АУДИТ: Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй


Б.Үлэмж

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын нэгдүгээр үе шат 2023 онд дуусах хугацаатай боловч хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлт 2020 оны эцсийн байдлаар 30.7 хувьтай байна. Энэ нь эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар болохын хувьд дунд хугацааны бодлогын хэрэгжилт удааширсан хугацаагаар хөгжлийн бусад зорилтуудын үр дүн мөн хугацаагаар хойшлох эрсдэлийг үүсгэж байна гэж Үндэсний аудитын газар 2021 эцэст гаргасан тайландаа тодотгожээ. 
Дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дэвшүүлсэн зорилт, хугацаандаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагавар, алдагдсан боломжийг тооцоолдоггүй аж. Аудитын багийн зүгээс бодлогын хэрэгжилт хангагдаагүйгээс хэдий хэмжээний боломж алдсаныг жишээ болгон тооцож үзэхэд,
-Эрчим хүчний нийт хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт биелсэн бол 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор авах байсныг дотоодын үйлдвэрлэлээр хангаснаар жилд 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах,

-Тавантолгойн ДЦС-ыг барьж ашиглалтад оруулсан бол зөвхөн Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж, нэг худалдан авагчтай загварт жилд 349 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжийг алдсан байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байгаа юм. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ашиглалтын нийт 5584.1 км урт бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 22.9 хувь буюу 1278.7 км нь 0-10 жил, 4.2 хувь буюу 234.5 км нь 11-20 жил, 72.9 хувь буюу 4070.9 км-ийг 21-ээс дээш жил нийт 80 дэд станцын 151 иж бүрдэл бүхий 5064.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай трансформатор байгаагаас
45 хувь /68 иж бүрдэл/ нь 0-10 жил
17 хувь /26 иж бүрдэл/ нь 11- 20 жил
38 хувь нь 21-ээс дээш жил тус тус ашиглаж байна.
Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцын хувьд хэтэрсэн гэв. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6851 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад техникийн нөхцөл олгоогүй гэнэ. Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 2021 оны есдүгээр сарын байдлаар 2534 Гкал/ц, дулааны тооцоот ачаалал 2992.3 Гкал/ц, техникийн нөхцөл олгосон хүлээгдэж байгаа хэрэглээ 691 Гкал/ц-т хүрч, суурилагдсан хүчин чадлаас 1149.3 Гкал/ц буюу 45.3 хувиар хэтэрчээ.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгожээ. Тус компанийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дуус­­сан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүнд­рэл учруулж, Улаанбаатар хо­тын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй байдал бий болгосон аж.

Нэгдсэн дулаан хангамжид холбогдоогүй айл өрхүүд илүү зардлаар халаалт, дулаанаа шийдвэрлэж байгаа ч амьдралын чанар ялгаатай

Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээний 71.7 хувийг Улаанбаатар хотын хэрэглэгчид эзэлж байна. Улаанбаатар хотод 2021 оны есдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын 414.3 мянга гаруй айл өрхийн 42 хувь нь гэр хороололд, 58 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцанд амьдардаг өрхүүд дунджаар 11 жил болсон, дундаж хэмжээ нь 47 м.кв сууцанд амьдарч буй. Гэр хорооллын нэг өрх жилд гурван тонн сайжруулсан түлш хэрэглэхэд нийт 450 мянган төгрөг зарцуулах бол адил хэмжээтэй орон сууцанд амьдардаг айл өрхийн дулааны төлбөр жилийн 234.2 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл, хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар буюу хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгааг тайланд дурджээ. Айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэх тооцооллыг мөн гаргасан аж.

Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлүүлнэ гэдгээ Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ ТӨХК-аас мэдэгдээд буй. Хуваарь ёсоор ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс хязгаарласан бол 15-ны өдрөөс орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоох юм. ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлж буй аж.
Харин есдүгээр сарын 15-нд айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангаж эхэлнэ.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна