Үнийн өсөлтөд лангуу түрээслүүлэгчид бодитоор нөлөөлжээ


А.МӨНХЖИН

 Дорнын цаг тооллын XVII жарны усан барс жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр аргын тооллын хоёрдугаар сарын 2-ний өдөр тохиох тул хотол олноороо Сар шинийн бэлтгэлээ битүүхэндээ базааж байна. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Цагаан сар энэ  оны хоёрдугаар сарын 2, 3, 4-ний өдөр тохиож байгаа тул нийтээр амарна. Энэ жилийн хувьд засаг төрөөс онцгой нөхцөл үүсээгүй тохиолдолд дахин хөл хорио тогтоохгүй гэсэн тул иргэд Цагаан сардаа боломжийн хэрээр бэлтгэж байгаа бололтой. Сар шинийн өмнөх өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, UB палас, Хүннү молл, Дүнжингарав болон бусад томоохон зах, худалдааны төвүүдэд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарч байгаагийн заримаас сурвалжилснаа уншигчидтайгаа  хуваалцъя.

 

Дүнжингаравын захиргаа лангууны түрээсээ хэд дахин нэмсэн тул барааны үнэд нөлөөлсөн гэв 

Энэ өдрүүдэд хүнс, барааны үнэ багагүй нэмэгдсэн тухай хаа сайгүй яриа өрнөж байна. Үнэ нэмэгдсэнийг хүн бүхэн шогширч гол шалтгааныг өмнөд хөрш хилээ хааснаас боллоо гэлцэж буй. Дээрээс нь, наймаачдыг хил хаалттай байгааг далимдуулж бараа, бүтээгдэхүүнийхээ үнээ хэд дахин нэмлээ хэмээн буруутгаж буй. Дүнжингарав худалдааны төвөөр ороход хөл хөдөлгөөн ихтэй ч, сар шинийн бэлтгэлээ базаагаад овойтол ачаалаад гарч байгаа хүнтэй таарсангүй. Хүмүүс  лангуунуудаар холхиж, барааны үнэ байн байн асуух ганц, хоёр мянган төгрөгийн зөрүү харж байгаа нь илт.

Лангууны худалдагч нар энэ жил худалдан авалт огцом буурсан гэдгийг хэлцгээж байв. Харин барааны үнэ өссөн тухайд зөвхөн өмнөд хөршийн хилээс шалтгаалаагүй гэдгийг ч  нуусангүй. 365 дугаартай лангууны худалдагч өвлийн дулаан өмд, оймс зэрэг улирлын чанартай бараа зардаг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард захиалсан бараагаа одоо хүртэл авч чадаагүй тул өмнөх өвлийн барааны үлдэгдэл болоод хавар, зуны тирко зэргээ холин лангуугаа дүүргэхэд хүрсэн гэв. Учир нь тэр эмэгтэй хүүхдийн хувцаснаас гол орлогоо олдог бөгөөд энэ өвлийн хувьд хил дээр гацчихсан аж. Дүнжингарав  худалдааны төвийн барааны хувьд наймаачид үнээ тэгтлээ өсгөөгүй гэдгээ хэлж байна. Ихэнх бараа нь үлдэгдэл тул үнээ хэт нэмчихвэл худалдан авалт буурна гэнэ.
Тус төвийн монгол хувцасны лангуунууд хүн олонтой байхыг очиж сонирхвол эрэгтэй, эрэгтэй нимгэн гоёлын тэрлэгүүд 150,000-190,000, шинэ загварын куртикан дээлүүд 250,000 хүртэлх үнэтэй байх агаад өмнөх жилийнхээс ч илүү гоёмсог, дэгжин загвартай  болсон нь харагдаж байв. Дүнжингаравт дээлийн торго метр нь 8000-45,000 төгрөгийн хооронд байна. Хамгийн үнэтэйд тооцогддог хурган дээл 1.8 саяас хоёр саяын хооронд зарагдаж байгаа  бөгөөд сүүлийн гурван жилд энэ үнээрээ л борлуулж байгаагаа худалдагч тайлбарлалаа.

Тус төвийн Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа шахагдсан мэт хойд хэсэгт цөөн лангууг эзлэн байх нь цагаан сарын хүнсийг заавал тэнд төвлөрөхийг шаардсанаас болсон аж. Дүнжингаравын Цагаан сарын худалдаанд хэвийн боов 4500-5000, тогооны өрөм 24000-26000, бүх төрлийн хорхой ааруул кг нь 25000, шар тос кг нь 32000, хэвийн ааруулаар зассан тавгийн идээ хамгийн хямдхан нь 250,000,  том идээ 300,000 төгрөгийн үнэ ханштай байна. Цагаан идээний худалдаагаар явагсад цагаан идээ арай л  үнэтэй байна гэцгээх аж.

Ийнхүү хил гаалиас шалтгаалахгүй зарим дотоодын хүнс, хүнсний бүтээгдэхүүний үнээ яагаад ийнхүү өсгөсөн талаар худалдагч нараас тодрууллаа. Дүнжингарав худалдааны төвд худалдаа эрхлэгчид хөл хорионы үеэр хэрүүл тэмцэл хийж байж лангууны түрээсээ 60 хувь хямдруулсан байжээ. Гэтэл энэ жил Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гаргах нэрээр лангууны түрээсээ өмнөхөөсөө нэмсэн байна. Тухайлбал, худалдагч н.Нямаа лангууны түрээсэндээ сард 1,2 сая төгрөг төлдөг байсан бол одоо 3,6 сая төгрөг болжээ. Үүнийг тэрээр метр квадрат нь 600 мянган төгрөг буюу өмнөхөөсөө 7 дахин нэмсэн гэлээ. Бидэнд өөр түрээслэх лангуу тийм ч амар олдоод байдаггүй учраас үүнийг далимдуулж Дүнжингаравын захиргаа ийнхүү үнийн өсөлтөд  бодитоор нөлөөлсөн гэв. Бүх лангууны түрээсээ ийнхүү нэмснийг тэд хэлж байлаа.

Лангуу түрээслэгчдийн хувьд өмнөд хилээс татсан бараа бүтээгдэхүүнээр лангууныхаа 30-40 хувийг дүүргэдэг байсан бол хил хаагдсанаас одоо 5 хувь орчим нь л урд хөршөөс ирсэн бараа байгаа аж. Тухайлбал, бүх төрлийн жимсийг Оросоос дамжуулан татан авалт хийх болсон гэв. “Би өмнө хил нээлттэй байхад кг алимыг 5000 төгрөгөөр зардаг байсан бол одоо 14,000 төгрөгөөр, кг гадилыг 5500-аар зардаг байснаа 8500 төгрөгөөр зарахаас өөр аргагүй болсон. Нэг кг бараа бүтээгдэхүүнээс ихдээ 1000 төгрөг л хардаг. Түргэн мууддаг жимс жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнийг Оросоос авахад алдагдал, хорогдол ихтэй байдгаас үнийн өсөлтөд нөлөөлсөн. Мэдээж гол нь тээвэрлэлтийн зардал ийм үнэтэй болгочихлоо” гэв. Мөн тус төв лангууны түрээсээ нэмсэн тул лангуу түрээслэгчид лангуугаа хумих, нэг бараанаас харах ашгаа багасгах гэх мэтээр хамаг байдаг аргаа хэрэглэж байгаагаа хэллээ.

Уулзсан олон лангуу түрээслэгч, наймаачид өмнөд хил дээр гацсан барааны тээврийн зардлаас айгаад хил нээгдэхийг хүлээхээр шийдсэн аж. Өнгөрсөн оны намар захиалсан бараа нэгэнтээ авч чадаагүй, сезон дууссан, ирэх эсэх нь ч  тодорхойгүй тул бидэнд төр засгийн шийдвэрийг чих тавин хүлээхээс өөр хийж чадах зүйл байхгүй гэдгээ тэд учирлалаа.

 

Төв цэнгэлдэхийн үнэгүй талбайн төлөө  эрүүл мэндээ үнэгүйдүүлээд л зогсож л байна

ХХААХҮЯ болон хотын захиргаанаас нийслэлийнхний махны үнийг тодорхой түвшинд барих, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэн Төв цэнгэлдэх хүрээлэнд “Цагаан сар-2022” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа мэдээллийн дагуу очив. Цагаан сарын баярт зориулсан махны үзэсгэлэн худалдаа гадаа талбайд гарч байв.  Энд сар шинийн баярын ширээний гол зоог хонины ууц 380,000-400,000, үхрийн өвчүү кг нь 11,000, хонины гулууз 160,000-180,000 төгрөгийн ханштай байна. Ихэнх хонины махыг Сүхбаатар аймгийнх гэх. Мөн Завхан аймгаас өөрийн хотноос авчирсан гэх хонины мах адил ханштай байх бөгөөд үнээр зарах боломжтой эсэхийг асуухад “Болохгүй, энд байгаа бусдын үнэ ханшаар л үнээ тогтоосон” гэв.

Төв цэнгэлдэхн дотор цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байгаа бөгөөд хорхой ааруул кг нь 25000, цагаан тос кг нь 28000, нэг тогооны өрөм 22000-25000, хэвийн боов нэг ширхэг нь 5000, аньс кг нь 15000, чонын элэг жимс кг нь 12000 төгрөгийн үнэтэй байна.

Төв цэнгэлдэхийн “Цагаан сар-2022”  үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид өвлийн хасах хэмийн хүйтэнд павилоноо сахин байдгаараа дулаалсан ч бээрэхгүйн тулд дороо холхих нь өрөвдмөөр. Дорноговь аймгаас ганцаараа ирсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Баттулга “Дорноговь нутгийн бууз” цехийнхээ хөлдөөсөн буузыг хонь, ямааны мах холин хийж, 6 кг-аар савлан худалдаалж байгаа бөгөөд уутаараа 50000 төгрөг гэв. Тэр “Энд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд түрээсгүй болохоор нь оролцож байгаа. Гэхдээ хавар, намрынхаас ч орлого  муу байна. Гол нь гадаа хүйтэнд удаан зогсох  нь хэцүү тул ойр ойрхон машиндаа орж дулаацдаг. Мөн халуун кофе, цай уухаар бас ойр ойрхон жорлон гүйх нь хэцүү юм. Гэхдээ хөдөөнөөс ирсэн бидний хувьд үнэгүй учраас дуугүй л байсан нь дээр” хэмээн инээмсэглэв. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд үхрийн шир, хонины арьсыг цехэд боловсруулан борлуулахаар авчирсан А.Сүхээ “Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье л гэдэг. Ачир дээрээ хүмүүсийн цалин хөлс өсөөгүй харин юмны үнэ өсчихсөн болохоор борлуулалт муу байна. Энд үзэсгэлэн худалдаа нэртэй үнэгүй гэж байгаа ч эрүүл мэндээ золиослон зогсохоос өөр аргагүй. Өөр газар бидний бараа бүтээгдэхүүнийг заруулдаггүй, хөөж туудаг. Дулаан төвүүд нь хөдөөний биднийг хүн гэж тоохгүй дээрээс нь талбайн түрээс нь хэт өндөр учраас хөхөө өвлийн хүйтэнд өдөржин гадаа зогсоод ч болов амьдралын төлөө зүтгэж л явна” гэдгээ хэллээ.

Ийнхүү усан барс жилийг угтсан Цагаан сарын баярын үзэсгэлэн худалдаануудаар очиход хүн цөөн, хөл татуу, хэтэвч нимгэн, үнэ өндөр байв. Юмны үнэ тэнгэрт хадаасанд наймаачид, ченжүүд буруутай хэмээн бүгд чичилж байгаа ч хэрэг дээрээ лангууныхаа үнийг өсгөн наймаачдыг буланд шахсан түрээслэгчдийг хэн ч эс анзаардаггүй нь илт. Гудамжинд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар байцаагч нь очоод гөрмөл боовыг нь өшиглөөд хугалчихдаг, цагдаа нь ирээд торгодог тул үнэ өсгөсний буруу бүгд наймаачдынх биш ажээ. Тухайлбал, Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гаргах нэрийдлээр лангуугаа түрээслүүлэгчид, худалдааны барилгуудын эзэд үнээ өсгөчихөөд хэрэглэгчид,  хэдэн наймаачдыг хэрхэн чичлэхийг чимээгүйхэн харж суудаг бололтой.

Тухайлбал өнөөдөр UB паласын нэг лангууг 7-10 хоног нь 2.4 сая, Мишээл экспогийнх 1.2 метр квадрат лангуу нэг өдрийн 60,000,  Хүннү моллын лангуу 7-10 хоногт 2 сая хүртэлх түрээсийн үнэтэй байна.

Хүнс барааны үнэ хаданд гарч, модонд авирлаа гэх халаглалын хариу шалтгаанаас тоочвол өмнөд хил хаагдсанаас хүнсний бүтээгдэхүүнийг хойд хөршөөсөө зөөх болсон, зөөгөөд ирэхэд нь лангууны түрээс өссөнтэй холбон тайлбарлаж болохоор байна. Мөн бараа ховор дутмаг болоод ирэхэд үнэ өсдөг. Барааны хувьд урд хил хаагдсанаас хойш арилжаа эрхлэгчид Солонгос, Туркээс бараагаа агаараар татах болжээ. Энэ мэдээж барааны үнэд нөлөөлөх нэг шалтгаан. Мөн л лангууны түрээс өссөн нь барааны үнэ өсөхөд мэдэгдэхүйц нөлөөлсөн аж.

Харин хил гаалиас хамаарахгүй хэвийн боов, цагаан идээний үнэ урьд өмнөхөөсөө яагаад ийнхүү өссөн бэ гэдэгт боловсруулсан цагаан идээгээ өөрсдөө борлуулж буй худалдагч нар “Бүх юм л өсөж байхад, холоос зөөж тээвэрлэж ирсэн, шатахуун угаасаа өсөөд байгаа” гэх мэт жижүүрийн  хариултуудыг өгч байв. Мах, цагаан идээний үнийг ченжүүд л өсгөдөг гэх “онош” ч ачир дээрээ бас л  өөр байдаг аж. Зах, худалдааны төвүүдэд байнгын лангуу түрээслэгчид нь муу нэртэй ченжүүд. Харин түр лангуу түрээслэгч буюу үйлдвэрлэгч, үзэсгэлэн худалдаанд оролцогчид маань ченжүүдтэйгээ барьцсан бүр заримдаа давсан үнээр бүтээгдэхүүнээ борлуулах нь зах зээлийн хууль уу, хүсэл шуналын туйл уу. Ченж буюу дамжуулан борлуулалтад ямар ч бүтээгдэхүүнд  өртөг нэмэгддэг. Харин шууд худалдаанд ялангуяа түрээсгүй үзэсгэлэн худалдааны үнэ ив ижилхэн заримдаа бүр илүү байгаа нь ямар учиртай юм бол. 



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна