“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” хүний нөөцийн дутагдалтай байна


Б.АРВИН

Ковидын тархалт хумигдсан ч хүүхдийн ханиад, томуугийн халдвар сүүлийн хоёр сарын турш ихэссэний улмаас нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж буй. Ингээд сүүлд ашиглалтад орсон “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-т нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа. 
2009 онд шавыг нь тавьсан ч 2020 онд цар тахлын ачаар гэх шахуу ашиглалтад орсон Хан-Уул дүүрэгт орших “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” үндсэн чиглэлээрээ ажиллаж эхлээд өдгөө үйл ажиллагаа нь жигдэрчээ. Тус эмнэлэг Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяа болж, ковидын халдвартай өвчтөнүүдийг 2021 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчилж эхэлсэн. Халдварын нөхцөл байдал намжтал буюу энэ оны гуравдугаар сарыг дуустал тус эмнэлэгт өндөр ачаалалтай ажиллаж, ковидын тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нийт 36 мянга гаруй өвчтөн эмчлүүлжээ. Гол нь эх нярай эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлэг гэдэг утгаараа ковидын халдвартай жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдүүд, ахмад настнуудад тусламж үйлчилгээ үзүүлсэн тус эмнэлэг 2021 оны зургадугаар сараас эх барих тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн байна. Яармаг дахь эх хүүхдийн үндэсний төв гэж нэрлэх болсон тус эмнэлэг нь 33 мянган ам.метр талбай бүхий долоон блокт үйл ажиллагаа явуулдаг тул одоогоор Монголын хамгийн том эмнэлэг юм.
Байрны хувьд томоор зогсох­гүй компьютер томограф, мамог­рафийн аппарат зэрэг өндөр үнээр хийгддэг оношлогоо шинжилгээг ч энд хийдэг аж. Мөн MRI аппарат суурилуулж байгаа гэв. Эрүүл мэн­дийн салбарынхан 2020 оноос гүйцэтгэлээр санхүүждэг болсон учраас тухайн эмнэлгийн удирдлагаас зөв менежмент, сайн зохион байгуулалт шаардаж буй. Өөрөөр хэлбэл улсаас төсөв горьдож суулгүй, эмчилгээ хийсэн хүн, үйлчилгээний чанараар санхүүжих юм. Тиймээс зөв менежменттэй эмнэлэгт сайн боловсон хүчин төвлөрч, тэр хэрээр орлоготой ажиллах болжээ. Улсын эмнэлгүүдэд хувийн эмнэлгүүд шиг үйлчилгээ үзүүлж, орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн. Тус эмнэлгийн хувьд өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тусламж үйлчилгээний дүн­гээр шинэ тоног төхөөрөмж авчээ. 

Одоо эх нярай, эмэгтэйчүүдийг оношлох, эмчлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжтэй болсон гэдгийг сонсоход таатай байлаа. Хамгийн гол нь тус эмнэлэг “Удам зүйн лаборатори”-той болох аж. Ингэснээр хүүхдийг хэвлийд бүрэлдсэн цагаас ургийн гажиг байгаа эсэхийг оношлох бүрэн боломжтой гэсэн үг. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг дагаад мэргэшсэн эмч нар ирж байгаа ч хотын төвөөс нэлээн алслагдмал байршилтай гэдэг утгаараа хүний нөөцийн хувьд багагүй асуудал тулгарсныг эмнэлгийн удирдлагууд нуусангүй. 
450 орчим эмч, сувилагч, ажилтантай тус эмнэлгийн үйл ажиллагаатай энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцах үеэр хэд хэдэн асуудлыг хөнджээ. Хотын төвөөс зайдуу учраас ажилчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууц, цэцэрлэгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлагууд танилцуулж, дэмжлэг хүссэн аж. Мөн ажилчдын дунд хоёр автобус явуулахаар төлөвлөж Солонгос улсаас захиалсан гэв.

У.Цэвэгмид: Манай эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасаг харьяалал харгалзалгүй хүлээн авдаг

“Эх нярай, хүүхдийн үндэсний төв-2” эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмидтэй ярилцлаа.
-Ковидын халдвар ид газар авсан үед танайх нийт 36 мянга гаруй өвчтөн эмчилсэн гэлээ. 1000 гаруй ор дэлгэсэн. Харин одоо ямар хүчин чадалтай ажиллаж байна. Эмч нар хүрэлцээтэй байна уу?
-2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ковидын халдвартай 36 мянга орчим хүнийг эмчилжээ. 80-90 настай буурлууд, 0-16 насны хүүхэд гээд бүх л насныханд тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Манай төв Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын хувьд үндсэн үүргийнхээ дагуу хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд бид ковидын үе таарсан ч гэлээ хүний нөөцөө шинэ байгууллагын хувьд сайн бүрдүүлсэн. Хүүхдийн тусламж үйлчилгээ гэдэг маш олон төрөлтэй. Жишээ нь, нүдний мэс засал, ерөнхий мэс засал, чих хамар хоолойн мэс засал, зүрхний, хоол боловсруулах эрхтний эмч гээд хүүхдийн бүх төрлийн мэргэшсэн эмч нар шаардлагатай. Нэлээн том бүтэцтэйгээр олон төрлийн мэргэжлийн эмч сувилагч байж гэмээнэ бүрэн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Одоогоор боловсон хүчин нэлээн сайн бүрдэж байгаа. 

-Хотын төвөөс алслагдмал учир ачаалал арай бага байж чадах уу?

-Манай төвийг хотын төвөөс алслагдсан шинэ сууршьлын бүсэд оршдог гээд хүмүүс ирэхгүй байна гэж үгүй. Томуугийн өвчлөл ихэссэн энэ үед иргэд олноор ирэх болсон. Ажлаасаа тараад ирэхэд хүүхэд нь халуурсан байвал харьяаллын бус гэлтгүй манай эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасагт хандаж болно. Тусламж үйлчилгээ авах нь хүн бүрт нээлттэй. Ер нь, агаар сайтай, дуу чимээ бага, автомашины зогсоолтой гээд бусад эмнэлгээс давуу тал ихтэй. Тийм учраас манайхыг зорьж ирэх хүн өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

-Бидний ярьж заншсан Эх нялхсын эмнэлгээс танайх ямар ялгаатай вэ?

-Хүүхэд гэнэт л өвчилсөн нь мэдэгддэг, хүндрэх нь хурдан. Тэр хэрээрээ хурдан эдгэрдэг гээд насанд хүрэгчдийг бодвол онцлогтой. Тиймээс яаралтай тусламж шаардах нөхцөл байдал насанд хүрэгчдийг бодвол илүү. Жишээ нь зун самар гарсан үеэр хамар, чихэндээ самрын яс хийсэн хүүхдийн тоо нэмэгддэг. Иймэрхүү гэнэтийн үйл явдалд яалт ч үгүй яаралтай тусламж шаардана. Бид хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүй, элдэв чирэгдэлгүй тусламж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зам дагуу байгаа болохоор орон нутгийн иргэд хотын төв орж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж цаг алдалгүй манайд хандахад хялбар байх болов уу.
Манай төвийн хүүхдийн эмнэлгийн боломжит ор 300. Тиймээс төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх боломжтой. Мөн шинэ байгуулагдсан гэхэд хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр маш сайн хангагдсан. Жишээ нь, компьютер томографаар бүхий л төрлийн шинжилгээг хийж, MRI гээд өндөр өртөгтэй шинжилгээ хийдэг аппарат суурилуулах бэлтгэл ажлаа хангалаа. Мэдээж хэрэг энэ тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадвартай хүний нөөц зайлшгүй шаардлагатай.

-Таны ярианд чадварлаг хүний нөөц гэх үг хэд хэд сонсогдлоо. Хүний нөөц бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авахаар зэхэж байна вэ?

-Хэрвээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадвал мэргэшсэн боловсон хүчин манайд олноор ирэх боломж бий. Бид энэ хавьдаа ажилчдын орон сууцтай болчихвол хотын түгжрэлээс айлгүй хүний нөөц бүрдүүлж чадна. Түүнчлэн манай эмнэлгийн ажилтнуудын 70 орчим хувь нь 40-өөс доош насныхан болохоор залуучуудын амьдралын шаардлага болсон цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэх хэрэгтэй. 

-Танай эмнэлэгтэй танилцаж байхад “Удам зүйн лаборатори”-той болно гэсэн. Энэ тухай тодруулж өгөөч?

-Бид  аль болох эрүүл мэндийн салбарын олон улсын хөгжлөөс хоцрохгүйг хичээнэ. Ургийг хэвлийд байхад нь оношилж, мэс ажилбар хийдэг, ураг байхад нь гажгийг засдаг дэвшилтэт технологийг дэлхий нийт нэвтрүүлж байна. Манай төвд тун удахгүй нутагших байх. Түүнчлэн энэхүү төв цар хүрээ томтой учир судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байх хэрэгтэй. Мөн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд чиглэлээр эмч сургах, мэргэшүүлэх хэрэгцээ бий. Манай эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу 20-иод хоногийн өмнө сургалтын эрхийг Эрүүл мэндийн яамнаас олгосон. Намраас эмнэлгийнхээ хүний нөөцийг сургаж, бүрдүүлэх таатай нөхцөл бүрдлээ. Ингэснээр хүүхдийн эмчээр сурах сонирхолтой эмч нарыг өөрийнхөө эмнэлэгт ажиллуулж, дадлагажуулаад сургаад авах, цаашдаа үндсэн ажилтнаа болгох боломж бүрдсэн гэсэн үг. 

-Танай эмнэлгийн нэг онцлог нь цахим үйлчилгээг сайн нэвтрүүлжээ?

-Байгуулагдсан цагаасаа л цахим эмнэлэг болох зорилт тавьж, өвчтөний түүхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Эмч болгон таблеттай, үйлчлүүлэгчийнхээ хажууд очоод асуух зүйлээ асууж тэмдэглээд шинжилгээний хариуг нь харуулах боломж бүрдсэн. Түүнчлэн цахим бүртгэлд мэдрэгчтэй дэлгэц хэрэглэдэг болов. Халуунтай иргэнийг шууд илрүүлэх мэдрэгчтэй дэлгэц байрлуулсан. Нисэх онгоцны буудалд байдагтай адил 50-60 хүний халууныг нэг дор шалгах боломжтой. Мөн төрөх тасгийн үүдэнд том дэлгэц байрлуулж, ээж, хүүхдийн мэдээллийг ар гэрт нь шууд мэдээлдэг юм. 

-Нээгдээд удаагүй, мөн боловсон хүчин сайн бүрдээгүй гэж ойлголоо. Одоогоор хүүхдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

-Энэ оны гуравдугаар сарын 9-нөөс л “ногоон бүс” боллоо. Бид хүүхдийн мэдрэл, хоол боловсруулах, зүрхний, амьсгалын замын өвчнийг эмчлээд эхэлсэн. Өмнө нь ихэвчлэн ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байв. Гуравдугаар сараас томуугийн өвчлөл эрс нэмэгдэж, энэ үед хүүхдийн эмнэлэгтээ 500 ор дэлгэж, ямар нэгэн харьяалал харгалзахгүй тусламж эмчилгээ үзүүлэн ажиллаж байна. Баянзүрх, Налайх дүүргээс ирсэн ч өвчтөнийг шаардлагатай бол хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авсан. 

Яаралтай тусламж шаардлагатай бол 24 цагийн дотор эмчилгээг нь хийгээд зөвлөгөө өгөөд явуулах гэх зэргээр үйлчлээд хоёр сар боллоо. Ажиглахад тус хугацаанд тусламж үйлчилгээг өргөжүүлэх шаардлага байна. Жишээлбэл, мэс заслын тусламж шаардлагатай хүүхэд ирэхэд мэс заслын эмч байгаа ч унтуулгын эмч байхгүй. Тэгэхээр мэдээгүйжүүлэлтийн эмчтэй болбол мэс заслын ажилбараа хийх мэтээр шинэ эмнэлэгт тулгамддаг хүний нөөцийн асуудал бидэнд бий. Гэхдээ хоёрхон сарын дотор бүх зүйлийг эхлүүлж амжихгүй. Ямар ч байсан энэ ондоо багтааж мэс заслаа эхлүүлэх, дараа жил гэхэд дурангийн мэс засал хийдэг болж, түүний ирэх жил нярайн мэс заслбн ажилбар гүйцэтгэвэл ч гэдэг юм уу бүхий л тусламжийг шат дараатай үзүүлэхээр зорьж байна. 

-Нярайн тусламжийг ямар хүрээнд үзүүлж байгаа вэ?

-Дүүрэг болгонд нярайн тусламж үзүүлдэг нэгж байгуулна гэж олон жил ярьж байгаа ч харамсалтай нь бий болгоогүй. Одоогоор нярайн тусламжийг нийслэлийн хэмжээнд таван амаржих газар үзүүлдэг. Бид Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нярайн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

-Хүүхдийн эмнэлэгт эмчээс гадна сувилагч маш чухал. Гэтэл эрүүл мэндийн салбарт сувилагчийн хүрэлцээ бас л хангалтгүй?

-Монгол Улсын хэмжээнд аль ч эмнэлэг сувилагчийн хомсдолд орсон. Түүнтэй адил манай эмнэлэгт хүүхдийн судас сайн олдог мэргэшсэн сувилагч шаардлагатай байна. Цаашид сувилагчдаа ч гэсэн мэргэшүүлж дадлагажуулахад анхаарна. Мөн эерэг уур амьсгалтай, соёлтой хүүхдийн эмнэлгийн хамт олон бүрдүүлэхийн тулд хичээж явна. 

-Одоогоор танайд хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-350 орчим хүүхэд эмчлүүлж байна. Өнгөрсөн шөнө гэхэд манай яаралтай тусламжийн тасгаар 130 хүүхэд ирсэн. Ирж буй хүүхдүүдийг эрэмбэлэн ангилж яаралтай шинж тэмдэгтэй хүүхэд байвал шууд эрчимт эмчилгээнд оруулна. Түүнчлэн 10-аад хоногийн өмнөөс өдрийн эмчилгээг нээсэн. Энэ нь ээж, аавын хүсэлтийн дагуу ойр гэртэй, хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэлгүй эмчилгээ хийлгэх боломжтой тасаг. Одоогоор 10 гаруй хүүхэд өдрийн эмчилгээнд хамрагдаж байна. Дөрөвдүгээр сард 100 гаруй хүнд өвчтэй хүүхдэд тусламж үзүүлсэн. Одоогоор мэс заслын тусламж үзүүлж чадахгүй байгаа учир зарим хүүхдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн.
Ер нь, аливаа эмнэлгийн гол үнэт зүйл бол мэргэшсэн хүний нөөц. Хэдий үнэтэй сайн тоног төхөөрөмж байлаа ч сэтгэлтэй, энэрэнгүй мэргэшсэн хүний нөөцгүйгээр амжилтад хүрэхгүй шүү дээ.

-Хотын захад байрладаг гэдэг утгаараа эмч, сувилагч, ажилчдад түгжрэл, унаа гээд нэлээн хүндрэлтэй асуудал тулгардаг байх?

-Тиймээ. Би өмнө нь ажил руугаа долоон км орчим явдаг байсан бол одоо 15 км явж байна. Талдаа хоёр дахин урт зам туулдаг болсон. Мэдээж тухайн хүний зорилго нь ажил учраас тийм ч асуудалтай зүйл биш. Өглөө эрт гарвал түгжрэлгүй ирнэ. Орой тарж байгаа тохиолдолд харьцангуй бага хугацаанд явах боломжтой. Гэхдээ аль болох ажилчдаа цагт нь тарааж, ар гэртээ цаг зав зарцуулах боломжоор хангахын тулд дотоод журмаараа тарах цагийг нь 4.30-аас хэтрүүлэхгүй, ирэх цагийг нь арай эрт байхаар зохицуулсан. 

Алслагдсан гэдэг утгаараа ажилчдын унаатай болохоор хоёр автобус захиалав. Ерөнхий сайдыг манай эмнэлэгт ирэх үеэр нь ажилчдынхаа нийгмийн баталгааг хангаад өгвөл мэргэшсэн хүний нөөцөө бүрдүүлэх боломжтой гээд манайд ажилласан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр энэ орчимдоо орон сууцанд оруулах боломжид төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Цаашдаа энэ төв эрүүл мэндийн салбарын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үзвэл дэмжлэг ирэх болов уу хэмээн итгэж байна. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна