Филиппинчүүд Ерөнхийлөгчөө сонгож байна


М.ХҮСЛЭН 

Филиппин улсад өчигдөр Ерөнхийлөгч болон 18 мянган төрийн албан тушаалтныг сонгох бүх нийтийн сонгууль боллоо. Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас орон даяар 37.211 санал авах байр нээгдэж, орой 19:00 цагт хаагдсан. Тус улсын 65.7 сая иргэн санал өгөх эрхтэй. Бүх нийтийн сонгуулиар мөн дэд ерөнхийлөгч, 12 сенатч, Төлөөлөгчдийн танхимын 300 гаруй гишүүн, орон нутгийн 17 мянга гаруй албан тушаалтныг сонгох ажээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Сенатч асан Фердинанд Ромуальдес Маркос ялах магадлал өндөр байна. Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосын хүү тэрбээр өдгөө 64 настай. Түүний гол өрсөлдөгч, одоогийн Дэд ерөнхийлөгч, 57 настай Мариа Леонор Робредо. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээр Ф.Маркосын дэмжигчдийн түвшин өрсөлдөгчөөсөө 30 гаруй хувиар өндөр байсан бөгөөд энэ жил явуулсан бүх санал асуулгад тэргүүлжээ. 

Филиппиний өмнөд нутгийн Магуинданао мужийн Булуан хотын сонгуулийн санал авах байр халдлагад өртөж, гурван цэрэг, цагдаа амь үрэгдсэн гэж армийнхан мэдээлэв. Тодруулбал, өчигдөр өглөөний 07:25 цагт цагаан өнгийн хоёр ачааны автомашинтай этгээд бага сургуулийн үүдэнд хэв журам сахиулж байсан цагдаагийн ажилтан руу гал нээсэн байна. Улмаар цагдаагийн гурван ажилтан амь үрэгдэж, нэг ажилтан шархдан эмнэлэгт хүргэгджээ. Сургуулийг сонгуулийн санал хураах байр болгосон.  

“Бага” Фердинанд Маркос

Филиппинийг 1965-1986 онд удирдсан Фердинанд Маркосын хүү, “Бага” Фердинанд Маркос тус улсын төрийн тэргүүнээр сонгогдож магадгүй. Санал хураалт эхлэхээс өмнө явуулсан олон судалгаа, санал асуулгуудын үр дүн үнэн бол Маркос улс орны жолоог дахин атгах нь бараг тодорхой аж. 2016 онд дэд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж, ялж байсан Лени Робредо “Бага” Маркосын хамгийн хүчтэй өрсөлдөгч ажээ. Тус сонгуульд Лени Робредо “Бага” Маркостой өрсөлдөн ялж байсан аж. "Бага" Маркосыг нэр дэвшүүлсэн Филиппиний холбооны нам Дэд ерөнхийлөгчид Сара Дутерте хэмээх эмэгтэйг нэр дэвшүүлсэн байна. Сара Дутерте нь хуульч мэргэжилтэй, Давао мужийн захирагчаар ажиллаж байсан. Индай Сара гэдэг нэрээр олон нийтэд танигдсан тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин юм.     
Фердинанд Маркос Филиппинийг 21 жил удирдаж, төрийн эрх барих үедээ улс оронд дайны нөхцөл байдал зарлаж, шүүх эрх мэдэл, аж үйлдвэр, хэвлэл мэдээллийн салбарыг хатуу хяналтад авч байсан. Түүний засаглалын жилүүдэд арми, цагдаагийн эрх мэдэл, баривчилгаа, хэлмэгдүүлэлт их байв. Ээж Имельда нь ч тэргүүн хатагтай гэдгээсээ илүү дарангуйлагч нөхрийнхөө сүр хүчээр далайлган улсын сангаас олон сая ам.доллар зувчуулсан хэргээрээ илүү алдартай.
Фердинанд Маркос 1986 онд албан тушаалаасаа бууж, удалгүй нас барсан. Харин "Бага" Фердинанд Маркосын тухайд 1990-ээд онд эх орондоо эргэж ирэн улс төрд хөл тавьсан. Мужийн захирагч, Сенат, Конгрессийн гишүүн зэрэг албан тушаалд сонгогдож байв. Барууны хэвлэлүүүд түүнийг “Эцгийнхээ үүсгэж байсан “Авлигын эзэнт гүрэн”-ийг сэргээх зорилготойгоор сонгуульд нэр дэвшсэн” хэмээн шүүмжилж байгаа. 

Лени Робредо

Хүний эрхийн хуульч, либерал үзэлтэн. Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хэрэгжүүлж буй бодлогыг харгислал, хүний эрхийн зөрчил талаас нь эрс шүүмжилж эсэргүүцдэг, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй юм. Тэрбээр сонгогдвол өөрийн дэвшүүлсэн “Шударга төр, илүү дээр амьдралыг хүн бүрт” уриан дор авлига, хээл хахуультай тэмцэнэ гэж амласан.
Дээрх хоёрын араас мэргэжлийн боксын дэлхийн аварга болж байсан, домогт Мэнни Пакъяо, Манил хотын захирагч Иско Морено нар явж байна. Мэнни Пакъяо авлига хээл хахууль, ядууралтай тэмцэхээ амласан бол Иско Морено сонгогдсон тохиолдолд дэд бүтэц рүү хийх хөрөнгө оруулалтыг нэмж, БНХАУ-тай харилцах харилцааг чангаруулна гэжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна