Шимизү Күнитошиг япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элчээр өргөмжлөлөө


Г.АТАРБОЛД 

Энэ онд Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч”-д өргөмжлөл гардуулах ёслол боллоо.

“Таван Богд вашёкү” компани, Нагоми япон хоолны рестораны гүйцэтгэх захирал Шимизү Күнитошид “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” өргөмжлөлийг Японы Элчин сайдын яаманд гардуулан өгсөн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон албаны хүмүүс уригдан оролцлоо.

Японы Элчин сайд Х.Кобаяши “Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яамнаас япон хоол болон япон хоолны соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцон зөвлөгөө өгдөг япон хоолны тогооч нарыг “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч”-ээр өргөмжилж, хоолны соёлын гайхалтай онцлог талуудыг олон улсад сурталчлан таниулж байна. “Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч” хэмээх өргөмжлөлийг 2015 оноос хойш олгож өдгөөг хүртэл дэлхийд нийт 173 хүн энэхүү өргөмжлөлийг гардан аваад байна. Монголд энэхүү өргөмжлөлийн анхны элчээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Нагоми япон рестораны гүйцэтгэх захирал Шимизү Күнитоши тодорлоо” гэв.

Япон хоолыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх элч Шимизү Күнитошийн хувьд Японы “Шинжюүкү хорикава”, “Мэгүро кажёэн” зэрэг нэр хүндтэй ресторанд ажиллаж байжээ. 2006 онд Монгол Улсад ирж, Кемпински зочид буудлын Сакура япон хоолны ресторанд ерөнхий тогоочоор ажиллаж байв. 2010 онд “Мираж” рестораныг нээн ажиллуулснаас хойш “Сакура тэппан яки” ресторан, “Нагоми” рестораныг нээжээ. Түүнчлэн 2014 оноос дээрх  таван рестораныг нэгтгэн хариуцах “Таван богд вашёкү” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Шимизү Күнитоши “Анх Монголд ирэхэд намайг хоол хэр сайн хийдэг талаар манай захирал мэдэхгүй учир миний хоолны чадварыг шалгахаар Элчин сайд Х.Кобаяши болон хэд хэдэн хүнийг урин авчирч байсныг тодхон санаж байна. Хэрвээ тухайн үед Х.Кобаяши сайд “яахав дээ л амттай юм” гэж хэлсэн бол одоо би энд зогсож байхгүй болов уу. 2009 онд Монгол эхнэртэй болж, өдгөө 11 нас, 9 настай хоёр хүүхэдтэй болон Монголд амьдраад 16 жил өнгөрчээ. Эргэцүүлээд үзэх юм бол амьдралынхаа гуравны нэгээс илүү хувь, нийт ажилласан жилийнхээ талаас илүүтэй хугацааг Монголд өнгөрүүлсэн байна. Монголчуудад маш их талархаж явдаг ба миний хоёр дахь эх орон. Цаашид япон хоолыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх элчийн хувьд Япон Улсын бахархал болсон япон хоолны энэ сайхан соёлыг монголчууддаа хүргэхийн төлөө чадах бүхнээ хийхийг хүсч байна” гэлээ.

Япон хоолыг “Вашёкү” гэж хэлдэг бөгөөд 2013 онд Японы уламжлалт хоолны соёл нь ЮНЭСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Япон хоол нь өөрсдийн өвөрмөц шинж  бүхий хөгжилд хүрсэн бөгөөд амт чанар, ур чадвар гарган хоол хийх нь япон хоолны онцлог.  

Шимизү Күнитоши нь япон хоолны рестораныг нээн ажиллуулаад зогсохгүй зөвхөн япон хоолонд хэрэглэгдэх онцлогтой хоолны орц материалыг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэж, япон хоолны мөн чанар, соёлыг өргөн хүрээнд утга төгөлдөр илэрхийлж, рестораны үйл ажиллагааг олон хэлбэрээр тогтвортой явуулж байгаа юм.

Энэ үеэр Шимизү Күнитоши японы хамгийн алдартай хоол сүшийг хийх аргыг танилцуулсан юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.197
    2022/05/13

    Япончууд хоолоо л сурталчилна биз. Оросуудыг гадуурхах эрх тэдэнд байхгүй.

    Хариулах