Г.Сольсүрэн: Төлбөрийн баримтаа авах нь далд эдийн засгийг илрүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой


Б.ЛХАГВА

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон жил бүр өөр өөр аяны хүрээнд зохион байгуулдаг. Энэ жил иргэн, ААН-ийн төлсөн татвар эргээд эх орны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт болдог гэх утгаар “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэж байна. Улс орныхоо хөгжилд өөрийн  хувь нэмрээ оруулдаг,  шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг тодруулан талархал илэрхийлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний татварын тасгийн дарга Г.Сольсүрэнтэй ярилцлаа.

-Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргээс ямар, ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Монголын татварын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тавдугаар сарын 9-13-ны өдөр улс орон даяар зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд СХД-ийн Татварын хэлтэс дүүргийн  нийт 21 зах худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, иргэд, төрийн байгууллага, төрийн өмчит газар, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, албан хаагчдын  татвар боловсролыг дээшлүүлэхээр сургалт явуулж байна. 

Энэ сарын 9, 10-нд СХД-т байрлах Сэлэнгэ, Драгон худалдааны төвд “Төлсөн бол баримтаа аваарай” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр татварын хууль тогтоомжийг сурталчлах, цахим татварын тайлангийн системд нэвтрэх, цахим төлбөрийн баримт авах болон QR код үүсгэх, QR кодыг уншуулан и-баримтыг хэрхэн үүсгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага тараах гэх мэт ажлыг  зохион байгуулсан.  Үүнд  иргэд, татвар төлөгчид маш идэвхтэй оролцсон.
-СХД-т хэчнээн татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж бүртгэлтэй вэ? Тэдний хувьд хэр идэвхтэй тайлан мэдээгээ ирүүлдэг вэ?
-Энэ жил Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой тохиож байна. Дүүргийн Татварын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулж байна. СХД нь бусад зургаан дүүргээсээ нутаг дэвсгэр том буюу 43 хороотой, 341 мянга орчим хүн амтай. Тус албанд нийт 199 мянган татвар төлөгч бүртгэлтэй байгаагийн дотор хувиараа бизнес эрхэлдэг, үйл ажиллагааны орлоготой 18 мянга орчим иргэн бий. Мөн бүртгэлтэй 20655 аж ахуй нэгжээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 7555 байна. Одоогоор татварын албанд 11500 орчим иргэн ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн. Ингээд харвал дүүргийн орлогыг бүрдүүлэхэд татвар төлөгч иргэдийн  маань оролцоо их байдаг. Тиймээс хэлтсийн сургалтын төлөвлөгөөнд иргэд рүү чиглэсэн татварын боловсролыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар сургалтуудыг түлхүү тусгаж, үе шаттайгаар, сар бүр зохион байгуулдаг. 2020 онд Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсан. 

Үүнд, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль буюу Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрөл, Газрын төлбөр болон Малын тоо толгойн албан татварын төрлүүд дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэхээр нэмэгдсэн. Тодруулбал, Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2021 оноос хэрэгжиж эхэлсэн ч тус дүүргийн ИТХ-ын тогтоолоор 2022 оны  нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон.  Манай дүүрэгт 1500 орчим малчин, мал бүхий бүхий этгээд 21, 32, 33, 34 дүгээр хороонд амьдардаг. 2021 оны мал тооллогоор  81.5 мянга орчим мал тоологдсон. СХД-ийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын үйлдвэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна гэж тусгасан байдаг. СХД-ийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн байцаагчид хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу 21-р хорооны малчин, мал бүхий иргэдэд дөрөвдүгээр сард таван удаа сургалт явуулсан юм. Учир нь тус хороо малчин иргэдийнхээ тоогоор бусад хорооноос илүү буюу 1341 иргэнтэй. Тэдэнд шинээр хэрэгжиж буй хуулийг танилцуулж, малын тоо толгойн албан татвар төлөгчдийг бүртгэлжүүлэн, татварын орлогыг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулсан. 

-Жишээ нь, тодруулж хэлбэл ямар төрлийн сургалт зохион байгуулсан бэ?

-Татвар төлөгчдийн татварын боловсролыг дэмжих жилийн хүрээнд 2022 онд танхимын сургалтыг голчлон явууллаа. Ковидын нөлөөгөөр цахим сургалтыг зохион байгуулсан.  Сайжруулсан түлш худалдан борлуулдаг иргэдэд татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх, хувь хүний орлогын албан татварын тухай хууль, хялбаршуулсан горимоор тайлагнах талаар  зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалтыг хэлтсийн хурлын зааланд зохион байгуулав. Тус иргэд татвар төлөгчөөр бүртгэлтэй ч татвар төлж, тайлан мэдээгээ өгөх нь харьцангуй бага тул татварын боловсролыг нь дээшлүүлэх үүднээс сургалтыг ихэвчлэн танхимаар орсон. Харин татвар төлөгчөөр бүртгүүлээгүй иргэдээ бүртгэж, сургалтад хамруулах, хувь хүний орлогын албан татварыг тайлагнах, 50 саяас доош орлоготой иргэд хялбаршуулсан горимоор тайлангаа хэрхэн илгээх  талаар зөвлөгөө өгөв. Уг арга хэмжээг хоёр өдөр зохион байгуулан, 100 орчим татвар төлөгч иргэдийг хамруулсан байна. 

-Иргэд татвар төлөгчидрүү чиглэсэн сургалтыг хангалттай явуулсан гэж харлаа. Тэгвэл үйл ажиллагааныхаа үр дүнг хэрхэн үнэлэх вэ?

-Миний хувьд энэ албан тушаалд 2020 оны арванхоёр­дугаар сард томилогдсон. 2021 онд коронавирусын улмаас хөл хориотой байсан  хэдий ч  Өгөөж, Сэлэнгэ, Жи Эм Жи, Энхжин гэх мэт зах, худалдааны төвийн удирдлагуудтай хамтран худалдааны төвийн түрээслэгчдэд  хуулиа сурталчлан таниулах сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд 2021 оны ХХОАТ-н тайлангаа  хуулийн хугацаанд ирүүлж, татвараа төлсөн нь өмнөх  жилүүдийг бодвол ахиц дэвшилт гарсан. Тэгэхээр сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нь маш ач холбогдолтой байгаа юм.

-Бизнес эрхэлж, орлого олж байгаа хүмүүс татварын албанд тайлангаа цахимаар өгөхийн зэрэг­цээ иргэдэд и-баримт олгодог болсон өгдөг. Энэ үйл явцыг иргэд хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Татварын албыг бусад алба­даас  илүү  цахимжсан гэж боддог. Жишээ нь татварын тайланг 2013 оноос эхлэн цахимаар авч, 2016 оноос эхлэн НӨАТ-ын баримтыг цахимжуулсан. Сүүлийн жилүүдэд иргэд цахим төлбөрийн баримт авах нь нэмэгдсэн. Манай дүүргийн алслагдсан хороодод үйл ажиллагаа явуулдаг татварын төлөгчдийн хувьд төлбөрийн баримтыг хэвлэж өгөхөд сүлжээний асуудал хүндрэл учруулж байсан. Цахим төлбөрийн баримт,  И-баримт  аппликейшн хөгжүүлэлт хийгдэж,  QR баримт олгож эхэлсэн.  

Татвар төлөгч QR кодоо лангуу, ажлын байрандаа байршуулснаар худалдан авагч цахим төлбөрийн баримт үүсгэж болно. QR кодыг лангууны наалт, энгэрийн зүүлт, гар утасны ард байршуулах боломжтойгоор хэвлэдэг. Ингэснээр тус кодыг татвар төлөгч болон иргэд аль аль ашиглах бүрэн боломжтой юм.

Ярилцлагынхаа төгсгөлд иргэн бүр худалдан авалт хийсэн бол төлбөрийн баримтаа заавал аваарай. Далд эдийн засгийг бууруулахад  хүн бүрийн оролцоо маш чухал. “Төлсөн бол баримтаа аваарай” гэж уриалж байна. Ингээд татвар төлөх, тайлагнах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй “Та баялаг бүтээгч” татвар төлөгчдөдөө баярлалаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна