БНХАУ-ААС ӨДӨРТ 50-70 ЧИНГЭЛЭГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА


 Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. 

Мөн Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Замын-Үүд боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс байгуулжээ. Мөн тус сумын нутгийн захиргаа болон боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагад нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тусгай дэглэм тогтоов. Үүний хүрээнд Шадар сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдаж, энэ сарын 10-ны өдрөөс Замын-Үүд суманд ажиллалаа.Ингээд Замын-Үүд, Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс улсын хилийн шугам дээр чингэлэг солих байдлаар эхлүүлсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд ЗамынҮүд болон бусад боомтуудын ачаа, тээврийн нөхцөл байдлыг танилцуулав. Тэд “Хятадаас тэг цэг рүү ачаа ачиж орж ирэх зардал өндөр. Зарим компани өөрийнхөө ачааг түрүүлж татахын тулд үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдол гарсан. Зөвхөн Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлнэ” гэв. Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байгаа бөгөөд халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй гэдгийг онцлов. 

Мөн нэгдүгээр сарын 24-ний байдлаар чингэлэг солилцох талбайгаар 587 тээврийн хэрэгслээр нийт 767 чингэлэг ачаа татаж авсан байна. Хилээр нэвтэрсэн ачааг бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээлгийн талбайд буулгаж, ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх аж. Ачаа, тээврийн зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ

 “ЗамынҮүдэд чингэлгээр ачаа тээвэрлэж эхэлсэн үеэс тэнд ажиллалаа. Ажлын хэсэг маань үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, ачааг тээвэрлэх, түүнтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах. Хоёрдугаарт, тээвэрлэлтийг зохион байгуулж, хоёр талаас тавьж буй цар тахалтай холбоотой, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх юм. Гуравдугаарт, олон талт хамтын ажиллагааг удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. 

Замын-Үүд боомтын хэмжээнд халдвар хамгааллыг сахиж, өвчин дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, сумын онцгой комисс, эрүүл мэндийнхэнтэй хамтарч бүх шатанд зохион байгууллаа. Цаашлаад олон хүний оролцоог удирдлагаар хангаж ажиллах нь чухал. Үүний үр дүнд ЗамынҮүд–Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш чингэлэг солилцох талбайгаар нийт 587 тээврийн хэрэгслээр 767 чингэлэг оруулсан. 12825 тонн ачаа татаж авлаа. Ачааны 60 орчим хувийг барилгын материал, хүнс, гэр ахуйн бараа, сэлбэг хэрэгсэл эзэлж байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байгаа. Хилээр нэвтэрсэн чингэлэгтэй ачааг бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээлгийн талбайд буулгаж, хүлээн авагчид өгнө. Тээвэр зохион байгуулалтын хувьд 08:00- 13:00 цагийн хооронд “айл” хилийн шугам дээрх бэлтгэсэн талбайд ачаатай чингэлгийг буулгана. Дараа нь манай тал 13:30- 18:00 цагийн хооронд ачаатай чингэлгийг авч, Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төвд авчирч байгаа. Хятадын талтай хийх чингэлэг тээврийн ерөнхий зохион байгуулалтыг “УБТЗ”-ын Олон улсын тээвэр зуучлалын холбоо хариуцаж байна. Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийдэг.

 Тээврийн үнийг бууруулах үүднээс Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Бүс нутгийн логистикийн төвд ачаанаас суларсан хоосон чингэлгийг шилжүүлэн ачих, хадгалах үйлчилгээний төлбөрийг түр хугацаанд чөлөөлсөн. Гаалийн талбай хязгаартай буюу 40 тоннын 80 чингэлэг багтаах бол түгээлтийн талбай нь 40 тоннын 40 чингэлэг л хүлээн авна. Тийм учраас талбайн зохион байгуулалт болон түгээлтийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай” хэмээн хэллээ.

 Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар: “Өнгөрсөн долоо хоногт метр квадрат ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Манай талаас БНХАУын талд олон удаа санал тавьсны үр дүнд авто замын боомтоор гарч байгаа чингэлгийн тоо болон дарааллыг ил тод болгон цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр үнэ хөөрөгдөх, дараалал алдагдах зөрчлийг арилгах юм. Энэ долоо хоногийн сүүлээс чингэлгүүдийг шат дараатай буцаахаар болсон. Чингэлгийг 18.00 цагт буцааж 00.00 цагт байрлуулснаар айлын тал шинжилгээ авна. Хариу сөрөг гарсан тохиолдолд чингэлгийг буцаах юм. Манай тал тээврийн цэгээс чингэлэг татах, өргөлтийн үнэ нь 40 тоннд 75000, 20 тоннд 55000 төгрөг. 

Машинаас бүс нутгийн төвд калмараар буулгахад мөн адил. Гаалийн хяналт шалгалт хийгдсэн чингэлгийг хот руу төмөр замаар тээвэрлэхэд 40 тоннын чингэлэг 2.6 сая гаруй, 20 тоннын чингэлэг 1.5 сая орчим төгрөг. Харин автомашинаар тээвэрлэхэд 2-3.5 сая төгрөг гэсэн дүнтэй. Үүнийг Улаанбаатар хот руу чингэлэг тээвэрлэх болон ачих үед гэж ойлгох хэрэгтэй. Хятадын талаас 40 тоннын чингэлэгт 65 орчим метр куб ачаа багтана гэж үзээд гаалийн хашаанд байрлах нэг чингэлгийн үнэ 3000 орчим юань, хил дунд хүртэлх тээврийн зардал 4000, нөгөө талд нэг метр куб ачааг чингэлэгт ачих үнэ 1600-1800 юань байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас мэдээж үнэ өссөн нь ойлгомжтой. Өртгийг бууруулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан: “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд бид Хятадын талын төмөр зам хариуцсан албатай холбогдож, Эрээн өртөөнд буулгалтаас суларсан өргөн царигийн вагоноор Монгол руу ирэх импортын ачааг ачихаар зохион байгуулалттай ажиллаж байна. Эрээн өртөөнд буулгалтаас суларсан дунджаар 8-9 галт тэрэг буюу 250-300 орчим хоосон чингэлэг хүлээн авч байна. 

Одоогоор тус өртөөнд хөл хорионы дэглэм тогтоосноор ажиллах хүч байхгүйгээс ажил зогсонги байгаа. Өнгөрсөн 19-нөөс тав хоногийн хугацаанд Эрээн өртөөний өргөн царигийн парк дээр ариутгалын иж бүрэн тоног төхөөрөмж ашиглалтад оруулсан. Нэгдүгээр сарын 26-аас 27-нд шилжих 00.00 цагаас эхлээд галт тэрэг солилцож, хэсэгчилсэн хориг авна. Төмрийн хүдэр, “Эрдэнэт үйлдвэр”- ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхэлнэ. Нэгдүгээр сарын 28- нд Хөх хотын төмөр замын ТУЗийн дарга, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар цахимаар уулзаж, өргөн царигийн вагоноор Монгол Улсад ирэх импортын ачааг ачих үйл ажиллагааг эцэслэн тохирно гэсэн мэдээлэл байна” гэв.

Ачаа, тээврийн зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа. -Замын-Үүдэд ажиллаж буй жолооч нарын ээлжийг хэрхэн солих вэ?

-Ээлж солих тухай тогтоолд 90 хоног гэж заасан. Хэдий хүндрэлтэй ч жолооч нарын ээлжийг солино. Одоо ажиллаж буй жолооч нар маань техник хэрэгсэл, халдвар хамгааллын дэглэмдээ дасаж, мэддэг болсон. Гэтэл ид ажиллаж байхад нь ачаа тээврийн ажиллагаа мэдэхгүй хүмүүс аваад ирэхээр хүндрэлтэй. Техникийн эвдрэл гэмтэл, саатал гарна, цаг их авна. Тиймээс бид солилцоог хэд хэдэн аргаар хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, тухайн тусгаарлалтад байгаа хүмүүсийн саналыг сонсоно. Хоёрдугаарт, бүгдийг нь солихгүй. Эхний сардаа шаардлагатай гэвэл 50 хүртэл хувийг нь солих юм. Хуучин ажиллаж байсан хүмүүсийн 50 хувийг улирааснаар шинэ хүмүүстээ зааж, тэдэнтэй хамтарч ажиллана. Ийн сэлгэж, өртөө маягаар ээлж солих арга хэмжээ авна. Одоогоор сарын дараа буцъя гэж хүсэлт өгсөн найман хүн байна.

-Хятадын талтай хэрхэн холбогдож, ямар асуудлыг нааштай шийдвэрлэж чадаж байгаа вэ?

-Хятадын талтай өдөр болгон холбогдож байна. Шадар сайдын нэгдүгээр сарын 24-ний үүрэг даалгаварын дагуу Хөх хотын худалдаа үйлдвэрийн танхимын хүмүүстэй өнөө, маргаашдаа уулзалт хийх гэж байна. Энд тээвэр зууч, үнэ өртөгтэй холбоотой асуудлаар хэлэлцэнэ. Тийм учраас хийгдэх ажлууд өндөр хэмжээнд болон өдөр тутмын түвшинд ч яригдаж байна. Өдөр тутмын үйл ажиллагааг Эрээн хотод байх консулоор дамжуулж, явуулж буй. Түүний хүчинд чингэлэг тээврийг саадгүй явууллаа. Нөгөө талаар шаардлагатай тоног төхөөрөмжөө бид оруулж ирсэн. Ингэж хоёр талын ажлуудаа харилцан ойлголцож, хамтарч ажилладаг. Тяньжин боомтоос өдөр тутам нарийн царигийн долоон галт тэргээр ачаа хүлээн авч байна. Чингэлгийн тоо хэмжээг өсгөж чадаагүй ч гэсэн урьд нь явж байсан хэмжээнд барьж ажиллана. Урдаас өдөрт 50-70 чингэлэг хүлээн авч байгаа учир цаашдаа энэ талын тээвэр үргэлжлэх болов уу. Нэмж хэлэхэд тэг цэг дээрх талбайн ариутгал, чингэлгийн халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийдэг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна