Н.Орчлон: Дэлхий дээрх үнэртний мастеруудын тоо сансрын нисгэгчдээс ч цөөн


Э.Ундармаа

Голландын Гааг хотноо Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ахлах хуульчаар ажилладаг үнэртэн сонирхогч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр Монголд хоббигоороо дамжуулан үнэртний соёлыг түгээхийг хичээдэг эрхэм юм. Түүний амьдралын философи нь ганц олдох амьдралдаа өөрийн сонирхолтой дуртай зүйлсээ бүгдийг нь хийж амжуулахыг хичээ гэх. Н.Орчлон гуай үнэртэн цуглуулагч мөн түүнийхээ зэрэгцээ аялах дуртай. Одоогоор дэлхий 50 орноор аялсан ажээ.

-Та үнэртэй усыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Би гэр хороололд өссөн хүүхэд. Тухайн үед хүмүүс Оросоос “Axe Africa” гээд хөлс дарагч оруулж ирж зардаг байв. Одоо ч зарим газарт борлуулдаг хэвээр. Хуучин гадаадад сурдаг, гадагшаа явж ирсэн цөөхөн хүн монголд бусад орны брэндийн үнэртэн хэрэглэх боломжтой байсан юм.
Анх “Axe Africa” үнэртэнг гартаа цацаад үзэхэд яг л Африкт очсон юм шиг шинэ мэдрэмж төрсөн. Ингээд үнэртэн гэдэг чинь ямар агуу зүйл юм бэ гэдгийг ойлгосон. Үнэрээр дамжин маш олон зүйл дагаж явдаг юм байна гэдгийг мэдсэн юм. Хамгийн анх өөртөө зориулж “Versage Blue Jeans” үнэртэй усыг авч байлаа. Арваад жилийн өмнөөс үнэртэн цуглуулж эхэлсэн.

-Яагаад үнэртэн сонирхогчдын клубийг байгуулах болов?

-Монголд үнэртний соёлыг түгээх зорилготойгоор 2013 онд 200 найзынхаа хүрээнд “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ийг нээсэн юм. Монголчууд үнэртний соёлд маш хурдан суралцаж яваа. Түүнээс хойш клуб маань 300000 гишүүнтэй болсон. Манайх дэлхийн хамгийн том үнэртэнд дурлагсдын клуб гэж тооцогддог.

-Үнэртэн бүтээгч мастерыг хаана бэлддэг юм бол?

-Үнэртний зах зээл монополь учраас энэ чиглэлийн мастеруудыг бэлтгэх нь хаалттай. Их сургууль төгсөөд хуульч, сэтгүүлч зэрэг мэргэжил эзэмшдэг шиг үнэртний мэргэжилтэн болох нь тийм ч түгээмэл биш. Өөрөөр хэлбэл үнэртний мастерын сургууль дэлхийд хоёр, гуравхан бий. Бусад их дээд сургууль шиг олон оюутан элсүүлж авдаггүй. Хамгийн ихдээ арван хүний элсэлт авна. Дэлхий дээрх үнэртний мастеруудын тоо сансрын нисгэгчдээс ч цөөн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбартаа шилдэг 50 үнэртний мастер байдаг. Би дэлхийд алдартай хоёр үнэртний мастерыг Монголд авчирж байлаа. Өөр олон мастерыг урих төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас саатсан. Цаашдаа үнэртний соёл Монголд улам хөгжөөсэй гэж бодож явдаг даа.Манай клубийн ой өвөл болдог юм. Би 2018 оны өвөл Монголд Кристофер Людбел гэх мастерыг урьж авчирсан удаатай. Тухайн үед Монголд үнэртэн зардаг компаниудын худалдааны зөвлөхтэй уулзан сургалт зохион байгуулж, телевизэд ярилцлага өгөөд аялангаа ажиллав.

Кристофер Людбел Монголоос мэдэрсэн мэдрэмжээ өөрийн уран сэтгэмжид буулгаж, Монголыг үнэртний хэлээр илэрхийлэх үнэртэй ус зохион бүтээнэ гэж надад амласан.Ингээд хэд хоногийн өмнө “Mongolia My Love” буюу “Монгол Миний Хайр” гэсэн нэртэй үнэртэн худалдаанд гарахад бэлэн болсон тухай сайхан мэдээг дуулгав. Надад тус бүтээгдэхүүнийг шуудангаар явуулсан гэсэн тул ирэх өдрийг нь тэсэн ядан хүлээж сууна.

-Гоо сайхны бүтээгдэхүүнийг тусгай температур, нарны гэрэл тусахааргүй орчинд хадгалдаг шүү дээ. Тэгвэл сүрчгийг ямар орчинд яаж хадгалдаг вэ?

-Үнэртэй усыг харанхуй, сэрүүхэн, хуурай орчинд хадгалах хэрэгтэй. Тус бүтээгдэхүүнд олон төрлийн байгалийн болон химийн гаралтай түүхий эд ордог учраас үнэртэнг амьд байгалийн бүтээл гэж хэлж болно. Жишээ нь, сарнай цэцгийн үнэртэй усыг хийхийн тулд сарнай цэцгийг тариалж, хураагаад өглөөний нар тусаж ууршихаас өмнө үүрээр дэлбээний тосыг нь гараар хурааж авдаг. Үүний дараа уурын аргаар нэрж, үнэт тосыг нь ялгана. Эмэгтэй хүмүүсийн хэрэглэдэг үнэртний ихэнх нь цэцгийн үнэртэй байгалийн бүтээгдэхүүн гэсэн үг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнтэй адил нандигнаж хадгалах хэрэгтэй.-Хүмүүсийн төдийлөн мэддэггүй үнэртний соёлыг дурдвал?

-Үнэртэй ус бол үнэртний соёлын нэг хэсэг нь. Өөрөөр хэлбэл үнэрээр дамжуулж бид амьдралыг ойлгох, ухаарлыг олж авах, бясалгах, таашаал авах, сэтгэл зүйтэйгээ харилцаа тогтооно. Энэ нь амьдралынхаа нэгээхэн хэсэг болох юм. Хоёрдугаарт урлагийн хүмүүс янз бүрийн үнэртний түүх, нотуудаар үнэр гэсэн урлагийн бүтээл бий болгож буй. Сүрчиг нь зүгээр нэг эд хэрэгсэл биш урлагийн бүтээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт үнэртэн болгон бүтэц найрлага, олон төрлийн нот буюу түүхий эдтэй. Нэгэн бүхэл зүйл биш учраас олон төрлийн нотыг нь мэддэг болно гэдэг хөгжмийн хэл сурч байгаатай адил. Цагаан толгойн үсгээ сураад уншдаг шиг үнэрийг ойлгох хэрэгтэй. Бид бүгд үнэртний ертөнцөд амьдардаг. Жишээлбэл, саван, угаалгын нунтаг, агааржуулагч гээд бүгд анхилуун үнэртэй. Үүнийг хүн мэдрэхгүй байна гэдэг нүд байхад харахгүйтэй адил шүү дээ. Үнэртний соёлыг мэдэхгүй бол үнэрлэх мэдрэмжээ гүйцэд ашиглахгүй байна л гэсэн үг. Бусдын болон өөрийнхөө хэрэглэж буй сүрчгийг ойлгохгүй, ямар бүтэцтэй юу түрхээд байгаагаа мэдэхгүй яваад байвал л харамсмаар.

-Тэгвэл сүрчиг хэрэглэхдээ гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ?

-Хамгийн түрүүнд хүмүүс сонголтоо яаж хийх нь чухал. Миний хувьд үнэртэй ус худалдаж авахдаа түрхэж үзээд авдаг. Учир нь үнэртэй ус гурван төрлийн пирамид бүтэцтэй. Пирамидыг орой, бие, сууриар нь гурав хуваана. Түрхээд эхний хэдэн секундэд орой нь үнэртэнэ. Дараа нь зүрх нот буюу дунд хэсгийг нь мэдэрснээр хатахын өмнө суурь хэсгийг үнэртэнэ. Манайхан үнэртээд шууд л сонголтоо хийдэг. Энэ нь зөвхөн сүрчигний суурь нотыг үнэртний сонголтоо хийж байна гэсэн үг. Үнэртний цаад зүрх нотыг мэдрэхгүй авах нийтлэг алдаа ажиглагддаг. Авсны дараа өөр үнэртэй боллоо эсвэл удаан хэрэглэхээр үнэр нь өөр байна гэх зэрэг асуудал үүсдэг. Сүрчигний пирамид бүр өөр, өөр онцлог түүхий эд агуулсан байдаг. Тиймээс үнэртэй ус худалдаж авч байгаа хүмүүс заавал туршиж үзэж сонголтоо хийх хэрэгтэй.

-Та үнэртний талаарх мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?

-Түрхэх үнэртэй усаа цуглуулж явсаар 300 гаруй үнэртэнтэй болжээ. Тэдгээрийг цуглуулах явцдаа түрхэхээс ч хайран үнэртний ертөнцийн агуу урлагийн бүтээлүүдтэй тааралдсан. Ингээд Монголд дэлхийн тансаг газрыг  музей байгуулах ёстой юм байна гэж шийдсэн. Одоо цуглуулж байгаа сүрчгээ хэзээ ч хэрэглэхгүй, ирээдүйн музейдээ үзмэр болгож хадгална. Олон орны үнэртэнд дурлагсад Монголд ирээд дэлхийн тансаг, ховор нандин сүрчгүүд энд байдаг юм байна гээд уулга алдахаар тийм сайхан газрыг нээе гэж мөрөөдөж явдаг даа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.249.138.29
    2022/05/12

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй Doctorwaynecurl@outl ook.com эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг

    Хариулах
  • 87.249.138.29
    2022/05/12

    Hurray! Astra Shipping Express Company USA is hiring agent representative and customer care with weekly payment ranging from $24,000 -$48,000 Monthly interested persons should contact them via INFO@ASTRAEXPRES SSHIPPING.COM payment very attracttive as you can either work from home best of luck

    Хариулах