Д.Пүрэвбаяр: Үндэсний хөгжлийн газарт өгсөн судалгаандаа хоёр жижиг цөмийн станц барих газрыг санал болгосон


Б.БОЛОРЧИМЭГ 

“Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн онд манай эрчим хүчний салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмсэн. Энэ нь хойд хөршөөс авах эрчим хүчнийхээ хэмжээг нэмсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-1990 оны эхээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үед ЗХУ ихдээ 150 МВт хүртэл цахилгаан эрчим хүчийг хатуухан нөхцөлтэйгээр манайд нийлүүлдэг байлаа. Манай цахилгаан импортоор авдаг 257, 258 дугаар шугам дээр  “загредитель” хэмээх төхөөрөмж тавьчихсан, 150-иасаа илүү гарвал шууд тасалдаг байв. Үүнийг нэг талаас нь айлын талын техникийн болон хүчин чадлын бололцоо нөхцлөөр тайлбарлаж болох ч нөгөө талаас нь хоёр орны харилцаа, том орны гадаад бодлого гэж  хэлж болохоор санагддаг. Тухайн үед ОХУ- аас импортлох цахилгаан эрчим хүчний  хэмжээ нь шугамын хүчин чадалдаа хүрэхгүй хэмжээнд байсныг дээрх шалтгаанаас гадна техникийн бололцоо нөөцтэй холбоотой гэж хардаг. ОХУ-ын Буриадын эрчим хүчний систем нь дулааны станцууд голлосон манайхтай адилхан нөөц бололцоо багатай, ачааллын өөрчлөлт дагахдаа их сул байдаг. Тиймээс, системийн бололцоондоо таарсан хэмжээгээр манай улс уруу эрчим хүч нийлүүлдэг байсан байх. Хэдийгээр манай орны эрчим хүчний хэрэгцээ шаардлага маш өндөр байсан ч сүүлийн 30 орчим жил дээрх хэмжээ маш бага багаар нэмэгдэж, 220-240 МВт түвшинд хүрсэн. Гэтэл, 2021онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хойд хөрштэйгээ ойлголцсоны хүчинд түүхэндээ анх удаа дээрх хүчин чадлыг огцом нэмэгдүүлж шугамынх нь дамжуулах дээд чадалд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, шууд  100 МВт-аар л нэмэгдүүлж, 340 МВт хүчин чадалд хүргэсэн нь манай ЭХС-ийн нөөцийг ихээхэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний нэвтрэлт, маневрлах бололцоог хангах, чадлын дутагдлыг бууруулах, хөрш оронтойгоо хамтын ажиллагаа өргөжүүлэх зэрэг салбарын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Товчхондоо, ийм хэмжээний шинэ усан цахилгаан станц барьчихлаа л гэсэн үг. Энэ нь тулгарч ирсэн хүндрэлийг нэг хэсэгтээ зөөллөх, дараагийн алхмаа хийхэд хэрэгтэй хугацааг өгсөн бодлогын ухаалаг алхам болж чадсан гэж дүгнэж байна.

-Эгийн голын усан цахилгаан станцаа бүрэн ашиглачихвал бид хойд хөршөөс цахилгаан өндөр үнээр авах хэрэггүй болно гэж тайлбарлах хүн их бий. Мэргэжлийн хүний хувьд үүн дээр нэг тайлбар өгөөч?

-Энэ бол хоёр талтай. Тавантолгой юм уу, Багануурын дулааны цахилгаан станц (ДЦС) тай зэрэгцээд Эгийн голын усан цахилгаан станц (УЦС) ашиглалтад орвол хойд болон өмнөд хөршөөс цахилгаан эрчим хүч импортоор авах шаардлагагүй болно. Эдгээр ДЦС болон УЦС-ын төслийн аль нэг нь хэрэгжихгүй үлдвэл бид цаашид импортын цахилгаан эрчим хүчийг авсаар байх болно. Эгийн голын усан цахилгаан станцын хүчин чадлыг нэмж томруулсаар 310 МВт-д хүргэсэн. Гэхдээ усны урсац нь тухайн жилд орох хур тунадасны хэмжээнээс хамаардаг. Өвөл гол хөлдөхөөр урсах усны хэмжээ багасна. 100-200 МВт орчим хүчин чадлаар ажиллах болов уу гэсэн тооцоо харагдаж байгаа.

Ер нь эрчим хүчний үйлдвэрлэл суурилагдсан хүчин чадалдаа тултал явагддаггүй.  Хамгийн өндөр үр ашигтай буюу суурилагдсан хүчин чадлынхаа түвшинд хүртэл үйлдвэрлэл явуулдаг станц бол цөмийн цахилгаан станц. Суурилагдсан хүчин чадал, бодит үйлдвэрлэл нь хамгийн зөрүүтэй нь нарны цахилгаан станц байдаг.  Зөвхөн Монголд л гэдэг шиг энэхүү  нийтлэг ойлголтоос зөрсөн парадокс бий. Манай ДЦС-4 цөмийн станц шиг л суурилагдсан хүчин чадалдаа тултал ажиллаж байгаа юм. Үүнийг үйлдвэрлэлийн өөр нөөцгүй болсноор тайлбарлаж болно. Тэгэхээр Монгол Улсад маань цахилгааны шинэ, том эх үүсвэр ус агаар шиг хэрэгтэй болоод байна.

-Үнэ өртгийн хувьд ямар байна?

-Үнэ өртгийн хувьд усан цахилгаан станцын үйлдвэрлэн гаргах цахилгаан эрчим хүч хамгийн хямд байдаг. Гэвч түүний анхан шатны хөрөнгө оруулалт өндөр. Дулааны цахилгаан станцад түлшний, ажиллах хүчний гэсэн хоёр том зардал байнга байдаг бол Усан цахилгаан станцад түлшний зардал байхгүй, олон ажилтан хэрэггүй. Нэмээд УЦС ДЦС-аас 2-3 дахин урт насжилттай ажиллаж чадна. Экологийн зардал, хөнөөл багатай зэрэг нийгмийн үр ашиг өндөртэй. УЦС-ын үйлдвэрлэж буй 1 квт.цаг эрчим хүчний олон улсын дундаж 5 орчим цент байгаа бол манай СЭХ-ний хуулинд тусгасан нар салхины нөхөх тариф 12-17 цент байгаа.

-Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой хойд хөршийн дарамт манай улсад ил далдаар ирж байна. Энэ нь юутай холбоотой гэж харж байна?

-Хойд хөршид гэхээс илүүтэй манай талд асуудал байгаа юм. Тодорхой бодлогын түвшинд асуудлаа шийддэггүй, олон сувгаар гадагшаа харилцдаг гэх мэт алдаа их харагддаг. 2011 онд намайг Эрчим хүчний яаманд ажиллаж байхад гадны орноос салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхлоо их илэрхийлдэг байсан. Миний зүгээс ТЭЗҮ, судалгаа нь хийгдчихсэн, Эгийн голын усан цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийгээч гэдэг санал тавьдаг байлаа. Гэтэл  Орхон, Шүрэн, Чаргайтын УЦС гэсэн төслүүд гарч ирчихсэн хөрөнгө оруулагчдын болон улстөрчдийн анхаарлыг саринуулж, төрийн бодлогын чиглэлийг бүдгэрүүлж, гол болгон дээр УЦС барих гэж байгаа мэт ойлголт хойд хөршид өгсөн тал бий. Манай монголчууд урт дурын буюу амбиц ихтэй хүмүүс бөгөөд өөр өөрийн санаачилсан төслийг хэрэгжүүлэхээр өрсөлдөж байна гэж ойлгохгүй нь харамсалтай.

-Дээр нэрлэсэн эдгээр мега төслүүдээс яг бодитой, үр өгөөж­тэй, ашигтай нь аль нь вэ?

-Бүгд л судалгаа тооцоогоороо ашигтай, энгийн ойлголтоор ч хэрэгтэй. Бүгдийг нь барьчихвал улс оронд эдийн засгийн болон бусад өгөөжөө өгнө. Ус бол эрчим хүч, цахилгаанаасаа илүү үнэтэй шүү дээ. Цаашид ус илүү үнэтэй болно. Энэ үүднээс авч үзвэл гадаргын усны ихээхэн нөөц үүсч, түүнийгээ дагаад эрчим хүчний нөөц хадгалагдана. Дуртай үедээ далангийнхаа усыг нээж, эрчим хүч үйлдвэрлэнэ шүү дээ. Гэхдээ манай орны нэг онцлог бий. Өнө эртний түүхтэй, нүүдэлчин орноос гадна бид чинь Хойд мөсөн далай, Атлантын далай, Төв Азийн усны дотоод эх үүсвэр гэсэн 3 том усан хагалбарын төв дээр байдаг. Энэ нь биднийг геополитикийн хувьд маш том давуу талтай болгож өгч байна. Тухайлбал, 2019-2020 онд Энэтхэг Хятад хоёр хилийн бүсийнхээ жижигхэн Галван гээд нуурын төлөө хилчид нь тэмцэл өрнүүлж байсныг бид хэвлэл мэдээллээс харсан. Гэтэл үүний жинхэнэ цаад учир шалтгаан нь Гимилайн нуруунаас эх авч тал тал уруу урсаж буй том том гол мөрний эх дээр хэн эзэн суух вэ гэдэг асуудал байхыг үгүйсгэхгүй байгаа.

-Сая Эрдэнэбүрэнгийн усан цахил­гаан станцыг эсэргүүцээд нутгийн иргэд малчид хэвлэлийн хурал хийсэн. Түүнийг мөнгөтэй мөнгөгүй, захиалгатай захиалгагүй гээд л маргалдаад байна. Үнэхээр газар нутаггүй, ус бэлчээргүй болох уу?

-Сая хурал хийсэн хүмүүсийн ард Булганы Хутаг-өндөр сумын нутагт баригдах Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргүүцэж байсан төрийн бус байгууллагын нөхдүүд явж л байсан. Энэ бол миний дээр хэлсэн гадны геополитикийн бодлогын хэрэгжилтийн гар, хөл болоод явж байгаа хүмүүс. УЦС байгуулагдсанаар харин ч эсрэгээрээ газар нутаг, бэлчээр сайхан болох юм шүү дээ. Усан цахилгаан станц баригдаж, усан сан үүссэн газарт шинээр бичил уур амьсгал үүсдэг. Малчид нутаглахгүй болчихсон гантай хуурай, орхигдсон газарт гэхэд хөрс нь зөөлрөөд өвс ногоо ургаад зөөлөн уур амьсгалтай болно. Хэзээ манай монголчууд эрт дээр үеэсээ газраа, хороо бууцаа өмчлөөд байлаа. Нүүдэлчин ард түмэн биз дээ. Гэтэл ойлголт дутуу байгаа хүмүүст зориуд улс төр хийж, тархийг нь угаагаад, төр засгийнх нь бодлогыг эсэргүүцүүлээд байна. Би нэг жижигхэн түүх жишээ болгож ярья, Говь-Алтайд баригдсан Тайширын УЦС-ын төслийг анх Улаанбоомын УЦС гэж нэрлэдэг байлаа. УЦС баригдаж, томоохон нуур үүссэнээр тухайн нуурт нэр өгөх хэрэг гарсан байдаг.  Одоогийн Наробанчин гэгээнтний өмнөх дүр нутгийн ардуудад “Та нар энэ газрыг Улаанбоом Улаанбоом гээд байх юм. Ингэж муухай нэрлэж болохгүй. Ирээдүйд та нар ус ундаа, эрч хүчээ авах газар чинь шүү” гэж бошголсон гэдэг яриа байсан тул Тайширын УЦС-ын усан санг Гэгээний бошгыг санаж Гэгээн нуур гэж нэрлэсэн гэдэг. Хэлсэнчлэн, Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар тухайн орон нутагт жинхэнэ эрдэнэ нь буюу ирээдүйн их усны нөөц баялаг бүрэлдэн тогтох ч юм билүү. Ус алтнаас үнэтэй болох цаг ойрхон гэсэн шүү.

-Дээр нэрлэсэн усан цахилгаан станц болоод дулааны цахилгаан станцуудынхаа мега төслүүдийг хөдөл­гөөд үр дүнг нь үзчихвэл эрчим хүч эскпортлох боломж бидэнд хэр байгаа вэ?

-Өө байлгүй яахав. Асар их. Малчин айлын гэрт хэрэглэдэг жижиг СЭХ-ний систем дээр жишээ болгон энгийнээр тайлбарлах юм бол, УЦС нь манай улсын эрчим хүчний системийн аккумлятор байхгүй юу. Нарны дэлгэц нь ихэвчлэн говьд байдаг баялаг СЭХ-ний эх үүсвэр гэж  тооцвол Эрдэнэбүрэн, Эгийнголын УЦС нь аккумлятор болох нь байна шүү дээ. СЭХ буюу нар салхинаас үйлдвэрлэн гаргах цахилгаан эрчим хүчийг ногоон эрчим гэдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлийн чиг хандлагыг дагаж ийм эрчим хүчийг импортоор авах сонирхол их болсон.  Нэмээд хэлэхэд бид эрчим хүч экспортлогч орон болох бодлого зорилтоо хэрэгжүүлэхэд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг нөгөө тал нөхцөл болгон тавих нь ойлгомжтой. Тэгэхээр ус болон СЭХ-ний хослол тэрхүү тогтвортой хангамжийг бүрдүүлэх болно. Улс орны ийм чухал бодлогыг манай малчид, улстөрчид бүгд ойлгож дэмжээсэй л гэж мэргэжлийн хүний хувьд их хүсдэг дээ.

-Дэлхий нийт нүүрснээс татгал­заад эхэлсэн. Гэтэл манай улсын эдийн засгийн гол суурь энэ зүйл. Нөгөө талаар бид нүүрсээ хямд өгөөд эргүүлээд цахилгаан үнэтэй авч байгаа бас нэг эмгэнэлтэй дүр зураг харагдаад байна?

-Тиймээ. Бид нүүрсээ хямд гаргаад түүний эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүчийг Оюутолгой урдаас авч байгаа. Нүүрсний эрин дуусчихлаа гэдэгтэй би санал нийлдэггүй ээ. Олон улсын эрчим хүчний нэг байгууллага дээр санал солилцож байхдаа бид эрчим хүчний тогтвортой хангалт гэдэг асуудлаар ярилцсан. Миний зүгээс тогтвортой хангалт гэдэг бол нөөцийн хэмжээтэй шууд хамааралтай. Манай орон нүүрсний асар их нөөцтэйн хувьд түүнд тулгуурласан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл бол манай тогтвортой хангалт байх болно гэсэнд гадны мэргэжилтнүүд санал нийлж байсан. Мэдээж хямд төсөр бөгөөд хүртээмжтэй байдал нь тогтвортой хангамжийн нөгөө талууд бөгөөд нүүрснээс гарган авах эрчим хүч энэ утгаараа тогтвортой байна. Хүлэмжийн хийн асуудал нүүрсийг үнэтэй эрчим хүчний эх үүсвэр болгохоор байгаа ч, цэвэр технологиуд асуудлын шийдэл байх болно гэсэн чиг хандлага бий. Нар салхины эрчим хүчийг тогтвортой гэж үздэг нь нар байнга ээж, салхи байнга үлээж байгаа учраас тэр л дээ. Гэхдээ л нарны панел, салхин сэнсийг үйлдвэрлэхэд материал түүхий эд орно. Үүнийгээ дагаад материал түүхий эдийн үнэ өсч байна. Том том сэнснүүд нь 20 жилийн дараа ашиглалтаас гарахад өөрөөр ашиглах боломжгүй тул газар ухаж булна. Ахуйн хэрэглээний электрон төхөөрөмжүүдийн хог хаягдал ямар их асуудал болж байгаа. Манай хэвлэл, мэдээллийнхэн, сошиал инфлүүсерүүд хэт нэг талыг бариад л шуураад, шуугиад байдаг. Европын орнуудын нүүрсний нөөц  дуусгачихсан, эсвэл олборлоход хүнд, үнэтэй болсон. Тэдгээр том орнууд бодлогоор өөрсдийн асуудлаа дэлхий нийтийн асуудал болгон тавьж эрчим хүчний шилжилтэд уриалж байна гэсэн хардлага бий. Ямар ч тохиолдолд бид жижиг орны хувьд дагаж шууралгүй ухаалаг байх хэрэгтэй. Монгол хүн бол юмыг заавал хоёр талаас нь үздэг. Хэрвээ нэгийг үзээд шуурдаг байсан бол аль хэдийнэ манжууд шиг устаад алга болох байсан. Монгол хүн заавал эх орон, газар шороо, өөртөө юу байгаа, бид хэн билээ гэдгээ бодож үлддэг байсан. Тиймээс монгол үндэстэн өнөөдрийг хүртэл оршин тогтносоор явна.

-ОХУ-аас худалдаж авч байгаа эрчим хүчний зардлаараа бид дотоо­дынхоо эрчим хүчийг шийдэх боломж бол нээлттэй байгаа биз дээ?

-Яг ч тийм биш л дээ. Энд бас олон жил дамжсан буруу ойлголт яваад байдаг. Хувийн хэвшлийн шинэ төсөл болгон л бид ОХУ-аас авдаг эрчим хүчийг нөхнө, тэр үнэтэй эрчим хүчийг хямдаар үйлдвэрлэнэ гэдэг. Бид 2000 оны түвшинд ОХУ-аас цахилгаан эрчим хүч авах бараг шаардлагагүй өөрсдийг хангах хэмжээнд хүрсэн боловч авсаар байсан шалтгаан нь манай ЭХС-ийн бие даан ажиллах чадвар байсан юм. Одоо ч энэ асуудал байсаар байгаа. Эгийн голын УЦС баригдаж байж энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл импортоор авах эрчим хүчний хэмжээнээс илүү тэр 220кВ-ын шугамаар ОХУ-тай холбогдож байгаа нь чухал юм байгаа юм.

-Усан цахилгаан станцаас өөр?

-Эрчим хүчний нөөцлүүрийн асуудал нэг хэсэг хурцаар тавигдаж түүнийгээ шийдээд явж байна. Энэ бол усан цахилгаан станцын альтернатив хувилбар. Гол асуудал бол Монгол Улс өөрийн гэсэн эрчим хүчний системтэй байх ёстой ба тэр нь улс орныг нийтэд хамарсан, бие даан ажиллах чадвартай, үйлдвэрлэлийн хангалттай нөөцтэй байх явдал юм. Глобальчлагдаж байгаа энэ үед хойд хэсэг нь ОХУ-аас өмнөд хэсэг нь БНХАУ-аас авчихнаа гэж ярьдаг байсан бол одоо дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, тийм байж болохгүйг харуулж байна. Энэ бол ганц эрчим хүчин дээр биш бүх салбарт харагдаж байна.

-Аливаа улс орны хөгжил дэд бүтцээс шууд хамааралтай тэр дундаа эрчим хүчнээс. Өнөөдөр манай улсын нийслэлд ч гэрэл цахилгаангүй айл их байна, хөдөө орон нутагт ч байна. Өмнөговь аймгийн Цагаанхадны суурьшлын бүсийг хар. Хэдэн онд Гашуунсухайтын боомт ашиглал­танд орсон билээ. Үнэхээр харамс­маар дүр төрх?

-Ер нь, улс орны удирдах байр сууринд технократууд байх хэрэгтэй гэдгийн гол баримт энэ. Үүний нөгөө талд улстөрчид буюу бизнесийнхэн байдаг. Би сөргөлдүүлж байгаа юм биш шүү. Бизнесийнхэнд эрчим хүчээ аль ойроос зардал багатай авья гэж бодохоос биш хэнээс авах нь чухал биш. Улстөрчдөд тэр хавийг цахилгаан эрчим хүчтэй болгоё гэхээс биш хаанаас авах нь бас чухал биш. Тэгэхээр энэ бүхний цаана улс орныхоо хөгжлийг бодсон, алсын хараатай бодлого шийдвэрийг л гаргаж байх нь чухал. Манай орон өөрийн гэсэн хангалттай нөөцтэй тул эрчим хүчээрээ өөрийгөө хангах нь мэдээжийн асуудал. Гэтэл хэдэн жилийн өмнө Өмнөговийн хил орчмын бүсийг БНХАУ-аас 35 кВ-ын шугамаар хангаж эхэлсэн. Энэ бол улс орны хөгжлийн бодлогын эсрэг зүйл шүү. Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орны хөгжлийн бодлогыг могойчлох гэдэг зүйлээр эвдээд байдаг юм байна. Үүний учрыг олсон.” гэж Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийг батлах үед хэлж байсан. Үнэндээ манай улс эрчим хүчээр өөрсдийгөө хангах бүрэн бололцоотой ч ингээд богино хугацааны амар шийдлээр аргацааж явах чинь улс орны хөгжлийн бодлогыг могойчилж байгаа хэрэг шүү дээ. Аргацаагаад яваад байна.

-Цөмийн станц бол манай улсад өнөөдрийн байдлаар тохиромжгүй. Хор уршиг ч ихтэй, аюулгүй байдал талаасаа ч?

-Цөмийн станц гэхээр бид аймшгийн хор хөнөөлтэй, аюултай зүйл гэж ойлгодог. Дэлхийн 2-р дайн, хүйтэн дайны тухай кино, хамгийн сүүлд Фүкишима зэрэг томоохон станцын сүйрлээр ойлгоод байдаг. Одоо энэ ойлголтоосоо салах цаг болсон. Одоо чинь жижиг бөгөөд цувруулан угсарч том хүчин чадлыг гаргадаг цөмийн станцууд барьдаг болсон. Аюул багатай, аюул гарсан ч түүнийг нь дор нь дарж болох тийм станц баригддаг болсон. Нөгөө талаар манай улс ураны асар их нөөцтэй орон, түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгож ашигламаар байна шүү дээ. Би Үндэсний хөгжлийн газарт өгсөн судалгаандаа хоёр жижиг цөмийн станц барих газрыг санал болгосон.

-Манайд нэг шинэ зүйл хийх гэхээр ямар нэг байдлаар эсэргүү­цээд зогсоочихдог жишиг тогтчихлоо. V цахилгаан станцаар л жишээлээд харахад?

-Энэ бол нийтлэг хандлага болжээ. Үүний цаана хувь хүний, хэсэг бүлэг хүний амбиц яваад байна. Дээр үед түүхэндээ урт дурын хүмүүс гэж хэлдэг байсан тэр хүмүүсийн амбиц. V цахилгаан станцын ТЭЗҮ-г Азийн хөгжлийн банкаар хийлгэхэд яг ийм хүмүүс гарч ирээд бид тэдний хувилбарыг мөн оруулан тооцож байсан. Төр бодлого зорилтоо зөв тодорхойлж, үндэслэлтэй судалгаа тооцоогоор хамгаалсан бол хэрэгжилтийг нь хэнээс ч асуухгүй хийх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.   Харин энэ тал дээр манай салбарт мэргэжлийн хүн сайд болсон болоод тэр үү нэг чиг шугамтай байж түүн дээрээ бат зогсож байна. Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барина гэж байгаа. Барих л хэрэгтэй. Төр гэж байдаг бол түүнийгээ энэ дээр харуулах хэрэгтэй гэж үзэж байна.


14
1
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.49
    2022/01/27

    Маш зөв бас чухал асуудал хөндсөн байна. Ийм мэргэжлийн, сэтгэлгээ өндөр залуусаа төр хариуцлагатай албан дээр тавих хэрэгтэй дээ

    Хариулах