Жо Байден Украинд "ленд-лиз"-ээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд гарын үсэг зурав


М.ХҮСЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "дайны ажиллагаа дуусах хүртэл" Украинд "ленд-лиз"-ээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан тухай Цагаан ордон мэдээлэв. "2022 оны Украины ардчиллыг хамгаалахад зориулсан ленд-лизийн тухайн хууль" нэртэй баримт бичиг зэр зэвсэг, цэргийн тусламж болон бусад нөөцийг нийлүүлж хүргэх ажлыг хурдасгах боломж олгоно. Хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сард буюу ОХУ түрэмгийлэл эхлэхээс өмнө Конгресст өргөн барьсан.  
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Twitter" хуудсандаа Жо Байденд талархал илэрхийлжээ. В.Зеленский "Өнөөдөр ленд-лизийн тухай хуульд гарын үсэг зурсан нь түүхэн алхам боллоо. Бид хамтран ялалтад хүрнэ гэдэгтээ дахин итгэлтэй байна. Ингэснээр бид Украин болон Европт ардчиллыг хамгаалж үлдэнэ. Яг 77 жилийн өмнөх шиг" гэж жиргэсэн байна. Шинэ хуульд АНУ-ын Ерөнхийлөгчийн "Оросын түрэмгийлэлд өртөж хохирол амссан Украин болон Зүүн Европын бусад орнуудын батлан хамгаалах хүчин чадлыг улам бэхжүүлж, ОХУ-ын зүгээс ирэх болзошгүй дайралт эсвэл одоо үргэлжилж буй дайнаас энгийн ард иргэдийг хамгаалахын тулд батлан хамгаалах хэрэгсэл, зэр зэвсгийг зээлээр болон түрээсээр өгөх эрхийг Засгийн газарт шилжүүлж болохыг" тэмдэглэжээ.    
ОХУ Украин руу довтолсноос хойш АНУ Киевт нийтдээ 2.4 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг гурав хувааж өгсөн. Дөрөвдүгээр сарын 28-нд Жо Байден Конгрессийн танхимаас нэмж 33 тэрбум ам.доллар хуваарилахыг хүссэн аж. Украинд зориулсан ленд-лиз Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан ижил төстэй хуультай адилхан хэрэгжинэ. Тэр үед АНУ холбоотнуудад цэргийн техник болон хоол хүнсийг урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байв. Мөн төлбөрийг удаан хугацаагаар хойшлуулсан. АНУ-ын ленд-лиз тусламжийг авч байсан гол орон бол ЗХУ аж. 
ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин дөрөвдүгээр сарын эцсээр "Ленд-лизийн дагуу АНУ-аас тусламж авснаар, Украины Ерөнхийлөгч улс эх орноо өрийн худагт живүүлнэ" гэж мэдэгдэж байсан билээ. Киевт цэргийн тусламж үзүүлэх ажлыг хялбарчлах ленд-лиз хуулийн төслийг тавдугаар сарын 3-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар (417 нь дэмжсэн, 10 нь эсэргүүцсэн) баталсан ба үүнээс өмнө уг хуулийн төслийг Сенатын танхим мөн баталжээ. 
Шинжээчдийн хэлж буйгаар, ленд-лизийн тухай хууль нь зэвсгийн худалдааг дагалддаг хүнд суртлын үйл явцыг хялбаршуулдаг аж. Хууль хэрэгжсэнээр Америкийн зэвсгийг Украин болон Зүүн Европын бусад оронд түрээслэх боломжтой. “Энэ хуульгүйгээр цэргийн тоног төхөөрөмжийг түрээслэхдээ Украин улс таван жилийн дотор АНУ-д буцааж өгч, эвдрэл хохирлыг нөхөн төлөх ёстой. Харин уг хууль нь ийм хязгаарлалтыг арилгана" гэж шинжээч Жордан Коэн “Defenseone”-д ярьжээ. Түүнчлэн энэ хуулиар Жо Байден Украинд чухам ямар төрлийн зэвсгийг яаралтай өгөхийг хүсэж байгаа талаар Конгресст заавал үндэслэл гаргах шаардлагагүй болно гэв. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна