Ш.Ичинхорлоо: Боловсролын салбарт философийн мэдлэгтэй хүмүүс ховордож байна


Г.АТАРБОЛД 

Шинжлэх Ухааны Академиас “Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Энэ үеэр боловсролын философийн асуудал, тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор (Ph.D), профессор Ш.Ичинхорлоотой ярилцлаа.

 -Боловсролын философи гэдэг ухагдахуунд юуг ойлгох вэ?

-Монгол Улсын Боловсролын их сургууль нь багш, боловсролын мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа явуулж буй томоохон байгууллагын нэг. 2015 оноос эхлэн Боловсрол судлал арга зүйн тэнхимээс боловсролын салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх “Боловсрол судлаач”-ийн анги нээж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ ангид суралцаж буй оюутан багш бэлтгэх ангиудад үздэггүй боловсрол судлалын олон хөтөлбөрийг судалдгийн дотор “Боловсролын философи” багтдаг. Тус хөтөлбөрийг 5-6 жил хэрэгжүүлж, зааж байна. Боловсрол судлаачийн мэргэжлээр суралцаж буй оюутан ирээдүйд боловсролын салбарын аль ч хэсэгт ажилласан боловсролтой холбоотой олон зүйлийг философийн байр сууринаас авч үздэг болох юм.ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Ирина Бокова “Унших, бичих, тоо бодох чадвартай болгохоос цаашлаад шударга ёс, нийгмийн тэгш байдал, эв нэгдлийн үзэл санаанд сургахад анхаарлаа хандуулах шаардлагатай. 

Хүн төрөлхтний түгээмэл шинж чанар болох тэгш эрх, нийгмийн шударга ёс, соёлын олон төрлийг хүндэтгэх, олон улсын эв санааны нэгдэл ба хамтын хариуцлага дээр үндэслэсэн илүү сайхан ирээдүйг бий болгох, хүний эрх, нэр төрийг эрхэмлэх, ядуурлыг бууруулж, тогтвортой байдлыг гүнзгийрүүлэх хүчтэй хөдөлгөгч хүч боловсролоос өөр байхгүй” гэж онцлон хэлсэн байдаг. 

Боловсрол гэж юу болохыг зөв ойлгох нь чухал ач холбогдолтой. Боловсролын тухай бараг анхны тодорхойлолтыг Германы эрдэмтэн Александр Фон Гумбольдт өгч “Хүн зөвхөн өөрийн хүч, идэвхи чармайлтаар л амьдрах  орчноо эзэмдэх бөгөөд боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц” хэмээсэн. Мөн социологийн нэвтэрхий толь бичигт “Боловсрол гэдэг бол нийтлэг үзэл бодол, ёс зүй, ёс суртахууны үнэт зүйлс, түүх соёлын уламжлал бүхий хүмүүсийн томоохон бүлэг болох социумын нөхөн үйлдвэрлэл, хөгжил, үйл ажиллагааны тогтолцоог хангах үүрэг” гэж тодорхойлсон. 

Философи хэмээх нэр томьёог явцуу, өргөн гэсэн хоёр түвшинд ойлгож болно. Тухайлбал, философи явцуу утгаараа хувь хүн ертөнцийн юмс үзэгдлийн талаар зохих мэдлэг, туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн үзэл, бодол, байр суурь, итгэл, үнэмшилтэй болох үйл явц. Өргөн утгаара ертөнцийн юмс үзэгдлийг судалж тайлбарласан төрөл бүрийн онол, үзэл баримтлал, хандлагыг судлах ухаан. Эндээс үзвэл, боловсрол, философи гэсэн нэр томьёог хувь хүнтэй холбоотой явцуу утгыг ашиглах нь оновчтой гэж үзэж буй юм.“Боловсролын философи” хичээлийн зорилго бол оюутан боловсролын үзэгдлийн талаар суурь ойлголттой болох, боловсролын үзэгдэлд философи дүгнэлт хийх арга барил эзэмшинэ хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр зорилгыг өнөөгийн өндөрлөг, бодит хэрэгцээг үндэслэн, эргэн харвал түүнд дутуу зүйл байна. Тухайлбал оюутнууд тус хичээлийг судалсан ч тэдэнд өргөн цар хүрээ бүхий философи сэтгэлгээний арга барил үгүйлэгдэж байгаа нь хичээлийг заах явцад тодорхой болсон. Хүний тухай мэдлэг, хүний ухамсар, оюун санааны тухай үзэл, онол, хандлагыг тусгах хэрэгтэй. Жишээ нь, дорно болон өрнө дахины ямар үзэл, онол, хүний өдөр тутмын амьдралыг зохицуулсан нийтлэг олон талын ямар мэдлэгийг тусгах вэ гэх асуултад хариулах нь чухал. Мөн дорно, өрнө дахины олон үзэл, онол байгаагаас алиныг нь гол болгох вэ гэдэг бэрхшээлтэй, мэргэжлийн хүмүүсийн оролцоо шаардсан ажил бий. Дараагийн асуудал бол цаг хугацааны хувьд хэдий үеэс эхлэн үзэл, онолыг хөтөлбөрт яаж тусгах вэ гэдэг үндэслэлтэй шийдэх зүйлийн нэг. “Боловсролын философи” хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ёс зүйн асуудлыг тойрч болохгүй тал байна. Ингэхдээ ёс зүйг хөтөлбөрт онолын талаас нь тусгах уу эсвэл хэрэглээний талаас нь тусгах уу гэдэг бодох л зүйл. Ер нь ёс зүйг бодит амьдралд философи гэсэн талаас нь авч үзвэл олон шашны үзэл, санаатай тулгардаг тул эдгээрийг хэрхэн тусгах вэ, ямар зарчмыг үндэс болгох вэ зэрэг асуултад хариулах шаардлага гарна. Эндээс харвал хичээлийн агуулгад юу тусгавал оюутан ул суурьтай боддог, тунгаадаг, эргэцүүлдэг болох вэ, аливаа үзэгдэлд философийн байр сууринаас ханддаг болох вэ, бэлэнчлэх хандлагаас салж, өөрийн шийдэл хайдаг, дэвшүүлдэг болох вэ, юмс үзэгдлийн талаар өөрийн байр суурь, үзэл бодолтой болох вэ зэрэг асуултууд тавигдсаар байна.

-Агуулгыг сайжруулахын тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Хандлагын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Боловсролын философи гэдэг хичээлийнхээ агуулгыг барууны гэхээсээ илүү дорно дахин руу эргүүлж, мэдлэг, туршлагыг илүү тусгах нь зүйтэй болов уу. Монголынхоо уламжлалт мэдлэгээ мөн тусгах хэрэгтэй. Монголд сүүлийн 200-300 жил боловсролын философид хамаарах олон хүмүүс байдаг. Ихэнх нь шашны боловсролтой, бүтээлүүд уйгар бичиг дээр бий. Үүнийг сүүлийн үед крилл бичиг руу хөрвүүлээд олон ном бүтээл гаргалаа. Жишээлбэл, То вангийн сургаал, Говийн хутагт Данзанравжаагийн сургаал зэрэг бүтээл нь тэр чигээрээ Монголын боловсролын философи юм. Хүн байх тухай мэдлэг, сургаал, үзэл санаа байдаг. Улс орон бүр боловсролын философитой. Монгол Улс ч боловсролын философитой байсан. Сүүлийн жилүүдэд барууны философийг хуулбарлаж авч байна. Өөрсдийн гэсэн философийг сэргээж боловсролын системдээ ашиглах зайлшгүй шаардлага байна. Монголчуудын өнөөдрийн боловсролд үзэл баримтлал алга. Энэ бол ор үндэслэлтэй үг. Долдугаар ангийн хүүхэд 22 төрлийн хичээл үзэж байна гэдэг нь бидэнд үзэл баримтлал байхгүйн илрэл. Хэрвээ хүүхдийг өөрийн гэсэн үзэл баримтлалдаа нийцсэн боловсорсон монгол хүн болгоно гэвэл ердөө найман хичээл үзээд, сонгон судлах өөртөө мэргэжил, мэдлэг олж авах нэмэлт хичээлийг үзэхэд хангалттай. Энэ бүгдийг хийхэд тийм ч хэцүү биш. 

Тиймээс үзэл бодол, хандлагын өөрчлөлт, шилжилт хийхгүй бол үр дүн гарахгүй. Дэлхийн хөгжил, хандлага хаашаа явж байна түүнийг сайн олж харах ёстой. Зөвхөн математикийн багш гээд нэр томьёо заагаад байх биш математикийг яаж хэрэглээний болгох уу, амьдралд ямар тустай, хүний хөгжилд ямар өөрчлөлт авчрах вэ гэдэг өнцгөөс харвал хүүхдэд хэрэгтэй хичээл болно гэсэн үг. -Монголын боловролын хөгжлийн үе шатыг юу гэж харж байна вэ?

-Монголын боловсрол нэг цэг дээр зогсоогүй. Муу гэж хэлэхгүй. Удаан ч гэсэн өөрчлөгдөөд, сайжраад явж байна. Гэхдээ тохиромжтой загварт хүрэх болоогүй. 

Зарим зүйлээ өөрчилж чадахгүй, мэдлэг, зориг хүрэхгүй нэг цэг дээрээ зогсоод байна. Эзэнгүй асуудлууд олон бий. Тиймээс эзэнжүүлж, судалж, шийдвэрлээд явбал хурдан сайжрах бүрэн боломжтой. Хэрвээ монголын боловсролд үнэлгээ өг гэвэл “-B” тавина. Боловсролын асуудал нь, нэгд, хүнтэй холбоотой, хоёрт, эдийн засагтай холбоотой хүчин зүйлүүд байдаг. Жишээлбэл, Багш нартаа доод тал нь сая 500 мянган төгрөгийн цалин өгөөд, хариуцлагажуулаад, мэдлэг боловсролыг нь хөгжүүлээд явбал манай боловсролын систем сайжрах нөөц боломж маш их бий. Багш нар цалин бага учир мэргэжлийнхээ номноос өөр боловсрол судлал, боловсролын философи, өргөн хүрээнд хэрэглэх номыг худалдан авч чадахгүй байна. Хичээл гэдэг бол зөвхөн математикийн мэдлэг олгох биш, бие дааж сургах арга барил эзэмшүүлэх, мэдлэг, чадвар олгох, хүн болгож төлөвшүүлэх ёстой. Энэ чиглэлийн мэдлэг нь дутуу харагдаад байдаг.

-Таны ярианаас боловсролын салбарт боловсролын философийн мэдлэгтэй хүн дутагдаж байна гэж ойлгож болох уу?

-Шуудхан хэлэхэд боловсролын салбарт философи, боловсролын философийн суурь мэдлэгтэй хүмүүс ховордсоор байгаа нь тун харамсмаар. Багш нар монгол хэл, математик, биеийн тамир гээд мэргэжлийн өндөр мэдлэгтэй боловч хүүхэдтэй, хүнтэй ажилладаг гэдэг утгаараа тэдний хүний тухай мэдлэг хангалтгүй талдаа. Жишээлбэл, ЕБС-ийн ямар ч багшаас “Танд философийн холбогдолтой ном, сэтгүүл бий юу?” гэж асуувал тэд их гайхаж,  байхгүй гэж хэлнэ. Үүнийг үндэслэн хүн хүнтэй харьцдаг мэргэжлийн нэг болох багш нар хүний тухай суурь ойлголт тун бага гэж хэлэхэд хилсдэхгүй. Иймд боловсролын салбарт ажиллаж буй хүн бүр боловсролын философийн суурь мэдлэгтэй байх хэрэгцээ байна. Суурь мэдлэгт хүний тухай ойлголт, хүний ухамсар, оюун санааны тухай дорно, өрнө дахины эртний болон өнөө үеийн суурь мэдлэг, үзэл, хандлагыг багтаан ойлгож болно.Багш бэлтгэж буй улсын, хувийн их, дээд сургуулийн нийт оюутан “Боловсролын философи” гэсэн судлагдахууныг огт судалдаггүй. Иймээс сурган хүмүүжүүлэх мэргэжлээр суралцдаг бүх оюутан дээрх судлагдахууныг заавал судалдаг байхыг сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Боловсролын философийн мэдлэгийг яаж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх вэ?

-Энэ ажлыг цөөн хэдэн багш, судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг, гарын авлага бичиж нийтлүүлэх зэргээр хязгаарлаж болохгүй. Их, дээд сургуульд сурдаггүй, ажил хөдөлмөр эрхэлж буй болон эрхэлдэггүй хүмүүсийн оюун ухаанд боловсролын философийн суурь ойлголтыг яаж суулгах вэ, өнөөгийн монгол хүний оюун санааны үнэт зүйл юу байх вэ гэдгийг судалж дахин тодорхойлон бүх нийтэд хүргэж, ул суурьтай хандах хэрэгтэй. Учир өнөөгийн хүмүүст буй шунал, атаархал, туйлшрал зэрэг зан чанарыг багасгахад яаж туслаж, дөрөв, тав дахь хэмжээст ертөнцөд шилжин амьдрахад ихэд хэрэгтэй юм. Боловсролын философийг хялбаршуулж олон нийтэд хүргэснээр хүн түүнийг өөрийн болгож цаашид яаж амьдралдаа хэрэглэх талаар судалж, танин мэдэх боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол боловсрол гэх 10 янзын тодорхойлолт байгаад ч нэмэргүй.-Боловсрол, шинжлэх ухаан хоёрын харилцан хамаарал манайд ямар байна гэж харж байна вэ?

-Шинжлэх ухаан гэдгийн цаана юуг ойлгож байна вэ гэдгээс их шалтгаална. Жишээлбэл, математик, философийн шинжлэх ухаан гээд ярьвал тэнд маш олон онол, хандлага бий. Манай улс академик боловсрол хүчтэй хөгжсөн уламжлалтай. Оюуны чадавхитай мөртлөө түүнийгээ хэрэглээ болгож чаддаггүй. Шинжлэх ухааныг 50 хувиас бууруулахгүй, хэрэглээ, чадвар төлөвшүүлэх, хийж бүтээх зүйл нь 50 хувьтай байвал зохистой байна гэж үзэж байна. Гэтэл манайд шинжлэх ухаан нь давамгайлж, онол, практик нь тун бага хувийг эзэлдэг. Миний хувьд сургалтандаа шинжлэх ухаанд ямар нэр томьёо, тодорхойлолт, үзэл, хандлага байдаг вэ гэдгийг оюутандаа танилцуулаад практик, дасгал хийлгээд явдаг. Онол, практикийн харьцааг 50, 50 хувьтай аваад явж болно. Тиймээс бид нэгдсэн ойлголтод хүрч нэг чиг рүү явж байж үр дүн гарна. Одоогийн эрх зүйн баримт бичигт асар их хоцрогдол бий.

Шинэчилж байгаа хуулийн төслийг авч үзэхэд “олгоно, заана” гэсэн багш төвтэй хандлагаар бичсэн байдаг. Өнөөдөр суралцахуйн хандлага сурагч өөрөө бие дааж сурах гэдэг зүйл хуулийн томьёололд ороогүй байх жишээний. -Монгол Улсын ирээдүйн хөгжил монгол хүнээс шууд хамааралтай. Боловсорсон монгол хүнийг бүтээхэд манай боловсролын тогтолцоо үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Монгол Улс дэлхий нийтийн жишгээр 1996 онд албан ба албан бус боловсролын тогтолцоог авч хэрэглэсэн. Боловсролын тухай хуульд Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ. Агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна гэж заасан. Тогтолцоог сургууль, цэцэрлэг, байгууллагын тогтолцоо гэсэн явцуу утгаар ойлгодог. 

Гэтэл тогтолцоо гэдэг бол өргөн утгатай ойлголт. Ялангуяа агуулгын тогтолцоо манайд хамгийн их асуудалтай. 13 настай хүүхэд 20 гаруй төрлийн хичээл үзнэ гэдэг чинь тогтолцоо буруу байгаагийн шинж. Үзэл баримтлалаа тодорхой болгож боловсорсон монгол хүнийг бүтээх тэр чиглэл рүү зорих  хэрэгтэй. Ирээдүйд Монгол Улсын хөгжлийг авч явахад залууст ямар мэдлэг, чадвар, хандлага хэрэгтэй вэ гэдгийг урьдчилж харж, тогтоож чиглүүлэх ёстой.Өнөөдрийн зааж байгаа хичээлүүд Монгол орныг хөгжүүлж явч явах хүнийг төлөвшүүлж чадахгүй байна гэж хардаг. Мэдлэг эзэмшдэг боловч чадвар, дадал, хандлага нь хангалтгүй. Ялангуяа, бүтээлч, уян хатан чадварын тухай судалж багш нэг бүрт нарийн ойлголт өгөх хэрэгтэй. 

Бодит байдал дээр хөтөлбөрийнхөө дагуу хичээлээр шахаж бусад зүйлийг нь орхигдуулдаг. Цэцэрлэг, их, дээд сургуулийн хичээлийн агуулга нь харьцангуй сайн бол суурь, дунд боловсролын агуулга төдийлөн хангалттай бус. Эцсийн үр дүнд ямар монгол хүнийг бий болгох вэ гэдэг асуудлыг боловсрол болон философийнхон судалж тогтоох ёстой.      

-Z болон альфа үеийнхэнд боловсролын тогтолцоо хэрхэн нөлөөлөх вэ?

- Сүүлийн үеийн Z болон альфа үеийнхэн хувьд технологитой цуг өсөж, хөгжиж буй тэс өөр хүүхдүүд. Тэд мэдээлэл олох, боловсруулах чадвар сайн. Харин тэдэнд харилцааны чадвар, хүнийг ойлгох, хайрлах, нинжин сэтгэл үгүйлэгддэг. 

XXI зууны эхэн үед бэлтгэгдсэн багш нарын хичээл заах арга барил, агуулга огт тохирохгүй байгаа юм.  Манай боловсролын системийн маш олон зүйл гологдож байна. Z болон альфа үеийнхэнд тохирсон боловсролын системийг бий болгох шаардлага тулгарсан. Сүүлийн 30 жил сэтгэлгээний хуучин хандлага, хүнд суртал, явцуурал, улс төр, гадны зүйлийг сайн гэж шүтэх, өөрсдийн үнэт зүйлийг үгүйсгэх зэрэг нь боловсролын системд саад болж буй гол хүчин зүйлүүд болоод байна.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.


2
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    I am Nathalia from United States i just want to use this medium to appreciate Venkata bhavin organ specialist hospital india that bought one of my kidney as a result of the financial difficulty i was then i am a mother of 3 kids a friend of mine mrs rita gave me to contact this hospital in India that they are genuine buyer of kidney via their email: DR.LUCIENPYE.CLINIC@ GMAIL.COM WHATSAPP: +19083082601 well to shorting my testimony they bought my kidney and paid me $800,000usd and now i am a wealthy business woman and my children are living happily fine and we have enough to live on thank God i sold my kidney to the venkata hospital, here is my number for the benefit of doubt 393746202 and my advise to interested donor should not sell their kidney to unexperienced hospital regards Mrs Nathalia from United States

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Уяа! АНУ-ын Astra Shipping Express компани агент ажилд авна долоо хоног бүрийн төлбөртэй төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ $24,000 - $48,000 Сар бүр сонирхож буй хүмүүс тэдэнтэй холбогдоно уу INFO@ASTRAEXPRE SSSHIPPING.COM төлбөр нь маш сонирхолтой, учир нь та гэрээсээ ажиллах боломжтой.

    Хариулах