В.Путин Ялалтын парадын үеэр Украины дайнд зориулж үг хэллээ


М.ХҮСЛЭН

Өчигдөр Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн баяр тохиолоо. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд уламжлал ёсоор Ялалтын баярт зориулсан цэргийн парад болов. "ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсноор "Анхааруулах цохилт өгсөн. Энэ бол зөв шийдвэр байсан" гэж Улаан талбайд цэргийн парадын өмнө үг хэлэхдээ Оросын төрийн тэргүүн Владимир Путин онцлов. Түүний хэлснээр, АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Орост аюулгүй байдлын баталгаа өгөхөөс татгалзсан бөгөөд Украиныг Оросын "түүхэн газарт", түүний дотор Крым руу довтлоход бэлтгэсэн. Украин руу дайрахад дээрх үйл явдлууд нөлөөлсөн гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлжээ. Уламжлал ёсоор нэг минут чимээгүй байсны дараа В.Путин зөвхөн ЗХУ-ын үед дайнд оролцож, амь үрэгдсэн дайчдыг төдийгүй, "неонацистууд буудаж" Одессагийн үйлдвэрчний эвлэлийн байранд амиа алдсан, Украинд буудуулж амь эрсэдсэн орос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалав. Түүнчлэн тэрбээр Украинд амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан гэжээ.   

АНУ болон Их Британийн хэвлэлийнхэн тагнуулын албаны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Ялалтын өдөр В.Путин Украинд дайн зарлаж, эсвэл бүх нийтийн дайчилгаа зарлаж магадгүй гэж байв. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч тэр талаар ямар нэг зүйл хэлсэнгүй. Ялалтын баярын индэрт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Аюулгүй зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, шашны тэргүүн патриарх Кирилл болон бусад хүмүүс байв. Цэргийн парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу удирдлаа. Цаг агаарын таагүй байдлын улмаас агаарын үзвэр буюу нисэх онгоцны парад болсонгүй. "Москвад болсон парадын агаарын үзүүлбэрийн хэсэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас болоогүй" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Агаарын үзүүлбэрт 62 онгоц, 15 нисдэг тэрэг, мөн  алдарт "Ил-80" оролцоно гэж төлөвлөж байв. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Москвагаас гадна Санкт-Петербург, Екатеринбург, Мурманск, Новосибирск болон Самар хотод болох байсан парадад агаарын цэргийн хүчнийхэн оролцсонгүй. Түүнчлэн өчигдөр Оросын олон хотод Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, "Мөхөшгүй хороо" жагсаал боллоо.     

     
Украинд мөн Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэхдээ тэнд олон хүн цугларсан арга хэмжээ болоогүй аж. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Удахгүй манай улс ялалтын хоёр өдрийг тэмдэглэх болно" гэв. Тэрбээр "Бид үр хүүхэд, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа тул ялах болно. Найман сая гаруй украинчууд амиа алдсан дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг бид хэзээ ч мартахгүй" хэмээжээ. Оросын цэрэг булаан авсан Украины хотуудад, түүний дотор Херсонд ч баярын арга хэмжээ болжээ. Харин Донбасст халдлага болж магадгүй хэмээн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй.  


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна