн тамир спортыг хөгжүүлнэ, солонгос соёлыг гадаадад сурталчилна хэмээн хандив авдаг ч мөнгө зөвхөн өөрийнх нь халаасанд ордог байсан. Чой Сун Шилийн ажлын компьютерээс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн илгээсэн олон чухал баримт бичгийг найз нь засварлаж байсан нь илэрснээр дуулиан эхлэх нь тэр. Бас шашинтай холбоотой олон хүний нэр байжээ.Хэвлэлүүд үүнийг өлгөж аван нийтэлж, улмаар Сөүлийн гудамжаар олон мянган хүний жагсаал болж түүнийг огцрохыг шаардах нь тэр. Энэ бүхний эцэст Пак Гын Хе мэдэгдэл хийж, буруугаа хүлээн ард түмнээсээ уучлал гуйв. Хууль хяналтынхан ч Чой Сун Шилийг баривчлав. Ерөнхийлөгчийн нэр хүнд өмнө нь 33 хувьтай байсан бол ердөө таван хувь болтлоо буурч Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн аж. Тэгээд Пак Гын Хег огцруулах асуудлыг парламент хэлэлцэж эхэлсэн аж.
2016 оны арван­нэгдүгээр сарын 29-нд Пак Гын Хе өөрөө парламентад хандаж огцрох хүсэлтээ илэрхийллээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Пак Гын Хегийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, төрийн тэргүүнээс эгүүлэн татахын төлөө парламентын 172 гишүүн санал өгөхөд хангалттай байсан ч 234 гишүүн дэмжиж, 56 гишүүн эсэргүүцэв. Ийнхүү түүнийг эгүүлэн татжээ.2017 оны гурав­дугаар сарын 30-нд шүүхийн шийдвэрээр төрийн тэргүүн асан Пак Гын Хег цагдаагийнхан баривчиллаа. Түүнийг авлига авсан, улсад хохирол учруулсан, улсын нууцыг задруулсан, бизнест хууль бусаар дарамт үзүүлсэн зэрэг 14 зүйлээр буруутган, эрүүгийн хэрэг үүсгэжээ.Тавдугаар сарын 23-нд болсон шүүх хуралдаан дээр Пак Гын Хе дээрх бүх буруутгалыг няцаасан юм. Гэсэн ч 2018 оны хоёрдугаар сарын 27-нд Сөүлийн Ерөнхий прокурорын газар Пак Гын Хег албан тушаалаа хэтрүүлсэн, авлига авсных нь төлөө 30 жил хорьж, 118 тэрбум 500 сая воноор (105.4 сая ам.доллар)торгох ял төлөвлөсөн байна. Эцэст нь 2018 оны дөрөвдүгээр сард Сөүл хотын шүүх Пак Гын Хед 24 жилийн хорих ял оноож, 16.8 сая ам.доллартой тэнцэх торгууль ногдуулсан юм. Мөн долдугаар сард түүнийг улсын өмчийг үрэгдүүлсэн, 2016 оны парламентын сонгуульд саад учруулсан хэмээн дахин найман жилийн ял нэмж өгснөөр Пакийн шоронд суух хугацаа нийтдээ 32 жил болсон.

Пак Гын Хег Юунд буруутгав

40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилээс болж авлигын дуулианд нэр холбогдон, Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн түүхэндээ “Хамгийн анхны гэмт хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн. Пак Гын Хе яагаад буруудах болов. Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Жон Юра гэгч тусгай элсэлтээр шалгалт өгөлгүй сургуульд орж, хичээлдээ суудаггүй байсан атлаа өндөр үнэлгээ авсанд бусад оюутнууд шударга бус явдал хэмээн үзэж, эсэргүүцэж эхэлсэн юм. Ихва их сургууль нь улсдаа нэр хүндтэй төдийгүй энэ сургуулиас Солонгосын нэр нөлөө бүхий эмэгтэй улстөрчид төрөн гарсан байдаг аж. Жон Юрагийн их сургуульд шалгалтгүй орсон болон хичээлийн үнэлгээнүүд нь авлигатай холбоотой болох нь илэрч, Ихва их сургуулийн захирал огцорсон. Ингээд Өмнөд Солонгосын сэтгүүлчид оюутнуудын жагсаалын үеэр Жон Юра гэгч хэн болохыг судлахад Чой Сун Шилийн охин болохыг олж тогтоожээ. Чой Сун Шиль нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз болох нь илэрснээр бүх дуулиан дэгдсэн.Пакын дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Тодруулбал, Ерөнхийлөгч Пак Гын Хегийн багын найз Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор 75 тэрбум вон буюу 66.7 сая ам.долларын ашиг олсон нь БНСУ-ын Прокурорын газрын анхаарлыг татсан байна. Ингээд Өмнөд Солонгосын прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олджээ. Энэ нь Пак Гын Хе 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үеэрээ Чой Сун Шилээс тусламж авч, түүгээр олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлдүүлсэн баримт гарч ирсэн байдаг. БНСУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн илгээлт үг нь төрийн нууцад хамаардаг бичиг баримтад тооцогддог бөгөөд үүнийг энгийн иргэнд цахим шуудангаар илгээсэн нь төрийн нууцыг санаа­тайгаар задалсан хэрэгт багтав.Пак Гын Хе байцаагдаж байх үеэр “Дуулианы мөрөөр хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан” гэж мэдэгдэж байсан аж. Тэрбээр “Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан. Би маш их сэтгэлээр унаж байна. Намайг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахын төлөө зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Миний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаныхны цуглуулсан зохиомол баримтууд нь эдүгээ уул мэт их болжээ. Бизнес эрхлэгч Чуй Сун Шилийн хувьд би түүнтэй олон жил найзын харилцаатай байсан. Тиймээс ч олон нийтийн өмнө хэлэх үгээ урьдчилан түүнд өгч, энгийн иргэний хувьд уншуулж санаа оноог нь сонссон. Би төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задруулсан энэ хэрэгтэй холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан. Ингэж уучлалт гуйснаар намайг дараа дараагийн удаа буруутгах олон зүйлийн эхлэл болно гэж мэдэж байсан ч би ёс зүйн хувьд уучлалт гуйх нь зөв гэж шийдсэн. Намайг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албаны тухайд гэвэл тэд намайг буруутгах үнэн бодит баримт багатай, харин зохиомол баримтууд ихтэй байгаа” хэмээн өгүүлсэн байдаг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна