Хөгжлийн банканд нэр холбогдсон гишүүд АТГ-т шалгуулахаа мэдэгдэв


Хөгжлийн банкны зээлд холбогдсон намын гишүүдээ хуулийн байгууллагаар шалгуулахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үүрэг болгосон билээ. Энэ чиглэлийн дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт,  А.Сүхбат, Ц.Гарамжав Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарыг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон билээ. Тэгвэл МАН-ын ЕНБД болон Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дээрх гишүүдийн зарим нь биелүүлж, АТГ-д шалгуулахаа мэдэгдээд байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам АТГ-д өөрийгөө шалгуулах өргөдөл гаргаснаа цахим орчинд нийтэлсэн юм. Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өөрийгөө шалгуулах хүсэлтийг өчигдөр Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ. Миний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, 2018 онд бүрэн төлж барагдуулсан. Тухайн зээлийг авч байх үед би УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байсан” гэх тайлбарыг хийсэн юм.Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Би өөрийгөө шалгуулна гэдгийг өмнө нь мэдэгдчихсэн байсан. Гуравдугаар сарын 23-нд МАН-ын Хяналтын хорооноос гарсан бичгийн дагуу шалгуулахаар материалаа бэлдэж байна. Асуудал байхгүй шалгуулна. Зээлд нөлөөлөөгүй. Нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан техник урсрах ажилчид нь ирээгүй байгаа юм билээ.  Үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнэ баруун бүс нутаг буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийд хямдрах байх. Тэр төслийг хэн ч авч хэрэгжүүлж болно. "Вестерн Холд" компанийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа” тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням “Би өөрийнхөө сошиал хаягаар мэдээлчихсэн. Шалгуулна. Асуудал байхгүй. Яагаад өнөөдрийг хүртэл хүлээж байсан бэ гэвэл миний ойлгосноор авлигалтай тэмцэх байгууллага хууль хяналтын байгууллагууд нэр дурдагдсан байгууллагыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Шалгаад хамаатай байгаа эсэхийг гаргаад ирнэ биз гэж хүлээж байгаа. Намайг АТГ дуудаагүй байна. Дуудвал очиж хариултыг нь өгнө. Хамтарч ажиллана, мэдээллээ өгнө. Тэр бол иргэн Г.Дамдинням байх үеийн асуудал шүү дээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням биш. Иргэн хүн бизнес хийж болно. Гэхдээ тэр үед тус компанийн хоёр хувийг авчихсан байж байгаад болилоо гээд буцаагаад өгсөн. Нууж хаагаад, зугтаад байх юм байхгүй. УИХ-ын гишүүн байж байгаад зээл авсан бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай. Энэ зээлийг зориулалтын дагуу аваад татвар төлөөд явж буй компаниуд цар, тахал, хил хаалттай нөхцөлд бизнес нь хүндэрсэн байвал харж үзэх ёстой. Жинхэнэ бизнесээ дэмжих ёстой” гэсэн тайлбар хийсэн юм.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна