Ү.Оюунзул: 2030 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт хүргэнэ


 Г.АТАРБОЛД

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ү.Оюунзултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн­гийн үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НИТХ-ын шийдвэрээр 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Газар нутгийн хувьд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 973 га талбайг хамардаг. Нэгдүгээр ээлжинд 183 га талбайн 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. 12 жилийн хугацаанд 150 мянга гаруй модыг 98.5 хувьтай ургуулаад байна. Нэгд, мод сайн ургаж байгаагийн шалтгаан нь хөрсний судалгаатай төлөвлөлт, ТЭЗҮ-ний дагуу хийгдсэн явдал. Хоёрт, манай байгууллага 113 ажилтан, албан хаагчтайгаас 85 хувь нь мэргэжлийн бөгөөд мэргэшсэн хүмүүс ажилладаг. Жилийн дөрвөн улиралд ногоон байгууламжийнхаа арчилгаа, хамгааллын ажлыг тогтмол хийдэг. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй байгууллага өөрсдийн нэрэмжит талбайн тохижилтын ажлыг хийж, 100 гаруй байгууллага хамтарч мод тарьсан. 2021 оноос хойш мод тарих, тохижилт бүтээн байгуулалтын ажлаа эрчимтэйгээр нэмэгдүүлж байгаа.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дор нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байрладаг учир хашаагаар хүрээлж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Мөн Ус сувгийн удирдах газрын 60 гаруй худаг, станцууд байрладаг учир 4-5 байгууллага хамгаалалт хийж үйл ажиллагаагаа явуулж байна.-Цэцэрлэгт хүрээлэнд ямар төрлийн модыг илүүтэй тарьж, ургуулж байна вэ?

-Манай байгууллага мэргэжлийн 10 инженертэй бөгөөд модыг олон талаас нь арчилж хамгаалдаг. Архитектор, агрономич, дендрологич, тарилтын инженер, арчилгааны инженер, ургамал хамгааллын мэргэжилтэн, усалгааны инженерүүд үе шаттайгаар модыг тарьж ургуулдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоогоор ургаж байгаа модны 3.5 хувь нь шилмүүст, 22.3 хувь нь навчит, 9.5 хувь нь гоёл чимэглэл, 64.6 хувь нь сөөг буюу ургамалан хашлага эзэлж байна. Нийслэлээс төмөр хашаа барихгүй гэдэг бодлогыг баримталж буй хүрээнд ургамалан хашлага бий болгохыг зорьж буй. Энэ нь ногоон байгууламжийн асуудал, өнгө үзэмж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй олон талын ач холбогдолтой юм.

-“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд ямар ажлууд хийгдэх вэ?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлүүлнэ" хэмээн мэдэгдсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажил нь улсын хэмжээнд хангагдаж байна. Манай улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилтэд нэрвэгдээд буй. Үүний эсрэг хийж чадах хамгийн бодитой бөгөөд үр дүнтэй ажил бол мод тарьж, ургуулах. 

Манай байгууллагын хувьд нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувь буюу дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг. Бидэнд хамгийн түрүүнд үр, тарьц, суулгац хэрэгтэй учир мод үржүүлгийн газраа дахин нэмэгдүүлж, дөрвөн га талбайд хийж байна. Мөн Налайх дүүрэгт буй 10 га-д мод үржүүлгийн газар байгуулахаар төслөө боловсруулж байгаа. 2022 оны хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрүүдээр цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр гурав ба түүнээс дээш жил арчилж, хамгаалж, ургуулсан бортоготой суулгацаар 20 мянга, хавар мөчрөөр бэлдсэн тарьцаараа Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэж 100 мянга, нийтдээ 120 мянган мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 7-ны өдөр хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд эхэлсэн. Хаврын улиралд 10 төрлийн 10 мянган модыг 50 гаруй байгууллагатай хамтарч тарихаар төлөвлөөд ажиллаж байна.

-Хаврын мод тарих өдрүүд эхэлсэн гэж та хэллээ. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих хүсэлтэй хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Төлөвлөлтийн дагуу мод тарих учир өнөөдрийн байдлаар 10 мянган модныхоо захиалгыг аваад дууссан. Тиймээс манайд түрүүлж захиалсан хүмүүс л модоо тарих боломжтой. 21 аймаг, есөн дүүрэгт мөн мод тарих хаврын өдрүүд эхэлсэн тул хүссэн бүр модоо тарих боломж нь нээлттэй. Манай байгууллагаас хашаа, зуслангийн газраа мод тарих хүсэлтэй хүмүүст зориулж гарын авлагыг хэвлүүлсэн. Хүссэн хүн бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оффист ирж мэргэжлийн инженерүүдээс үр, тарьц, суулгацаа хэрхэн сонгож тарьж, ургуулах тухай зөвлөгөө, мэдээлэл, зааварчилгааг авах бүрэн боломжтой. Аливаа тарьц, суул­гацыг тарих газрынхаа 365 градусын радиус дотроос сонговол илүү ургах магадлал нь өндөр байдаг. Модыг яг хүүхэд шиг арчилж, хайрлаж, хамгаалж, ургуулдаг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Мод тарихад суулгацыг бэлдэх чухал биз?

-Суулгац хамгийн чухал. Мод болгон үр бэлдэх хугацаа нь өөр өөр. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээ ургадаг модноос үрээ бэлдээд хавар, намартаа мод үржүүлгийн газартаа суулгаж, үржүүлээд, тарьц болгож бортого буюу хоовонд суулгаж тарьдаг. Үндсэндээ үр маань суулгац болтол багадаа гурав ба түүнээс дээш жилийг зарцуулдаг. Тарилт хийх процесс мод тарьж ургуулахын нэг хувийг л эзэлдэг гэж ойлгож болно. Ногоон бизнес буюу мод үржүүлгийн газрыг олноор байгуулах нь монголчуудын хувьд эх дэлхийгээ аврах, ирээдүй хойч үедээ сайхан орчныг бий болгож өвлүүлэх чухал зүйлийн нэг болоод буй.

-Их хэмжээний модыг тарьж, ургуулахад ус нэн түрүүнд шаардлагатай. Цаашид усжуулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Нэгдүгээрт, манай байгууллагын хувьд зайлшгүй шаардлагаар тодорхой хэмжээний гүний усыг ашиглаж байна. Хоёрдугаарт, хэд хэдэн цөөрөмтэй. Үүнд хур тунадасыг хурааж модоо усалдаг. Гуравдугаарт, усжуулалтын системүүдийг ашигладаг. Энэ нь усыг ариг гамтай, үр дүнтэй усалгаа хийх хамгийн зөв сонголтуудын нэг. Мөн сүүлийн үед улс орнуудад шинжлэх ухаан технологийн ахиц дэвшил гарч байна. Үүнтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Дөрөвдүгээрт, цаашид гадаргын саарал усыг ашиглах технологийг яаралтай оруулж ирэх шаардлагатай байна гэж харж буй. 

-Иргэд уулын модыг зөөж авчирч суулгадаг. Энэ зөв үү?

-Салбар яамнаас ойн арчилгаа, нөхөн сэргээлт, ойн хамгааллын ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлдэг. Ой мод жилээс жилд томорч, үндэс нь доошоо тэлж, мөчир нь ургаж, өндөр болж, ойр ойрхон ургасан моднууд шим тэжээлээ булаацалдаж эхэлдэг. Үүнээс үүдээд мод өвчлөх, гэмтэх зэрэг асуудал үүснэ. Энэ тохиолдолд ойн сийрэгжүүлэлтийг хийдэг.

 Зөвшөөрөгдсөн байгууллагууд ойгоос авсан модоо төв суурин газруудад авчирч суулгаж, ургуулдаг. Энэ тухай мэдээллийг мэргэжлийн хүмүүс нь иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Мэдээлэлгүйн улмаас зөвшөөрөлгүйгээр мод тайран авч суулгах, дамлан худалдаалах, ойд гэмтэл учруулах тохиолдлууд гардаг гэдгийг үгүйсгэхгүй. Энэ бол байгалиа сүйтгэж байгаатай ижил. Үүнд холбогдох газрууд хяналт тавих хэрэгтэй гэж боддог. -Иргэдэд экологийн боловсролыг олгоход нэн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн боловсролыг найман настай балчраас 80 настай буурай хүртэл олгох хэрэгтэй. Энэ бол маш чухал ойлголт. “Тархиндаа үр суулгаагүй хүн газарт хэзээ ч мод тарихгүй” гэж үг байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд ногоон байгууламжийн цогц сургалтыг найман аймаг, есөн дүүрэгт явуулсан. Тавдугаар сарын 9-10-нд Нийслэлийн боловсролын газартай хамтарч 500 гаруй хүнийг сургагч багшаар бэлтгэнэ. Мөн мод тарьж ургуулах тухай гарын авлага, “Green Talk” нэртэй богино хэмжээний 30 гаруй видео контентийг хийж цахим орчинд байршуулаад байна. Цаашид улс бодлогын хүрээнд экологийн боловсролын тухай мэдлэгийг цогцоор ойлгуулах ажлыг хийх ёстой. Ногоон байгууламжийн арчилгааны хамгийн чухал зүйлийн нэг нь цэвэрлэгээ юм. Тиймээс орчныг цэвэрхэн байлгана гэдэг өөрөө “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд бидний оруулж байгаа хувь нэмэр. Өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ДХИС, АШУҮИС-ийн оюутнууд томоохон хэмжээний цэвэрлэгээг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийсэн. Энэ нь байгальд ээлтэй, ногоон байгууламжийн арчилгааг хийж байна гэсэн үг юм.

-Ихээхэн хэмжээний мод тарихад хүний нөөцийн асуудал яригдана. Залуучуудыг мод тарих үндэсний хөдөлгөөнд хэрхэн татан оролцуулах вэ?

-Миний бие НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Байгаль орчны хорооны тэргүүнээр ажилладаг. Манай хорооноос тавдугаар сарын 4-ний өдөр холбооныхоо дэргэд “Тэрбум мод” эко клубыг байгуулсан. Энэхүү клуб нь үндэсний хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн дэргэд байгуулагдан үйл ажиллагаа явуулах юм. Зорилго нь, нэгд, “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд залуучууд манлайлж оролцох, хоёрт, экологий боловсрол олгох, модыг зөв тарьж ургуулах тухай ойлголт, мэдлэг, мэдээллийг залуучуудад өгөх. Манай холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан үндэсний хэмжээнд 25 мянган модыг 2022 ондоо тарьж, арчилж, ургуулах зорилт дэвшүүлсэн.

-Одоогоор ямар олон улсын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?

-Цар тахалтай холбоотойгоор гадаад хамтын ажиллагаа болон зарим төсөл хөтөлбөрүүд түр хойшилсон. Одоогоор манайд гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд, нэгд, Австралийн Элчин сайдын яамтай хамтарсан “Өсвөрийн байгаль хамгаалагчийг бэлтгэх” төсөл хэрэгжиж байгаа. Хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн өсвөрийн байгаль хамгаалагчид суралцаж, бэлтгэгдэж байна. Хоёрт, Европын холбооны “Аршинт” төсөл хэрэгжиж буй. Гол зорилго нь экологийн боловсролыг иргэдэд олгох, байгаль орчны дэвшилттэй санал санаачлагыг дэвшүүлж түүнийгээ үйл хэрэг болгоход чиглэгдсэн. Гуравт, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй бордооны төсөл. Уг төсөл хүнс болон ногоон байгууламжийн хог хаягдлаар бордоо хийж ашиглахад чиглэгдсэн ба одоогоор туршилт нь эхэлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас “Сөүлийн төгөл”, БНХАУ-ын Байгаль орчны яамнаас “Мини ботаник”-ын төгөлийг 8.4 га талбайд бүтээн байгуулж өгсөн.-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол нийслэл хотын иргэд салхинд гарч ая тухтай амрах орчны нэг. Удахгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын яамнаас зохион байгуулсан “Мөнгөн мод-2022” наадмын урлагийн шилдэг бүтээлээр шалгарсан “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн киног бүтээсэн баг болох “Оргил медиа менежмент” ХХК, “Бросис пикчерс” кино компанитай хамтраад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Том баяр-Түмэн хүүхдийн наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайн наадам өглөөний 10:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилж, цаг бүрийн эхэнд урлагийн тоглолттойгоор бүх хүүхдэд нээлттэйгээр явагдана.

-Зүлэгжүүлсэн талбай иргэ­дэд үгүйлэгдэж буйг саяхан Сүх­баатарын талбайд дэвссэн хиймэл зүлэг харуулсан. Энэ жил зүлэгжүүлсэн талбайг шинээр байгуулах уу? 

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 50-60 га талбайд нөхөн сэргээлт хийн зүлэгжүүлэлтийн ажлыг хийсэн. Зүлэг, нэг наст цэцгийн арчилгаа модтой ижил жилийн дөрвөн улирал хийгддэг. Тавдугаар сарын 20-нд зүлэгний арчилгаа болон тарилтын ажил эхэлнэ. Энэ жилийн хувьд хоёр зүлгэн дээр иргэдийг амарч, зугаалах цэгийг байгуулахаар төлөвлөж байна.

-Манай улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юугаараа онцлогтой вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн газар нутгийн хэмжээгээрээ Азид VI байранд ордог. Тохижилт, ногоон байгууламж нь хийгдээгүй 780 га талбайд төлөвлөлтийн дагуу ирэх онуудад бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Ногоон байгууламж бий болгох нь цаг хугацаа шаардсан ажил. Учир нь мод хоёр метр өндөр ургах хүртлээ 5-10 жил зарцуулдаг.

 Хүрээлэн байгуулагдаад 12 жил болж байгаа ч цаг хугацааны хувьд 20 жилийн дараа бидний тарьсан мод ойн хэмжээнд харагдахуйц өндөр болно. Тэр үед харагдах байдал одоогийнхоос илүү сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ихэнхдээ гадны хүмүүс ирээд манай цэцэрлэгт хүрээлэнг зөв төлөвлөлтийн дагуу явж байгааг дүгнэн хэлж, хамтарч ажиллах боломжийн тухай ярилцдаг.-Мод тариад ургаагүй олон тохиолдлыг мэднэ. Уулан дээр тариад усалгааг нь  шийдээгүйн улмаас ургадаггүй. Ер нь тарих газраа хэрхэн зөв сонгох вэ? 

-Хамгийн түрүүнд дэд бүтцийг сайн тооцох хэрэгтэй. Усжуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг маш чухал. Үүний дараа хөрсөө судалж, төлөвлөлтийг хийж, суулгац, тарьцаа зөв сонгох, үүнийг хэн арчилж, ургуулах вэ гэдгийг тооцоолох ёстой. Өндөрлөг болон нам дор газар ямар мод тарих, голын ай савд ямар мод тарьж ургуулах вэ гэдэг өөр өөрийн онцлогтой. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүмүүс зайлшгүй хэрэгтэй. 21 аймаг, есөн дүүргээр явж байхад диндорлогчгүй аймгууд хүртэл байсан. Зөвлөхөд ногоон байгууламж бүтээх гэж байгаа бол хамгийн түрүүнд дендрологичтой байх хэрэгтэй. Энэ салбарт боловсон хүчний дутагдалтай байгаа тул нь цаашид манай улс ойн чиглэлийн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх хэрэгцээ, шаардлага тулгараад буй.

-Үндэсний хэмжээний томоохон байгууллагыг удирдаж яваа хүний хувьд мод тарихын давуу талыг юу гэж хардаг вэ?

-Дээр дурьдсанчлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын гүнд нь нийслэлийн ундны усны нөөц эх үүсвэр байдаг тул үүнийг хамгаалж, нөхөн сэргээхийн тулд мод тарьдаг. Мод өөрөө усжуулалтаа авч байгаа хэдий ч усны нөөцийг бий болгодог. Гүндээ болон хөрсөн дээрээ чийгтэй байх нь цөлжилтийг бий болгохгүй байх суурь юм. Мод хэдий чинээ таригдана төдий чинээ хөрсний чийг бий болно гэсэн үг. Мөн орчныхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. 

Эрдэмтдийн судалгаагаар ногоон байгууламжтай газрын хүмүүс стресст өртөх магадлал бага байдгийг тогтоосон. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн зөв шийдэл нь мод тарих гэдэгтэй санал нэгдэж 2050 он хүртэл хуурай газрынхаа 50-иас илүү хувийг ойжуулахаар зорьж буй.-Та ажиллаж буй хугацаандаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ямар болгохыг зорьж байна вэ?

-Миний хувьд 2016-2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажиллаж байгаад 2020 онд НИТХ-д сонгогдож, уг байгууллагын даргаар томилогдсон. Өмнө нь ажиллаж байсан туршлага, ойлголт хангалттай учир томилогдсон даруйдаа шууд ажилдаа орсон. Нэгд, энэ байгууллага өнгөрсөн 12 жилийн хугацаанд бүтээн байгуулалт нь хийгдээд амжилттай явж ирсэн. Тиймээс өмнө нь бүтээсэн ажлуудын засвар үйлчилгээг хийж, буцаан сэргээх явдал чухал гэж бодсон. Үүнийхээ дагуу ажилласан. Хоёрт, худалдаа үйлчилгээтэй холбоотой ажлуудыг цэгцлэхийг зорьж тодорхой хэмжээнд зорилгодоо хүрч чадсан. Гуравт, ногоон байгууламжаа өргөтгөхийг зорьсон. 2022 оны хувьд өмнөх жилүүдэд тарьдаг байсан модноос тав дахин олон модыг тарьж, ургуулж байна. Мөн төлөвлөлтийн дагуу “Маршал таун” талын тохижилтын ажлыг хийж дуусгахаар бэлтгэл ажлаа хангасан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монголд байгаа цорын ганц цогцолборт хүрээлэн. Тиймээс хөгжиж буй орнуудын цэцэрлэгт хүрээлэнтэй харьцуулж, тэр хэмжээнд хүрэхийн төлөө үйл ажиллагааг нь сайжруулж, зорьж ажиллаж буй. Нэмж хэлэхэд, ажилтан албан хаагчдаа чадавхжуулах, илүү хөгжүүлэх, урам зоригийг дэмжих нь чухал. 

Цэцэрлэгт хүрээлэнгээр дулааны улиралд өдөрт 10-20 мянган хүн, хүйтний улиралд 5-10 мянган хүн зочилдог. Иймд хүрээлэнгийн өнгө үзэмж, бүтээн байгуулалт нийслэлийн иргэдтэй шууд холбоотой. Мод тарьж, ногоон байгууламжийг бүтээж, байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах ямар ач холбогдолтой вэ гэдгийг байгууллагаараа дамжуулж ард иргэдэд мэдээллийг хүргэж нөлөөлөх нь миний ажлыг чухал зорилго гэж хардаг.-НИТХ-аас дүүргүүд рүү чиглэсэн ногоон байгууламжийн ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт есөн дүүргийг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болгохоор тусгагдсан. Миний хувьд Баянзүрх дүүргээс Иргэдийн хуралд сонгогдон ажиллаж байна. Манай дүүрэгт, нэгд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн харьяалагддаг. Хоёрт, Гачууртад 300 га талбайд олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар ТЭЗҮ хийгдээд явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлнэ. Бусад дүүргүүд төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээд явж буй. Олон улсын жишгээр нэг сая ба түүнээс дээш хүн амтай хотуудад нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 9 метр квадратаас дээш байх ёстой. Өнөөгийн байдлаар нийслэлийн иргэдэд 5-6 метр квадрат талбай ноогддог. Тиймээс 2030 он гэхэд олон улсын жишигт хүргэхээр зорин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


1129
391
170
277
0
47

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна