П.Батчулуун: Цар тахлаас болж эрхтэн шилжүүлэх мэс заслын эмчилгээ түр зогссон


Б.БОЛОР

 Манай улсын эмнэлгүүдэд хийгддэг эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.

-Эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Иргэдийн зүгээс шалтгааныг нь хил гааль, хөрөнгө санхүү гээд олон зүйлтэй холбож байна. Ажил хариуцсан хүний хувьд тодорхой хариулт өгөөч?

-Хил гааль хаагдсантай холбоотой эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хойшлогдоод байгаа зүйл огт байхгүй. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллгааг зохицуулах алба Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа эмнэлэгүүдтэйгээ байнгын холбоотой ажилладаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг, бөөр шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын Үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах, Үр шилжүүлэн суулгах, Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний багууд, Эд шилжүүлэн суулгах эмчилгээ хариуцдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төтэйгээ холбогдож, тогтмол мэдээлэл авч, мэдээллээр хангаж ажиллаж байна.

Одоохондоо ямар нэгэн багаж тоног төхөөрөмжөөс болж хойшилсон зүйл байхгүй. Гэхдээ нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах эмчилгээний хувьд нүдний эвэрлэг импортолж оруулж ирж, мэс засал хийдэг зарим байгууллагад ийм асуудал гарсан. Энэ он гарсаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр Элэг шилжүүлэн суулгах мэс засал амьд донороос хийгдсэн байгаа. Хавдар судлалын үндэсний төв дээр мэс засал  хараахан эхлээгүй байна.  Бөөр шилжүүлэн суулгах мэс засал ч арай эхлээгүй байна.-Тэгвэл энэ төрлийн хагалгаа хойшлоод байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Дөнгөж сая Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.  Бат-Ирээдүй “Энэ 5 дахь өдөр амьд донороос элэг шилжүүлэх хагалгаа хийгдэх байсан боловч хойшиллоо. Эрхтэн шилжүүлэх донор ковидын халдвартай гарсан” гэж хэллээ. Ерөөсөө мэс заслын эмчилгээ хойшилж байгаа шалтгаан нь цар тахалтай холбоотой. Яамнаас өгч байгаа мэдээллээр хоёрдугаар сарын сүүл хүртэл энэ өвчиний давлагаа үргэлжлэх төлөвтэй байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн мэс заслын эмчилгээг түр зогсоосон байгаа. Зогссон шалтгаан бөөр шилжүүлэн суулгах багийн мэс заслын, унтуулгын, лабораторийн эмч нараас ковидын халдвар илэрсэн. Үүнээс болоод ажлаа бүрэн гүйцэд хийх боломжгүй болоод байна. Өөрсдөө халдвар авсан учраас эмчилгээгээ зогсоохоос өөр аргагүй шүү дээ. Хоёр дахь том шалтгаан бол ковидын энэ том давлагаа явж байгаа үед эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал  хийнэ гэдэг өөрөө өндөр эрсдэлтэй. Нөгөө талаар эрхтэн шилжүүлэх эмчилгээнд орсон хүмүүс халдварт өртөх магадлал их болдог. Тухайн хүний муу эрхтэнийг нь аваад донороос сайн эрхтэн суулгасан тэр өдрөөс эхлээд эрхтэн шилжүүлэн авсан хүн маань өөрийнхөө дархлааг дарангуйлах эм уудаг. Шилжүүлэн суулгасан эрхтэн шууд дасан зохицдоггүй учраас өөрийн болгохын тулд дархлаагаа дарангуйлдаг. Ингэснээр халдварт өртөх магадлал өндөр болно. Энэ хоёр шалтгаанаар эрхтэн шилжүүлэх мэс заслын эмчилгээг түр хугацаагаар зогсоогоод байна.

-Хагалгаа хийлгэхээр хүлээж байсан хүмүүсийн хувьд энэ бол маш том аюул. Цаг мөч бүхэнтэй уралдаж байдаг шүү дээ?

-Дэлхий даяар энэ асуудал тулгамдсан асуудал болоод байна. Ковидын халдвар гараагүй байхад ч эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүсийн хүлээх жагсаалт жил ирэх тутам л нэмэгдэж байна. Одоо энэ өвчний халдвараас болоод бүр нэмэгдчихлээ. Гэхдээ АНУ, Япон, Испани  зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр нэлээд дадлага туршлагатай болсон орнуудын мэдээлэл  болоод мэргэжлийн ном, сонин сэтгүүлээс харж байхад ковидын үед ч эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. 

Учир нь тэдэнд энэхүү эмчилгээг хийх боловсон хүчин, хүн амын нөөц  байна. Харин манайх элэг, бөөр шилжүүлэн суулгах хоёр гуравхан багтай. Түүнд нь 40-50 хүн ажилладаг. Тэд нар дунд өвчлөл гарахаар нөхөж ажиллах хүн хүч бага байна. Нөгөө талаар өндөр өртөгтэй энэ эмчилгээг хийсний дараа ковид туслаа гэхэд өвөрмөц эмчилгээнд нь зарцуулах санхүү хүнд байна.Түүнээс гадна өндөр өртгөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон хүнийхээ амь насыг алдчихгүйн тулд түр хугацаанд хойшлуулсан. Өнгөрсөн жил Улсын нэгдгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс дотроос ковид туссан. Хэдийгээр тэдэнд тохирсон өвөрмөц эмчилгээг нь хийгээд амь насыг нь аварсан нь бий ч,алдсан тохиолдол ч бий. Өндөр эрсдэлтэй мэс заслын тоонд ордог энэ эмчилгээн дээр нэмээд ковид гэдэг энэ аюулт өвчин тусчихвал яах вэ гэдэг эрсдлийг бид тооцохоос өөр аргагүй.

-Донорын хувьд бас асуудалтай юм биш үү. Яаж сонгож авдаг вэ?

-Донорын асуудал их нарийн. Дэлхий дахинд эрхтэний донорыг амьд болон амьгүй донор гэж хоёр хуваадаг. Манай улсад аль алинаас нь эрхтэн шилжүүлэн суулгаж байна.  Амьд донорыг та бүхэн мэднэ шүү дээ. Үр хүүхэд нь аав ээждээ, хань ижил бие биедээ, аав ээж нь үр хүүхэддээ  цуллаг эрхтэнийхээ талыг, хос эрхтэнийхээ нэгийг өгдөг. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад 244 , элэг шилжүүлэн суулгах хагалгаа 158 хийгдсэн байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь амьд донороос хийгдсэн. 2018 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэмэлт өөрчлөлт батлагдсан. Энэ хуульд Эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байна гэж заасан байдаг. Ингээд манай алба 2018 оны 3-р сард байгуулагдсан.  Манай албаны гол чиг үүргийн нэг нь аль болохоор амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх, түүнийг хөгжүүлэх иргэд олон түмэнд амьгүй донорын талаар таниулан ойлгуулах ажил байдаг.

Донорын тухай хуульд ч энэ талаар зохицуулж өгсөн. Хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажилладаг. Монгол Улсад 2018 оны гуравдугаар сарын нэгнээс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 46 хүнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгдэж амьдрал бэлэглэсэн байна. Тархины үхэлтэй буюу амьгүй донороос шүү. 27 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ, 19 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ, мөн дээрээс нь шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал  60 гаруй хүнд хийж амьдралын чанарыг дээшлүүлсэн. Анх 1963 онд Харвардын их сургуулийн эрдэмтэд тархины үхэл гэж юу вэ, тархины үхэлд хүрсэн хүнийг нас барсан гэж үзэх үү үгүй юу гэдгийг судлаад тархины үхэлд хүрсэн буюу тархины үйл ажиллагаа эргэлт буцалтгүйгээр алдагдсан хүнийг нас барсан хүн, жинхэнэ үхэл гэж тооцно гэсэн шалгуур гаргасан. Өглөө эрт гэрээсээ гарсан хүн золгүй байдлаар аваар осолд орж тархи нь гэмтээд, эсвэл тархинд нь цус харваснаас болж нас барж байна.Тархины үхэлд хүрсэн хүнийг шалгадаг шалгуур үзүүлэлт байдаг. Манай алба байгуулагдснаас хойш Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвүүдэд тархины үхэл тодорхойлдог багуудыг байгуулсан. Дээрх эмнэлгүүдэд  олон хүн гэмтэж, бэртэж, цус харвасан шалтгаанаар хүргэгдэж байна. Хөдөө орон нутагт мөн тархины үхэл тодорхойлох багийг байгуулсан. Монгол хүний нас баралтын 5 гол шалтгааны нэг нь  зүрх судасны өвчлөл байна. Үүн дотроо даралт ихсэх өвчнөөс болж тархинд цус харвах өвчлөл том орон зайг эзэлдэг. Жил бүр бараг 3000 орчим хүн энэ өвчнөөр нас барж байна. За тэгээд гэмтэл аваар ослоор нас барж байгаа хүний тоог та бүхэн мэдэж байгаа байх. Дайн болж буй улс орноос илүү олон хүн аваар ослоор нас барьж байна. Эдгээр шалтгаантай  зэрэгцээд элэгний хатуурал, хавдар, бөөрний архаг дутагдал, зүрх судасны өвчин, нойр булчирхайн өвчлөл их байна. Одоо тэгээд дээрээс нь ковид болоод агаарын бохирдолтой холбоотойгоор амьсгалын замын өвчлөл бүр их болж байгаа бөгөөд дараагийн  5 жилд улам их болно гэж бодож байна. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний практикт гол төлөв 5 цуллаг эрхтэнг шилжүүлэн суулгах эмчилгээг хийдэг. Дээрх хэлсэн эрхтний донор болох боломжтой болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүсийн  нас баралт нь зэрэгцээд л яваад байна шүү дээ. Нэгэнт харамсалтайгаар бурхан болж байгаа тархинд нь цус харваад эсвэл тархи нь гэмтснээс болж тархины үхэлд хүрч байгаа хүмүүсийн эрүүл эрхтэнг  эрхтэний дутагдалд ороод амь нас нь дэнжигнэж байгаа хүмүүсийнхээ амь насыг аврахад зориулмаар байгаа юм. Зөвхөн бид биш дэлхий дахин ингэж үзэж байна.

-Амьгүй донороос эд эрхтэн авахдаа ар гэрээс нь заавал зөвшөөрөл авна биз дээ?

-Тэгэлгүй яахав. Манай албанынхан гэр бүлтэй нь уулзаж донор болох талаар хуулийн дагуу хүсэлт тавьдаг. Тухайлбал эмнэлгийн хүлээн авахаар гэмтсэн, тархинд цус харвасан хүн ирэхэд  амь насыг аврах болон энэхүү байдалд хүргэсэн шалтгааныг тодорхойлохын тулд тухайн эмнэлгийн хүлээн авах болон эрчимт эмчилгээний эмч нар  маш эрчимтэй ажилладаг. Энэ хугацаанд эрчимт эмчилгээ үр дүн өгөхгүй тухайн хүний амь насыг нь аврах боломжгүй болсоныг тогтооно. Мөн тархины үхэлд хүргэсэн шалтгаан тодорхой  болсон үед эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч нар гэр бүлд бодит байдлыг танилцуулна.

Цаашлаад тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан тархины үхэл тодорхойлох багт танилцуулдаг. Тархины үхлийг тодорхойлдог Олон улсад хэрэглэдэг 7 шалгуур үзүүлэлт байдаг. Энэ шалгуур үзүүлэлтээр шалгаж үзнэ.  Эхний үзлэгээр тархины үхэл болжээ гэдгийг тодорхойлсон 6 цагийн дараа дахин үзлэгийг давтан хийгээд онош батлагдсан тохиолдолд гэр бүлд харамсалтай мэдээллийг албан ёсоор хэлнэ. Энэ хооронд тухайн хүний амь насыг аврах эмчилгээ үргэлжилж л байна.-Хоёр дахь үзлэгээр батлагдах хүртэл гэр бүлд нь мэдэгдэхгүй хэрэг үү?

-Анхны үзлэгээр оношилсноо эмчлэгч эмч нь гэр бүлд нь тархи үхэжсэн байх магадлалтай гэдгийг хэлнэ. Хоёр дахь үзлэгээр онош батлагдвал тархины үхэл тодорхойлох багийн гишүүд тухайн гэр бүлд хэлдэг. Гэхдээ тархины үхэлд хүрсэн хүн бүр донор болдоггүй. Их нарийн шалгууртай. 2018 оны гуравдугаар сараас 2022 оны нэг сар хүртэл  3100 орчим донорын илрүүлэг хийснээс 184 нь боломжит донор гэж үзсэн. Эдгээрийн 135 нь донор болох боломжгүй шалгуур үзүүлэлтэнд тэнцэхгүй болсон. Үлдсэн 44 хүний гэр бүлтэй уулзалт зохион байгуулахад татгалзсан нь 20, зөвшөөрсөн нь 24 байсан. Гэр бүл нь зөвшөөрсөн 24-ийн 21 нь бодит донор болсон.

-Бодит донор гэдэг нь ямар ялгаатай юм?

-Бодит донор гэдэг нь гэр бүл нь эрхтний донор болохыг зөвшөөрч эрхтэнийг нь бусдад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж амь нас эрүүл мэндийг нь аварсан гэсэн үг л дээ.  Гэр бүл зөвшөөрөх хүртэл тухайн хүн боломжит донор гэж явдаг. Их нарийн үйл ажиллагаа явагддаг.

УИХ-ын 2021 онд гарсан Монгол Улсын Их хурлын эрхзүйн бичиг баримтыг боловсронгуй болгох үзэл баримтлал гэдэг дээр Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг өргөн барихаар төлөвлөгөөнд тусгасан байгаа. Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. Ингэхдээ цусны донорын  хуульд эрхтэний донорын асуудлыг хамтатгаад цугт нь хийсэн. 2012, 2014, 2018 онуудад шинэчилсэн найруулга хийгдсэн. Одоо бид  4 дэх удаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байна.. Гол өөрчлөлтүүд нь нэгд, донорын насны хязгаарыг 21 болгосон, хоёрт, амьгүй донорын гэр бүлд эдийн засгийн бага зэргийн дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлуудыг оруулсан.

-Донор болгоход ар гэрт нь санхүүгийн хувьд ямар нэгэн дэмжлэг өгдөггүй юм уу?

-Дээр хэлсэн 44 гэр бүлтэй уулзахад “Донор болбол яах вэ” гэж заавал асуудаг юм билээ. Нэг үгээр донор болбол мөнгө өгөх үү гэсэн үг шүү дээ. Гэтэл ганцхан манай улсад ийм байдаг юм биш байна.  Япон, Солонгос улсад мөн адил Донор болж байгаа хүний гэр бүлийнхний асуудаг 5 гол асуултын хоёрдугаарт бидэнд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн байгаа юм. ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс мөнгөний асуудал байж болохгүй гэж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, донор болгосныхоо төлөө мөнгө өгч болохгүй. Энэ бол хүний эрхтэний наймааны нэг хэлбэр гэж үздэг. Тийм учраас 2008 онд дэлхийн 150 улсын Эрүүл мэндийн сайд нар Туркын Станбул хотод цуглараад хүний наймаа, хүний эрхтэний наймаа, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний аялал жуулчлалын эсрэг Станбулын тунхаглал гэдгийг байгуулсан. 

Манай улс 2018 онд Испани улсын Мадрид хотод болсон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 27 дугаар их хурал дээр миний бие өөрөө очиж энэ тунхаглалд элссэн. Сүүлийн жилүүдэд Азийн орнуудад амьгүй донорын оршуулагын зардалд дэмжлэг үзүүлдэг болсон байна. Мөнгийг нь бэлнээр өгч мөнгөний ямар нэг харилцаанд оруулахгүйгээр зохицуулдаг юм билээ. Манайх бас Донорын тухай хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөнд үүнийг оруулж өгөхөөр тусгаж өгвөл зүгээр байгаа юм. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүлээх жагсаалтанд байгаа хүмүүсийн тоо жил бүр өссөөр байгаа боловч донорын асуудал эсрэгээрээ байгаад байна л даа.

-Эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд үүдэл эсийг хэрэглээд эхэлчихлээ шүү дээ?

-Үүдэл эсийг 21 дүгээр зууны Эрүүл мэндийн хөгжлийн ирээдүй гэж харж байгаа шүү дээ. АНУ, Израйльд үүдэл эсийг 3D программтай хослуулаад зүрх ургуулсан байна. 10 жилийн дараа үүдэл эсээс ургуулсан зүрхийг шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэх байх гэж бодож байна. Хүний хүйн цусанд маш их хэмжээний үүдэл эс байдаг юм байна. Эрт дээр үед манай өвөг дээдэс хүүхдийнхээ хүйг унахаар нь хадгалаад байдаг шүү дээ. Гэхдээ юунд хэрэгтэй нь мэдэхгүй ч хадгалаж л байсан байхгүй юу. Үүдэл эс бол геометрийн прогрессоор өсч байдаг. Манай улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ясны чөмөгнөөс үүдэл эсийг ялгаж аваад цусны хавдартай хүмүүсийг эмчилж байна. Удахгүй манай улс нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлнэ. Зүрх шилжүүлэн суулгах баг сайдын тушаалаар байгуулагдаад удахгүй үйл ажиллагаандаа орно. Энэ эмчилгээний ирээдүй сайн сайхнаар төсөөлөгдөж байна.

 Баярлалаа.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.210.65.8
    2022/03/20

    IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 390,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UR OLOGIST.LT.COL@GMAIL .COM

    Хариулах