О.Анхмаа: Сайн дурын ажил хийх тусам “баярлалаа” гэдэг үгэнд шунадаг


Б.ЛХАГВА

“Инээдэг байшин” ТББ-ыг үүсгэн байгуулагч О.Анхмаатай ярилцлаа.

-Сайн байна уу. “Инээдэг байшин” ТББ-ын нэр содон санагдлаа. Танай байгууллагын гол зорилго нь байв?

-Хүүхдээ төрүүлээд эмнэлэгт байхдаа дөнгөж төрсөн ээжүүдийн яриаг сонсож, мөн заримд нь  хүүхдээ өлгийдөх даавуу байхгүйг анзаарсан. Тэгээд 2012 онд ямар нэг төрийн бус байгууллагын нэр барилгүй айлуудаар явж, хувцас цуглуулж, тарааж эхэлсэн. Фэйсбүүк хуудсаараа дамжуулж, нийтлэл оруулахад хүмүүс ирээд аваарай л гэдэг. Түүнийх нь дагуу машинтай очиж хувцас аваад, эргүүлж хорооны дарга нартай хамтран айлуудаар тараадаг. Сүүлдээ ажлынхаа хажуугаар долоо хоногийн хоёр өдөрт 4-5 айлаар ордог болсон. Явсаар байтал туслах хүн ч олон болж, цуглуулсан хувцсаа өөр, өөр газар агуулахад хадгалах хүндрэлтэй болов. Ийн үргэлжилбэл цөөхөн хүнд туслах юм байна гээд өнгөрсөн тавдугаар сараас эхлээд талбай түрээслэв. Үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм болж, сайн дурын ажлын маань хүрээ тэлсэн. Нэрийн тухайд гэвэл манай гэрийн урд “smile”-ны зурагтай дэлгүүр байсан юм. Охин маань дэлгүүрийг хараад “ээж инээдэг дэлгүүр гэнэ ээ” гэж тайлбарласан удаатай. Би ч тэр үед төрийн бус байгууллагын нэрээ юу гэж өгөх вэ, сүртэй хүнд нэр оноохгүй юмсан гээд бодож явсан болохоор “Инээдэг байшин” хэмээн нэрлэв. Миний ирээдүйн зорилго хүүхэд хөгжлийн ордон, ахмадын асрамжийн газар барих. Тийм учраас энэ төрийн бус байгууллагын хаалга болон ирээдүйд баригдах хоёр барилгын үүдээр орох, гарч явах хүн бүр инээж байх болтугай гэж дээрх нэрийг өгсөн.

-“Инээдэг байшин” ТББ нийт хэчнээн сайн дурын ажилтантай вэ. Танай байгууллагын үйл ажил­­лагаанд тусалж, хамтрах сонир­холтой хүмүүст нээлттэй байдаг уу?

-Манай байгууллага таван гишүүнтэй. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нь ховор доо. Анх өөрөө санаачилж, эхлүүлсэн ч гишүүд маань бүгд ажилтай байдаг. Гэхдээ энэ байгууллагад тогтмол байж намайг орлодог хүн бол Ж.Ариунболор эгч. Хамтарч ажиллах хүсэлтэй, ирж уулзсан хүмүүст би үргэлж нээлттэй хандана. Цаг товлож уулзаад, ямар асуудал дээр хамтрахыг ярилцаж, шийддэг. Одоогоор ирж уулзсан газар цөөхөн байна. Харин сургуулийн оюутны холбоо, “Лидэр” клуб болон арван жилийн хүүхдүүд ирж тусалдаг. Тэд сургууль дээрээ хувцас, ном, дэвтэр цуглуулаад авчирч өгсөн тохиолдол бий. Энэ удаа асрамжийн газар болон алслагдмал дүүргийн гэр хорооллын хүүхдүүдэд хувцас тарааж, туслахыг хүссэн ч коронавирусийн улмаас ажиллах гэж ирсэн хүүхэд, айлуудад эрсдэл өндөр болсон. Тиймээс гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хүүхэд, залуусыг гадуур дагуулж, нийгмийн амьдрал ямар буйг үзүүлмээр байна. Гэсэн ч сэтгэлээрээ хувцас цуглуулан өгч, түүнийг эвхэхэд тусалж байгаа нь манай байгууллагад үнэхээр их тус дэм болдог. Би ажлаа тараад Ариунаа эгчтэй хамт эдгээрийг цэгцэлнэ гэвэл үүрийн 3-4 цаг хүртэл ангилж, ялгадаг. Бусдаар бол тогтмол хамтарч ажилладаг хувь хүн болон албан газар байхгүй. Харин хувцсаа авчирч өгдөг юм уу, байгууллага дээрээ хувцас цуглуулах аян зохиож, түүнийгээ манайд авчирч өгдөг хүмүүс бий. Санхүү болон урсгал зардал зэрэгт дэмжиж ажилладаг газар алга. Миний хувьд үл хөдлөх зуучлах ажил хийж, зардал болон түрээсийн мөнгөө зохицуулдаг.

-Ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийнэ, гэр бүлдээ цаг зав зориулна гээд танд өөртөө зориулах цаг гарч байна уу?

-Цаг гардаг гэж хэлэхэд хэцүү л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй ч барилгын салбарт ерөнхий менежерээр ажилладаг. Орон нутаг руу явах шаардлага их гарна, хот дотор ч амжуулах ажил ихтэй. Тиймээс амралтын өдөр юм уу, чөлөөт цагаараа ихэвчлэн төрийн бус байгууллага дээрээ байж, хүмүүстэй уулзахыг хичээдэг. Гэвч энэ маань нөгөө талдаа цалин, санхүүтэй холбоотой учраас ажилдаа илүү цаг зарцуулж байна.

-Энэ хугацаанд таны хийж буй ажлыг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч, дэмжив?

-Сүүлийн нэг, хоёр жилийг хүртэл хамаатан садан, гэр бүлийнхэн маань бүгд эсэргүүцдэг байлаа. Ар гэртээ цаг зав зарцуулдаггүй, өөрөө өвдөж, ядардаг, ашиггүй, юуны төлөө ингэж яваа юм, амьдралаа бод гэнэ. Яг үнэнийг хэлэхэд одоо хүртэл бүрэн дэмжээгүй л байна. Эдгээр жилүүдэд тэдний хэлсэн зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Тиймээс ойр тойрны хүмүүс маань надад хэлээд ч нэмэргүй учир оролцолгүй орхисон. Найман жил би энэ ажлаа хийлээ. Хүмүүс чөлөөт цагаа дуртай зүйлдээ зориулдаг шиг миний чөлөөт цаг сайн дурын ажил.

-Шантрах эсвэл үнэхээр сэтгэл эмзэглэмээр үе тохиож байв уу?

-Тийм үе олон тохионо. Магадгүй бусад хүмүүсийн утасны дуудлага сайн уу, сонин юу байна гэж эхэлдэг бол минийх өөр. Энэ дугаараа би  таван жил барьж байна. Өглөөний найман цагт над руу хүн залгаад “Манай гэр шатчихлаа. Бид нар хувцасгүй үлдчихлээ” гэнэ, оройны 11 цагт гэр бүлийнхэнтэйгээ зурагт үзээд сууж байхад “Энэ айлд туслах боломж байна уу. Чи хүрээд ирэх үү” гэх мэтээр хороон дарга нь эсвэл тухайн хүн өөрөө ярина. Энэ мэтээр миний өдөр тутмын дуудлага “Надад ийм явдал тохиолдлоо. Туслаач” байдаг. Дуудлага бүрт би дараа яръя, завгүй гэж хэлээд тасалж чадахгүй. Хамгийн түрүүнд зөвлөнө, ингээрэй, энэ байгууллагад хандаарай л гэнэ. Би хэн нэгний амьдралаас илүү хүмүүсийн мэдэхгүй амьдралын дуудлагыг өдөр бүр сонсдог.

-Хоёр ч асрамжийн газар байгуулах мөрөөдөлтэй. Мөн сайн дурын ажлаа тасралтгүй найман жил хийлээ. Энэ хүртэл болон үүнээс цааш зорилгоо биелүүлэхэд танд чухам юу ингэтлээ нөлөөлөв?

-Би 13 настайдаа “Улаан загалмай”-гаас явуулсан тэмцээнд оролцож, 21 аймгаас хүүхдүүд сонгоход Улаанбаатар хотоос шалгарсан юм. Ингээд хүүхдүүдийн хамт Япон улсад очиж хүүхдийн асрамжийн газар, ахмадын асрах төвийг үзсэн. Тус улсад сайн дурын ажил хийж, Япон айлд амьдарч үзсэн. Монголд адилхан асрамжийн газруудыг үзэхэд дээрх орноос минь үнэхээр өөр байв. Харьцуулахад хэтэрхий ялгаатай. Тэрийг хараад л Монголд байгаа хүүхдүүдэд ингээд тусалчих юмсан, тэр улсын асрамжийн газар шиг, ахмадын байртай адил болгочих юмсан. Ядаж л байрных нь тохижилтыг хийгээд өгчих юмсан гэж бодсон. Түүнээс хойш бага багаар хувцас цуглуулах, өрх толгойлсон ээжүүдэд бэлэг тараах, шинэ жилээр хүмүүст туслах гээд цөөнгүй аян зохиолоо. Ингээд яваад байхаар хүн “баярлалаа” гэдэг үгэнд хэтэрхий шунадаг. Хүн баяжих тусмаа илүү шуналтай болдог гэдэг шиг, олон хүн баярлуулах тусам урмын үгэнд дурладаг. Урамших тусмаа илүүг хийх гэж үзнэ. Хүмүүс надад итгэл хүлээлгэж байхад би үүнээс илүүг хийх ёстой гэдэг. Магадгүй би шантраад, надад хэн нэгэн над шиг туслахгүй гээд бодох үе зөндөө. Гэхдээ эргээд талархлын дэвтэр дээр “баярлалаа” гэж бичсэнийг уншаад, хөндлөнгийн хүний амнаас сонсоод ирэхээр хариуцлага давхар нэмэгддэг. Би тэр олон хүний урмын үгийг сонсож, энэ хүртэл явчихаад ажлаа болих эрхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танай байгууллагатай хамтарч ажиллахыг хүсвэл хэрхэн холбогдох вэ? 

-За баярлалаа. Манай хаяг Улаанбаатар их дэлгүүрийн замын чанх ард “Peace mall” худалдааны төвийн баруун хойно, Сөүл зочид буудлын ард байрлах 29-р байрны зүүн тийшээ харсан саарал хаалга. Мягмар гарагаас ням гараг хүртэл 11 цагаас 18 цаг хүртэл ажиллана. 88103324, 99822956 утсаар холбогдож болно. 



3
6
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна