Шинэ төмөр зам “гологдож” эхлэв


Г.АМАРТҮВШИН

 Энэ сарын 27-нд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээ хийх үеэр суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч осолдов. Гэвч энэ ослыг холбогдох албаныхан тэс өөрөөр дүгнэж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Энхболд "Аж ахуйн ажлын нэг вагоны хоёр тэргэнцэр замаас хазайсан асуудал гарлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар төөрөгдөл үүсгэсэн. Энэ бол осол биш. Төмөр замын хэллэгээр энийг гологдол гэж нэрлэдэг. Шалтгааныг ажлын хэсгийн дүгнэлтийн дараа мэдээлэх боломжтой" гэсэн юм.

Ингээд л хариуцлагаас зугтах бололтой. Ер нь ослыг гологдол гээд нэрлэчихвэл үүрэх ял үгүй болж, учирсан хохирлын хэмжээ ч багасах нь мэдээж.

Тэгвэл энэ төрлийн “гологдол” төмөр замын салбарт хэр олон гарсан бол. Лав 2021 оны хоёрдугаар сард Айраг өртөөний орчимд чингэлэг тээврийн гурван вагон замаас гарч, хажуу шугамын галт тэрэгтэй мөргөлдсөн. 2018 онд Дарханд ачаа тээврийн найман вагон замаас гарч, онхолдсон. Мөн оны наймдугаар сард Айрагийн ойролцоо суудлын 286 дугаар галт тэрэг замаас гарч байжээ.Гэхдээ дээрх тохиолдлуудыг “гологдол” гэж нэрлэсэн үү гэвэл “Үгүй”. Тухай бүрт эдгээрийг осол хэмээн бүртгэж, вагон нийлүүлсэн гэрээ, зам арчилгааны асуудлууд, удирдлагуудад оноох хариуцлагыг хэлэлцэж, зохих журмаар шийд­вэрлэж байсан санагдана. Харин Зүүнбаянгийн төмөр замд вагон онхолдож, замаас гарвал тэр нь осол биш болж таарах нь. Цаашид ч энэ мэтээр хаацайлсаар байх уу.

Гэхдээ ямар шалтгааны улмаас вагон замаас гардаг вэ гэдгийг нэн түрүүнд нягтлах шаардлагатай. Дээр дурдсан жишээнүүдээс харвал хүчтэй аадрын улмаас төмөр замын гүүр усанд автсан, тулгуур дам нуруу доош суусан, он удаан жил ашигласан дэр моднууд муудсан гэх мэт тодорхой шалтгааны улмаас осол гарсан байх юм.

Харин Тавантолгой-Зүүнбаян­гийн замын “гологдол” юуны улмаас үүссэн байж таарах вэ.

 

Хямд ажил, ахиухан цавчаа

Одоогоос гурван жил орчмын өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замыг 2021 оны дундуур ЗТЯ-нд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр жилийн дотор шинэ төмөр замтай болжээ.

Энэ ажилд 10 мянган ажилчин, 1000 цэрэг хөлс хүчээ зориулсан. Ямартай ч ихээхэн нүсэр зохион байгуулалттай, өргөн хүрээг хамар­­сан, ач холбогдол өндөртэй ажил болсон байна.

Гэвч энэхүү яруу алдарт бүтээн байгуулалт дөнгөж туузаа хайчилж, зүгшрүүлэх тээвэр эхлүүлмэгцээ “гологдол” гаргах болсон нь үерийн ус, элэгдэл, насжилтын гэмтэлтэй холбоогүй нь ойлгомжтой. Тэгвэл үүний учрыг төмөр замыг барих ажлын гүйцэтгэл, тэр дундаа зарцуулсан төсөв, гаргасан өртөгтэй нь холбон тайлбарлавал хэрхэх бол.

Шинэ төмөр замын ажлын санхүүжилт төрийн нууцад багтсан гэдэг. Тиймдээ ч үүнтэй холбоотой зарцуулалтын задаргаа хаана ч байдаггүй. Шилэн данс, тендерийн жагсаалтаас хайгаад нэмэргүй. Гэхдээ энэ нууц цаг үргэлж нээлттэй байсаар ирсэн.Багцаа авах гэж оролдъё. Ямар­тай ч шинэ төмөр замтай нэр хол­богддог хүмүүс энэ ажлыг хэмнэлттэй төсвийн хүрээнд хийснээ байнга мэдэгддэг.

Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Энэрэлт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төсөв хэмнэсэн том шалтгаан нь төлөвлөсөн хуга­цаандаа барьж дуусгаж байгаа явдал юм. 2019 оны тавдугаар сарын 24-нд эхлүүлж байсан бол 2021 оны 6 дугаар сарын байдлаар ажил 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явж байна. Худалдан авалтын зо­хион байгуулалтыг хуулийн хүрээнд шинэ журмаар явуулсан нь шуурхай, цаг хэмнэсэн шийдэл болж чадсан. Хэрэв бусад бүтээн байгуулалт шиг тендер зарласан бол цаг хугацаа алдахаас гадна хэл ам, хардлага дагуулах эрсдэлтэй л дээ” гэж дурдсан нь бий.

Чухам үнэндээ тендер зарлал­гүйгээр төсөв зарцуулах гэж л төмөр замын санхүүжилтийг нууц­лаа юу гэмээр байгаа биз. Стратегийн өндөр ач холбогдолтой, эдийн засгийн өгөөж ихтэй, хүнд даацын төмөр замыг асар богино хугацаанд барьсан, шаардлагатай бараа, үйлчилгээг ямар нэгэн шалгуургүйгээр шууд худалдан авсан гэдгийг баттай эх сурвалж ийнхүү мэдээлсэн юм.Мань даргын хэлснээр нэг км замд ойролцоогоор 1.1 сая ам.доллар зарцуулсан гэх. Энэ нь стандарт ханшаас дөрөв дахин бага үнэ ажээ. Зууны бүтээн байгуулалт гэгдээд байгаа ХҮНД ДААЦын төмөр замын дундаж өртгийг дөрөв дахин багасгаснаар төсөв, хугацаа хэмнэж чадсан гэцгээж байгаа бололтой. Бүдүүн тоймоор чанаргүй, халтуурны ажил гэсэн үг.

Дээр нь төмөр замын доод бүтцийг барьсан ЗХЖШ-аас цэргүү­дийг энэ ажилд дайчлахдаа хэрхэн бэлдэж, сургасан нь тодорхойгүй. Барилгын цэргийн анги нэгтгэл ажилласан гэж байгаа ч төмөр замд ажиллаж байсан туршлагагүй хүмүүс тэнд зарим үед ХАБ-ын бэлтгэл ч үгүй ажилласан. Цэргүүдийн нормын бээлий, хамгаалах хувцас ямар чанаргүй, хүртээмжгүй байсныг ар гэрийнхэн нь хэвлэлд мэдээлж байсныг бүгд санаж байгаа биз ээ.

Тэгвэл энэ төслийн нийт санхүүжилтээс 67 тэрбум төгрөгийг зөвхөн Жанжин штабын хэмжээнд машин, механизм худалдан авахад зарцуулсан байх юм. Тэгэхдээ бас л ямар ч шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах гэрээ байгуулж, ажилласан. Тайлбар нь цаг хугацаа, төсөв хэмнэх явдал. Гэвч Жанжин штабын техник худалдан авах гэрээнүүдээс бодит байдал дээр төсөв хэмнэсэн зүйл огт байхгүй гэдгийг харж болно.

Жишээ нь, ЗХЖШ-аас төмөр замын ажилд шаардлагатай өөрөө буулгагч машиныг нэг бүрийг нь 135 сая төгрөгөөр тооцож худалдан авсан байдаг. Гэвч 2019-2020 оны зах зээлийн ханшаар тухайн худалдаж авсан машинтай адил үзүүлэлт, хүчин чадал бүхий машиныг дотоо­дын 2-3 компани нэг бүрийг нь 25-40 сая төгрөгийн хямдаар нийлүүлэх боломжтой байсан. Энэ бол ганц төрлийн техникийн худалдан авал­тын мэдээлэл. Тэгэхээр ЗХЖШ-ыг техникжүүлэх 67 тэрбум төгрөгийн зарцуулалтыг цэвэр гэж итгэхэд бэрх.

 Төмөр замын бузрыг уудалъя

Ерөнхийдөө Тавантолгой-Зүүнбаян­гийн төмөр замын асууд­лыг мөшгин сурвалжлахад гарсан мэдээлэл, баримтуудыг нэг удаа­гийн нийтлэлээр бичиж дуусгах боломжгүй юм. Дээр дурдсан тоо баримтууд бол илэрхий шахам асуудлууд. Тиймээс бид чамгүй хугацаанд төмөр замын ажлыг мөшгин сурвалжилж, хэд хэдэн ноцтой баримт олсноо цувралаар нэгд нэгэнгүй хүргэх болно.


5
0
0
0
3
4

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.188
    2022/04/02

    За асар их зардал гаргаад 2 удаа хийх юм болох вий дээ. Эх орон ч сэтэгхүйгээр хандаад 1 бүтэлтэй юм хийчихгүй дээ.

    Хариулах
  • 192.82.68.146
    2022/04/02

    Ардчилал энэ замыг барьсан бол ямар ч гологдол гарахгүй.у Учир нь түүнийг огт барихгүй зөвхөн барих мөнгийг нь идэх байлаа.

    Хариулах
  • 64.119.19.165
    2022/04/02

    Төмаи зам, замын дедо ажлаа хийгээгүй л баына ш дээ, төмөр замын холбоосыш байнга шалгаж эрэг боолтын чангалж засаж байх ёстойг мэддэг баймаар юм даа.400 км замын 100 км-т нь зам төмриын тэнцвэржүүлэлтийн шалгалт хийсэн гэхээр юу гэж ойлгох вэ? Ажлаа хийгээгүй УБТЗ, ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ САЙД ХАЛТАР нарт ямар хариуцлага үүрүүлэх вэ? Нам гэж солиорох оо болиорой.

    Хариулах
  • 202.126.89.201
    2022/04/02

    Юу ч хийж чадахгүй мөртлөө хийснийг гоочилно, өөлнө, гутаана, мохооно, унтраана. Сайжруулах аргаа бодцогоомоор

    Хариулах
  • 103.26.195.252
    2022/04/01

    Тавантолгой төмөр зам, хөдөлмөрийн баатрууд но ой шүү

    Хариулах
  • 122.201.21.213
    2022/03/31

    Гологдол гэсэн үг чанаргүй хийсэн л гэсэн үг биз дэ.

    Хариулах
  • 192.82.69.48
    2022/03/31

    Угаасаа гологдол гэдэг шдээ

    Хариулах