О.Батбаяр: В ба С вирустэй хүмүүс Ковидоор өвдөх үед элэгний гэмтэл хамгийн ихээр үүсэж байна


Коронавирусийн “омикрон”хувилбарын тархалтын нөхцөл байдал, дэлхийн улс орнуудад хийгдэж буй судалгааны талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа. 

-“Ковид-19” халдварын өнөөгийн нөхцөл байдал, вакцины нөлөөний талаар мэдээлэл өгөөч? 

-Коронавирусийн “омикрон” хувилбарын давлагаатай холбоотойгоор халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Вирус мутацад тасралтгүй орж байна гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Үүнээс хамаарч эсэд нэвтрэх буюу халдварлах чадвар, вакцинаас зайлсхийх чадвар ч өөрчлөгдөж байна. Олон эрдэмтэн “омикрон” хувилбарын мутацаас шалтгаалж халдварлах чадвар эрс нэмэгдэхээс гадна вакцинаас зайлсхийх чадвар нэмэгдэнэ гэж болгоомжилж бай­сан. “Омикрон” хувилбар нь “дельта” хувилбарын вирусээс 3-4 дахин халдварлах чадвартай ч вакцинаас зайлсхийх чадварт нь төдийлэн өөрчлөлт ороогүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Иргэд ч бодит амьдрал дээр харж байна.

Вакцины гурав дахь тунг хийлгэснээр халдвараас 70-75 хувь, хүндрэл, нас баралтаас 95 хувь хамгаалж байгаа нь олон судалгаагаар нотлогдсон. Гэвч ямар ч вакцин хийлгээд гурван сараас дээш болсон бол хамгаалах чадвар эрс суларч байна. Бүх вакцин дээр ийм судалгаа гарсан.  Мөн  вирус тасралтгүй мутацад орж байгаа тул дэлхий нийтээрээ тэмцэх аргаа өөрчилж байна. 

-”Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн тохиолдолд ямар эд эрхтэн хамгийн их гэмтэл авч байна вэ.Тархины эд эсэд ихээр нөлөөлж байна гэсэн. Энэ нь судалгаагаар батлагдсан мэдээлэл байна уу?

-”Ковид-19” нь хүний цусны бүлэг­нэлтийн механизмыг идэвхжүүлд­гээс халдвар авсан хүмүүсийн эрхтэн системд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсгэж улмаар бүх л эрхтэн системүүдэд үхжил үүсэж байна. Үүнээс шалтгаалж бөөрний, элэгний хурц дутагдал үүсэх, зүрхний булчингийн үхжил үүсэх, тархины эсүүдийн үхжил үүсэх гэх мэтээр сөрөг нөлөө гарч байна. Хамгийн гол нь уушгины хатгаанаас болж, сорвижих байдал үүсэж, амьсгалын багтаамж багас­даг. Иймээс хүндээр өвдсөн хүмүүст аль ч хувилбараар байсан ялгаагүй амархан ядарч цуцах шинж илэрч байна. Энэ нь дээрх эрхтэн системүүд үйл ажиллагааны дутагдалд орж байна гэсэн үг.

Ковидын вирус өөхний эсүүдийг довтолдог учраас таргалалттай хүмүүс хүнд өвдөж байгаа юм. Тарган хүмүүсийн өөхний эсэнд вирус удаан хугацаанд оршиж, халдварын голомт болж дархлаа буурмагц идэвхжиж байна гэж үзэж байгаа эрдэмтэд ч байна

Тэгэхээр энэхүү вирусээс болж олон хүн насан турш архаг өвчтэй болж үлдэх эрсдэл байна. Гол нь вакцинаа хийлгэж өвчлөхгүй байх нь чухал юм. Залуу хөнгөн өвдсөн хүмүүст ч тархины эд эсийг гэмтээх сэтгэцийн өөрчлөлттэй болгох мөн дараагийн шатанд Альцхаймерийн өвчтэй болох суурийг тавьж байна гэсэн судалгаа саяхан гарсан. Хүний дархлааны систем  вирусийн эсрэг хэт идэвхжсэнээс болж тархины эд эсээ устгаж байна гэсэн үг.  Ковидын хурц үед тархины судасны харвалт, орчноо мэдрэхгүй болох, мэдрэл булчингийн үйл ажиллагааны хямрал үүсгэдэг бол ковидын дараа толгой өвдөх, сэтгэл гутралд орох, сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд өгөх зэрэг тархины эд эсийг гэмтлээс үүсэлтэй байна.

Германы судлаачид ковидоор өвчлөөд эдгэсэн 100 хүний зүрхний булчинд хийсэн судалгаагаар 70 гаруй хүнд нь зүрхний булчингийн үхжил сорвижил илрүүлсэн. Судалгаагаар элэгний архаг өвчтэй, В ба С вирустэй хүмүүс Ковидоор өвдөх үед элэгний гэмтэл хамгийн ихээр үүсэж байна гэж гарч байгаа. Ковидоор өвдсөн хүмүүсийн 14-52 хувьд нь элэгний үйл ажиллагааны доголдол гарч байгаа.

-Омикрон хувилбараар хүүх­дийн өвчлөх эрсдэл нэмэгдэж байна гэдгийг эмч нар хэлж байна?

-АНУ-ын Бостон хотын хүүхдийн эмнэлгийн судалгаагаар “омикрон” давалгааны үед хүүхдийн сэхээний хэвтэлт дельта давалгаанаас 70 хувь буурсан. Олон хүүхэд өвдөж байгаа тул хавсарсан өвчтэй дархлаа сул 5-10 хувьд нь асуудал гарч байна гэж үзсэн. “Омикрон” давалгаа хүүхдэд хатгаа болох нь бага, амьсгалын дээд замын үрэвсэл хэлбэрээр илэрч байгаа.  Манай улсад хүүхдийн өвчлөл нэмэгдэж, хүүхдүүд ларингит буюу төвөнхийн үрэвсэл их өгч байна. Амьсгалын дутагдал нь хөнгөн байгаа тухай эмч нар ярьж байна. Бид 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстэр хийх эсэх мөн 5-11 насны хүүхдийн вакцины асуудлыг судалж байна.

-Тохиолдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх ор, эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцэх үү гэдэг асуудал тулгарч байна?

-”Омикрон”-ы халдварлах чадвар эрс өссөн тул хөл хорио хийгээд ч тогтоож дийлэхгүй гэж үзэж буй эрдэмтэд байна. Үүний нэг жишээ бол БНХАУ юм. Вакцины хамралт, өвдсөн хүмүүсийн тоо мөн сүргийн дархлаа өндөр орнуудад “омикрон”-ы давалгаа хөнгөн явагдаж байна. Хөнгөн гэдэг нь нас баралтын тоог хэлж байгаа гэсэн үг. Бид “дельта” давалгааны оргил үед өдөрт 20 нас баралт бүртгэж байсан бол “омикрон”-ы үед өдөрт 1-2 нас баралт бүртгэж байна. Өөрөөр хэлбэл 10 дахин бага гэсэн үг. Гэхдээ энэ бол тайвшир гэсэн үг биш. Маш олон хүн өвдөж байна. Бидний хувьд өрхийн эмнэлгээр дамжуулан эмчлэх, хүнд өвчтнийг хэвтүүлэх эмнэлэг орыг эрчимтэй нэмэх гээд аль болох хохирол бага даван туулахыг хичээж байна. “Омикрон” давалгааны онцлогт тохируулан зөвхөн хүнд хүмүүс хүндрэх эрсдэлтэй бүлгийг хэвтүүлэн эмчлэх тактик баримталж байна. “Дельта” давалгааны үед 22000 ор дэлгэж байсан бол энэ удаа 14000 ор дэлгэнэ. Нэг сая хүнд дэлгэж буй ковидын өвчлөлийн үеийн эмнэлгийн орны тоогоор манайх хамгийн олон орыг дэлгэж буй улсын тоонд ордог. Олон эмч сувилагч өөрсдөө халдвар авсан ч улаан бүсэд ажиллаж байна. Хүний нөөц дээр 1000 гаруй резидент эмч нар мөн МУЗН-ийн  сайн дурынхан ажиллаж байна.

-Манай улсын вакцины нөөц болон иргэдийн IV тунгийн хамрагдалт хэр байна вэ?

-Засгийн газраас хангалттай вакцин татан авч, иргэддээ өргөн  сонголт  олгосон. Үүний хүчинд өвчний томоохон давалгаануудыг  хохирол багатай даван туулсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг орон нэг сая хүнд 2200 орчим нас баралт бүртгэгдсэн. Энэ нь манайхаас гурав дахин өндөр үзүүлэлт юм. Манай улсад нэг сая хүнд 660 орчим нас баралт бүртгэгдсэн ба нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоог хангалттай байсан нь нөлөөлсөн. Одоогоор IV тунд 60800 хүн, III тунд 988000 хүн хамрагдаад байна.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна