Б.Найдалаа 400 сая, Э.Батшугар 350 сая, Д.Баатаржав 269 мянган төгрөгийг сонгуульдаа зарцуулжээ


Т.АМАРАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар хүлээн авч хуульд заасан хугацааны дотор хянаж дүнг танилцуулсан байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд нийт найман нам, нэг эвслээс 14 нэр дэвшигч, бие даан хоёр иргэн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт тэрбум 136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж тайлагнаснаас тэрбум 134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ.

Сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна. Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.Нөхөн сонгууьд нэр дэвшигчид хэчнээн төгрөгийг сонгуульд зарцуулсан талаар мэдээлэл хүргэе. Сонгуулийн зардлын тайлангаа 16 нэр дэвшигч хугацаандаа ирүүлсэн байна. Нөхөн сонгуульд  оролцсон  16  нэр  дэвшигчийн  дансанд  нийт  тэрбум 136.4 сая төгрөгийн орлого төвлөрснөөс сонгуулийн үйл ажиллагааны зардалд тэрбум 120.9 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 15.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй тайлагнасан байна.

“Зөв ХҮН электорат” эвслээс 28 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Б.Найдалаа 400 сая 629 мянган төгрөгийн орлогыг сонгуулийн дансандаа бүрдүүлж, хамгийн их буюу 387 сая 24 мянган төгрөгийг зарцуулжээ. МАН-аас 18 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Э.Батшугар 350 сая 500 мянган төгрөгийг бүрдүүлж, 350 сая 438 мянган төгрөгийг сонгуульд зарцуулсан бол  тус намаас 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Идэрбат 196 сая 840 мянган төгрөгийн орлогыг сонгуулийн дансандаа бүрдүүлж, 196 сая 819 мянган төгрөгийг сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэж тайлагнажээ. Харин АН-аас 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл 33 сая 804 мянган төгрөг, АН-аас 18 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Б.Гарамгайбаатар 86 сая 860 мянган төгрөг тус тус зарцуулсан аж.Харин Шударга иргэдийн нэгдсэн эвслээс 18 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Баатаржав сонгуулийн зардалдаа хамгийн бага буюу 269 мянган төгрөг зарцуулсан гэж мэдүүлжээ. Мөн Ард түмний олонхын засаглал намаас нэр дэвшигч Д.Чулуунбат, А.Батдорж нар тус бүр 300 мянга төгрөг,  Бие даан нэр дэвшигч М.Чингисхаан 399 мянган төгрөгийг сонгуулийн зардалдаа зарцуулжээ.

Зөв  хүн  электорат  эвслээс  53.6  сая  төгрөгийн  хөрөнгийг  нэр  дэвшигчийн дансанд шилжүүлж нам, эвслээс оруулсан мөнгөн хө­рөнгөөр тайлагнажээ.Бусад намуу­­даас  нэр  дэвшигчийн  сонгуу­лийн  зардалд  зориулан  мөнгөн  хөрөнгө зарцуулаагүйгээр тайлагнасан байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхын засаглал намуудаас таван нэр дэвшигч сонгуулийн зардалд зориулан өөрийн хөрөнгөнөөс 11.8 сая төгрөг оруулсан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.165
    2022/01/21

    Найдалаа ч явахгүй хүн билээ. Одоо пропорциональ гээд солиороод бдг болцон бн лээ. Гишүүн болохгүй бол үхлээ л дээ.

    Хариулах