“Ганган”


Н.БАТ

 Цар тахлын үеийн буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг цувралаар тоймлон хүргэж байна. Энэ дугаарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг онцоллоо. Тэрээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын тамгаа хүлээн авч байсан юм.

“Монгол Улсын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов. Монгол Улсаа гадаадад төлөөлөн суугаа Бүрэн эрхт 31 Элчин сайдаас зургаа нь буюу 20 хувь нь эмэгтэй болсноор гадаад харилцаанд эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэв” хэмээн Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн долоо хоногт онцолсон юм.

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Э.Сарантогосыг, Швейцарьт суух Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилсон билээ. Одоогийн байдлаар Куба улсад Ш.Батцэцэг, Италид Ц.Нарантунгалаг, Болгарт Л.Саянаа, Францад У.Нямхүү нарын бүсгүйчүүд Монгол Улсын гадаад бодлогын “алтан аргамж” болон ажиллаж буй. БНХАУ-ын 176 Элчин сайдын 18 нь, ОХУ-ын 149 Элчин сайдын 3 нь эмэгтэй гэдэг тоотой харьцуулбал манайх бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг үнэлж чаддаг улс болов. Дэлхий нийт ч энэ тоог харж буй. Дипломат албанд үргэлж арын эгнээнд зогсдог ч, цаг наргүй зүтгэдэг, өндөр боловсролтой, мэргэжлийн дипломатч эмэгтэйчүүдэд олны өмнө гарах боломж олгов. Уг нь, монголчууд эртнээс эмэгтэйчүүдийг дипломат албанд тохоон томилж байсныг XIII зууны түүхэн баримтууд баталдаг. Тэгвэл дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг дипломат албанд төдийгүй улстөрд олноор ажиллуулах чиг хандлага давамгайлах болсныг судалгаанаас харж болно.

 Үүнийг мэдэрч чадаж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт  энэ удаад алга таших нь зүйн хэрэг. Ингэж бичлээ гээд эрчүүдийг ялгаварлаж байгаа хэрэг ер биш. Бид дэлхийтэй хөл нийлүүлж, хэнтэй хэрхэн харилцаж, ямар түвшинд яриа хэлэлцээр хийх ёстойгоо мэдэрч байж, 31 гэсэн тоог нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, бас экспортыг нэмэх гэх мэт олон давуу талыг өөрийн улсад бий болгоно.

Эндээс харвал “Мэргэжлийн сайд нараар танхимаа бүрдүүлнэ” хэмээн Ерөнхий сайд нарын томилогдсон өдрөө заавал хэлдэг ганц өгүүлбэрт эзэн болж буй хүний нэг нь Б.Батцэцэг сайд. 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байхдаа ч тэрээр “чанга” дуугарч, телевизийн камер, сонины зай талбайд багтах гэж хичээсэнгүй. Тиймээс ч 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянхонгорт нэр дэвшээд ч өвдөг шороодсон байх. Хэдийгээр УИХ-ын чуулганы танхимд суугаа өрсөлдөгч нарыг нь харахаар “хэцүүхэн” санагддаг ч Б.Батцэцэг УИХ-ын танхимд биш, Засгийн газрын танхимд ажиллах нь аль аль талдаа оновчтой болжээ.Түүний амьдралын түүх нь жирийн. Гурван хүүхдийн ээж, бөх хүний эхнэр. Төрийн албанд 2005 оноос, гадаад харилцааны салбарт 2011 оноос ажилласан туршлагатай. Түүнд бусдад гайхуулах өвөрмөц сонин үүх түүх байхгүй. Гэхдээ үүсгэн байгуулсан “Мөнхийн үсэг” компанид нь хэвлэсэн ном, сонин, сэтгүүл, тэм­дэг­лэ­лийн дэвтрийг бүгд хэрэглэ­дэг учраас амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй гэдгийг нь мэднэ.

Энэ удаагийн Засгийн газарт ажиллаж байгаа сайд нараас хийх ёстой ажлаа чанартайхан гүйцэтгээд, хааяахан чамбай үг хэлчихдэг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний хийсэн гадаад айлчлал, бэлтгэл ажлыг нь хангаж, зохион байгуулсан дээд хэмжээний айлч­лалууд, уулзалтын тэмдэглэлээс харж болох юм.

Эхлээд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар тус улсад хийсэн айлчлалыг сануулъя. Учир нь, энэ айлчлалаар Монголын төрийн томчуудын “хоолойд яс болон тээглээд” байсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэхгүй гэдгийг төрөлх орос хэл дээр нь товч болоод тодорхой хэлчихээд ирсэн. Тэрээр “Риа Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “Монгол улс Шанхайн хамтын байгууллагад одоогийн статусаа хадгалах нь оновчтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн“ гэсэн байдаг. Хоёр улсын маргаантай асуудал болоод байгаа Эгийн голын усан цахилгаан станцын хувьд “Нэгд, бид энэ станцыг Сэлэнгэ мөрөнд биш, Эгийн гол дээр барих юм. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын усан цуглабарын 18 хувийг хангадаг бол Эгийн гол 5 хувь. УЦС барьснаар Байгаль нуур усгүйднэ гэдэг нь эргэлзээтэй хэрэг. Хоёрт, Эгийн гол дээр УЦС барихыг Зөвлөлтийн эрдэмтэд нарийвчлан судалж үзээд санал болгосныг бодолцох хэрэгтэй. Манайх энэ судалгаан дээр л түшиглэж эхлүүлсэн. Төслийг эхлүүлэхэд ОХУ-ын илэрхийлсэн байр суурь бидэнд үнэхээр ойлгомжгүй байлаа. Гуравт, энэ УЦС Байгаль нуурыг бохирдуулна гэдэг. Бодит амьдрал дээр нуурын бохирдлын эх үүсвэр ОХУ-ын нутагт байдаг нь нууц биш. Нуурын хаяанд байгуулсан цаасны үйлдвэр одоо ч ажиллаж байна. Цутгаланг нь дагаад ажиллаж буй бусад үйлдвэр, нуур тойрсон аялал жуулчлалын олон байгууламж буйг бодолцож үзвэл дээрх асуудал их олон талтай. Дөрөвт, “Шүрэнгийн УЦС-ын төслийг боловсруулж эхлэхийн өмнө Байгаль нуурын усны түвшин, био төрөл зүйлд нөлөөлөх үнэлгээг Францын компани хийсэн юм. Өөрөөр хэлбэл,  нууранд нөлөөлөх үзүүлэлт өчүүхэн, бараг тэгтэй тэнцүү гэж дүгнэсэн. Гэвч Оросын тал энэ асуудлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлснээр энэ төсөл зогссон”  хэмээн яв цав хэлсэн. Нийтлэлч Б.Батбаяр энэ тухайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой энгийн эрх тэгш харилцаж, түүнийг гайхашруулав хэмээн бичиж байв. Энэхүү айлчлалаар хамгийн чухал зүйл нь “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, 100 жилийн түүхээ баталгаажуулсан. Мөн байгалийн хийн хоолой барих төслийн ажлыг урагшлуулах, хамтарсан төмөр замыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх гэх мэт олон чухал асуудлыг Гадаад харилцааны сайд нарын түвшинд ярилцсан байдаг.

Энэ бол 2021 оны зургадугаар сарын эхээр хийсэн Шинэ Засгийн газрын сайдын анхны гадаад айлчлал байв. Тэгвэл долдугаар сард Засгийн газраа төлөөлөн урд хөрш БНХАУ-д айлчлав. Цар тахалтай, гаднаас хүн оруулахгүй хэмээн хатуу чанд дэглэмтэй ч БНХАУ дээд түвшинд хүлээн авч, Төрийн зөвлөлийн тэргүүн Ван И-тай уулзаж, экспортыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж, Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлд “цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх”-ийг онцлон тэмдэг­лэлээ хэмээн мэдээлсэн. Хятад хилээ хаасан ч хаалгаа тайлж өгөхгүй гээд гүрийчихээгүй. Энэ тухай Хятадад ажилладаг монгол сэтгүүлч “Хятадад айлчилж байгаа манай Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн төв байр суурь, товхийсэн үг өгүүлбэрүүд тасхийтэл мэдээлэгдэж байна даа. Хятадад ирсэн бага буурай орны албаны хүмүүсийн амнаас унадаг нэг их олон тахимдуу үг энэ айлчлалаас үнэртсэнгүйд жигтэйхэн олзуурхав. Ван И сайд ч хоёр орны харилцааны асуудлаар эерэг сайхан үгсийг харамгүй хэлжээ” хэмээн онцлон бичиж байв. Хятадаас ирээд удалгүй НҮБ-ын Ерөнхий Ассамблейг зорьж, Нью-Йоркт товлосон уулзалт, хурлаас гадна олон улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хуралд оролцож, үг хэлсэн. НҮБ-ын гишүүн 193 оны 34 улс нь Гадаад харилцааны эмэгтэй сайдтай. Тиймээс энэ үеэр эмэгтэй сайд нар цуглаж, хамтын яриа хэлэлцээрүүд албан болоод албан бусаар өрнүүлдэг. Харин нөгөө хоёрт нь Монгол Улс тэргүүлэх байр суурьтай оролцсоор ирсэн юм. Том гүрнүүд дунд жижигхэн явсаар ирсэн уулзалт гэж болох ч харилцан хамтын ажиллагаагаа нэг шат ахиулах том боломж байсан нь ойлгомжтой.

2021 онд Гадаад харилцааны сайдын Казахстан Улсад хийсэн айлчлалыг энд онцлох нь зүй. 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал болсон гэдэг өгүүлбэр анхаарал татна. Уг нь, Монгол Казахстантай ойрын хөрш орон, манай 4000 гаруй иргэн тус улсад амьдардаг. Бас шатахуун авдаг. Казахстан улсын хувьд манайхаас мах болоод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авах сонирхлоо илэрхийлдэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалаараа тус улсын Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзсанаас гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нь бараалхсан байдаг. Ямар ч байсан нэн тэргүүнд тус улс руу мах гаргах, дэлхийн стандартын түвшинд хүрсэн арга туршлагаас нь суралцах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох, ганд тэсвэртэй үр тарианы сорт авч нутагшуулах гэх мэт хөдөө аж ахуйн салбарт шууд хамааралтай хэд хэдэн ажлыг Засгийн газ­рын түвшинд тохиролцож, гүйцэт­­гэгч компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Казахстан бол хөгжиж буй орон. Саяхан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн ч амьдрал үргэлжилд­гээрээ үргэлжилж, эдийн засаг нь явдгаараа явж байгаа.

Мах гэснээс энэ талаар бас нэг нааштай гэрээ хэлэлцээр хийсэн нь Катар улс. Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэх, Катарын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийг тохиролцох гэх мэт иргэнд наалдах хэд хэдэн нааштай ажлын ард гарсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлсэн. 2022 онд Монгол-Катарын бизнес форумыг зохион байгуулах сонирхлоо ч илэрхийлсэн. Үнэндээ тус улсад манайхаас санал болгох ганц зүйл нь мах махан бүтээгдэхүүн. Гэхдээ ахиад л стандарт. Жилдээ 160 гаруй сая ам.доллараар зөвхөн хонь ямааны мах гаднаас авч иддэг тус улс Австрали, Энэтхэг, Пакистан зэрэг улсаас энэ хэрэглээнийхээ 80 хувийг импортлодог. Хэрвээ бид дэлхийн чанарт дөхүүлж чадвал хүсээд байгаа мах экспортлогч орон болох боломжтой.                

Харамсалтай нь, өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр бас л махны багахан экспортоо хийж чадсангүй. Үйлдвэрлэгчид хүссэн ашгаа ч олж чадсангүй, экспортод гаргах мөрөөдөлтэйгээр 9000 гаруй тонн мах нөөцөлсөн ч өнөөдөр борлуулж чадаагүй суугаа. Гэхдээ саалиа бэлдэхээр саваа бэлтгэ гэж. Дэлхийн стандартад хүрчихвэл мах экспортлох гэдэг монголчуудын хувьд тун ойрхон болж. Эргүүлээд мөнгөтэй орноос бидний хүсдэг зүйл бол хөрөнгө оруулалт.  Тус улс зөвхөн мах авна гэсэнгүй. Банк санхүү, уул уурхай, хөрөнгө оруулалт, хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар судлах баг илгээхээр болж. Өндөр дээд түвшний айлчлалуудыг ч зохион байгуулах талаар хоёр улсын гадаад харилцааны сайд нар ярилцаж.

Зөвхөн Гадаад харилцааны сайдын айлчлалаар цар тахлын жилийн Монгол Улсын гадаад харилцаа хязгаарлагдахгүй нь тодорхой. ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлал хийсэн, БНСУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай цахим уулзалт хийсэн, Энэтхэгт УИХ-ын дарга айлчилсан, ОХУ-ын Засгийн газрын дээд түвшний айлчлал Монгол Улсад болсон гээд гадаад харилцааны бодлого тасралтгүй үргэлжилж байна. Ганган, дэгжнээрээ цоллуулдаг Б.Батцэцэг сайд цар тахлын жилд ч гадаад харилцааг “ганган” авч явжээ.

Хэдийгээр цар тахалтай байгаа ч 2021 оны аравдугаар сараас дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгох үйлчилгээг нэвтрүүлсэн. Аялал жуулчлал, спорт соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох, дамжин өнгөрөх ангиллын 30 хоногийн визийг цахимаар Монгол Улс олгож эхэлсэн. Вакцины хангамж гэдэг хэдийгээр эрүүл мэндийн салбарт хамааралтай мэт санагдавч шууд гадаад харилцаатай холбогддог.  

Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лагын хөтөлбөр, буцалтгүй тус­ламж, гэрээт худалдан авалт гэх зэрэг дипломат шугамаар манай улс 7.6 сая тун вакцин татан авсан гэдэг мэдээ бий. Үүн дээр НҮБ-ын хүүхдийн сангаас Япон улсын дэмжлэгтэйгээр 2.5 сая тун вакцин авсан. Нэг ч хүн үлдээлгүй нийт иргэдээ гурван тун вакцинд ч хамруулах боломжтой болсон гэж болно. Дэлхийн нийт хүн амын 41 хувь нь өнөөдөр вакцин хийлгээгүй гэсэн мэдээ байгаа учраас үүнийг онцлон дурдах нь зүй.Харин гадаадаас иргэдээ татан авах, хил гаалийн түгжрэл, боомтын гацаа гэх асуудал Монгол Улсын гадаад харилцааны хамгийн том асуудал байв. Дэлхийн 93 орноос 46 мянган иргэнээ татаж авсан гэдэг мэдээг Гадаад харилцааны яамнаас өгч байгаа боловч “гадаадад гацсан монголчууд” багагүй зовлон бэрхшээлийг туулсан гэдгийг тэдний хийсэн баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэнгээс бэлхнээ харсан. Мөн хилийн боомтуудыг хэвийн ажиллуулах, гацсан ачаа чингэлгийг татан авах, экспортыг тасалдуулахгүй байх гэх зэрэг хүлээсэн үүргүүд нь доголдож байсныг мартаж болохгүй. Дээрээс нь Монгол Улсын гадаад сурталчилгаа гэж маш чухал асуудал бий. Ердөө хоёр өдрийн өмнө Дубайн олон улсын экспод буй Монгол Улсын павилоны тухай таагүй мэдээ олон нийтэд хүрснийг энд бас сануулья. Найрсаг биш тайлбарлагч, таагүй үнэр, хоцрогдсон үзмэр гээд хэддүгээр зуунд амьдарч байгаагаа бид үргэлж мэдэрч байх ёстойг цаг үе өөрөө сануулж байгааг яамны эрхэм түшмэлүүд болгооно биз.

Монгол Улсын Засгийн газрын Гадаад харилцааны яамыг толгойлж буй Б.Батцэцэгийн хувьд өнгөрсөн нэг жилийг ийм ажил бүтээмжээр үджээ. Ирэх жилүүдэд цар тахлын дараах Монгол Улс эдийн засаг, аялал жуулчлал, гадаад худалдааны салбараа тэлэх, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагч нарт нээлттэй, хууль эрхзүйн хувьд тогтвортой улс гэдгээ илэрхийлэх чухал он жилүүд байх нь тодорхой. Ирэх жил түүний хийсэн ажлыг хэрхэн тоймлож болохыг хүлээх л үлдлээ.


6
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна