Д.Батчулуун: Зургадугаар сараас мал угаалгын ажлыг улс орон даяар эхлүүлнэ


Т.БАЯН 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Улс орон даяар эхлүүлсэн үхэр, гахай, цаа бугаа шүлхийн вакцинд хамруулах ажил дуусжээ. Масс дархлаажуулалтын үр дүнгийн тухайд?

-Шүлхий өвчнөөс сэргийлах масс дархлаажуулалтад 21 аймгийн 4.2 сая толгой үхэр, 20.2 мянган гахай, 2.4 мянган цаа бугыг вакцинд хамрууллаа. Өнгөрөгч сарын 18-наас тавдугаар сарын 5-ны хооронд энэхүү ажлыг өрнүүлснээр шүлхийн халдварыг бүрэн хянаж, голомтыг хумьж чадлаа. 

-Голомтлон тархаад байсан шүлхийн аюул намжсан гэж ойлгож болох уу?

-Миний бие өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна. Намайг ажлаа авахад шүлхий өвчний гаралт өндөр байв. Ингээд өвчний голомт орчмын сэжигтэй болон хамгаалалтын бүс дэх мэдрэмтгий мал амьтдыг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. 20 аймгийн 197 сумын 431 голомтод хэд хэдэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн халдварын голомтыг хумих, тархалтыг таслан зогсоох зорилгоор өнгөрсөн хоёр, гуравдугаар сард яаралтай дархлаажуулалтыг 17 аймгийн 61 сумын 2.2 сая толгой мэдрэмтгий мал сүрэгт хийсэн. Ингэснээр шүлхий хумигдлаа. 

-Малын бусад өвчлөл хэр байна вэ? 

-Дээрх цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, мал нэмж өвчлөөгүй гэсэн мэдээтэй байна. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймгийн 34 суманд 52 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж тусгаарлалтад 2500 орчим толгой мал байна. Бог малын мялзан өвчний тухайд таван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж, 800 гаруй малд уг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчний голомтыг хумих зорилгоор хорио цээр, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Хонины цэцэг өвчний тухайд гурван аймгийн долоон сумын найман голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж, 380 орчим малд ил шинж тэмдэг илэрсэн байна. Хонины цэцэг өвчний голомтыг хязгаарлах, халдваргүйтгэл, угаалга, дархлаажуулалт эхэлсэн. Дархлаажуулалтын арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 275 мянган хонин сүргийг дархлаажуулах ажил хийж байна. 

-Манай улс хэдэн төрлийн вакцин үйлдвэрлэж байна вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын хүрээнд вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг улс, орон нутаг, иргэн, хуулийн этгээд гэсэн гурван ангиллаас санхүүжүүлдэг. Биокомбинат ТӨХХК-иас улсын хэмжээнд нийт таван тэрбум төгрөгийн вакцин худалдан авна. Улсаас санхүүжүүлэх вакцин худалдан авах гэрээг МЭЕГ, орон нутаг, иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх вакцин худалдан авах гэрээг аймаг, нийслэлийн МЭГ-аас тус тус Биокомбинат ТӨХХК-тай гэрээ байгуудаг. Биокомбинат ТӨХХК нь жилдээ 50 сая орчим тун биобэлдмэл үйлдвэрлэдгээс нийт 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байна. Вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120-140 мянган литр шингэн, 18-27 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж байна. Үүнээс жил бүр 20 нэрийн вакцин, гурван нэрийн ийлдэс, есөн нэрийн өвчний оношлуурыг үйлдвэрлэн улсын хэмжээнд мал, амьтны халдварт, зооноз өвчинтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж байна. 
-Зарим орон нутагт вакцин хүрдэггүй гэх гомдлыг малчид ярьдаг. Энэ талаар?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын хүрээнд улсаас санхүүжүүлэх вакцины түгээлт 52.5 хувь, орон нутгаас санхүүжүүлэх вакцины түгээлт 73.3 хувь, иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх вакцины түгээлт 74.7 хувьтай орон нутагт хүргэгдээд байна. Дээрх вакцинууд нь дархлаажуулах технологийн хугацаатай байдаг бөгөөд 3-5 сард таригдах вакцинууд орон нутагтаа хүргэгдэж, дархлаажуулалт дууссан. Үүнээс гурав, дөрөвдүгээр сард таригдах шөвөг яр өвчнөөс сэргийлэх вакцин 91.7 хувьтай хүргэгдсэн. Ганц хоёр аймагт дутуу очсон мэдээлэл байна. Цусан халдварт, дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх вакциныг орон нутагт шуурхай хүргүүлж байна. Зарим аймагт энэ долоо хоногийн сүүлч гэхэд вакцин хүрсэн. Эдгээр вакциныг дөрөв, тавдугаар сард тарих технологийн хугацаатай.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Шүлхий дархлаажуулалт амжиттай хэрэгжиж дууссан боловч малд бүрэн дархлаа тогтох хүртэл малын шилжилт хөдөлгөөнд тодорхой хугацаанд хяналт тавина. Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрсдэл бүхий таван аймгийн 46 сумын нийт 960 гаруй мянган толгой үхэр, 140 гаруй мянган толгой тугалыг хамруулан хэрэгжүүлнэ. ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор малын сэг зэм (улсын хэмжээнд 2022 онд нийт 103.9 мянган толгой хорогдсон) устгал, халдваргүйтгэл хийнэ. Орон нутагт гардаг боом, галзуу, цусан халдварт, дотрын халдварт хордлого зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг графикт хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Гоц халдварт, халдварт, шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ирэх зургадугаар сараас мал угаалгын ажлыг улс орон даяар эхлүүлнэ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна