Хотын захын хүүхэд багачуудад гэрт нь ойр сургалт, дугуйлан хэрэгтэй


Б.ЛХАГВА

Хүүхдийн хөгжил, боловсрол гэдэг хугацаа алдан хоцрооход дэндүү хайран үнэ цэнэтэй зүйл билээ. Эцэг эхчүүд хүүхдийн аливааг хүлээн авах, суралцах цаашдын чадварынх нь суурийг бэлдэхийн тулд сургуульд явуулахаас нь гадна олон төрлийн сургалт дугуйланд хамруулдаг. Үүний ачаад тэд одоо мөн ирээдүйд хэн байхаа, хэрхэн амьдрахаа бүтээж, өөрсдийгөө шинээр нээдэг аж. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг дагахын тулд хүүхэд хичээлээс гадуур ямар нэгэн байдлаар хөгжих шаардлага тулгарч буй. Уншиж бичээд, тоо бодоод сурчихна гэдгээр хүүхдийн бүх хөгжил боловсролыг хэмжих боломжгүй учир багачууд ч өөрсдөө хөгжихийг хүсэх аж. Гэтэл гэр хороолол, хотын зах гэх байршлаас шалтгаалж олон бэрхшээл тулгардгийн нэг хүүхдийн гэрт нь ойр сургалт, дугуйлан, чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар. Энэхүү асуудлыг шийдэхээр "Yalguun Special School" хэмээх дугуйлан хотын төвийн байршлаа орхиж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байршиж, тэр хавийнхаа багачуудын анхаарлыг татаж эхэлжээ. Ингээд тус сургалтын төв хэрхэн ажилладаг, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар сурвалжилга бэлтгэлээ.

Хүүхдүүд: Гэртээ ойрхон дугуйланд явахад амар байдаг

Манай сурвалжлах багийг очиход буюу тавдугаар сарын 7-ны өдөр тус дугуйлангийн хүүхэд багачууд өнгөрсөн нэг сарын хугацаанд юу сурснаа эцэг эхдээ тайлагнаж байв. Уг өдрийн өглөөнөөс орой хүртэл сургалтад хамрагдсан хүүхдүүд суралцаж буй түвшингээрээ гурав хуваагдаж авьяасаа үзүүлж, сурсан мэдсэнээ толилуулжээ. Өглөө нь тоглолтоо хийсэн сурагчид хоёр сар сургалтын төв явсан бөгөөд анхлан суралцагч нараасаа үнэхээр ялгарч байв. Тэд ээж аавдаа зориулж жүжигчилсэн тоглолт үзүүлээд зогсохгүй олны өмнө гарч өөрсдийгөө нээв. Учир 13 настай болов уу гэмээр охин цугласан олны өмнө үг хэлэхдээ сандрах ч хэсэгхэн хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө тайвшруулж, үүргээ алдаагүй гүйцэтгэсэн юм. "Yalguun Special School" дугуйланг үүсгэн байгуулагч нь бидний сайн мэдэх “Адтай жаалууд” ОАУСК-нд Ялгууны дүрийг бүтээсэн С.Алтанцэцэг аж. Тэрбээр сургалтын төвдөө анх ганцаар хичээж зааж байгаад сарын өмнө бүжгийн багш авчээ. Хүүхдүүдийн хичээллэх орчин мөн өөрөө, гэр бүлийнхнийхээ хамт тохижуулсан бөгөөд энэхүү ажлаа хийж байх үедээ нэг ч удаа шантарч байгаагүй гэдгээ дурссан юм. Учир хүүхэд бүрт хүрч ажиллах, тэдний мөрөөдлийг биелүүлэх нь түүний багын мөрөөдөл юм байна. Тиймээс мөрөөдлөө биелүүлж, тэр тусмаа хотын төвөөс зайдуу оршдог газруудад дугуйлангаа нээж, хүүхдүүдийн төлөө ажиллаж эхэлжээ. "Yalguun Special School" сургалтад эхэндээ 20 гаруй хүүхэд хамрагдаж байсан бол нэг сарын дараа 70 гаруй хүүхэд хичээллэдэг болжээ. Тус төвд хүүхдүүд долоо хоногийн гурван өдөр хоёр цаг гаруй хугацаанд  хэл яриа, хөтлөх ур чадвар, шүлэг, үлгэр, өгүүллэг унших, дуулах, бүжиглэх алхаа гишгээ гоо зүйн зэрэг таван багц хичээлд өглөөний 10-18 цагийн хооронд хамрагдана. Ингээд сурсан мэдсэнээ сар бүрийн эхэнд эцэг, асран хамгаалагч нартаа тайлагнадаг аж. Энэ нь тус сургалтын арга барил, багшийн заах арга, сурч буй хүүхдүүдийн ахиц дэвшлийг тодорхой хугацаанд эцэг эхчүүдэд нь харуулах зорилготой гэнэ. Дугуйланд суралцсанаар хүүхдэд ямар өөрчлөлт гарсан талаар есөн настай А.Чингүний ээж П.Шижирмаагаас тодруулахад “Хүү маань Ялгуун дугуйланд хоёр сарын өмнөөс анхан шатанд явж эхлээд сая ахисан шатаа төгслөө. Энэ дугуйлан явснаар хүү маань маш их зүйлийг мэдэж авсан. Манай Сонгинохайрхан дүүргийн зарим орчинд хүүхдэд зориулсан, тэдний ур чадварыг нээж хөгжүүлэх сургалт маш ховор. Хүүхдээ ямарваа нэг дугуйланд хамруулах гэхэд гэрээс хол учраас заавал өөрсдөө унаа тэргээр хүргэж өгөх, ажлаа зохицуулах шаардлага тулгардаг. Ингээд хичээллэх хугацаанд нь хүлээхээс гадна ирэх гэсээр байтал түгжрэлд ихэнх цагаа алдана. Харин үнэт цагийг маань хэмнэж хотын төвөөс манай дүүрэгт хүрэлцэн ирж дугуйлангаа явуулж буй Алтанцэцэг багшдаа баярлалаа. Тус дугуйланд явснаар Чингүн маань өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй болж, үр бүтээлтэй цагаа өнгөрөөх болсон. Өмнө нь хичээл хийхээс бусад цагт утас, зурагт үзэж өдрийг өнгөрөөдөг байсан бол одоо олон найзтай болж төлөвшиж эхлэв. Коронавирусын улмаас хөл хорионд ганц ч бүтэн дуу, шүлэг мэддэггүй байсан хүүхэд хөтлөх, жүжиглэх ур чадвараа нээлээ. Анх хүүгээ бүжиглүүлье, эрүүлээр жинг нь хасъя гэж дугуйланд явуулсан. Урьдынх шигээ биеийн жин нь хэвийн болохоос гадна жүжигчин болох хүсэлтэй болов. Хүү минь нэг ч өдөр хичээлээ таслалгүй, идэвхтэй хамрагдаж байгаа” гэлээ. 

Харин сургалтад хамрагдаж буй хүүхдүүд,

11 настай сурагч М.Цэлмэг:
-Би Ялгуун дугуйлан нээгдсэн талаар анх мэдээгүй байсан. Харин хөгжмийн Даваасүрэн багш маань урлагийн дугуйлан нээгдэнэ гэж хэлсэн учраас энэ сургалтын төвд явж эхэлсэн. Би чөлөөт цагаараа бүжиглэх сонирхолтой. Аав ээж маань намайг их дэмждэг болохоор гуравдугаар шат хүртлээ хичээллэж байна.
12 настай сурагч Б.Мишээл:
-Миний мөрөөдөл жүжигчин болох учраас энэ дугуйланд явж эхэлсэн. Мөн бүжиглэх сонирхолтой. Өөр дугуйлан, сургалтын төвүүд хол байдаг. Харин Ялгуун дугуйлан маань ойрхон дээрээс нь хичээл ордог анги нь таатай гоё.

10 настай сурагч н.Отгонжаргал:
-Энэ дугуйланд хамрагдахад манай дуу хөгжмийн багш нөлөөлсөн. Би бүжиглэх эвсэлгүй ч гэсэн бүжиглэх сонирхолтой. Одоо гуравдугаар шатандаа орох гэж байна. Хоёрдугаар ангиа амжилттай төгсөхөд тусалсан аав ээж, багш нартаа баярлалаа. 

7 настай сурагч С.Эгиймаа:
-Би дугуйлангийн талаар ээжээсээ мэдэж авсан. Анх бүжиглэж чаддаггүй байсан ч одоо гуравдугаар шатанд сурдаг. Бүжиг, дуу бүгдийг нь сурч байгаа.

11 настай сурагч н.Маргад:

-Ялгуун дугуйлангийн талаар найзуудаасаа мэдэж, энд хамрагдах болсон. Манай гэртэй ойр учраас ирж очиход амар. Өмнө дугуйланд явж байсан ч гэрээс хол, аав ээж хүргэж өгөхөд хэцүү, их хоцордог байсан. 

С.Алтанцэцэг: Хүүхэд бүр хөгжих эрхтэй.  Тийм учраас хотын захад дугуйлангаа нээсэн

"Yalguun Special School" дугуйлангийн үүсгэн байгуулагч, багш С.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Яагаад хүүхдэд зориулсан дугуйлан ажиллуулах болсон бэ?

-Хүүхдийн дугуйлан байгуулах нь миний мөрөөдөл. Би багадаа сургалт, дугуйланд явж, дуулж бүжиглэнэ, хичээлээ тараад л үеийнхээ болон ах эгч нарынхаа хамт дуртай зүйлээ сурдаг байв. Хэчнээн хичээлтэй завгүй ч гэсэн дугуйландаа явна. Миний үеийн хүүхдүүд “Лоолойгийн найзууд” гэх мэт сургалтад хамрагдаж, утас оролдох, үр бүтээлгүй цаг өнгөрөөх завгүй байсан. Энэ л замналаар би явж, СУИС-ийн Хөгжим, театр, жүжигчний ангийг төгссөн. Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэнээр олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулав. Түүнийхээ ачаар өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, хүүхдэд зориулсан сургалтын төвөө нээсэн юм. Анх нээсэн төв маань хотын төвд байрлалтай, суралцах хүүхдээ зар тавиад л бүртгэж авдаг, цахим хаяг нээгээгүй тул олонд танигдаагүй байсан. Гэнэт надад 62-р сургуулийн дуу хөгжмийн Даваасүрэн багш ”Манай сургууль хотын зах руу байдаг юм. Чиний фэйсбүүк дээрх сургалтын орчин бүрдүүлж, хүүхдүүдийг хөгжүүлж байгаа бичлэгүүдийг чинь харлаа. Сайхан ажил байна. Харин манай хүүхдүүд наад дугуйланд чинь явах боломж үнэхээр алга. Манай энд төвөө нээчих юм бол маш олон хүүхдийн хүслийг биелүүлэх юм аа. Манай олон шавийн хүслийг биелүүлэхээр зорьж ирээч” гэж санал тавьсан. Би багадаа ээжийнхээ, хайртай хүмүүсийнхээ тусламжтай дугуйлан сургалтад явж, өөрийгөө нээсэн. Тиймээс тус саналыг хүлээн авсан. Хаана, ямар ч орчинд хүүхэд хөгжих ёстой. Энэ газрыг гуравдугаар сарын нэгнээс эхлэн ажиллуулсан. 


-Залуу хүмүүс хотын төвд тухтай, цэмцгэр орчинд л илүүтэй төвлөрч, ажиллахыг хичээдэг юм шиг. Харин өөрийн чинь хувьд хотын төвд байрлах төвөө орхижээ?

-Залуус маань аль болох гоё орчинд ажиллаж, хичээлээ заах гээд л. Бид энэ хүүхдүүдийн адил насыг туулж өнгөрүүлсэн атлаа яагаад тэдний хүслийг биелүүлж болохгүй гэж. Орчин нөхцөлийг нь анхаарахаас илүү санаагаараа нэгдэж ажиллах боломж бий. Би өөрийн болон хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх гэж энд ирсэн. Нээлтээ хийснээс хойш сурагчид нэмэгдсээр байна. Хүүхэд нэмэгдэх тусам хотын төвд байсан шигээ тав тухтай, гэр шиг нь мэдрэмж төрүүлэх орчин бүрдүүлэхийг хичээв. Нөгөөтээгүүр манай дугуйлангийн давуу тал нь сарын хугацаанд таван багц хичээлийг заадаг онцлогтой. Яагаад нэг дор олон хичээл ордог вэ гэвэл хүүхдүүд нэг дор хурдан хөгжөөсэй л гэж. Ачаалалтай ажиллах нь намайг ядраахаас илүү жаргалтай болгодог. Цаашдаа илүү олон салбараа нээж, олон хүүхдийн төлөө ажиллахыг хүсдэг дээ. Энд салбараа нээсний дараа зөвхөн энэ хавийн багачууд л хамрагдаж байсан бол одоо Баянхошуунаас хүртэл зорьж ирдэг. 

-Эцэг эхчүүд дугуйлан, сургалтыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Анх эцэг эхчүүд манай дугуйланг зөвхөн бүжгийн хичээл ордог гэж бодсон гэсэн. Яг үнэнийг хэлэхэд хэл ярианы гажигтай эцэг эхтэйгээ ч сайн ярьдаггүй, утасны хамааралтай болон гэр сургуулиар л орчин нь хязгаарлагддаг хүүхдүүд бий. Гэтэл манай сургалт хэл ярианаас нь эхлүүлээд олон нийтэд өмнө задлахын тулд хүмүүжил дээр нь хүртэл ажиллана. Зарим нь өөрийнхөө гадна төрх биеийн жингээсээ хүртэл ичиж, бусдын өмнө гарахдаа сандарна. Үүнийг нь засахын тулд бүх тал дээр тусална. Энэ нь эцэг эхчүүдэд таалагдсан. Тэдний зүгээс “Манай хүүхэд зөвхөн жингээ хасахын тулд орж ирсэн бол өнөөдөр жүжиглэнэ, дуулна, айхгүйгээр загварын алхаа хийж байна. Хүний хүүхдүүдтэй адилхан монгол бүжиг, гадаад бүжиг сурсан” гэх мэтээр баярласнаа илэрхийллээ. Харин зарим нь “Миний хүүхэд дуулдаг байсан юм уу, хүү маань хүний өөдөөс хараад бүтэн шүлэг уншдаггүй байсан. Гэтэл өнөөдөр ээжийгээ уяраатал жүжиглэлээ. Үүнийг нь оройтоогүй дээр нь харлаа” гэсэн. Эцэг эхчүүдийн хувьд манай дугуйлан шинэ зүйл бол хүүхдүүдэд бяцхан ертөнц нь. Тиймээс хүүхдүүдийнхээ аав ээж, асран хамгаалагч нарт нь танай хүүхэд ингэж өөрчлөгдсөн гэдгийг нь харуулах үүднээс сар бүр тайлан тавьдаг. Энэ нь тэд анх  ирснээсээ хойш хэрхэн өөрчлөгдөж, ямар хэмжээнд хүрсэн гэдгийг нь харуулна. Сарын хугацаанд хүүхдүүдтэй гэр бүлийнх нэг гишүүн мэт байсаар өөр түвшинд аваачихад ээж аав нь гайхдаг. 

-Харин хүүхдүүд дугуйланг хэрхэн хүлээн авсан бэ? 

-Манай хүүхдүүдийн намайг байнга урамшуулдаг нэг зүйл бол 10.00-11.30 хүртэл өглөөний анги орсны дараа харихгүй, хичээлдээ дуртай учраас дараагийн ангитай хамт сурах гэсэн хүсэл нь. Өмнө нь ийм дугуйланд явж үзээгүй учраас гэрээсээ хоолоо авчраад өдөржингөө энд байдаг. Ингээд харвал тэдний хүсэж байсан зүйл нь энэ. Хүүхдүүдээс “Яагаад гэртээ харихгүй байгаа юм?” гэж асуухаар “Дуугаа дуулаад, бүжгээ бэлдээд найзуудтайгаа хамт баймаар байна. Дуу бүжгийн өөр дугуйланд явж үзээгүй. Явах гэсэн ч хол байдаг” гэдэг. Энэ мэт асуудал тэдэнд, надад ч байсан. Анх олон хүүхэд дугуйланд явна гэж бодоогүй ч сүүлдээ өөрөө хүчрэхээ болиод мэргэжлийн бүжгийн багш авсан. Гэхдээ хүүхдүүдтэй ажиллах хугацаа нэг л мэдэхэд өдөр өнгөрдөг тул ядрахаа мартана. Хэдий миний мөрөөдөл ч гэсэн орчин нь шууд бүрдэж, хүүхдүүд маань заал дүүртэл хамрагдана гэж байхгүй. Тэдний төлөө сарын хугацаанд ганцаараа нэлээн хичээж, танхимаа тохижуулав. Миний ард найз нөхөд, гэр бүл, хайртай ээж маань байсан учраас чадсан. Хамгийн гол нь хүүхдүүдийн хүч. Тэд байсан учраас нэг ч удаа шантраагүй, дахин орчин бүрдүүлэх нь, хотын төв рүү явъя гэж хойш суугаагүй. 

Нэгэнт намайг зориод ирсэн хүүхдүүдээ эхнээс нь дэмжиж, тэдэндээ клип хийлгэсэн. Манай дугуйлангийн бүтээл Эх үүрсийн баярын үеэр цацагдах байх. Бүх бүтээл оюуны өмчтэй, тиймээс өөрийнхөө дууг тэдэнд өгсөн. Үнэхээр авьяастай хүүхдүүдээ уран бүтээлийн тоглолтод оруулж дэмждэг. Эндээс ямар нэгэн ашиг хараагүй. Хамгийн гол нь хүүхэд хөгжих эрхтэй. Миний хамгийн эмзэглэсэн зүйл нь хотын төвөөс зайдуу, гэрээсээ зайтай дугуйлан сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд хөгжлийн хувьд бусдаасаа хоцордог. Дөрөвхөн мөр шүлэг ч уншиж чадахгүй, анхаарал нь төвлөрөхгүй, ая хөгжим явахаар мэдрэхгүй бие барьсан бага насныхан ирж байсан. Харин одоо тэд маань мундаг болсон. Өнөөдөр залуус хувьдаа амжилт гаргаж, дор бүрнээ ажлаа хийж яваа ч гэсэн хүүхдүүд рүү чиглэсэн ажилд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна