Украины эрх баригчид "Азовсталь"-аас бүх эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргасан гэжээ


М.ХҮСЛЭН 

Украины эрх баригчид Оросын цэргийн бүслэлтэд байгаа Мариуполь хотын "Азовсталь" гангийн үйлдвэрээс бүх эмэгтэйчүүд болон хүүхэд, ахмадуудыг гаргасан гэж мэдэгджээ. Энэ тухай Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук "Телеграм" сувагтаа бичсэн байна. "Ерөнхийлөгчийн тушаал биелэгдэв. "Азовсталь"-аас бүх эмэгтэй, хүүхэд болон ахмадуудыг гаргаж, нүүлгэн шилжүүллээ. Маруполь дахь хүмүүнлэгийн ажиллагааны нэг хэсэг дуусгавар боллоо" гэжээ. Тавдугаар сарын 7-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн "Азовсталь"  үйлдвэрээс бүх энгийн иргэдийг гаргасан гэж мэдээлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн бямба гарагийн орой мэдэгдэл хийхдээ, нүүлгэн шилжүүлэх ажлын эхний хэсгийг явуулахад туслалцаа үзүүлсэн олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон НҮБ-д талархал илэрхийлжээ. В.Зеленский "300 гаруй эмэгтэй болон хүүхдийг аварлаа. "Азовсталь"-аас бүх энгийн иргэдийг гаргаж чадлаа" хэмээв. Түүний хэлснээр, одоо хүмүүнлэгийн ажиллагааны хоёр дахь шатыг явуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа аж. Энэ удаад шархадсан цэргүүд болон эмч, сувилагчдыг гаргаж авна. "Азовсталь" гангийн үйлдвэрт энгийн иргэдээс гадна Украины "Азов" батальон болон тэнгисийн явган цэрэг удаан хугацаанд байрлаж буй. Оросын эрх баригчид тэднийг бууж өгөхийг шаардсан ч, украины хүчнүүд татгалзсан аж. Уг үйлдвэр Мариуполь хотыг Оросын цэрэг эзэлж авснаас хойш Украины  хүчний хяналтад үлдсэн цорын ганц байгууламж. 

"Азовсталь" үйлдвэрээс энгийн иргэдийг гаргах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос НҮБ-ын оролцоотой эхэлсэн. Гэсэн хэдий ч Оросын цэргүүд үйлдвэрийг булаан эзлэхээр оролдож байгаа. Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, ОХУ-ын арми их буу болон агаарын цохилт өгч үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтэрч эхэлжээ. Өмнө нь Оросын тал үйлдвэр рүү цохилт өгөхгүй, зөвхөн орж гарах бүх замыг бүсэлж, хаана гэж мэдэгдэж байв.     

Их Британи Украинд дахин 1.6 тэрбумын тусламж үзүүлнэ

Их Британи улс Украинд 1.6 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ гэж "Reuters" агентлаг мэдээлэв. Энэ нь тус улсаас өмнө нь өгч байсан тусламжаас ойролцоогоор хоёр дахин их аж. Их Британийн Засгийн газар энэ бол Ирак болон Афганистаны дайнаас хойших хамгийн том тусламж гэдгийг онцолжээ. Гэсэн хэдий ч тусламжийн талаар тодорхой зүйл хэлсэнгүй. "В.Путиний харгис дайралт Украиныг эвдэж сүйтгээд зогссонгүй, тэр Европын аюулгүй байдал болон энх тайванд заналхийлж байна" гэж Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.   
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд хэлсэн үгэндээ, Украинд нэмэлт 33 тэрбум ам.долларын тусламж өгөх тухай Конгресст хүсэлт илгээсэн гэв. Дээрх мөнгөний 20 тэрбумыг Украин болон түүний хөрш орнуудад зэр зэвсэг, цэргийн техник хэрэгсэл авахад, 8.5 тэрбум нь эдийн засгийг дэмжихэд, гурван тэрбум нь хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд зарцуулагдана. Уг шийдвэрийг Конгресс дэмжих ёстой. Үүнээс өмнө АНУ-ын эрх баригчид дайныг дуустал Украины дэмжихэд бэлэн гэж мэдэгдсэн. 

Йенс Столтенберг: Украины дайн сунжирч магадгүй 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн бямба гарагт “Welt am Sontag” сонинд өгсөн ярилцлагадаа “НАТО Украиныг дэмжиж байгаа ч, мөргөлдөөнд оролцохгүй бөгөөд бусад улс орнууд ч дайсагналцахаас зайлсхийх хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр "Харамсалтай нь, Украины дайн удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй бөгөөд бид бэлэн байх ёстой. Энэ дайн хэдэн сар, бүр жил ч үргэлжилж магадгүй" гэв. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна