М.Цасчихэр: Бүтээлээ сэтгэлд хүртэл дахин, дахин өөрчилж зурах нь хамгийн сайхан


Б.ЛХАГВА 

Анир үгүй бүхнийг намуухнаар сэрээж

Алсаас шувуудын ирэх дуу хаврыг дууднам...
MN Арт галерейд “Анир 2” хэмээх гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй уран бүтээлч М.Цасчихэртэй ярилцлаа. Тэрбээр 2014 онд “Анир 1”, 2015 онд “Хөх шувуу” зэрэг биe даасан уран бүтээлээ тус тус гаргаж байв. 

-Гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буйд баяр хүргэе. Энэхүү бүтээлүүдийг яагаад “Анир” хэмээн нэрлэв?
-Баярлалаа. Би 2012 оноос хойш хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгээ тогтмол гаргаж ирсэн. Бие даасан үзэсгэлэн нь өмнөх бүтээлээс хойших хугацаан дахь уран бүтээлчийн өөрчлөлт, ахиц дэвшлийг харуулдаг онцлогтой. Урьд нь үзэгчдийн хүртээл болсон бүтээлүүдтэйгээ харьцуулаад үзэхэд өнгө, дүрс, зохиомжийн авалтын хувьд илүү өөрчлөгдөж, эрэл хайгуул хийсэн нь харагддаг. Тиймээс хамтарсан болон бие даасан бүтээлийн чуулган нь тухайн бүтээлч өөрийгөө дүгнэх, эргэцүүлэх боломж олгодог. Би анхны үзэсгэлэнгээ “Анир” гэж нэрлэж байв. Түүнийхээ үргэлжлэл болгож, өмнөхөөсөө илүү баяжуулсан бүтээл харуулъя гэсэн үүднээс энэ удаагийнхаа бүтээлүүдийг мөн “Анир” хэмээсэн юм. 
-Таны уран бүтээлд шувууны дүрслэл нэлээн ажиглагдлаа. 2015 оны үзэсгэлэнд мөн шувууны тухай зохиомж харагдсан?
-Миний уншсан нэг зохиолд аз жаргалын бэлгэдэл хөх шувууг хүмүүс хайж буй тухай өгүүлсэн юм. Шувуу зурах болсон шалтгаан минь үүнтэй холбоотой. Хүмүүст аз жаргал бэлэглэх зүйл маань бидний хажууд, байгаль дээр байдаг, ойрхон орших бүхнээсээ сайхныг мэдэрч болдог юм шүү гэдгийг харуулах үүднээс байгальтай зохицсон бүтээл зурсан. Цэнхэр шувууны цуврал зургуудаас гадна байгаль, хотын хэмнэл айзмыг илтгэх уншсан зохиолоосоо сэдэвлэсэн олон зураг зурсан учраас хоёр дахь үзэсгэлэнгээ “Хөх шувуу” гэж нэрлэсэн. Одоо дэлгэсэн бүтээл дунд шувууны тухай сэдэв харагдах ч зохиомж, дүрсийг нь илүү анхаарсан байгаа. 

-Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүсийг ямар мэдрэмж аваасай гэж хүссэн бэ? Таны бүтээлүүдийг хараад тайвширсан, эмзэг мэдрэмжийг авлаа гэх хүмүүс зөвхөн надаар хязгаарлагдахгүй байх?

-Энэ удаагийн үзэсгэлэнд ирсэн хүмүүс, найз, мэргэжил нэгт нөхөд минь үүнд анхаараарай, ингэвэл зүгээр юм уу гэх мэтээр зөвлөсөн. Үүнээс надад уран зургаас гадна баримал урлах, шинэлэг зүйлийн эрэл хайгуул хийх сэдэл төрсөн юм. Жишээ нь шувууг олон янзын хэлбэрт оруулж, хананаас зүүж буулгах гэх зэрэг. Тэдний хэлсэн бүхнийг нь би тэмдэглэж аваад “Аан ингэж болох юм. Өөрийнхөө санаатай ингэж уялдуулбал зүгээр юм байна” гэх мэтээр дараагийнхаа үзэсгэлэнг илүү сонирхолтой, үзэгчдэд таашаал өгөх бүтээлийн санаа төрөв. “Эмзэг мэдрэмж авлаа, зарим шувуу, модыг харахад аягүй туяхан нарийхан мөчиртэй” гэх мэтээр мэдрэмжээ хэлэх хүмүүс бий. Би зургаа хэн нэгэн ийм мэдрэмж аваасай гэж бодож зурдаггүй. Тухайн үед өөрт үнэхээр сэтгэл ханамжтай байж, шувуу байрлалаа олж, үүнийг хөдөлгөхгүй зохиомж нь төгс болжээ гэж. Тэр зургийг дахин хүмүүс үзээд талархсан сэтгэгдлээ илэрхийлэх нь надад хамгийн том жаргал. 

                                                                                                                                                                          Бүтээлийн нэр: Blue 2022 oн 

                                                                                                                                                                                  зотон, акрилик, 150x118

 -Хамгийн анхны бүтээлүүд тань ямар сэдэвтэй байв?

-Хамгийн анхны уран бүтээлдээ байгалийг их дүрсэлдэг байв. Дипломын ажил маань “Хотын байгаль” гэсэн сэдэвтэй. Тухайн үед хүн ам нягтаршсан хотуудыг зурна. Бүтээлтэйгээ уялдуулж хотын сэдэвтэй, тус газар амьдарч байгаа хүмүүсийн тухай, тэдний сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөж буй талаарх номууд уншдаг байв. Хүн уншиж, харсан бүхнээ толгойдоо өөрийн мэдэлгүй хадгалчихдаг. Би өөрөө зуръя гэж бодоогүй ч эргээд тэр бүхэн миний бүтээл дээр гарах жишээтэй. Уран зохиолын ном унших нь шинэ амьдрал, өөр цаг үед буй хүний ертөнцийг ойлгох мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэрхүү төсөөллөө би зургаар буулгадаг гэх үү дээ. Цааш өөрийн хүлээж авсан мэдрэмжээ зургандаа гаргахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

                                                                                                                                                                      Бүтээлийн нэр: Уянга 2022 он, 
                                                                                                                                                                                  зотон, акрилик, 150x118

-Уран зураг дотроо олон төрөл. Тэгвэл та ямар чиглэлээр зурдаг уран бүтээлч вэ?

-Уран зураг үүссэн цагаасаа хойш өөрчлөгдөж буй. Анх зураачид ихэвчлэн бодитой зүйлийг зурдаг байсан одоо хийсвэр, хүний дотоод сэтгэлзүй, зураачийн өнгө аясыг илүү харуулахыг бүтээлчид зорьдог болсон. Миний хувьд мөн адил. Шувууны дүрслэл заавал бодитой байх албагүй, уран бүтээлчийн дотор ямар шувуу байна тэрийг л гаргаж харуулахыг хүсдэг. Үүнийг үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй үлдэнэ, энэ л уялдаа холбоог илүүтэй таньж мэдэхийг анхаардаг. Би энэ нь ийм байх ёстой, тийм байх ёстой гэх мэт зүйлд баригдахыг хүсдэггүй юм. 

-Уран бүтээлч М.Цасчихэрийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Шинэ өнгө аясыг хэрхэн хайдаг вэ?

-Би өглөө босоод шууд зураг зурахгүй. Амралтын өдрөөр заавал амарна гэхгүй. Ямар ч уран бүтээлч тодорхой хугацаа зааж ажилладаггүй байх. Тэдний зураг зурах санаа нь байнгын толгой дотор нь байж, гадуур явсан ч бодогдох учир хааяа шинэ санаагаа тэмдэглэж эсвэл фото зургийг нь авна. Ер нь үргэлжийн эрэл хайгуул дунд өдрийг өнгөрөөдөг дөө. Өдөрт дор хаяж 2-3 цаг заавал бүтээлдээ зарцуулна. Бусад үед цаашдаа юу хийх, дараагийн зураг маань ямар байх уу гэх мэтээр бодож, эргэцүүлнэ. Шинэ өнгө аясыг янз бүрийн зүйлээс хайна. Өмнөх хүмүүсийн бүтээлийг харна. Монголын зураач, барималч, дэлхийн уран бүтээлчид одоо хэрхэн ажиллаж байна, өмнөх түүхэн зургийг сөхөж, тухайн үеийн нийгэмд иргэд нь ингэж хүлээж авав гэх мэтээр судална. Одоо үетэй харьцуулна. Урлаг ард түмнийг соён гэгээрүүлэх үүднээс хөгждөг учраас тухайн үеэ мэдэрч зурахыг эрмэлздэг.

-Энэ танхимд тавигдсан бүтээлүүдээс таныг хамгийн их шаналгаж зовоож бүтсэн нь ямар зураг вэ?

-Хамгийн зовоож бүтсэн нь “Жиргээ”. Ердөө болж өгөхгүй байсан юм. Зураг бүхэн өөрийн төрөх цаг хугацаатай. Жишээ нь, зургуудаа харж байхад “Зохиомж” зургийг том хэмжээтэй, нэлээн удаан зурсан юм шиг харагдах ч бүтсэн хугацаа нь хоёр цаг. Харин “Жиргээ” арай багахан хэмжээтэй ч гэсэн түүнд 14 хоног зарцуулсан. Өөрчилж зурна, өөрөөр оролдож, оролдож харахад таалагдахгүй, сэтгэлд хүрэхгүй. Сүүлдээ нөгөө зургаа цааш нь харуулж тавина, харахгүй нэг хэсэг байж байгаад зурдаг байв. Энэ мэтээр бүтсэн зургууд бий. Миний сэтгэлд хүрэхгүй мөртлөө өөр хүнийг харахад болсон юм шиг. Сэтгэлд минь нийцэхгүй бүтээлийг өөрт таалагдах хүртэл нь зурна. Тэр зургаа хараад чаджээ гэх мэдрэмжээ авахын тулд уран бүтээлч зовж, шаналж ажилладаг байх. Ингэж зургаа бүтээх үе хамгийн сайхан нь. 

-“Blue” зургийн тухайд?

-“Blue” зургийн арын дэвсгэр модны эрээн өнгөтэй юм шиг хэрнээ хөдөлгөөнтэй. Гол дугуй дүрс зохиомж авалттай. Хараацай шувуун хөдөлгөөн доороосоо эхлээд дугуй дүрс рүү чиглээд, түүнээсээ гарч байгаа. Шувуу ямарваа нэгэн зүйл рүү ороод гарахдаа сүүдрээ эсвэл орон зайгаа үлдээнэ. Бид өөрсдөө хэн ч бай, ямарваа нэгэн зүйлд сэтгэл хөдөллөө илэрхийлэхдээ нөгөө хүнийхээ сэтгэлд сайн муу, аль алиныг нь тусгаж болно. Хэн нэгний хэлсэн үгийг марталгүй санаж явдаг нэгэн бий. Гэхдээ санаатай, санаандгүй амнаас гарсан бүхэн хүний сэтгэлд ямар нэгэн орон зай үлдээдэг. Урмын үг, шүүмж байж л болно. Хэлсэн үг сэтгэлд үлддэг байхад түүнийг хэлсэн хүн нь мартчихсан байдаг. Үүнийг л илэрхийлж зурсан юм. Энэхүү санааг зураач бүр янз бүрээр дүрслэх байх. Харин миний хувьд шувуугаар, өөрийнхөө илэрхийлж хэлэх гэсэн санаагаа гаргахыг хүссэн гэх үү дээ.

“Анир 2” уран бүтээлийн чуулганы үүдээр ороход л халуун дулаахан гэрэл зургууд та бүхнийг угтана. “Уянга” хэмээх зурагт өнгөөр урсах аж жаргал, баяр хөөр, хөнгөн гуниг, чимээгүй өдрүүдийн дунд хөх шувуу дурмсамжийн мөчир дээр сууна. Их хотын чимээ шуугиантай, хаашаа ч яарсан амсхийх завгүй, давчуу мэдрэмжээс зугтаад харах тусам татагдах тус бүтээл дотор тэр л шувуудын нэг нь болоод үлдмээр... Заримдаа мэдрэмж гэх зүйл хэт оргилохоороо хэтрүүлэх авч хүнээс гарах хамгийн үнэнч сэтгэл хөдлөл ч байж магад. М.Цасчихэр зураачийн “Жиргээ”-тэй хамт бүхий л хэлэх, талархал сэтгэл, үзэн ядалт, уур бухимдлын үгсээ дайгаад үргээчихмээр. Өнөөдөр түүний үзэсгэлэн буух сүүлийн өдөр. Нарны дулаан илчийг гуйх ч хүйтнээр бидэн рүү үлээх хаврын өдрүүдэд өнгө, хайр нэмсэн үзэсгэлэн, гоо бүтээлүүдийг үзээрэй гэж та бүхэнд зөвлөе.

                                                                                                                                                                    Бүтээлийн нэр: Жиргээ 2022                                                                                                                                                                                          зотон, акрилик, 120x100


1
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна