"Ленд-лиз" Украины цэргийг НАТО-гийн стандартад ойртуулна


М.Хүслэн 

Украины цэргийн түвшин НАТО-гийн стандартад ойртсон гэдгийг дайны сүүлийн үеийн үйл явдлаас харж болно. Украины цэргүүд Оросын армид эзлэгдсэн тосгон суурин газруудаа бага багаар чөлөөлж эхэлж байна. Өөрсдийн газар нутгаа бүрэн чөлөөлж авахаар хүчин чармайлт гаргаж буй. Мэдээжийн хэрэг, дайн бол эмгэнэлтэй, өдөр бүр цус урссаар байдаг. Украины цэрэг дэлхийд хоёрт ордог хүчирхэг Оросын армийг 78 дахь хоногтоо эсэргүүцэж, тэдний дайралтыг тогтоон барьж байна. Одоо Украин томоохон хэмжээний сөрөг довтолгоонд бэлэн болжээ.     
Украины армийн чадавх НАТО-гийн цэргүүдийн стандарт жишигт ойрхон байна гэж шинжээчид дүгнэв. Дайны урлаг болон цэргийн мэргэжилд Украины дайчдыг НАТО-гийн бүтэц сургаж байгаа. Тэд нисгэгчгүй аппарат дронуудыг алсаас удирдаж жолоодох, орчин үеийн цэргийн техник, үүний дотор хүнд цохилтын артиллерийн зэвсгийг эзэмшихэд туршлага нэмэгдүүлжээ. Украины цэргүүд муу биш гэдгээ дэлхий дахинд харууллаа.  

Ленд-лиз гэж юу вэ
      
Орос-Украины дайны явцыг эрс өөрчлөх шийдвэртэй алхам хийгдэж байна. Энэ бол АНУ-ын эрх баригчид баталсан "Ленд-лиз"-ийн тухай хууль. "Ленд" гэдэг нь зээлээр өгөх, харин "лиз" нь түрээслэх гэсэн үг. Уг хуулийн хүрээнд Украинд дайнд шаардлагатай бүхнийг өгнө. Хэрэгцээт зүйл урт хугацааны зээлээр, харин техник болон зэр зэвсэг түрээсээр олгогдоно гэсэн үг. Техник хэрэгсэл болон зэвсгийн бүтэн үлдсэн нь буцаагдана, харин устгагдсан тохиолдолд үнэ төлбөр нэхэхгүй. Ленд-лиз хуулийн дагуу АНУ хоёр жилийн хугацаанд Украинд 33 тэрбум ам.долларын зэвсэг техник, бараа бүтээгдэхүүн, шаардлагатай эд зүйлс өгнө. Үүний 20 тэрбум нь шууд цэрэг армид зориулагдах бол, үлдсэнийг нь эдийн засаг, хүмүүнлэгийн зорилгоор ашиглах аж. Ингэснээр нэг талаас АНУ-д цэргийн үйлдвэрлэл сэргэж, нэмэгдэхэд нөлөө үзүүлнэ.    
Украинд 50-100 км-ийн байг онож бууддаг хүнд артиллери их буу, нисгэгчгүй аппарат-дронууд, агаарын довтолгооноос хамгаалах систем, олон үйлдэлт гаубиц, хуягт техник болон танкууд, автомашин, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, түлш шатахуун, цэргийн хөдөлгөөнт цогцолбор хуаран, түүнчлэн цэргүүдийн хэрэгцээний ахуйн эд зүйлс, мөн хоол хүнсийг хүртэл хүссэн хэмжээгээр нь нийлүүлнэ. Үнэ төлбөрийг барагдуулахыг шаардахгүй, боломж нь гарсан үед буюу олон арван жилийн дотор бага багаар эргүүлэн өгч болох аж. Ленд-лиз хуулийн хүрээнд зөвхөн цөмийн зэвсэг өгдөггүй. Бусад шаардлагатай зүйлийг өгнө гэсэн үг.   
АНУ-ын зэр зэвсэг болон техникийн чанар бусдаас хол түрүүлж байгаа нь үнэн. Тийм учраас энэ удаагийн тусламж Орос-Украины дайны явцыг эрс өөрчлөх хандлагатай байна.  Ленд-лиз хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Украин болон Зүүн Европын орнуудад цэргийн хэрэгсэл болон зэр зэвсгийг зээлээр, түрээсээр өгөх эрхийг авлаа. АНУ-ын зорилго бол Оросын цэргийн чадавхыг бууруулж, армийнх нь хүчийг сулруулах. Мөн цаашид Оросыг бусад орон руу дайрах чадваргүй болтол нь буулгаж авахыг Вашингтон зорьж байгаа гэдгийг Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдэгдсэн.    

Ленд-лиз хуулийг хоёр дахь удаагаа баталж байна

АНУ-ын Ленд-лиз хууль түүхэнд хоёр дахь удаагаа батлагдаж байна. Эхний удаа 1941 онд батлагдсан. Тэр үед АНУ өөрийнхөө холбоотнуудад зэр зэвсэг, хоол хүнс болон стратегийн түүхий эд өгч эхэлсэн. 1941 оны арваннэгдүгээр сараас эхэлж Зөвлөлт Холбоот улсад тусламж үзүүлсэн. Үнэн хэрэгтээ фашизмыг ялахад Ленд-лиз шийдвэрлэх гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Энэхүү тусламжийн ачаар 1942 онд Сталинградын төлөөх тулалдааны хувь заяа шийдэгдсэн. ЗХУ-ын арми 1943 онд Германы фашистуудын эсрэг сөрөг довтолгоог эхлүүлэхэд Ленд-лиз нөлөөлжээ. АНУ-ын олон мянган техник хэрэгслийг ЗХУ-ын арми дайнд ашиглав. Алдарт "Катюша"-гийн үндсэн сэлбэг хэрэгслүүд АНУ-д үйлдвэрлэгдэж байсан аж.   
Аугаа Эх орны дайны жилүүдэд АНУ-аас Зөвлөлт Холбоот улсад 12.38 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ нь 2000 оны ханшаар тооцоход 107.1 тэрбум ам.доллар болох аж. Техник болон зэр зэвсгийг хөлөг онгоцоор хүргэж байв. АНУ-аас авчирсан галт тэрэг ЗХУ-д үйлдвэрлэснээс арав дахин их байсан аж. Мөн зүтгүүр 2.5, автомашин 1.5 дахин илүү бол, сум болон галт хэрэгслийг Зөвлөлтөд хийснээс 1.5 дахин ихийг нийлүүлжээ. Үүнээс гадна хөнгөн цагаан, мотоцикль, төмөр замын гол төмөр, цахилгаан зүтгүүр, зэс, радио холбооны аппарат, спирт, тэсрэх бодис, шатахуун, дугуй, хөлөг онгоц, нунтаг, металл зүсэх станок машин, трактор, танк, нисэх онгоц, зенит, артиллерийн их бууг олноор хүргэж өгчээ. Түүнчлэн газрын тос боловсруулах болон химийн үйлдвэрийг хүртэл авчирч барьж өгсөн байна. АНУ-аас бульдозер болон кран, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, мэс заслын багажийг ч нийлүүлжээ.    

АНУ-ын үзүүлсэн тусламжийг ЗХУ-ын эрх баригчид үгүйсгэж байв
  
Дайн дууссаны дараа зээлийг төлөхөд хангалттай хугацаа өгч, олон арван жилийн дотор хувааж буцаах боломж олгосон байна. Гэвч ЗХУ-ын эрх баригчид АНУ-ын Ленд-лиз хуулийн хүрээнд өгсөн зээлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж эхлэв. Зээлийг төлөхгүй, үлдсэн цэргийн техник хэрэгслийг буцааж өгөхгүй гэж шийджээ. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн Николай Вознесенский 1948 онд өөрийнхөө бичсэн номонд "Дайны үеэр барууны орнуудын өгсөн бүх тусламж ЗХУ-ын үйлдвэрийн дөрвөн хувиас ч хэтрээгүй" хэмээн бичжээ. Тэрээр АНУ-ын тусламжийг үгүйсгэхийг оролдож, тэднийг шоолж тохуурхсан аж. Гитлерийн фашизмын эсрэг эвсэлд байсан холбоотноо номондоо "Ард түмний цусыг сорж таргалсан монополь. Ардчиллын эсрэг лагерийн удирдагч, дэлхий ертөнцийн дөрвөн талыг империализмаар булаан эзлэгчдийн тэргүүнд байгаа капиталист" хэмээн хамгийн муу муухайгаар дүрсэлсэн байдаг. Мөн 1948 онд хэвлэгдсэн "Аугаа Эх орны дайны товч түүх" нэртэй түүхэн лавлах номонд ЗХУ Америкаас Ленд-лиз хуулийн дагуу тусламж авсан, гэхдээ уг тусламж багахан хэмжээний байсан, дайнд хувь нэмэр оруулаагүй гэж бичжээ.     
Ийнхүү ЗХУ-ын төр засаг АНУ-ын тал бага хэмжээний тусламж үзүүлсэн хэмээн ил тод худлаа мэлзэж, зээлээ эргүүлж төлөхөөс татгалзсан. АНУ-ын эрх баригчид асуудалд уужуу тайван хандаж, цэргийн хэрэгцээнд өгсөн бүх техник, зэр зэвсгийн өр төлбөрийг тэглэсэн байна. Харин бусад иргэний зориулалттай техник хэрэгслийн үнэ төлбөрийг барагдуулахыг шаарджээ. ЗХУ-ын удирдлага үүнийг бас төлөхөөс татгалзаж, хийж байсан гэрээ хэлэлцээ тасалдсан аж. Хэлэлцээ 27 жилийн дараа буюу 1972 дахин эхлэв. ЗХУ эцэст нь 722 сая ам.доллар төлөхийг зөвшөөрлөө. Нийт 33 тэрбумаас 722 саяыг буцаахаар болсон. Гэвч 48 сая ам.долларыг төлсний дараа Зөвлөлт улс өрөө барагдуулахаа дахин зогсоожээ. Тэгж явсаар 1990-ээд хуучин ЗХУ-ын залгамжлагч одоогийн Орос улс болон АНУ тохиролцоонд хүрч, үлдсэн 674 сая ам.долларын зээлийг 2030 он хүртэл барагдуулахаар болсон аж.       
Өнөөдрийн Ленд-лиз хууль Украины ялалтад хүргэх шалтгаан болж тун магадгүй. Украины эрх баригчид ийм тусламж үзүүлснийх нь төлөө АНУ-д маш их талархаж сууна. Украин ЗХУ шиг олиггүй зан гаргахгүй гэдэгт АНУ-ын эрх баригчид итгэж байна. 


2
0
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.93
    2022/05/12

    Оросууд ийм л новшийн хүмүүс дээ

    Хариулах
  • 66.181.161.100
    2022/05/12

    НАТО гийн цэрэг хаана ямар дайнд ялсан юм бэ

    Хариулах