"Төсвийн зарлагыг орлогоос нь давуулж төлөвлөснөөр эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй"


Г.АТАРБОЛД 

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Ахисан түвшний сургалт эхэлсний 30 жилийн ойд зориулсан “Шинэ үеийн залуу судлаач” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг арга хэмжээнд ахисан түвшний сургалтын магистр, докторт суралцаж буй байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчлэлийн салбарын оюутнууд шилдэг илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм. МУИС залуу судлаачдыг бэлтгэхдээ судалгаа шинжилгээнд нь дэмжлэг үзүүлэх, лабораторийн орчин нөхцөлөөр хангах, тэтгэлэг олгох, хөнгөлөлт үзүүлэх, гадаад болон дотоодын их сургуулиудын судалгаа шинжилгээний багтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгөх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын онцлог нь 4500 гаруй ахисан түвшинд суралцдаг оюутнуудаас шилдгээр шалгарсан илтгэлүүдийг таниулан сурталчлах, ирээдүйн эрдэмтдийг бэлтгэхэд чиглэсэн аж.

Эрдэм шинжилгээний хуралд Хос системийн термодинамик, Хаалттай бүхээг ашиглан нүүрсхүчлийн хийн урсгалыг тодорхойлох судалгаа, Бэлчээрийн ургамлын орчны стрессийг тэсвэрлэх чадварын судалгаа, Бүтээгдэхүүний инновац ба түүний санхүүгийн өгөөжид нөлөөлөх байдлыг уламжлалт болон хиймэл оюун ухааны аргуудыг ашиглан үнэлэх нь, Монгол Улсын төсвийн оновчлол ба цар тахлын нөлөө, Үйлчилгээний байгууллагын дотоод маркетингид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, Аман болон бичгийн уран зохиол дахь тэнгэрийн зүүдний хүний дүр, өгүүлэмжийг задлан шинжлэх нь, Хэлний зураглал дахь “цаг” цогц ойлголт зэрэг шилдэг найман илтгэлийг тавилаа. 
Хурлын эхэнд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэхдээ, МУИС-ийн Ахисан болон бакалаврын түвшний 35 илтгэлийг ханын хэлбэрээр хэлэлцүүлж байна. Оюутнууд ахисан түвшнийхээ сургалтын судалгааг сонсож, багийн бүрэлдэхүүнд бакалаврын оюутнуудыг элсэж оруулах, профессорын багш, эрдэм шинжилгээний ажлаараа шалгарч орох бололцоог хангах, судалгаануудаа хамтатгах, нэгтгэх боломжийг нээх зорилготой юм. Ахисан түвшний сургууль ойн хүрээнд эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжихэд түлхүү анхаарч судалгааны туслахаар ажиллуулах, бүтээлээ олон улсын болон дотоодын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байдлыг харгалзан үзэж сургалтын болон судалгааны тэтгэлэг олгох зэрэг 330 гаруй сая төгрөгийг судалгааг дэмжих ажилд зориулан ажиллаж байна. 

МУИС-ийн багшлах боловсон хүчин гэдэг нь залуу эрдэмтдийг бэлтгэх гол тулгуур суурь. Манай сургуульд эрдэм шинжилгээний 40 лабораторид 200 гаруй оюутан идэвхтэй судалгаа, шинжилгээ хийж байна. Лабораторийн судалгаанд бакалавр, ахисан түвшний оюутнуудыг татан оролцуулах хөтөлбөр боловсруулан ажилладаг. Судалгаа шинжилгээ хийсэн багш, оюутнуудыг дэмжих, тэтгэлэг олгох тал дээр анхаарал хандуулна гэв. 

“Бүтээгдэхүүний инновац ба түүний санхүүгийн өгөөжид нөлөөлөх байдлыг уламжлалт болон хиймэл оюун ухааны аргуудыг ашиглан үнэлэх нь” сэдэвт шилдэг илтгэлийн эзэн МУИС-ийн ХШУИС-ийн докторант М.Хулан “Инновац бол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, бизнес эрхлэх шинэ арга замыг тодорхойлж, бизнесийн ашиг, үндэсний орлого, хэрэглэгчдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг. Пүүсийн инновац болон ашиг орлогын хоорондын хамаарал ерөнхийдөө эерэг байдаг ч олон эмпирик судалгаагаар үр нөлөөний хэмжээ нь практик ач холбогдолтой гэж үзсэн түвшнээс доогуур байгааг харуулж байна. Энэ нь бүтээгдэхүүний болон пүүсийн орлогын түвшний хэмжүүрүүдийг хооронд нь холбодог инновацын хэмжүүрүүдийн энгийн байдал, шууд бус өмнөх болон үр дагаварт хамаарах хэмжүүр, субъектив байдлаас ихээхэн шалтгаална. Судалгаагаар бүтээгдэхүүний инновац болон санхүүгийн өгөөжийн хэвийн бус өөрчлөлтийн шинжилгээний нийлмэл хэмжигдэхүүнийг ашиглан “Apple Inc” компанийг  “Samsung” болон бусад гар утас үйлдвэрлэгчидтэй харьцуулахад ухаалаг утасны зах зээлд нэвтрүүлсэн 174 шинэчлэл өөрчлөлт нь тухайн хугацаан дахь санхүүгийн хэвийн бус өгөөжид хэрхэн нөлөөлснийг үнэллээ. Судалгааны үр дүнд нөлөөллийн хэмжээ нь өмнө судлагдсан практик ач холбогдолтой түвшнээс илт давсан байгааг илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, “iphone” гар утас шинэчлэл нь “Apple” компанийн хувьцааны санхүүгийн зах зээлийн үнэлгээний хэвийн бус өгөөжийн зөрүүний 65 хувийг тайлбарлаж байгааг судалгааны үр дүнд тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг зах зээлийн болон пүүсийн хувьд нэвтрүүлсэн шинэлэг байдлаар хоёр салгаж авч үзвэл, зах зээлд цоо шинээр нэвтрүүлж буй инновац санхүүгийн өгөөжийн хэвийн бус өөрчлөлтийн 83 хувийг урьдчилан таамаглах бол тухайн пүүсийн хувьд шинээр гарч ирж буй шинэлэг байдал нь үл ялиг нөлөөлдөг байна” гэлээ. 
“Үйлчилгээний байгууллагын дотоод маркетингид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт шилдэг илтгэлийн эзэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрант Б.Сүндарь “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторууд болох Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанийн үйлчилгээний ажилчдын сэтгэл ханамжид байгууллагын дотоод маркетингийн нөлөөллийг тодорхойлон гаргасан. Ажилчдын сэтгэл ханамжид дотоод маркетингийн хүчин зүйлс болох урамшуулал (мөнгөн, мөнгөн бус), эрх мэдэл, сургалт хөгжил, удирдлага ажилчдын хоорондын харилцаа гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг ба дээрх үзүүлэлтүүд эдгээр үүрэн телефоны операторуудын үйлчилгээний ажилчдад хэрхэн нөлөөлж буйг энэхүү судалгааны үр дүнгээр тодорхойлсон. Судалгааг санамсаргүй түүврийн арга ашиглан авч нийт 163 үр дүнтэй асуулга цуглуулж, SPSS болон Smart PLS 3.3 программуудыг ашиглан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Асуулгаар үйлчилгээний ажилчдын хүн ам зүйн үзүүлэлт болон аль үүрэн телефоны компанид ажилладаг, ажилласан жилийн туршлага нь тухайн хийж буй ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг, үүнд хэрхэн нөлөө үзүүлж буйг судалсан. Үр дүнд ажилтанд чиглэсэн сургалт хөгжил, тухайн ажилтанд олгосон эрх мэдэл нь сэтгэл ханамжтай ажиллахад гол үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн бус урамшуулал нь ажилтны сэтгэл ханамжид нөлөө үзүүлээгүй болно” хэмээлээ.
“Монгол Улсын төсвийн оновчлол ба цар тахлын нөлөө” сэдэвт шилдэг илтгэлийн эзэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрант Х.Анхбилэг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар 2020 онд ирэх 30 жилд дунджаас дээш орлоготой орон болох үндсэн зорилт бүхий “Алсын хараа – 2050” (АХ - 2050) бодлогын баримт бичгийг баталсан. Дээрх зорилтод хүрэхийн тулд АХ-2050 нь макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлж, уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэх бодлогод суурилах учиртай. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн огцом өөрчлөлтөөс шалтгаалсан “Уналт Сэргэлт”-ийн мөчлөгийн нөлөөг бууруулах зохистой бодлого, эдийн засгийн төрөлжилт тулгамдсан чухал асуудал юм. Эдийн засгийн болоод улс төрийн ямар ч нөхцөл байдалд төсвийн (сангийн) менежментийн бодлогыг зөв тодорхойлж, улсын төсвийн орлого, зарлагын оновчтой хуваарилалт хийх, төсвийн үр ашгийг сайжруулах, цаашлаад өрийн дарамтыг бууруулах, төсвийн алдагдлыг хамгийн бага түвшинд байлгах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудын төсвийн зарлагын үр ашгийн үнэлгээг гаргаж, рейтинг тогтоодог бөгөөд Монгол улсын хувьд тус индекс 2.06 гарсан буюу 124-р байранд бичигдсэн нь төсвийн зарлагын үр ашиг муу байгааг илтгэнэ. Монгол Улстай харьцуулахад бага хөрөнгө оруулалт хийдэг Дэлхийн бусад орнууд болон хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад оноо доогуур байгаа юм. Үр ашиг муу байгаа шалтгаанууд нь хөрөнгө оруулалтын удирдлага сул байгаагаас төслийн сонголт оновчгүй хийгдэж, төслийн хэрэгжилтийн хугацаа удааширч, зардал үлэмж хэтэрч, баригдсан хөрөнгө түргэн элэгдэх зэргээс хамаарсан хэмээн дэлхийн банкны шинжээчид дүгнэсэн.
Цар тахлын нөлөөгөөр өндөр хэмжээний өрийн төлөлт, эдийн засгийн сааралт зэрэг томоохон асуудал бий болж, төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн зарлагыг орлогоос нь давуулан төлөвлөсөн нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө дагуулах магадлалтай. Илүү тодорхой хэлбэл сүүлийн 22 жил (2000-2021)-ийн хугацаанд 15 жилд нь төсөв алдагдалтай гарчээ. Энэ явдал нь ирэх жилүүдэд эдийн засаг илүү хүндрэх эрсдэлийг бий болгох юм. Тиймээс улсын төсвийн бүрдүүлж буй улсын төсвийн орлогын бүрэлдэхүүнийг судалж, урсгал орлогыг бүрдүүлэгч татварын болон татварын бус орлогыг төвлөрүүлэх, нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөөтээгүүр, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах, зарлагын багцын хэлбэлзлийг хамгийн бага байлгах оновчтой түвшинг гаргаж, бодлогын түвшний ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бидний тооцооллоор цар тахал нь төсвийн орлогын багцад 20 хувийн бүтцийн нөлөө үзүүлсэн бол төсвийн зарлагын багцад 32 хувийн бүтцийн нөлөөг тус тус үзүүлсэн. Судалгааны ажлаараа төсвийн орлого, зарлагын багцуудын цар тахлын үеийн бүтцийн нөлөөг тооцож, оновчтой хувийн жинг Монгол Улсын хувьд тооцлоо. Ингэхдээ төсвийн орлогыг бүтцийг долоон хэсэгт, төсвийн зарлагыг зургаан хэсэгт авч үзэж, 2000 оны I улирлаас 2021 оны IV улирал хүртэлх 88 улирлын тоон өгөгдлийг авч ашигласан. Төсвийн орлого, зарлагын оновчтой бүтцийг тодорхойлохдоо багц сонголтын загваруудад суурилж багц бүрдүүлсэн. Үүнд: нэгд, төсвийн орлогын багцын хэлбэлзлийг минимумчилах, хоёрт, төсвийн зарлагын багцын хэлбэлзлийг минимумчилах загваруудыг үзсэн. Цар тахлын өмнөх болон дараа үеийн төсвийн өгөгдөл дээр үндэслэж цар тахлын бүтцийн нөлөөг гаргаж ирсэн. Эдгээр загварын хязгаарлалтын утгаа авахгүй байх чадварыг нь харьцуулахад тус хоёр загвар 60 хувьтай ажиллаж байсан. Дээрх хоёр загварын тооцооллын үр дүнг гаргаж, төсвийн орлого, зарлагад эзлэх багцын зохистой түвшинг тооцоолж, дараах дүгнэлтэд хүрсэн. 
Нэгд. Бидний квадрат програмчлалын бодлогын үр дүнгээс харахад цар тахлын төсвийн орлогод үзүүлэх нөлөө 20 хувь, төсвийн зарлагын бүтцэд үзүүлсэн нөлөө 32 хувь гарсан үр дүнг үзүүлэв.
Хоёр. Манай орны төсвийн оновчтой бүтцийг бий болгохын тулд төсвийн орлогын багцын хувьд орлогын албан татвар 26.54 хувь, өмчийн татвар 0.06 хувь, дотоодын барааны үйлчилгээний татвар 50.36 хувь, гадаадын үйл ажиллагааны орлого 11.52 хувь, бусад татвар 0.09 хувь, татварын бус орлого 8.12 хувь, нийгмийн даатгалын орлого 3.3 хувь тус тус хувийг бүрдүүлбэл зохистой байна. 
Гуравт. Төсвийн зарлагын багцын хувьд 31.11 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал, 7.25 хувийг бараа үйлчилгээний зардал болон НДШ, 15.31 хувийг хүү, татаас, 44.2 хувийг урсгал шилжүүлэг, 0.03 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл, 2.09 хувийг хөрөнгийн зарлагад бүрдүүлбэл зохистой байна. 
Дөрөвт. Түүнчлэн тооцооллын үр дүнд бий болсон төсвийн орлого, зарлагын багцын оновчтой хувийн жингийн түвшин нь түүхэн дундаж утгаас хэр зөрүүтэй байгааг дээд, доод хил тогтсоон харьцуулж авч үзсэн. Ингэхдээ бидний тооцоолсон хилээс төсвийн орлого, зарлагын багцын зохистой утга давж байгаа эсэхээс хамааруулж тухайн салбарын ач холбогдлыг нь тодорхойлсон болно. Шинжилгээний үр дүнгээс харахад төсвийн орлогын багцын хувьд татварын бус орлого, нийгмийн даатгалын орлого, бусад татвар, өмчний татвар доод хилээс доогуур, дотоодын бараа үйлчилгээний татвар, гадаадын үйл ажиллагааны орлого дээд хилээс дээгүүр, харин орлогын албан татварын хувьд дээд, доод хилийн завсарт оршиж байна. 
Тавд. Цаашлаад Монгол Улсын төсвийн орлого, зарлагын хэлбэлзлийг бууруулах, төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлд судалгааны шинжилгээг тогтмолжуулах, оновчтой хуваарилалтыг хийж, татварын зохистой хувь хэмжээг бүрдүүлэх шаардлагатай.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна