Монгол Улс авлигын түвшингээр 180 улсаас 110-т жагслаа


-“Transparency International” байгууллага 2021 оны “Авлигын индекс”-ийг зарлав- 

М.ХҮСЛЭН

Олон улсын хүний эрхийн “Transparency International” байгууллага өчигдөр 2021 оны “Авлигын индекс”- ийг танилцууллаа. Берлинд төвтэй тус байгууллага дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаарх олон нийтийн ойлголтын түвшинг харуулсан тайлангаа жил бүр танилцуулж нийтэлдэг.

 Авлигын индексийн тайлангаас харахад, нийт улс орны 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан байна. Ази номхон далайн бүс нутгийн ихэнх орны оноо нь буурчээ. Мөн иргэний эрх чөлөөг зөрчдөг улс орнууд тогтмол доогуур оноо авсанбайна. Энэ жил улс орнуудын сүүлийн арван жилийн авлигын индексийг харьцуулан гаргажээ. Уг судалгаанаас харахад, Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байсан гэнэ. Сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна. Энэ жил ч мөн оноо өөрчлөгдөөгүй аж. Ингэснээр манай улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110-т жагсаж байна. Энэ нь 2019 оноос таван байраар ухарсан үзүүлэлт болжээ. 2019 онд 39 оноотой 105 дугаар байранд жагсаж байв. Харин өнгөрсөн жилийнхээс нэг байраар дээшилжээ. Дэлхий дахинд сүүлийн арван жилийн хугацаанд ихэнх улс авлигын эсрэг эрчимтэй тэмцэж байгаа талаар “Transparency International” онцоллоо. 

Авлигын индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж байгаа. Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн нийтийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үгүйг үнэлдэг. Түүнчлэн хүнд суртал, төрийн алба хаагчдын ур чадвар, сонгон шалгаруулалт, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчид ямар хариуцлага хүлээж байгааг ч харгалздаг. Судалгааг бие даасан байгууллагууд явуулна. Дэлхийн улс орнуудыг 0-100 онооны шатлалаар эрэмбэлдэг. Тэг оноо нь авлига хамгийн их байгааг, харин 100 бага гэдгийг илтгэнэ. Судалгаанд хамрагдсан улс орнуудын гуравны хоёр нь авлигаас ангид гэдгийг харуулах шаардлагатай 50 онооноос доогуур үнэлгээ авчээ. Энэ нь дэлхийн ихэнх улс авлигын ноцтой асуудалтай гэсэн үг аж.

АЛЬ УЛС ХАМГИЙН ИХ АВЛИГАТАЙ ВЭ

 “Transparency International” байгууллагын шинжээчид Дани, Шинэ Зеланд, Финландыг хүн амынх нь дунд хийсэн санал асуулгад үндэслэн хамгийн бага авлигатай улс гэж үзжээ. Дээрх гурван улс тус бүр 88 оноо авсан байна. Тэдний араас Сингапур, Швед болон Норвеги (85) орлоо. Жагсаалтын эхний аравт Швейцарь (84), Нидерланд (82), Люксембург (81) болон Герман (80) багтжээ. Жагсаалтын сүүлийн байранд явж байгаа буюу хамгийн их авлигатай орноор Өмнөд Судан тодорчээ. Тус улс ердөө 11 оноогоор авлигын индексийн жагсаалтын 180 дугаарт оров. 179 дүгээр байранд Сомали (12 оноо), 178-д Сири (13 оноо) жагссан байна. Тэдний өмнө Венесуэл (14), Aфганистан (16), БНАСАУ (16), Йемен (16), Эквадорын Гвиней (17), Ливи (17) болон Tуркменистан (19) оржээ.

БНХАУ 66, ОХУ 136-Д ЖАГСЛАА

Манай урд хөрш БНХАУ 45 оноотой жагсаалтын 66 дугаар байрт бичигдсэн байна. Хятад улс авлигын индексээ 2014 оноос хойш есөн оноогоор нэмэгдүүлж чадсан байна. Харин хойд хөрш ОХУ 29 оноо цуглуулж Мали, Либери, Анголтай хамт жагсаалтын 136 дугаар байрт оржээ. Кремль “Трансперенси Интернэшнл Орос” ТББ-ыг “гадаадын агент” хэмээн үзэж үйл ажиллагааг нь зогсоосон. Тус ТББ-ын ахлах хуульч Григорий Машанов “ОХУ-д төрийн гэрээг хуваарилах, лоббидуулсан хууль батлах, эрх баригчдын ойр дотны бизнесмэнүүдэд илүү ихийг хуваарилах гэх мэт элитүүдийн авлигын түвшин нэлээд өндөр байдаг” гэжээ.

ДЭЛХИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ

 “Transparency International”-ийн мэдээлснээр, 2012 оноос хойш 25 улс авлигын төсөөллийн индексээ сайжруулсан байна. Хамгийн их сайжирсан улс бол Сейшелийн арал. Тус улс жагсаалтад 18 байраар урагшилсан бол, Армени (15) болон Литва (14) улс авлигатай амжилттай тэмцжээ. 

Үүний зэрэгцээ дэлхийн 23 оронд авлигын индекс муудсан байна. Сөрөг үзүүлэлт нь хамгийн их өссөн улс бол Сент-Луис, Кипр, Сири аж. Тэд 13 байраар ухарчээ. Тайланд дурдсанаар, авлига нь ардчилал, хууль дээдлэх ёсонд заналхийлж байна. 2021 онд Турк, Унгар улс авлига нь авторитар засаглалыг бэхжүүлэхэд нөлөөлсөн орнуудын тоонд багтжээ. 

Ямар улсад авлига хэдий чинээ их байна, төдий чинээ хүний эрх хязгаарлагдана гэж “Transparency International” онцлов. Тийм улсын жишээ болгож Никарагуаг дурджээ. Гэхдээ авлигын эсрэг тэмцэлд ямагт хамгийн шилдэг нь байсаар ирсэн ардчилсан орнуудад ч сүүлийн 10 жилийн хугацаанд нөхцөл байдал муудсан байна. 

Тэдгээрт АНУ, Австрали, Канад багтав. Америкийн Нэгдсэн Улс анх удаа Авлигын индексээр жагсаалтын эхний 25-д багтахаа больж, 2021 онд 27 дугаар байранд оров.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна