"Самурай" бондыг урьдчилан төлж эхэлснээр манай улсын гадаад өр нимгэрнэ


М.ХҮСЛЭН

Манай улсын гадаадаас авсан өр зээлийг төлөх хугацаа түрүүчээсээ болчихоод байгаа. Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иен буюу 740 тэрбум төгрөгийн өр хүлээж буй. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Самурай" бондын өрийг урьдчилан төлж эхлэхээр болсныг дуулгалаа. Ийнхүү “Самурай” бондын гуравны нэгийг хугацаанаас нь өмнө эргүүлж төлөхөөр болжээ. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс эргүүлж төлөхгүй байснаас чанаргүй зээл үүсээд байсан. Хөгжлийн банкны асуудал анх хөндөгдөж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд чанаргүй зээлийг буцааж төлүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, үүний үр дүнд нийт 250 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Энэ мөнгөөр “Самурай” бондын өрийг төлж эхлэх эх үүсвэр бүрджээ. “Самурай” бондыг хуваарийн дагуу төлснөөр Монгол Улсын өрийн тааз буурч, зээлжих зэрэглэл нэмэгдэх сайн талтай. Ирэх есдүгээр сард манай улсад санхүүгийн дефолт зарлах хэмжээний хүндрэл тулгараад байсан. 

"Самурай" бондын өрийг төлж эхэлснээр дефолтын аюулаас аврагдаж байна. 2020-21 онд дэлхий даяар тархсан ковид-19-ийн цар тахал манай улсын эдийн засагт хүндээр туссан. 
Цар тахлын дараа эдийн засаг сайжрах нь гэж таамаглаж байтал энэ оны оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины дайн эхэлж, геополитикийн хүнд асуудал дэлхийн эдийн засагт дахин тулгарлаа. Дайн дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, олон оронд инфляц эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. 

Инфляц, үнийн өсөлтийн асуудал ядуу буурай орнууд төдийгүй баян чинээлэг хөгжингүй орнуудын Засгийн газрыг ч хүнд байдалд оруулж буй. Өнөөдөр хүндхэн нөхцөлд ажиллаж буй ч Монгол Улсын Засгийн газар өрийн хэмжээг нэмэлгүй, өмнө авсан зээлээ нимгэлж байгаа нь тун сайн хэрэг.

Эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр төлнө
 
Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах "Самурай" бондын талаар авах арга хэмжээний талаар өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан аж. Тэрбээр “2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж мэдээллээ. Мөн энэ онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг онцлов. 

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр "Самурай" бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ирэх жил хоёр бондын төлбөр хийх ёстой. Ирэх оны аравдугаар сарын 23-нд “Евро” бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөг төлнө. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 713 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой. Үүнээс онцгой анхаарах ёстой нь “Самурай” бонд. Учир нь энэ бонд Засгийн газрын баталгаатай. 

Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлнө гэсэн үг. Тиймээс тус банкны чанаргүй зээлийг маш яаралтай төлүүлэх шаардлага тулгарч байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний аудитаар тус банкны тайлан муу гарвал татан буулгах хэмжээнд хүрнэ. Хэрэв чанаргүй зээлийг төлүүлж, тайлангаа сайжруулж чадвал ирэх жил “Евро” бондод дахин санхүүжилт хийж, “Самурай” бондыг хугацаанд нь төлөх боломжтой болно. 

Ингэж чадахгүй бол олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ. “Самурай” бондын төлбөрийг урьдчилан төлж эхэлснээр Засгийн газар, Хөгжлийн банк хариуцлагатай ажиллаж буйгаа харуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах юм” гэв.
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 260 тэрбум төгрөг нь “Самурай” бондын 30 хувьтай тэнцэж буй юм. Засгийн газар, Хөгжлийн банкнаас энэ жил чанаргүй зээлээс 800 тэрбум төгрөгийг зээлдэгч нараас эгүүлэн төлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр тус банкны тайлан сайн гарах боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Улмаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит газруудын өрийг хэрхэн төлүүлэхийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөснийг Сангийн сайд мэдээлэв. 

30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулжээ 

Хөгжлийн банкнаас “Самурай” бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулж, бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн байна. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг хэсэгчлэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, “Манай банк зээлийн багцаа төрийн өмчит компаниудынх, “Кью Эс Си” болон хувийн хэвшлийн гэж гурав ангилж үзэв. Зээлээ зориулалтаар нь ашиглаад төслөө хэрэгжүүлж байгаа ч цар тахлын болон бусад шалтгааны улмаас саатсан аж ахуйн нэгжүүдэд уян хатан хандаж байгаа. 

Мэдээж дараагийн хэлцэлд орж, гэрээгээ шинэчлэхийн тулд зарим зээлдэгч нарт магадлан шинжилгээ хийж байна. Энэ оны зургаадугаар сарын 30-нд бид хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр ажиллах шаардлагатай болно” хэмээв. Хөгжлийн банк энэ жил аж ахуйн нэгжүүдээс 800 тэрбум төгрөгийн зээлийг эгүүлэн төлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг хагас жилдээ багтаан төлүүлнэ хэмээн тооцож буйг тэрбээр онцолсон.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна