Л.Дашдэмбэрэл: Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадвар, боломжийг үнэлнэ


Т.БАЯН

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлдэг арга хэмжээ, иргэдэд ямар боломж Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмждэг талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-Халамжаас хөдөлмөрт бодлогын зорилтын үр дүнгээр яриагаа эхлүүлбэл болох уу?  

-Халамж хүртэх ёстой иргэдээ төр халамжлах үүрэгтэй. Энэ утгаараа 72 нэр төрлийн халамжийн үйлчилгээг бид зохих ёсны зорилтот бүлгийн иргэддээ хууль журмын дагуу үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт бодлогын тухайд халамжийн мөнгө хасах гэлээ гэхчлэн янз бүрээр шүүмжилдэг. Халамжийг хасах гэсэн хэрэг огт биш. Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдээ ажилтай болгоё л гэсэн санаа. Таван ам бүлтэй айлд нэг хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүн байгаа хэрнээ ажилд ордоггүй. Би ажилд орвол манайх хүнсний эрхийн бичгээ авч чадахгүй болно, хасагдана гэх хүн ч бий. Үнэндээ сард хүний 16 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичиг аваад сууснаас нэг нь 700 мянган төгрөгийн цалинтай ажил хийвэл тэр айлын амьдралын чанар сайжирна. 

Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд хүнсний эрхийн бичгийн журмаа шинэчилсэн. Ингэснээр дээрх тоо 30 орчим хувиар буурсан. Хүнсний эрхийн бичигт хамрагдах ёсгүй иргэдээ ялгаж чадсан. Жишээ нь, Багануур дүүрэгт 559 өрхийн 2974 иргэн Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг байсан бол жилийн эцсийн мэдээгээр өрхийн тоо нь  56 хувиар буурсан байна. Хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт зуучилсны үр дүн л дээ.

-Хүнсний эрхийн бичиг авдаг хөдөлмөрийн насны залуучуудаас хэр олон хүн ажилтай болгосон бэ. Бодит тоо дурдаж болох уу?   

-“Оролцоо” төслийг дурдаж болно. Залуучуудад эртэч, эрүүл амьдралын хэв маяг бий болгох, хөдөлмөрт бэлтгэх ажилд зуучлах зорилготой “Оролцоо” төслийг өнгөрсөн онд зохион байгуулсан. 15-34 насны 2389 залуу хамрагдсан. Тэдний 34 хувь нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийнх. Нийт хамрагдсан залуучуудын бараг 50 хувь нь байнгын ажлын байртай болсон. 14 хоногийн сургалтад хамруулахад тэр залуучууд өөрчлөгдөнө, төсөл үр дүнтэй болно гэдэгт олон хүн эргэлзэж байв. Харин төсөл эхлээд эхний сургалтууд дуусахад үнэхээр өөрчлөгддөг юм байна гэдгийг бүгд харсан. Харилцаа хандлага хүсэл эрмэлзэл бүх зүйл нь өөрчлөгдөж, илүү эерэг хандлага сууж байсан.  14 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэж байгаа аж ахуйн нэгжүүдээр ороход “Танай Оролцоо төсөлд хамрагдсан залуучуудаас л авмаар байна. Зар хараад ирж байгаа хүмүүсээс харилцаа хандлага нь шал өөр байна” гэсэн.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таван хөтөлбөр хэрэгжиж байгаад энэ оноос долоо болж нэмэгдсэн гэж дууллаа?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд бид ажилгүй иргэдийг ажилд зуучлаад зогсохгүй, ажлын байр бий болгох, хөдөлмөрт бэлтгэх гээд олон талын үйл ажиллагаа явуулдаг. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөрт бэлтгэх, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн таван хөтөлбөр байдаг. 2021 онд энэ хөтөлбөрүүдэд 40 шахам мянган иргэн хамрагдаж, 22988 ажлын байр бий болсон дүн мэдээ бий. Энэ жилийн тухайд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг хэлэлцээд нэмж хоёр хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталлаа.  Өмнөх онд таван хөтөлбөр 17 арга хэмжээ хэрэгжүүлж байсан бол энэ онд долоон хөтөлбөр 28 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Эдгээр нь одоо зарлагдаад байна. Тиймээс зарлагдсан хугацаанд төслөө ирүүлэхийг иргэддээ сануулмаар байна. 

-Шинээр хэрэгжих хоёр хөтөл­бөрийн талаар тодруулахгүй юу? 

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөр нэмэгдсэн. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд гэртээ сууж байгаад эргээд ажилд орох гэхээр янз бүрийн хүндрэл учирдаг. Тиймээс эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл үзэж баталлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд дөрвөн арга хэмжээ хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхэд эргэн төлөх нөхцөлтэй 10 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх эрх авсан эмэгтэйчүүд төслөө бичээд энэ арга хэмжээнд хамрагдаж болно. Мөн зайнаас ажиллах, суралцах, цагийн ажил хийхэд нь зориулсан зохих сургалт дэмжлэг арга хэмжээг явуулна.

Ногоон ажлын байр хөтөлбөр нэг талаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдаж байгаа. Энэ хүрээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа, болон мод тарих ажилд дэмжлэг үзүүлнэ. Жишээ нь хоёроос дээш хүн бүлэг байгуулаад мод тариад цалингаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аваад явна гэсэн үг.

-Бусад хөтөлбөрүүд нь өмнөх зарчмаараа хэрэгжээд явах уу?

-Хэрэгжиж байсан таван хөтөлбөр өмнөх зарчмаараа хэрэгжээд явна. Санхүүжилт, арга хэмжээ зэрэгт багахан өөрчлөлт орсон. Нэг онцлог арга хэмжээг дурдах хэрэгтэй. Профайлинг буюу хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар боломжийг үнэлнэ. Ажилгүй иргэдээ ононшилно гэсэн үг. Улсын хэмжээнд 50 мянган хүн хамруулна. Боловсролын түвшин, нас, хүйс, мэргэжил, ажил хийхгүй байгаа шалтгаан, байршил гээд бүх мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сантай болж, үүндээ үндэслэн дараагийн ажил арга хэмжээгээ төлөвлөөд явах юм. Ур чадварыг нь үнэлээд  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зуучлах, хөтөлбөрт хамруулна гэсэн үг. 
Олон жил хэрэгжиж ирсэн үндсэн таван хөтөлбөрийг иргэд мэднэ. Зарим нэг өөрчлөлт орсон. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр 35-аас дээш насны иргэдэд таван сая хүртэл төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо 30-аас дээш насны иргэд хамрагдах боломжтой болсон. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 10 сая хүртэл төгрөг болж нэмэгдсэн. Малжуулах арга хэмжээний хүрээнд бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай иргэнд малынх нь тооноос хамааран ялгаатай санхүүжилт олгодог байсан бол одоо 150 хүртэл толгой малтай иргэн таван сая төгрөгийн санхүүжилт авах боломжтой. Мөн гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ гэж бий.  Нийслэлээс хөдөөд, аймгийн төвөөс суманд шилжин суурьшиж хоёр жил хүртэл хугацаагаар гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж гурван сая хүртэл төгрөгийн малжуулах санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ жил дөрвөн сая төгрөг болсон. Шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээнд улсын хэмжээнд гурван байр шалгаруулан 13-20 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгодог байсан бол энэ жилээс улсын хэмжээнд зургаан байр шалгаруулахаар болсон зэрэг өөрчлөлт орсон зүйлүүд бий.

-Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж буй үйлчилгээний газрууд олширсон. Нэг үеээ бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцөл боломж нэмэгдээд байх шиг?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эх хамрагддаг байсан бол энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүнээ асарч байгаа гэр бүлийн гишүүн болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, түүнийг асарч байгаа хэн ч хамрагдаж болно. Таван сая төгрөгийн 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилт олгодог байсан бол энэ онд 5-10 сая төгрөг болж мөнгөн дүн нэмэгдсэн. Чамлахааргүй дэмжлэг болдог. Сонгинохайрхан дүүрэгт ослын улмаас суумгай болсон, “би зүгээр халамж хүртээд суумааргүй байна. Юм хийе” гээд найз нараасаа дэмжлэг аваад оёдлын цех ажиллуулах гэж байгаа залуутай бид очиж уулзсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ хүнээс үлгэр дуурайлал, итгэл аваасай, эрүүл саруул залуучууд нь ийм хүн ингэж зүтгэж байгааг хараад жоохон ухаараасай гэж бодсон. Тийм ч учраас иргэдэд чиглэсэн нөлөөллийн ажил арга хэмжээнд түлхүү анхаарч байна.

-Бидний ярилцлага Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөл­бөрийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой. Иймээс та ор­хигдсон зүйлийг хэлж өгнө уу?

-Хийх хүнд арга нь олддог. Хамгийн сайн халамж бол хөдөлмөр ч гэж үг бий. Ажил хөдөлмөр хийх хүсэлтэй хэнд ч боломж нээлттэй. Хэрэв их дээд сургууль, МСҮТ төгссөн ч дадлага туршлага дутаад гурав хүртэл жил ажилд орж чадахгүй байгаа бол манай Интерншип арга хэмжээнд хамрагдаж болно. Ажлын байран дээр дадлагажуулаад болж өгвөл тухайн ажлын байран дээр үндсэн ажилтнаар оруулах арга хэмжээ байгаа юм. Ер нь хүн зургаан сараас илүү ажил хөдөлмөр эрхлэхгүй суухаар учраа олохоо больдог, өөртөө итгэлгүй, хүсэл эрмэлзэлгүй болж, шинэ зүйл хийхээс айдаг. Тэгэхээр тэдэнд туслах хөдөлмөрт бэлтгэх сургалт, ажлын байранд дадлагажуулах гэхчлэн олон арга хэмжээг дурдаж болно.  
Оюутнууд цагийн ажил хийгээд дэвтэр ном, өдрийн хоолны мөнгөө олох, ахмадууд тэтгэвэр хүлээж суулгүй ойр зуур юм хийж орлогоо нэмэгдүүлэх боломж бий. Хорио цээрийн дэглэм тавигдсан болохоор одооноос оюутны цагийн ажил арга хэмжээг илүү өргөн хүрээнд явуулах боломжтой гэж харж байна. Гол нь иргэд өөрсдөд нь ямар нөөц боломж, хүсэл зорилго байна, төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ, хэрхэн уялдуулж цааш хөгжиж хөдөлмөрлөх вэ гээд өөрийнхөө төлөө жоохон судалдаг, мэдээлэл зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. 


15
16
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна