А.Бербокийн Москвад хийсэн анхны айлчлал хэрхэн өндөрлөв


М.ХҮСЛЭН

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок ОХУ-д анхны албан ёсны айлчлалаа хийлээ. Москва хотод А.Бербок болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалт мягмар гарагт боллоо. Үүнээс гадна А.Бербок ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Третьяковын галерейд зочилж, Үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөжээ. Хоёр орны сайд нар Украины нөхцөл байдлын талаар ярихдаа “Нормандын формат”-ыг сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Анналена Бербок Герман улс Европ тивд энхтайван болон хүний эрхийг хамгаалахын тулд эдийн засгийн хувьд алдагдал хүлээсэн ч Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг сануулжээ.   

А.Бербок Украины нийслэл Киев хотоос Москвад ирсэн байна. АНУ-ын тагнуулын алба ОХУ хөрш улс руугаа халдлага хийхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл цацагдах үеэр Германы сайд Орос болон Украинд айлчиллаа. Киевт айлчлахдаа ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Украины оролцоогүйгээр тус улсын асуудлаар ямар ч хэлэлцээ хийхгүй гэж амласан. Украины Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийсний дараа болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Орос улс аливаа шинэ түрэмгийллийн төлөө “өндөр үнэ” төлөх болно” гэжээ. Харин А.Бербокийн Москвад хийсэн айлчлал Шинэ Третьяковын галерейд зочилсноор эхэлсэн. Третьяковын галерейн захирал Зельфира Трегуловатай хамт Европын орчин үеийн урлагийн “Diversity United” үзэсгэлэнг үзэж сонирхов. Энэхүү үзэсгэлэнг Бонн дахь Соёл урлагийн сангийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа аж. 2021 оны арваннэгдүгээр сард болсон үзэсгэлэнгийн нээлтэд  ХБНГУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд, ОХУ-ын Соёлын тусгай төлөөлөгч нар оролцож, үг хэлж байв. Третьяковын галерейд зочилсны дараа А.Бербок шууд Александрийн цэцэрлэгт очиж үл мэдэгдэх цэргийн булшинд очиж, Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн ЗХУ-ын дайчдын дурсгалыг хүндэтгэв. Өнгөрсөн оны наймдугаар сард ХБНГУ-ын Канцлерь Ангела Меркель Москвад хийсэн сүүлчийн албан ёсны айлчлалын үеэр мөн үл мэдэгдэх цэргийн булшинд очиж байсан. “Тэнд байхдаа би ичгүүр болон хүндэтгэлийг мэдэрсэн. Германчууд бидний Зөвлөлтийн ард түмэнд авчирсан уй гашуу, сүйрлийг юу ч нөхөж чадахгүй” хэмээн А.Бербок хөшөөнд хүндэтгэл үзүүлс­ний дараа нь хэлжээ.       

 

ОХУ “Европын нийтлэг гэр бүл”-ийн дүрмийг зөрчиж байна

 Хэлэлцээрийн дараа Анналена Бербок сэтгүүлчдэд хэлэхдээ, Украины хил дээр Оросын цэргүүдийн төвлөрлийг аюул заналхийлэл гэж үзэхээс өөр аргагүй гэв. Түүний үзэж буйгаар, Герман болон “Европын нийтлэг гэр бүл”-ийн оршин тогтнох үндэс бол НҮБ-ын дүрэм, Хельсинкийн хэлэлцээр, Парисын хартитай холбогдоно. Хэлэлцээрт оролцогч бүх улс бие биенээ хүчирхийлэл үйлдлээр сүрдүүлэхгүй байх амлалт өгсөн гэдгийг Германы сайд сануулжээ. Үүнээс гадна А.Бербок Хүний эрхийг хамгаалах Европын конвенц нь “Европын нийтлэг гэр бүл”-ийн заавал дагаж мөрдөх дүрмийн нэг гэжээ. Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийг гарын үсэг зурсан бүх улс дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн үг юм. “Энэ хүрээнд бид Алексей Навальный болон “Мемориал”-ын хэргийг дурдаж байна” хэмээн А.Бербок өгүүлэв. 

Өнгөрсөн онд Европын хүний эрхийн зөвлөл сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг шоронгоос суллахыг шаардаж, “Мемориал” байгууллагыг татан буулгах ажиллагааг түр зогсоохыг Москвад уриалсан. ОХУ-ын эрх баригчид эхний шаардлагыг биелүүлэхээс татгалзав. Харин “Мемориал” байгууллагыг татан буулгах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна      “Эдгээр ерөнхий дүрмүүд нь манай “Европын нийтлэг гэр бүл”-ийн үндэс суурь юм. Германы хувьд энэ бол бидний оршин тогтнох үндэс. Тиймээс бид эдгээр дүрмийг хамгаалахаас өөр аргагүй. Эдийн засгийн хувьд өндөр үнэтэй ч гэсэн буцахгүй” гэж Германы сайд давтан хэлэв.  

 

“Нормандын формат”-ыг сэргээнэ

Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Сергей Лавров Германы сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Украины хил рүү Оросын цэргүүдийг хөдөлгөж бай­на гэсэн барууны орнуудын шүүмжлэлийг үгүйсгэв. “Өнөөдөр барууны улстөрчдийн амнаас байн­га сонсогддог хурцадмал байдал гэдгийг манай цэргүүд өөрсдийн нутагтаа байлдааны сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж олон удаа тайлбарласан. Зэв­сэгт хүчний явуулж буй ажиллагаатай холбоо­той шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд хариулсан байна.

А.Бербок, С.Лавров нар уулзалтынхаа үеэр мөн Украины нөхцөл байдлыг зохицуулах “Нормандын формат” нэртэй хэлэлцээг сэргээхийг уриалсан аж. “Нормандын формат”-ын хэлэлцээр Герман, ОХУ, Украин болон Францын оролцоотой явагддаг. “Минскийн хэлэлцээрийг “Нормандын формат”-ын хүрээнд хийх нь чухал. Бид энэ чиглэлээр бүх зүйлийг хийх болно” хэмээн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Үүнээс гадна, С.Лавров ОХУ-ыг Донбассын мөргөлдөөнд оролцогч тал гэж танилцуулахыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж онцолсон байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна