Хүний үнэргүй үнэртэн бүтээгч


Б.ЛХАГВА

Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байв. Тодруулбал, эртний Египетийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг аж. Ийнхүү замнал нь эхэлсэн үнэртний түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан гэдэг. Дундад зууны үед франц хатагтай нар сүрчгийг бээлийндээ шингээн хэрэглэдэг байв. Тэгвэл тус улсад үйл явдал нь өрнөх, сүрчиг, үнэрийн тухай өгүүлэх “Сүрчиг: Алуурчны түүх” нэртэй гайхалтай киног эргэн дурсъя. Уг дэлгэцийн бүтээлийн эх зохиолыг 1985 онд Германы зохиолч Патрик Зюскинд зохиосон аж. Тэрбээр романы бичихийн тулд үйл явдал өрнөх газруудаар хөндлөн гулд явж, “Фрагонард” пүүст гоо сайхны энгэсэг, бүтээгдэхүүн урлах ажилд удаан хугацааны туршид нэвтрэн суралцсан гэдэг. Номоо хэвлүүлснийхээ дараа П.Зюскинд “Ийм роман бичнэ гэдэг аймшигтай зүйл. Би дахиж ийм бүтээл туурвиж чадна гэж бодохгүй байна” хэмээн чин үнэнээ нуулгүй хэлжээ. “Сүрчиг” романыг нийт 20 сая орчим хувиар хэвлэж, дэлхийн 50 гаруй хэлээр орчуулсан байна. Тус романыг орчуулагч О.Чинзориг монгол хэлнээ буулгаж уншигчдын хүртээл болгосон билээ.

“Сүрчиг” романыг Германы найруулагч Том Тайквер 2006 оны есдүгээр сард дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэсэн юм. Дэлхийд нэр алдартай найруулагчид П.Зюскиндийн зохиолыг кино болгох санал тавьсан ч зохиолч зөвшөөрөлгүй тас гүрийсэн гэдэг. Хожим нь тэрбээр зөвхөн өөрийн анд, продюсер Бернд Айхингерт л сая нэг бууж өгсөн байна. Айхингер цагтаа дэлгэцийн бүтээл болгох аргагүйд тооцогдож байсан зохиолч Умберто Экогийн “Розагийн алдар” романыг гайхалтай кино болгоход оролцсон аж. “Сүрчиг: Алуурчны түүх” бүтээл дэлгэцнээ гарсан даруйдаа шуугиан тарьж, өдгөө ч үзэгчдийг анхаарлыг татдаг хэвээр.Кино XVIII зууны Францад өрнөнө. Тухайн үеийн хот сууринд өнөө цагийн бидний санаанд оромгүй дагтаршсан, шивтэр, эхүүн муухай үнэр үнэртдэг байж. Гол мөрөн, сүм хийд хүртэл өмхий ханхлуулж, орд харшид ч эхүүн үнэр ноёлсон аж. Учир нь тэр үед элдэв нянгуудын илжрэн муудаж буй идэвхжилд нөлөөлөх ямар нэгэн саад тотгор байгаагүй юм. Францын хамгийн том хот Парист ч таагүй үнэр байж. Тус хотод загасны захын худалдаачин эмэгтэй дөнгөж төрсөн хүүхдээ хогон дунд хаяна. Төрөхдөө бусад хүүхдийн адил уйлаагүй ч хэсэг хугацааны дараа дуугарсан юм. Магадгүй таагүй үнэр хүүхдийг чангаар бархирч уйлахад хүргэж, амийг нь аварсан байх.Түүний дууг сонссон цагдаа нар аварсан ч нялх хүүхдийн амь насыг хөнөөхийг завдсан ээж нь цаазлуулахдаа мөн адил хашхирна. Ингээд бяцхан Жан Батист Груней асрамжийн газарт хүмүүжиж, тэндээ ертөнцтэй танилцана. Тэр үед хүүгийн ер бусын байдал тодорхой болж, анхилуун үнэрийг маш нарийн мэдэрдэг байв. Грунейн хувь заяа төрөхөөсөө л золгүйгээр эргэсэн ч "хүний үнэр"-гүй ч үнэрлэх гоц авьяастай нэгэн. Бүтээлийн хамгийн чухал санаа болох “хүний үнэр” Грунейд өөрт нь байсангүй. Хүү түүнийгээ эрт мэдсэн ч хүний үнэр гэх хүмүүний мөн чанарыг мэдрэлгүй өссөн билээ.Тэрбээр 13 настайдаа арьс ширний үйлдвэрт дагалдан суралцагч болж, үнэр болон үнэрлэх мэдрэмжээ ойлгохын тулд Парис хотын эргэн тойрноор алхдаг. Өсөн торнисоор. Нэг удаа үзэсгэлэнтэй улаан үстэй охин сагс дүүрэн жимс авч явахтай таарна. Өсвөр насны охины үзэсгэлэнд бус сэтгэл татам үнэрт нь татагдсан Груней санамсаргүй түүнийг хөнөөж орхино.

Энэ үйл явдалдаа тэр харамсахгүйгээр барахгүй охины үнэрийг хадгалж үлдэхийг хичээнэ. Гэсэн ч түүний санаснаар болоогүй тул Груней илүү ихийг хүсэж эмэгтэй хүний үнэрийг авахыг эрмэлзэх болов. Тэр хүн хөнөөхийг завдаагүй ч үнэр хуримтлуулж авах гэсэн хүсэл нь хөлсөлж авсан биеэ үнэлэгч, өөрийнх нь хийх гээд байгаа бүтээлийг ойлгоогүй эмэгтэйчүүдийг цааш харуулахад хүргэнэ. Хэрвээ түүнд дотно зөвлөх нэгэн байж, үнэрлэх мэдрэмждээ дэндүү автсан түүнтэй хэн нэгэн ойлголцож чадсан бол Груней алуурчин болохгүй байсан ч юм билүү.

Үнэртэй ус бүтээх урлагт суралцахын тулд Груней Итали явж, үнэртэн Балдинигийн шавь болжээ. Тэдний эзэн зарц хоёрын мэт харилцаа нь Моцарт, Сальери нарын түүхийг санагдуулам. Италийн үнэртэн нар анхилуун үнэрийг задалж, орц найрлагыг нь нарийн тооцоолж гаргадаг бол залуу хүү өөрийг нь хэзээ ч хуурч байгаагүй зөн совиндоо тулгуурлаж бүтээл гаргана. Дагалдан суралцагч залуу удаан хугацааны туршид бодож олсон үнэртэн дээрээ бие даан ажиллахын тулд туршлага болон мэдлэгийг хуримтлуулна. Гэсэн ч өөртөө үнэртэн цуглуулах адын хүсэл нь хэвээрээ тул Груней энэ тэрүүгээр тэнүүчилж, сайхан үнэртэй бүсгүй бүрийг мөшгөнө. Ийнхүү тус хотод онгон охидыг хүчирхийлсэн шинж тэмдэггүй ч нүцгэн бие, халзан толгойтой цогцос олдох болов. Хотын оршин суугчдыг зорилго нь тодорхойгүй үл мэдэгдэх алуурчин “гаж донтон” айлгаж эхэлнэ. Хар багаасаа хайр үзээгүй, хэн нэгэнтэй сэтгэл зүрхнээсээ харилцаж үзээгүй Груней өөрийн бүтээсэн үнэрийн ертөнцдөө автаж, сүрчиг бүтээхийн тулд чин үнэнчээр ажиллана. Байгалийн ургамал бодисоор найруулсан зохиомол сүрчигээс гоо сайхан бүсгүйн үнэр төгс төгөлдөр болохыг мэдэрсэн цагаас хойш тэр таашаал төрүүлэгч үнэрийг насан турш өөрийн болгож эзэн суухыг хүсжээ.

Үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн залуу үнэртэн нийслэл Грасс руу явж, сүрчигний газар дагалдангаар ажилд орно. Энд анхилуун үнэрт, үзэсгэлэнт Лауратай тохиолдлоор уулзана. Түүний хувьд бүсгүй 13 дахь үнэр болохоос хүн биш. Тэрээр нэгэн гайхалтай сүрчиг бүтээх санаагаа батлахаар ээлжит аллагаа үйлдэнэ. Аюул байгааг мэдэрсэн охины аав түүнийг нуухыг оролдсон боловч амжилт олсонгүй. Ингээд киноны эхний хэсэг рүү буцаж хэрэгтэнг цаазаар авах гэсэн ч Груней өөртөө дусал "шидэт" үнэртэй ус түрхэж, олны сэтгэл санаа эрс өөрчлөв. Түүний хүний амиар бүтсэн сүрчиг олон түмний “хүний үнэр”-ийг дарж орхино. Шударга ёсноос мултарсан залуу төрсөн нутаг Парисыг зорино. Эхэлсэн цэгтээ төгсөхөөр эх нь орхиж явсан загасны захад ирэн өөр дээрээ бүтээлээ асгадаг. Грунейгээс анхилам, хүмүүсийн хэзээ мэдэрч үзээгүй тансаг үнэр үнэртсэнээр хүмүүс түүнийг урж тасдан иднэ. Хэрвээ хамар нь үүргээ гүйцэтгэдэггүй нэгэн тухайн газар байсан бол амьд хүн идэхгүй биз. Гэвч хүний мэдрэмж, шунал гэгч хэтрэхээрээ хамгийн үзэсгэлэнт зүйлсийг хүртэл тастаж орхидог аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна