Тедди Ринер: Монгол бөхчүүд их дайчин барилддаг


Францын алдарт жүдоч, олимпын хошой аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 алттай Тедди Ринер тэргүүтэй Францын жүдочид Монголд ирж хамтарсан бэлтгэл хийж байгаа. Манай оронд Францын шигшээ багаас гадна жүдо бөх өндөр хөгжсөн БНСУ-ын 30 гаруй тамирчин хүрэлцэн иржээ. Өмнөд Солоносын жүдочдын бүрэлдэхүүнд дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул багтжээ. Жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл өнгөрсөн даваа гарагт эхэлсэн бөгөөд  энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Спортын төв ордны жүдо бөхийн бэлтгэлийн танхимд болж байгаа Монгол, Франц, БНСУ-ын тамирчдын хамтарсан бэлтгэлийн үеэр алдарт жүдочид сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

Тедди Ринер өмнө нь Монголд хоёр удаа буюу 2012, 2015 онд ирж байсан юм. Тэрбээр олимпын хошой, дэлхийн 10 удаагийн Европ тивийн таван түрүүтэй.

-Та өнгөрсөн сард Бразилд хэвтээ барилдааны бэлтгэл хийсэн гэсэн. Монголд ирсэн хамтарсан бэлтгэлийн зорилго юу вэ?
-Тийм ээ, миний хувьд 2024 оны олимпын циклийн анхны бэлтгэлийг Бразилд хийсэн. Хоёр дахь нь Улаанбаатарын энэ удаагийн хамтарсан бэлтгэл болж байна. Монголд ирсэн шалтгаан гэвэл баг тамирчид болон монгол хүмүүс биднийг маш сайхан хүлээж авдаг. Мөн хамтарсан бэлтгэл хийх заал танхим болон орчин нөхцөл их таалагддаг. Монгол тамирчид маш чанартай, эрчимтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг онцлогтой. Тийм учраас Улаанбаатарт гурав дахь удаагаа зорьж ирлээ.

-Та ирэх сард болох Улаанбаатарын "Их дуулга" тэмцээнд оролцох уу?

-Миний бэлтгэл ханасан гэж үзвэл хамгийн эхний тэмцээн долдугаар сарын 8-10-нд болох Будапештын "Их дуулга" байх болно. Харин Монголын жүдо бөхийн холбоо “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд намайг оролцоно уу гэсэн хүсэлт тавьсан болохоор яг эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. 

-Монгол бөхчүүдээс юу сурч, юу зөвлөхийг хүсч байгаа бол?

-Бид ирээд гурав хоног бэлтгэл хийгээд байгаа. Монголын жүдочид их дайчин тулаанч чанартай. Тиймээс ч би өөрийн дайчин барилдаанаа сэргээх бэлтгэл хийхээр энд ирсэн. Түүнээс арга техникээ сайжруулах гэж ирээгүй.
-Таны жинд барилдаж байгаа хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө нэрлэнэ үү?
-Би өөрийн туршлагаас харахад тэр энэ гэж онцлохгүй, миний жингийн бүх жүдоч сайн, шилдэг бөхчүүд. Тэдэнтэй бүгдтэй нь л хүч үзэж барилдана гэж хэлэх байна. 

-Таны олон жилийн өндөр амжилтын нууц юу вэ?

-Нууц гээд байх юм байхгүй. Тархи толгойгоо сайн ажиллуулж, хурдан сэтгэж байвал амжилт гаргаж чадна гэж хэлмээр байна даа.
-Дараагийн олимп танай нутагт болно. Нутгийн дэвжээнд барилдах нь сэтгэл зүйн хувьд маш том давуу тал болох байх?
-Тийм ээ, хоёр жилийн дараа манайд олимп болно. Сэтгэл хангалуун байна. Бидэнд илүү давуу тал үүсч байгаа. Бид бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Ерөнхийдөө олимпын бэлтгэлээ эндээс эхэлж байна. Дараагийн олимпод Францын баг олон медаль авахыг зорьсон. Би 33 настай. Миний насан дээр амар биш. Гэхдээ би чадна. Би жүдогоос зодог тайлаагүй байна. Намайг дэмждэг хүмүүст 2024 оны олимпоор ямар нэг зүйл харуулахыг хүсч байна. 

-Парисын олимпод түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юу?

-Би өөртөө итгэл дүүрэн байна. 

-2024 оны олимпоос өмнө хоёр ч ДАШТ бий. Ямар тэмцээнд оролцохоор төлөвлөсөн вэ?

-Миний хувьд ДАШТ болон Европ тивийн аварга шалгаруулах тус бүр нэг тэмцээнд л хүчээ сорихоор төлөвлөсөн.
-Таны хувьд “Парис-2024” сүүлийн олимп болох байх. Зодог тайлаад та юу хийх үү?
-Тийм ээ, миний оролцох хамгийн сүүлийн олимп. Би олимпын дараа яаж амжилтад хүрч байсан шигээ өөрийн гэр бүлдээ цаг заваа зориулна. Би жүдогийн карьерын дараа хийх ажил, бизнесээ эхлүүлсэн. Энэ бол миний “Fight Art” брэндийн жүдогийн кимоно бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсоор баталгаажуулсан.

-Та хүүхэдтэй юу, хүүхдүүдээ жүдогоор хичээллүүлж байна уу?

-Би хүү, охинтой. Тэд жүдогоор хичээллээд эхэлчихсэн. 

-Монголын жүдочдын барилдааны онцлогийн талаар юу хэлэх вэ?

-Монголчууд цээж барилдаанд маш сайн барилддаг, бас их дайчин. Тиймээс энэ дайчин чадварт нь болон бэлтгэл дээр заах арга зүй их сайн учраас бид танай сайхан орныг зорьж ирдэг. Монголд шилдэг жүдочид олон байдаг. 
-Монголын жүдо бөхийн хөгжлийг ямар түвшинд байна гэж харж байна вэ?
-Биднийг арван жилийн өмнө ирэхэд сайн жүдочид байсан. Одоо ч ялгаагүй. Би хамгийн сайн жүдочидтой бэлтгэл хийх гэж ирсэн. Улам сайжирсан байна.

-Та монгол үндэсний бөхөөр барилдаж үзэв үү?

-Би танай үндэсний бөхийг мэднэ, барилдаж чадна гэж бодож байгаа. (Тэр дэвж үзүүлсэн юм)

Ан Баул: Монгол жүдочдын золгоо их хүчтэй 

БНСУ-ын нэрт жүдоч Ан Баул Монголд анх удаагаа ирж байгаа аж. Тэрбээр 2016 оны Риогийн олимпод мөнгө, өнгөрсөн жил Токиод хүрэл медаль хүртсэн. 2015 онд Астанагийн дэлхийн аваргад түрүүлж байв. 

-Монголд анх удаагаа ирж хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

-Сэтгэгдэл өндөр байна. Монгол бөхчүүдийн золгоо их хүчтэй байдаг. Тэднээс суралцах зүйл их. Тиймээс энд ирж хамтарсан бэлтгэлд оролцож байна. 
-Сарын дараа Улаанбаатарт "Их дуулга" тэмцээн болно. Монголд таны шүтэн бишрэгч фэнүүд олон байдаг. Тэд таныг ирж барилдаасай гэж хүсэж байна?
-Би өөрөө Улаанбаатар "Их дуулга"-д оролцох хүсэлтэй байна. Залуу шинэ жүдочдоо явуулах уу, эсвэл намайг явуулах уу гэдгээ дасгалжуулагчид шийднэ. Харж байгаад болно. 

-Энэ онд ДАШТ, Азийн наадмаас гадна 4-5 том цуврал тэмцээн зохиогдоно. Эдгээр тэмцээнд оролцох бодолтой байна уу?

-Миний өмнө олон тэмцээн байгаа. Бэлтгэлээ сайн хийж, бодож төлөвлөж оролцоно. 
-Монголын жүдочидтой олон удаа таарч барилдаж байсан. Тэдний болон таны барилдааны онцлог юу вэ?
-Тамирчин болгон өөрийн гэсэн онцлог арга барилтай. Бөх болгон өөр өөр барилдаантай. Өөрийгөө сайн бэлдэж, бүх анхаарлаа төвлөрүүлж, сандрахгүй барилдахыг хичээдэг. 

-Монголд анх удаа ирж байгаа юм байна. Манай орон таалагдаж байна уу?

-Монголд ирэхээсээ өмнө энд их хүйтэн байх гэж бодож байсан. Гэхдээ энд ирэхэд цаг агаар их гоё дулаахан байна. Хоол унд гээд бүх зүйл таалагдлаа. Биднийг хүлээж авсан жүдогийн холбооны хамт олонд баярлалаа. Энд байх хугацаандаа бэлтгэлээ сайн хийгээд явна. Монголд хүчтэй жүдочид олон бий. Тэдэнтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа нь бидэнд тус болох байх. Олон улсын жүдочидтой бэлтгэл хийгээд сайхан байна. Жүдо бол агуу спорт. Олон улсын тамирчидтай өрсөлдөж, барилдахад сайхан байдаг.


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна