Их хэмжээний цас орсны улмаас Истанбулын нисэх онгоцны буудал хаагдав


Туркийн хамгийн том хот болох Истанбулд даваа гарагт их хэмжээний цас орсны улмаас нисэх онгоцны буудал хаагдаж, төлөвлөгөөт нислэгүүд бүгд зогссон байна. Энэ тухай “Анадолы” агентлаг уламжлав. 

Европын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлын нэг болох Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоолоо. Үйл ажиллагааг хаасны улмаас Ойрх Дорнод, Африк тивээс Европ, Ази руу чиглэсэн нислэгүүд зогслоо. 

2019 онд Истанбулын хуучин “Ататурк” нисэх онгоцны буудлыг сольсноос хойш хаалгаа барьсан анхны тохиолдол болов. Мөн “Mynet” цахим хуудаст мэдээлснээр, цас их орсноос болж хот хоорондын хурдны замуудад түгжрэл үүсч, зам тээврийн осол ихээр гарчээ. Анкара болон Истанбул хотыг холбосон хурдны зам түр хаагджээ. 

Мөн Истанбулын онгоцны буудал руу нэвтрэх зам цасанд боогдсон байна. Туркийн баруун хойд муж, Мармарын тэнгисийн бүсэд зам тээврийн харилцаа ч доголдов. Зарим нутгаар 20-30 см зузаан цас оржээ. 

Туркийн төв болон өмнөд хэсэгт ч хур тунадас унаж бороо орсон байна. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Анталья, Мармарис болон Бодрумд цас оржээ

ГУРВАН МУЖИД АВТОБУС ОСОЛДЖЭЭ

Турк улсын зарим бүс нутагт цаг агаарын тааламжгүй байдлын улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирох тохиолдол ихэссэн тухай “TRThaber” сонин мэдээлжээ. 

Тус улсын баруун, хойд, төв хэсэгт дөрвөн өдрийн турш тасралтгүй орсон цасыг цэвэрлэж чадахгүй байгаа гэнэ. Олон хүн цасанд боогдож, Истанбул, Токат, Амасия гэсэн гурван мужид хот хоорондын автобус осолдсон хэрэг гарчээ. Зарим мэдээлэлд дурдсанаар, ослын улмаас дөрвөн зорчигч амь үрэгдэж, 48 хүн гэмтэж бэртсэн байна.

 Текирдагаас Анталияг зорьсон автобусанд 25 хүн зорчиж байв. Их хэмжээний цас орсны улмаас зам мөстөж, автобус замаасаа гарч онхолджээ. 18 хүн осолд өртсөнөөс жолооч болон хоёр зорчигч газар дээрээ нас барав.

 Мөн Эрзурум руу явж байсан хот хоорондын автобус Чалкара тосгоны орчимд онхолдож нэг хүн амиа алджээ. Цаг агаарын байдал муудсан бүс нутагт шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна