"Бидний дурсамж дахь Гейша"


Б.ЛХАГВА

 Арван жилийн дотор зөвхөн Жан Зы И л алдартай болсон                    Жэки Чан


Жүжигчин Жан Зы И болон түүний найз Лю Е нар Төв драмын сургуульд сурч байхдаа ангийнхаа хамгийн бага нь байжээ. Тэд нэгдүгээр курсийнхээ эхний жилдээ бүх шалгалтдаа тэнцээгүй аж. Багш нар нь тэднийг "тогорууны сүүл" гээд “улирлын эцсийн гүйцэтгэлээ тайлагнахдаа тэнцэхгүй бол сургуулиа орхи” гэж хэлсэн байна. Охид үүнийг сонсоод уйлжээ. Орой нь тэр хоёр дисконд орж Жан Зы И Лю Е рүү харан “бид ирээдүйд маш алдартай болно, тэр үед дахиж дисконд ороход мэдээж өөр байх болно” хэмээн нухацтай хэлсэн гэнэ. Арван жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст Жан Зы И "Олон улсын киноны хатан” нэрийг хүртсэн билээ.

Хятадын кино жүжигчин Жан Зы И 1979 оны хоёрдугаар сарын 9-нд Бээжин хотод төрсөн. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн эмэгтэй жүжигчний нэг билээ. Аав Жан Юансиа нь харилцаа холбооны товчооны ажилтан бол ээж Ли Жоушен нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Тэрбээр өөрөөсөө хэдэн насны зөрүүтэй ахтай байжээ. Жан Зы И төрөлхийн бие султай хүүхэд байсан тул ээж нь багаас нь бүжиг, гимнастикийн дугуйланд явуулж, Хүүхдийн ордны бүжгийн сургалтад бүртгүүлжээ. Үеийнхэн дундаа хамгийн намхан, турьхан охиндоо эцэг эх нь ихэд санаа зовдог байв. Гэвч охин 11 настайдаа Бээжингийн бүжгийн коллежид элсэн орж, бүжгийн авьяасаа нээж, дөрвөн жилийн хугацаанд коллежийнхоо шилдэг нь болов. Аав нь үүнийг сонсоод баярлаж, хамаатан саднаа хоолонд урин охиноо мэргэжлийн бүжгийн сургуульд элссэн гэж бахархан ярьжээ. Энэ үед Жан Зы И мэргэжил гэж юу байдгийг ойлгоогүй ч аав нь түүнийг хүлээн зөвшөөрч байгааг хараад ойлгож эхэлсэн байна.

Тэрээр сургуульд сурах хугацаандаа долоо хоногт нэг өдөр гэртээ харина. Гэртээ очихын өмнө охин сургуулийн номын сангаар орж хадгалсан хоёр юанаараа, Холливудын кино бичлэгийг зээлж авдаг байжээ. Хэдий тэрээр нас бага киног төдийлөн сайн ойлгодоггүй ч эцэг эхтэйгээ хамт сууж, адилхан мэдрэмжид автах дуртай байсан гэнэ. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй “Тэдэнд надтай хамт гарч тоглох, хамаатан садантайгаа зугаалах цаг байгаагүй. Тиймээс би аавтайгаа кино үзэхийг хүсдэг байв. Аав минь кинонд дуртай, үйл явдал нь хэрхэн өрнөж байгааг тайлбарлаж өгнө. Би баатруудын хоорондын харилцааг олж мэдэхийг хүсэж аав надад хэлж өгдөг байсан" хэмээн дурссан удаатай.

Сургууль нь маш хатуу бөгөөд хэрэв нэг улиралд хоёр хичээлийг гурван оноотой (дээд тал нь таван оноо) дуусгавал хуучин сургууль руу буцаана гэжээ. Жан Зы И үүнийг сонсоод их айж, хуучин сургуульдаа явах нь ичмээр хэрэг гэж боджээ. Ийнхүү тэрээр сургуульдаа тэнцэхийн тулд нууцаар түлхүүр авч, шөнө дунд бэлтгэлийн өрөө рүү орж, багш түүнийг олоод хөөж магадгүй тул гэрлээ асаалгүй бэлтгэлээ хийдэг байв. Цонхоор сарны гэрэл тусах хүртэл сунгалт хийж, өвдөж байсан ч 40 минут үргэлжлүүлнэ. Дасгалаа дуусгасны дараа Жан Зы И мэдээ алдаж, өвдөлт мэдрэхээ больсон хөлөө нулимс дуслуулан буцаан татдаг байж. Энэ талаараа тэрээр “Би ангийнхаа шилдэг нь биш, гэхдээ би хамгийн сайн байхыг хүсдэг” хэмээн хэлжээ. Хэдийгээр бүгд түүнийг бүжигчин болно гэж таамаглаж байсан ч Жан Зы И жүжигчин болохоор шийдэж, 1996 онд 17 настайдаа Хятадын драмын төв академид оров. Энэ сургуулийг Хятадын хамгийн шилдэг урлагийн сургууль гэж үздэг аж. Мөн ондоо Хятадын орчин цагийн нэрт найруулагч Жан Имоугийн бүтээсэн шампунийн рекламд санамсаргүй зураг авахуулсан нь тэдний уран бүтээлийн эхлэл байсан гэдэг. Тухайн үед охин шампунийн рекламд тоглоогүй боловч Жан Имоу түүний ур чадварыг анзаарч, 1999 онд “Гэртээ харих зам” киноныхоо гол дүрийг өгсөн юм. Уг кино үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, Жан Зы И 2000 онд шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Гэвч амжилтын хажуугаар түүнийг найруулагч Жан Имоутой амрагийн холбоотой тухай яриа дэгдээд амжсан билээ. Харамсалтай нь шар хэвлэлүүд тэдний дурлалыг баримтаар нотолж чадаагүй юм.

“Гэртээ харих зам” киноноос Жан Зы И-г олж харсан Оскарын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны Ази найруулагч Ан Ли 2000 онд “Гэтэж буй бар, хүрхрэх луу” кинонд түүнийг урьсан юм. Чоу Юньфат, Мишель Йео нарын Хонконгийн нэрт жүжигчидтэй хамтран тоглосон тус кино жинхэнэ шуугиан тарьсан бүтээл болов. Тулааны урлагийн талаар өгүүлэх уг кино 2000 онд 17 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 213,5 сая ам.долларын орлого олсон. Зөвхөн АНУ-д 128 сая ам.долларын ашиг олсон төдийгүй 2001 онд Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Оскарын наадмын шагнал авсан юм. “Гэтэж буй бар, хүрхрэх луу” киноны ачаар Жан Зы И-д Холливудын киноны үүд нээгдсэн гэхэд болно. Тухайн үед “Time” сэтгүүл түүнийг “Холливудад авчирсан Хятадын бэлэг” хэмээж байв. Ингээд жүжигчин бүсгүйд олон найруулагчаас санал ирсэн ч хүлээж аваагүй аж. Учир нь тэд нэг бол тосгоны охин, эсвэл хүний наймааны золиос болсон хөөрхий хятад бүсгүйн нэгэн хэвийн уйтгартай дүр санал болгосон аж. Харин жүжигчин тэс өөр дүр бүтээж, өөрийгөө юу чаддагийг харуулахыг хүсч байв. 

2001 он Жан Зы И-гийн хувьд сэргэн мандлын жил байжээ. Тэр жил Жан Зы И Жэки Чан, Крис Такер нарын хамт тоглосон “Оргил цаг-2” киногоор МТВ кино наадмаас шилдэг тулаантай кино төрөлд шагнал авсан билээ. Энэ нь түүний Холливудад бүтээсэн анхны кино атал бүсгүй “Би дахин “Оргил цаг” шиг адал явдалт кинонд тогломооргүй байна. Тийм дүр надад ганц л байхад хангалттай” гэсэн юм. Ийнхүү шуугиан дэгдээж, Азид буцаж очсоны дараа Жан Зы И уран бүтээлийн анд Жан Имоутай дахин учирчээ. Хэдийгээр шар хэвлэлээр тэднийг “Гэртээ харих зам”-аас хойш хайр дурлалын холбоотой гэж шуугьсан ч тэд уран бүтээлийн хэлхээ холбоогоо хэнээс ч нуудаггүй байв. Жан Зы И Хятадын шилдэг найруулагчдын нэг гэгддэг Жан Имоугийн “Баатар”, “Нисдэг чинжаалын бүлгэм” зэрэг кинонд тоглосон нь жүжигчний замнал, нэр хүндийг нь өсгөөд зогсохгүй, “Нисдэг чинжаалын бүлгэм” киноны сохор бүжигчний дүрээрээ 2005 онд Британийн телевиз, киноны наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.

 

Жан Зы И: Гейша гэдэг тэс өөр ертөнц. Бид зургаан долоо хоногийн турш гейшагийн ёс дүрмийг заалгасан

2005 онд найруулагч Роб Маршаллын найруулсан “Гейшагийн дурдатгал” киноны амжилт, нэр алдар Жан Зы И-гийн өмнөх амжилтуудыг бут цохисон билээ. Япон, Хятадын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Гейшагийн дурсамж” киноны Саюригийн дүрийг авсан нь түүнийг хэр чадварлаг жүжигчин болохыг илтгэнэ. Артур Голдены ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн уг киноны дүрээр Жан Зы И 2006 онд “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, "Гейшагийн дурсамж”-аар кино ертөнцөд өөрийгөө тамгалсан юм. Тэрбээр тухайн үеийн талаар “Гейшагийн дурсамж”-д тоглосны дараа Оскарт очиход одууд намайг таньдаг болсон байв. Тэд өөрсдөө ирээд мэндлэх нь намайг бараг шоконд оруулсан. Гэхдээ Холливуд одоо хүртэл надад өөр ертөнц шиг санагддаг. Миний ажил, амьдрал, гэр бүл, найз нөхөд гээд бүх зүйл маань Хятадад байгаа болохоор” хэмээн хэлж байсан удаатай. 2011 онд тэрбээр “Гейшагийн дурсамж”, ”Гэртээ харих зам”, “Гэтэж буй бар, хүрхрэх луу” зэрэг кинонд хэрхэн тоглосон тухайгаа ярьсан байдаг. Тэрхүү ярилцлагыг эргэн дурсвал,

-Жан Зы И-гийн тухай хүмүүсийн мэддэггүй зүйл юу вэ?

-Хүмүүс намайг азтай болохоор л сайн найруулагчтай таарч, гол дүрд нь тоглоод байна гэж боддог. Тэд миний амжилтыг зөвхөн азтай холбож тайлбарладаг. Гэхдээ кино урлагт зөвхөн азтай байгаад хол явахгүй шүү дээ. Мэдээж гол дүр олж авах нь азтай хэрэг ч азыг амьдрал болгож, үзэгчдийн сэтгэлд хүрэх дүр бүтээнэ гэдэг зөвхөн жүжигчин хүний ур чадвар, мэдрэмж, хөдөлмөрөөс шалтгаалдаг гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн энэ амжилтад хүрэх гэж цус, нулимсаа урсгасан үе ч надад цөөнгүй бий. Олон хүн үүнийг сайн ойлгодоггүй.

-Алдар нэр гэр бүлийн тань амьдралыг өөрчилсөн үү?

-Бараг өөрчлөөгүй. Ээж аав минь хүнд хэцүү амьдрал үзсэн хүмүүс болохоор мөнгийг дэмий зүйлд хэзээ ч үрдэггүй. Магадгүй тэдний эдэлж хэрэглэдэг зүйл нь бага зэрэг сайжирсан байх. Гэхдээ тэд одоо хүртэл автобусаар ажилдаа явдаг хэвээрээ. Ээж аав минь охиноороо их бахархдаг. Миний зураг хамгийн анх сэтгүүлд гарсан тэр өглөө аав маань хэдэн зуугаар нь худалдаад аваад ирсэн байж билээ. Энэ олон сэтгүүлээр яах гэж байгаа юм гэхэд ажлынхандаа өгнө гээд их л баяртай байсан.

-Таныг “Гейшагийн дурсамж”-ийн найруулагч Роб Маршал дээр очоод “Намайг ажилд аваач” гэж гуйсан гэдэг. Энэ үнэн үү?

-Үнэн. Гэхдээ Роб Маршал биш Стивен Спилбергээс тэгж гуйж байв. Тухайн үед англи хэлээр өөрийгөө яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан болохоор хамгийн энгийн үгээр “Hire me, please” гэж хэлж байлаа. /инээв/

-Тэгээд таныг ажилд авсан уу?

-Авсан. Бид “Гейшагийн дурсамж” дээр хамтран ажилласан. Зураг авалтын эхний өдөр Стивен надаас “За би чамайг ажилд авлаа. Тийм үү” гэхэд нь би “Гэхдээ олон жилийн дараа” гэж хариулсан. Хариуд тэр “Харин чи энэ хооронд хэл сайн сурсан байна шүү дээ” гээд инээж билээ.

-Таныг нэр алдарт хүргэсэн энэ киноны тухай яриач?

-”Гейшагийн дурсамж” номыг кинонд тоглохоос таван жилийн өмнө уншиж байсан л даа. Зохиол нь үнэхээр таалагддаг. Тэгээд тус зохиолоор кино хийнэ гэхэд нь найруулагч Роб Маршал дээр шууд очоод, тогломоор байна гэдгээ хэлсэн. Гэхдээ би тэр үед англи хэлээр ярихдаа муу байсан болохоор бас их эмээж байлаа. Би англи хэл үзээд ердөө хоёр жил л болж байсан юм. Энэ бэрхшээлийг давж, хүссэн кинондоо тоглохын тулд өдөрт таван цаг англи хэлийг судалсан.

-Хятад эмэгтэй Япон гейшагийн дүрийг бүтээнэ гэхэд хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ?

-Кинонд тоглохоор сонгогдсон эмэгтэй жүжигчдээс хоёр нь хятад, бусад нь япон хүн байсан. Гэхдээ хятад, япон гэлтгүй тэр кинонд ажилласан бүх жүжигчин гейшагийн ертөнц, тэдний амьдралаас суралцах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл гейша гэдэг тэс өөр ертөнц. Япончууд ч өөрсдөө тэдний ёсыг сайн мэдэхгүй. Тиймээс бид зургаан долоо хоногийн турш гейшагийн ёс дүрмийг заалгасан.

-Кинонд гардаг цасны бүжиг үнэхээр ур чадвар шаардсан хэсэг. Та яаж сурав?

-Үнэндээ тэр зузаан гутал дээр бүжиглэнэ гэдэг гейшагийн ёсыг зургаан долоо хоног сурсан надад байтугай зургаан жил бүжгээр хичээллэсэн хүнд ахадмаар хэцүү юм билээ. Анх тэр гутлыг харсан Мишель Йео цүнх юм уу гэж гайхсан. Харин би дэр байх гэж бодож байлаа. Гэтэл түүнийг өмсөөд бүжиглэ гэхээр нь цочсон шүү. 30 см өндөр гуталтай бүжиглэнэ гэдэг яагаад ч юм эхэндээ бүтэхгүй юм шиг санагдсан. Гэвч өдөр бүр таван цаг өмсөөд ирэхээр сурдаг юм билээ. Цасны бүжиг бол хүний жүжиглэх чадварыг сорих шалгуур. Гейшагийн дүр надаас их зүйл шаардсан. Тэр хэрээр би өөрийгөө хангалттай сайн тоглосон гэж боддог.

-Та янз бүрийн дүрд тоглож, тулааны урлагаар ч хичээллэж, гейшагийн ёсыг ч сурчээ. Энэ хоёр аль нь хүнд байсан бэ?

-Гейша болох нь хамгийн хэцүү.

-Тэгвэл ямар төрлийн кинонд тоглох дуртай вэ?

-Эмгэнэлт, уянгын драмд дуртай. Үйл явдал нь ноцтой, хүнд байх тусмаа сэтгэл татдаг. Адал явдалт кинонд дургүй ээ. Гэхдээ ийм төрлийн кинонд хамгийн олон тоглосон.

-“Гэтэж буй бар, хүрхрэх луу” кинонд найруулагч Ан Литэй хамтарч ажилласан нь таны хувьд том амжилт, тийм үү?

-Тийм ээ. Найруулагч намайг маш олон жүжигчин дундаас сонгож авсан болохоор миний тархинд ганцхан бодол эргэлдэж “Чи хэрэггүй, яв” л гэж битгий хөөгөөсэй хэмээн залбирч байсан. Намайг сонгосон нь буруу байжээ гэж харамсах вий гэж айсан. Яагаад гэвэл би өөрийнхөө бүтэлгүйтэхийг тэвчиж чадахгүй. Би найруулагчийн урмыг хугалахгүйн тулд зургаан сар сэлмээр хичээллэсэн. Үүнээс болоод мөр маань байнгын гэмтэлтэй явдаг байв. Гэсэн ч Ан Лиг бодохоор урагшаа зүтгэхээс өөр аргагүй. Бид хоёрын харилцааг тодорхойлбол яг л муур, хулгана шиг санагддаг байж билээ. Гэхдээ найруулагчийн хувьд ч энэ кино том шалгуур байсан тул сэтгэлийн хүнд дарамттай байсан. Тэр энэ кинонд ажиллаж байхдаа тамхи татдаг болсон.

-Гэхдээ тус кино үзэгчдэд маш сайн хүрсэн шүү дээ?

-Тийм ээ. Зөвхөн би ч биш манай кино багийнхан бүгдээрээ шоконд орох шахсан. Үнэндээ Ан Ли ч өөрөө тийм өндөр амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй байсан байх.

-“Гэтэж буй бар, хүрхрэх луу” кино таныг дэлхий нийтэд таниулж, олон орны үзэгчдийн таашаалд нийцсэн. Гэхдээ Хятадад эсрэгээрээ. Яагаад гэж бодож байна?

-Хятадад яагаад юм бүхэн өөр байдгийг мэдэхгүй юм. 

Манайхан өөрийнхөө кино, дотоодынхоо жүжигчин, уран бүтээлчдийг дэмждэггүй. Энэ нь заримдаа үнэхээр бухимдуулдаг шүү. Намайг энэ киногоор амжилтад хүрэхэд хятадууд ердөө л “Азтай байна” гэв. Тэр үед би тэдэнд “Тийм биш” гэж хэлэх зориггүй байв. Харин одоо бол энэ бүхэн зөвхөн аз биш миний ур чадвар, хөдөлмөрийн хүч юм шүү гэж хэлж чадахаар болсон.-Тоглосон кинонуудаа эргээд харахад хамгийн сайн жүжиглэсэн, үнэхээр сайн болсон гэж боддог ямар хэсэг байдаг вэ?

-”Гэртээ харих зам” киноны төгсгөл хэсэгт Жао Ди хүндээр өвдөөд хэдэн өдрөөр ухаангүй байж байгаад сэртэл хайртай залуу нь хотоос эргэж ирээд, түүнийг сахисан гэж ээж нь хэлдэг. Тэр хэсэгт Жаогийн нүднээс ганцхан дусал нулимс унадаг юм. Энэ л хамгийн их сэтгэл хөдөлгөсөн. Би хэдий залуу, туршлагагүй байсан ч тус хэсэгт сайн тогложээ гэж боддог.

Жан Зы И жүжиглэхээс гадна дуулдаг аж. Тэрбээр “Нисдэг хутга бүлгэмийн байшин” киноны дууг сонсогчдын хүртээл болгосон байна. 2006 оны тавдугаар сард Жан Зы И Канын кино наадамд шүүгчээр оролцсоноор тус арга хэмжээний хамгийн залуу шүүгч болжээ. Дараа нь 2019 онд 32 дахь удаагийн Токиогийн олон улсын кино наадмын шүүгчдийн даргаар ажиллаж байв. Мөн ондоо “Godzilla: King of the Monsters”, “The Climbers” зэрэг уран зөгнөлт, адал явдалт кинонд дүр бүтээсэн юм. Энэхүү кино нь 2014 оны хувилбараас хойш таван жилийн дараа өрнөж, хүн төрөлхтөн оршин тогтнож, амьд үлдэхийг оролдсоор буйг харуулна. Тэгвэл энэ бүтээлд тоглосон тухайгаа жүжигчин “Би Годзилла киног эртнээс үзэж байсан. Учир нь Годзилла шиг ийм олон эффекттэй кино өмнө нь гарч байгаагүй учраас кино надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Мөн киноны үйл явдал намайг маш ихээр татсан. Тиймээс тус кинонд тогломоор санагдсан. Гэхдээ кино зураг авалт дуусах үе хүртэл би Годзиллаг хараагүй \инээх\. Миний дүр маш сонирхолтой мэргэжилтэй нэгэн. Би өмнө нь домог, түүх судлалын мэргэжилтний дүр бүтээж байгаагүй. Тэр энэ талаар их мэдлэгтэй учир Годзиллатай байх нь сонирхолтой байх болно. Учир нь тэр мэргэжлийнхээ хүрээнд маш их судалгаа хийдэг. Түүний гэр бүлд үеэс үе дамжин ээж нь хүртэл теологи судлаач байсан. Мөн түүнд маш олон нууцлаг тал бий. 

Хамтарч ажилласан Майкл Догерти маш чадвартай найруулагч. Би түүнд атаархдаг, учир нь залуу найруулагчийн хувьд шинжлэх ухааны, уран зөгнөлт, тулаант төрлийн кино найруулах нь ховорхон боломж. Тэрбээр нэлээн чадварлаг ч тэр хэрээр дарамт шахалт түүнд байдаг болов уу. Энэ бол амаргүй кино” хэмээн ярилцлага өгөхдөө хэлсэн аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна